Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00635

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02241 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар магадлалтай,

Г.Б-гийн нэхэмжлэлтэй,

“Э” ХХК, “И си си” ХХК, А.Б, Э.О, О.Гнарт холбогдох,

38.026.414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “И си си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмөнх, “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Сэр-Од нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бямбажаргал, хариуцагч И Си Си ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмөнх, Эн Эн Эс Ти ХХК-ийн өмгөөлөгч Г.Нямдалай, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд баригдаж буй Содон хорооллын 110 дугаар блок барилга дээр ажиллаж байгаад 4 метрийн өндрөөс унаж, бүсэлхийн нугалмын хугарал гэмтэл авч, үйлдвэрлэлийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа 62 хувиар алдаж, бие эрхтэн болон сэтгэл санаагаар хохироод байна. Тухайн үед би уг барилгын туслан гүйцэтгэгч Э ХХК-д өдрийн 45.000 төгрөгийн цалинтай, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Гэтэл надад учирсан хохирлыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байсан Э ХХК хариуцахгүй, Содон хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгч И си си ХХК ч хариуцахгүй талаар мэдэгдсэн. А.Б дээрх хорооллын барилгын компанийн туслан гүйцэтгэгч Ивэг түшиг ХХК-ийн ерөнхий инженер албан тушаалтай бөгөөд миний ажиллаж байсан бригадын даргаар ажиллаж байсан, Э.О, О.Гнар нь барилгын талбайн инженер байсан. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйл, 97.1.1 дэх хэсэгт зааснаар 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн болох 45.000 х 30 хоног = 1.350.000 төгрөг, х 9 сар = 12.150.000 төгрөг, листний 180 хоногийн мөнгө 8.100.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардал 1.786.414 төгрөг, хагалгааны зардал 2.490.000 төгрөг. Хэрэв би өнөөдрийг хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан бол нийт тасралтгүй 480 хоног ажиллах байсан. Үүнээс 180 хоног буюу сар тасалдсан байлаа гэхэд 300 хоног зайлшгүй ажиллах байлаа. Хэрвээ би ажиллаж байсан бол 300 хоногийг 45.000 төгрөгөөр тооцоод 13.500.000 төгрөгийг цалин авах байсан тул авах ёстой байсан цалин, сэтгэл санааны хохиролд 13.500.000 төгрөг, нийт 38.026.414 төгрөгийг хариуцагч Э ХХК, И си си ХХК нараас гаргуулж өгнө үү. А.Б, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.                                                  

