Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/741

 

 

 

 

 

 

   

    2021        06           25                                  2021/ШЦТ/741

 

 

    

     М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч М.О,

Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М.А холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо *7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт М. А/РД: /.

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч М.А нь 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө  02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * давхарт хэрүүл маргааны улмаас хохирогч Э.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой болон зүүн нүд рүү гараараа цохиж тархи доргилт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэн нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 02 цагийн орчимд эхнэр Б хамт гэр лүүгээ орох гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 15 дугаар хороолол * байрны гадаа байсан ба тухайн үед орцны хаалганы чипээ бид 2 мартсан байсан тул 36 тоот луу дуут дохио өгсөн чинь баахан согтуу хүмүүс шаагилдаад байхаар нь манай эхнэр Бадамсүрэн “би 53 тоотод амьдардаг юм аа чипээ мартаад гараад ирчихсэн байна. Та хаалгаа онгойлгоод өгөөч” гэж хэлсэн чинь нэг эрэгтэй өөдөөс нь “Чи муу гичий хар шөнө хаагуур явж байгаа юм яах гээд янхандаад яваад байгаа юм” гэж хэлээд хэрэлдээд байсан. Тэгээд хэсэг хугацааны хэрүүл хийж байгаад орцны хаалгыг онгойлгоод өгсөн. Тэгээд гэр лүү орох явцдаа 36 тоот айлын хүнтэй уулзаад гэр лүү орно гэж манай эхнэр хэлээд 7 давхар 36 тоот айлын хаалгыг тогшсон. Тэгэхээр нь би эхнэртээ “За тэгвэл чи уулзаад ир” гэж хэлээд липтэнд хүлээж байсан чинь манай эхнэр “Юун хутга бэ” гэж орилохоор нь би гүйж очсон чинь 175 см орчим өндөртэй залуу гартаа хутга барьсан зогсож байхаар нь би тэр залууд хандаж “Чи одоо наад хутгаараа яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь тэр эрэгтэй надад “Ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгсэн чинь цаанаас гэр дотроос нэг эрэгтэй гарч ирээд “За одоо больцгоо” гэж хэлээд намайг гэрийн үүднээс түлхээд хутгатай залуу бид хоёрыг салгасан. Тэгээд би хутгатай залуу руу анхаарлаа хандуулж байсан чинь намайг салгасан эрэгтэй миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд би нүдээ бариад доошоо сууж байсан чинь миний толгойг доошоо дарж байгаад дээрээс толгой руу олон удаа цохисон ... Миний толгой өвдөж байна. Зүүн нүд өвдөж байна. Тухайн үед хаалга онгойлгож өгсөн залуугийн ардаас нь гэр дотроос нь нэг эрэгтэй гарч ирээд хаалга онгойлгосон залуу бид хоёрыг салгаж байгаад гэнэт намайг уг залуу зодсон. Тэр үед гэмтэл надад учирсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 хуудас/,

Хохирогч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...цаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд манай нөхрийг цохисон. Тэгсэн мөн 3 эмэгтэй гарч ирээд үгийн зөрү******* миний толгой руу олон удаа цохиж зодсон. Тэгээд би тэдгээр хүмүүсийг гэр лүү нь түлхээд оруулаад хаалгыг нь хаагаад нөхрийнхөө хагарсан шилийг түүгээд гэр лүүгээ ороод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би хаалгаа онгойлгоод яах гэж байгаа юм гэж асуутал манай хаалгыг тогшсон эрэгтэй хүн “ Чи хаалгаа онгойлгоод өгчихөд юун сүртэй новш бэ” гэж хэлээд янз бүрийн үг хэллэгээр надтай маргалдаап байж байсан чинь манай найз А гэр дотроос миний ардаас гарч ирээд “наад эрэгтэй чинь яах гээд байгаа юм” гэж хэлээд манай хаалгыг тогшсон эрэгтэй хүний зүүн нүд орчимд гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2094 дугаартай Э.Э биед тархины доргилт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38 хуудас/,

Яллагдагч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би түүний хөмсөг орчимд цохисон чинь уг эрэгтэйн нүдний шил нь хагараад хөмсгөө бариад доошоо тонгойгоод суусан чинь тэр эрэгтэйн эхнэр бид нартай барьцалдаж байгаад манай хаалгыг хаагаад бид нар гэр лүүгээ орсон. Уг хохирогч гэх эрэгтэй хүнийг би л цохисон өөр цохисон хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий Газрын “АСАП” сангийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч М.А нь 2021 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * давхарт хэрүүл маргааны улмаас хохирогч Э.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгой болон зүүн нүд рүү гараараа цохиж тархи доргилт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэн нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

            Шүүгдэгч М.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Э.Э-ын өгсөн “...Та хаалгаа онгойлгоод өгөөч” гэж хэлсэн чинь нэг эрэгтэй өөдөөс нь “Чи муу гичий хар шөнө хаагуур явж байгаа юм яах гээд янхандаад яваад байгаа юм” гэж хэлээд хэрэлдээд байсан ... Тэгээд би хутгатай залуу руу анхаарлаа хандуулж байсан чинь намайг салгасан эрэгтэй миний зүүн нүд рүү цохисон. Тэгээд би нүдээ бариад доошоо сууж байсан чинь миний толгойг доошоо дарж байгаад дээрээс толгой руу олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-15 /, хохирогч А.Б “...цаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд манай нөхрийг цохисон. Тэгсэн мөн 3 эмэгтэй гарч ирээд үгийн зөрү******* миний толгой руу олон удаа цохиж зодсон. Тэгээд би тэдгээр хүмүүсийг гэр лүү нь түлхээд оруулаад хаалгыг нь хаагаад нөхрийнхөө хагарсан шилийг түүгээд гэр лүүгээ ороод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч П.А “...би хаалгаа онгойлгоод яах гэж байгаа юм гэж асуутал манай хаалгыг тогшсон эрэгтэй хүн “ Чи хаалгаа онгойлгоод өгчихөд юун сүртэй новш бэ” гэж хэлээд янз бүрийн үг хэллэгээр надтай маргалдаа байж байсан чинь манай найз А гэр дотроос миний ардаас гарч ирээд “ наад эрэгтэй чинь яах гээд байгаа юм” гэж хэлээд манай хаалгыг тогшсон эрэгтэй хүний зүүн нүд орчимд гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2094 дугаартай “Э.Э биед тархины доргилт, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/, яллагдагч М.Агийн “...би түүний хөмсөг орчимд цохисон чинь уг эрэгтэйн нүдний шил нь хагараад хөмсгөө бариад доошоо тонгойгоод суусан чинь тэр эрэгтэйн эхнэр бид нартай барьцалдаж байгаад манай хаалгыг хаагаад бид нар гэр лүүгээ орсон. Уг хохирогч гэх эрэгтэй хүнийг би л цохисон өөр цохисон хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, М Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч М.А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч М.Агийн хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас Э.Эын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Э.Э нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй байна, тус мэдүүлэгт авагдсан М.Агийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул М.Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу М.Агаас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.А нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 25 настай эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон ба хуульд заасан хамгийн бага хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцсон.

Шүүгдэгч М.Агийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          М Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. М овогт М А “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар М.А-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.А нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Э.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу М.Агаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Г.ХАТАНЦЭЦЭГ