Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/742

 

 

 

 

 

 

   

    2021        06           25                                  2021/ШЦТ/742

 

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч А.А,

Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Ц.ж холбогдох эрүүгийн * дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймаг Бигэр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, тусгай дунд боловсролтой, инженер мэргэжилтэй, * ангид тэсэлгээний техникч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт, Говь-Алтай аймаг Бигэр сум 5 дугаар баг * гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо * тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Ж.Ц.

           Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Ц.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 08-нд шилжин шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт, согтуурсан үедээ Э.М үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой, хүзүү тус газарт гараараа цохиж, газар унагасны улмаас Э.М биед зүүн нүдний гадна зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дух, хүзүүнд цус хуралт, шанаа, даланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэнэ зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол /хх-ийн 5 хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд манай базын гэрт 2 найзын хамт гурвуулаа нэг ширхэг 0.75 литртэй Хараа нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд ууж байхдаа хоорондоо машины талаар ярилцаад маргалдаад 2 найзтайгаа зодолдсон юм. Намайг хоёулаа нийлээд нэг нь үсдээд, нэг нь өвдөгдөөд байсан юм. Жавхлантөгс нүүр рүү өвдөглөж өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э.М нь дизель автомашинд форсунг байдаг, байдаггүй талаар ярьж байгаад тэрнээс болж маргалдтал Э.М босож ирээд Ц.Ж-ийн хацар руу гараараа цохисон. Тэгсэн тэр 2 өөд өөдөөсөө заамдалцаад Ц.Ж нь Э.М-ийн үснээс зулгаачихсан, тэгээд тэр 2 зууралдаад газар унаад босоод иртэл Э.М-ийн нүүр хэсэг нүдний орчмоос цус гарчихсан байсан ... Ц.Ж тэр 2 хоорондоо ноцолдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Э.М тухайн 2 хүний хамт авчирсан архийг уугаад суусан. Гэтэл машин тэрэгний техникийн талаар ярилцаад чи мэдэхгүй, би мэднэ гэх зэргээр ярилцаад маргаан болж эхэлсэн. Ингээд Ц.Ж босож ирээд манай нөхрийг боож ор руу түлхээд гараараа цохиж үснээс нь зулгаасан ... манай нөхрийг Ц.Ж гэх залуу үснээс нь цус гартал татаж үсэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1432 дугаартай Э.М-ийн биед зүүн нүдний гадна зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дух, хүзүүнд цус хуралт, шанаа даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 25-26 хуудас/,

Яллагдагч Ц.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М-ийг огт цохиогүй. Харин үсдэлцээд доош дарсан чинь хамтдаа гэрийн шалан дээр унасан. Түүний гэмтэл газарт унахдаа зулгарч унасан гэмтэл шиг харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий Газрын Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 37 хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ц.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 08-нд шилжин шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт, согтуурсан үедээ Э.М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний толгой, хүзүү тус газарт гараараа цохиж, газар унагасны улмаас Э.М-ийн биед зүүн нүдний гадна зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дух, хүзүүнд цус хуралт, шанаа, даланд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

            - Шүүгдэгч Ц.Ж-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтас хэргээс гэмт хэргийн талаар амаар гаргасан гомдол /хх-ийн 5 хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.М-ийн өгсөн “...намайг хоёулаа нийлээд нэг нь үсдээд, нэг нь өвдөгдөөд байсан юм. Жавхлантөгс нүүр рүү өвдөглөж өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Э.М-ын өгсөн “Э.М нь дизель автомашинд форсунг байдаг, байдаггүй талаар ярьж байгаад тэрнээс болж маргалдтал Э.М босож ирээд Ц.Жийн хацар руу гараараа цохисон. Тэгсэн тэр 2 өөд өөдөөсөө заамдалцаад Ц.Ж нь Э.Мийн үснээс зулгаачихсан, тэгээд тэр 2 зууралдаад газар унаад босоод босоод иртэл Э.М нүүр хэсэг нүдний орчмоос цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч С.Г-ийн өгсөн “...ингээд Ц.Ж босож ирээд манай нөхрийг боож ор руу түлхээд гараараа цохиж үснээс нь зулгаасан ... манай нөхрийг Ц.Ж гэх залуу үснээс нь цус гартал татаж үсэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1432 дугаартай Э.М-ийн биед зүүн нүдни/ гадна зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зулайн хуйх, дух, хүзүүнд цус хуралт, шанаа даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 25-26/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ц.Ж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Ж-ийн хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас Э.М-ийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Э.М нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй байна, тус мэдүүлэгт авагдсан Ц.Ж-ийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Ц.Жийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Э.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид ч нэхэмжлэхгүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхэд илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Ж нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 22 настай эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Шүүгдэгч Ц.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон.

Шүүгдэгч Ц.Ж-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Ц.Ж нь урьд ял шийтгэлгүй, * ангид тэсэлгээний техникч ажилтай гэх хувийн байдалтай,

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй байдал,

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Жөд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. О овогт Ц.Ж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Ц.Ж-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ж нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Г.ХАТАНЦЭЦЭГ