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 9 дүгээр сард албан ёсны үйл ажиллагаа явуулаагүй бригадын системээр ажиллахаар И си си ХХК-тай тохиролцон ажил эхлүүлсэн. Ингээд иргэн А.Б, Э.О нартай ярьж, тохиролцон ажил хийлгэхэд А.Б, Э.О нарын бригадын ажилтан Г.Б- гэгч нь тус бригадын инженер О.Гансүхийн даалгасан ажлаас өөр ажил дур мэдэн хийж байгаад тус барилгын талбайн хүн нэвтрэхийг хориглож, тууз татсан хэсэгт зөвшөөрөлгүй нэвтэрч ажлаа хялбарчлах зорилготой хориглосон үйлдэл хийж, барилгын эрэг рүү унаж гэмтэл авсан. Энэ үед бригадын дарга А.Б, Э.О нар эмнэлэг рүү авч явсан байсан. Тухайн үед дээрх асуудлын талаар манай зүгээс мэдээгүй байсан болно. Дээрх асуудал гарснаас хойш 2016 оны 12 дугаар сард нэхэмжлэгч гэх Г.Б- нь манай бригадын дарга нар болох А.Б, Э.О нар нь олдохгүй байна. 2016 оны 12 дугаар сарын үед манай компани Г.Б-тэй дүр үзүүлж, хуурамч гэрээ байгуулсан. Гэрээнд албан ёсны хувь байхгүй. Ганцхан хувь үйлдэж өгсөн. Мөн Г.Б-г ажилд авсан тушаал байхгүй. Тухайн хүнийг гуйгаад байхаар нь сэтгэл гаргаж, хууль зөрчсөн асуудал гаргасан нь эргээд манай компанид хандан нэхэмжлэл гаргасанд харамсалтай байна. Мөн 2017 оны эхээр нэхэмжлэгч Г.Б- нь хуурамчаар үйлдсэн гэрээнд нийгмийн даатгал төлөөд өгөөч тэгвэл би нийгмийн даатгалын сангаас мөнгө авах эрх үүсэх гээд байна гэж надтай утсаар ярьсан. Хэрэв төлж өгөхгүй бол танай компанийг нийгмийн даатгал, татвараар шалгуулна, мөнгө өг гэж удаа дараа өөр өөр хүмүүсээр залгуулж, хууль зөрчсөн үйлдэл хийлгэхийг шаардаж байсан. Өнөөдрийн хэрэгт байгаа гэрээ нь 2017 оны 11 дүгээр сард И си си ХХК дээр Г.Б- өөрийн биеэр ирээд хөдөлмөрийн гэрээ шаардлагатай байна, группд орох гэсэн юм гээд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Уянгаа Сэр-Одыг дуудаж хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Энэ бол Иргэний хуулийн 56 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Тиймээс хариуцах ёстой ажил олгогч нь Э ХХК биш, өөрөө болгоомжгүй байдлаас болж осолд орсон гэдгийг нь цагдаа прокурорын байгууллагаас тогтоочихсон. Сэтгэл санааны гэм хор, хохирол гэдэг 2 зүйл тусдаа ойлголт. Хохирол гэдэгт олох ёстой байсан орлого, гарсан зардал зэргийг ойлгодог. Гэтэл эмчилгээний зардал 1.700.000 төгрөг хагалгааны зардлыг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан байна. Тэгэхээр энэ баримтууд нь хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн нэхэмжлэгч нь төсөөллөө ярьж, мөнгө нэхэмжилж байна. 300 хоног би ажил хийж байсан бол цалин 13.500.000 төгрөг авах ёстой байсан гэх зэргээр. Гэтэл энэ баримт нотлогдоогүй. Тиймээс энэ хэргийн жинхэнэ хариуцагч бол Э ХХК биш юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын Э ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч И си си ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 онд Э ХХК-тай аман байдлаар барилгын зөвхөн карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажил дөнгөж эхлүүлээд явж байхад энэ осол гарсан. Тус барилгын мужааны ажлыг н.Сэр-Од гэх хүн удирдан, арматурын ажлыг А.Б удирдан хийхээр тохиролцсон. А.Бийн бригадад Г.Б- ажиллаж байсан. Тухайн үедээ Г.Б-г ажилд орсны дараа өглөө зааварчилгаа өгөөд ажлын байрыг нь зааж өгсний дараа өөрөө дур мэдэн ажлын байраа орхиод бэлдцийн хом доош нь эрэг рүү шидсэн. Тухайн үед манайх эргийн хамгаалалт болгож татсан шонг давж ороод хом доош нь шидэх гэж байгаад унасан. Тухайн үед манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаас нууж, О.Гансүх, Э.О, мөн нэхэмжлэгчийн ах нь гэх хүмүүс өргөөд барилга руу татаж оруулж, нууцаар талбайгаас авч гарч гэмтлийн эмнэлэг рүү явсан талаар сүүлд нь ослын акт үйлдэгдэхэд нь мэдсэн. Түүнээс тухайн үед болсон ослын талаар манайхаас нэг ч хүн мэдээгүй. Бид нар ажил олгогч биш учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Б-г яг хэдэн сарын хэдэнд ажилд орсныг сайн мэдэхгүй ба өөрийнх нь хэлж байгаагаар И си си ХХК-иас ажлын үнэмлэх гаргаж өгсөн гэдэг нь зөвхөн барилгын талбай руу түр нэвтрэх үнэмлэх бөгөөд манай ажилтан гэдгийг нотлох баримт биш юм. Иймд И си си ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02241 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 9.163.832 төгрөг, /есөн сая нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин хоёр/, И си си ХХК-иас 9.163.832 төгрөг /есөн сая нэг зуун жаран гурван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.698.750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч А.Б, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Б- татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас 124.794 төгрөг, И си си ХХК-иас 124.794 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02241дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас 8. 707.500 төгрөгийг, хариуцагч И си си ХХК-иас 9.620.164 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19.698.750 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын ... “хариуцагч Э ХХК-иас 124.794 төгрөг” ... гэснийг “хариуцагч Э ХХК-иас 154.270 төгрөг” гэж, ... “хариуцагч И си си ХХК-иас 124.794 төгрөг” ... гэснийг “хариуцагч И си си ХХК-иас 168.873 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.754 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч И си си ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “И си си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 оны 10-р сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02241 дугаар шийдвэрт дараах гомдлыг гаргаж байна.

Манай “И СИ СИ”ХХК нь 2016 оны 9-р сард “Содон” хороололд ерөнхий гүйцэтгэгчээр, туслан гүйцэтгэгчээр “Э”ХХК-тай гэрээ хийн БУА-а эхлүүлэн ажилласан. Төслийн ажлыг эхлүүлэх явцад туслан гүйцэтгэгчийн гэрээт ажилтан болох Г.Бат- Өлзий нь эргээс унаж осолдож гэмтсэн. Энэхүү осол нь ажил эхлэх үед буюу 2016 оны 9-р сарын 14-нд ба Г.Б- нь ажилд ороод 4 хоногийн дараа болсон байдаг. Тухайн ослыг тухайн үед ерөнхий гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр туслан гүйцэтгэгчийн инженер А.Б, Э.О, О.Гнар нь талбайгаас нууцаар нуун гаргаж ослыг нуун дарагдуулсан нь Г.Б-гийн мэдүүлэг болон нотлох баримтаар нотлогддог. Мөн 2 талын ажил гүйцэтгэх гэрээгээр ХАБЭА-н талаарх асуудлыг туслан гүйцэтгэгч тал дангаараа хариуцах болохыг гэрээнд тусгасан. Г.Б- нь туслан гүйцэтгэгч “Э”ХХК-тай хамтран ажиллагч А.Бийн ажилтан бөгөөд А.Б, О.Гансүх, Э.О нар нь олдохгүй байсны эцэст 2016 оны 12-р сард цагдаад болон манай компанид хандаж тухайн осол гарсныг мэдсэн.

Иймд 2018 оны 10-р сарын 12-ны өдрийн иргэний хэргийн анхан шатны нгүүх хурлаас гаргасан шийдвэрт гомдолтой байснаа нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд гомдол гаргасан боловч 2018 оны 12-р сарын 21-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралд оролцуулаагүй болно. Тухайн өдөр зарлагдсан шүүх хуралдаанд цагаас өмнө очсон боловч хурал эхлэх үед үүдэнд байсан эмэгтэйд /бүртгэл хөтлөгч/ “И Си Си” ХХК-аас оролцох хүн байна гэсэн боловч хуралд оруулахгүй байсан. Тухайн үед хуралд цагтаа ирснийг нэхэмжлэгч Г.Б- болон хариуцагч “Э”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сэр-Од нар мэднэ. Давж заалдах шатны шүүх хуралд орлцоогүйн улмаас шүүх хуралд тайлбар өгөх боломжгүйн улмаас анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймд хурлын шийдвэрт гомдолтой байгаа тул дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Сэр-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт шат шатны шүүхэд манай талаас өөрийн холбогдолгүй талаар тайлбар тавьсан боловч сайтар нягталж үнэн зөвийг тогтоохгүй байна гэж үзэн хяналтын шатанд гомдол гаргаж байна. Г.Б-тэй хөдөлмөрийн гэрээ хийсэн гэх боловч дүр үзүүлсэн хуурамч гэрээ гэдгийг иргэн Г.Б- мөн түүний ах Г.Мягмаржаргал,"И СИ СИ" ХХК-н ХАБЭА-ийн инженер А.Уянга тухайн газар байсан олон ажилтан харж, сонсож байсан ба А.Уянга Г.Мягмаржаргал нар нь анхан шатны шүүх хуралд оролцон гэрчийн мэдүүлгээ өгсөн. Хөдөлмөрийн гэрээн дээр "Энэ гэрээ бол хуурамч гэрээ юмаа гэж тодотгоогүй" учир гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотлогдох боломжгүй юм. НДЗШШүүхээс хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ хуурамч гэдгийг нотлох баримт авагдаагүй гэж үзсэн. Г.Б-гийн унаж бэртсэн мөн манай компанийн үндсэн ажилтан биш, А.Б,О.Гансүх, Э.О нарийн ажилтан гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай байсаар байгаа. Г.Б- нь А.Б,О.Гансүх, Э.О нараас гадагш явж эмчлүүлэх зардал нэхсэн боловч нэхсэн мөнгийг чинь өгөх боломжгүй байна, эмнэлэгт хэвтүүлж өгье гэж хэлээд алга болчихлоо, тийм учраас та бүхэн надад групп-д ороход минь туслаад хуурамч хөдөлмөрийн гэрээ хийж өгөөч гэж ирэхэд нь сайхан сэтгэл гаргаад тухайн хуурамч хөдөлмөрийн гэрээг хийсэн. Энэ нь тухайн хүмүүсийн анхнаасаа ярилцаж тохирсон шунахайн сэдэлтэй мөнгө нэхэмжлэх арга байжээ. А.Б ,О.Гансүх, Э.О нарыг хариуцагчаар татахаас татгалзсан мөн Г.Б- хөдөлмөрийн чадвараа 51-70% алдсан гэх боловч Цагдаагийн курсэд 6 сар суралцаж одоо СХДүүрэгт хорооны цагдаа хийн хүчний байгууллагад ажиллаж байна. Тухайн Цагдаагийн курсэд эрүүл чийрэг биетэй гэмтэл бэртэлгүй биеийн хүчний өндөр чадвартай хүмүүс суралцаж төгсөх боломжтой юм. Г.Б- тухайн хуурамч гэрээн дээрээ үндэслэн Нийгмийн даатгал ядаж нэг сар төлөөд өгөөч, би Нийгмийн даатгалын сангаас танил талаараа яриулаад мөнгө авах гэсэн юм гэж утсаар удаа дараа дарамталж байсан. Манай компанид энэ бүхэн шударга бус байгаа тул сайтар нягтлан дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Г.Б- нь А.Б, Э.О, О.Гнарт холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “Э” ХХК болон “И си си” ХХК-с 38.026.414 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирол, гэм хор гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа “Э” ХХК “...нэхэмжлэгч даалгасан ажлаас өөр ажил дур мэдэн хийж байхдаа хориглосон хэсэгт зөвшөөрөлгүй нэвтэрснээс барилгын эрэг рүү унасан, ...хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авахад шаардлагатай байна гэхээр 2016 оны 12 сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан, энэ нь дүр үзүүлсэн, хуурамч гэрээ..” гэсэн, “И си си” ХХК нь “...барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэхээр Э ХХК-тай амаар харилцан тохирч, ажлаа эхлүүлж байхад энэ осол гарсан, нэхэмжлэгч ажлын байраа дур мэдэн орхиод хамгаалалт татсан шонг давж ороод эрэг рүү унасан, осол болсныг тухайн үед мэдээгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Содон хорооллын барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “И си си” ХХК, харин “Э” ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байснаа хариуцагч нар үгүйсгээгүй байна.

Г.Б- нь “Э” ХХК-тай харилцан тохирсны үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн тус барилга дээр ажиллаж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр барилгын эрэг рүү унаснаас бүсэлхийн 2 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирчээ.

Дээрх гэмтлийн улмаас нэхэмжлэгч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нугаламын хугарлыг засах хагалгаа хийлгэсэн, өвчний улмаас 2017 оны 1 дүгээр сарын 27-ний өдөр хүртэл хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн ба хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн актаар Г.Б-г ажил үүргээ гүйцэтгэх явцдаа осолдсон гэж үзэж, “И си си” ХХК-ийн нэр дээр үйлдвэрлэлийн ослыг бүртгэсэн нь хүчинтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа хариуцагч нарыг ажил олгогч гэж үзэж, төлбөрийг хувь тэнцүүлэн гаргахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ажил олгогч гэх ба үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд ажил олгогч нь 9 цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1.-т заасан.

Нэхэмжлэгч нь “Э” ХХК-д ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж, улмаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан байх тул тус компани нь 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан.

Ерөнхий гүйцэтгэгч “И си си” ХХК нь туслан гүйцэтгэгч “Э” ХХК-тай хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, хүлээх үүрэг, хариуцлагын талаар хэрхэн тохиролцсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хуульд зааснаар И си си ХХК хариуцан арилгах үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагч “Э” ХХК-с 9 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 8.707.500 төгрөг, хариуцагч “И си си” ХХК-с гэм хорын хохиролд 9.620.164 төгрөг гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-т заасан зохицуулалтад нийцжээ.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч “И си си” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баянмөнх, “Э” ХХК-ийн төлөөлөгч Г.Сэр-Од нарын гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И си си” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 168.873 төгрөг, хариуцагч “Э” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлсөн 154.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