Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 412

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “ЖЖО ” ХХК 

Хариуцагч: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О 

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О гийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0064363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудсаар төлүүлсэн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Түвшинзаяа, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э , хариуцагч Б.О  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

“ЖЖО ” ХХК-ийн захирал Б.Байгалмаа шүүхэд гаргасан гомдолдоо: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Б.О  нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар “ЖЖО ” ХХК нь “эмчилгээ, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, эрүүл зүйн шинжилгээтэй шалгалтаар эмчилгээ үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа ус болон эмчилгээний өрөөний агаар эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй”х эмээн үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.17-д заасны дагуу 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

“ЖЖО ” ХХК нь эмнэлгийн тусгай зөвшөөрөл авснаас хойш “Спиннинг” буюу унадаг дугуйн дээр тураах дасгал хийхээс өөр үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд шүдний тасаг болон гоо сайхны тасаг үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн үйл ажиллагаа явуулаагүй байхад хяналт шалгалт хийж 3,000,000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн дээрх шийтгэлийн хуудсанд шинжилгээний үнэ 38,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны дотор төлөхийг шаардсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн хяналт шалгалт хийхэд дараах зарчмыг баримтална, 4.1.3-т хяналт шалгалттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой аливаа төлбөрийг шалгуулагч этгээдээс шаардахгүй байх хэмээн заасан байхад байцаагч Б.О  нь шинжилгээний үнийг манай компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй юм.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1-д Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ хэмээн заасан байдаг. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/59 тоот дугаартай Хяналт шалгалтын удирдамж нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан байгаа нь дээрх хуулийг зөрчиж гаргасан хууль бус акт байна.

Мөн үүгээр зогсохгүй тус хуулийн 51.2-т Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө шуудангаар, утсаар, эсхүл биечлэн мэдэгдэх бөгөөд мэдэгдэлд шалгалт хийх байгууллагын нэр, шалгалт эхлэх ба дуусах хугацааг заана хэмээн заасан байхад “ЖЖО ” ХХК-ийн байр дээр ямар нэгэн мэдэгдэл ирүүлэлгүйгээр ирж үйл ажиллагаа явуулаагүй газарт хяналт шалгалт хийж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч Б.О гийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №0064363 тоот дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 0064363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, төлбөрт төлсөн 3 сая төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа.

... Зөрчил үйлдсэн эсэхийг тогтоох гэж байгаа бол Төрийн байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой. Хэрэв зөрчлийн хяналт шалгалт явуулах гэж байгаа бол Зөрчлийн хяналт шалгалт явуулах хууль, журам холбогдох нотлох баримтаа цуглуулах ёстой байсан. Гэтэл үүнийг зөрчиж шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нь зөрчлийн хэрэгт С.Золжаргал гэх нэлээд өмнө нь эмчлүүлж байсан өвчтөнийг гэрчээр байлцуулж тэмдэглэл үйлдсэн байсан. Мөн хяналт шалгалт явуулахдаа эрх бүхий албан тушаалтныг байлцуулаагүй. Иймээс дээр дурдсан гомдлын шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагч Б.О  шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““ЖЖО ” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2018/11 тоот бичгээр хандсан гомдолтой танилцахад 2018.04.30-ны өдрийн 0064363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

Би уг гомдолтой танилцаад тус гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир хэрэгсэхгүй болгуулахаар дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. НМХГ-ын ХУД дэх МХХ-ийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын байцаагч Б.О  би, НМХГ-ын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан “Эмнэлгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/59 тоот удирдамжийн дагуу ХУД-ийн 3 дугаар хороо, Морьтон цогцолборын 3 давхарт байрлах “ЖЖО ” ХХК-ийн эмнэлгийн үйл ажиллагааг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн шалгаад шалгалтын явцад үзүүлсэн баримт бичиг, гэрэл зураг, хяналт шалгалтын явцад түр хурааж авсан эмчлүүлэгчийн карт, лабораторийн сорилтын дүн, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг эд мөрийн баримтуудаар тогтоогдож зөрчлийн шинжтэй байсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчлийн 1810000340 тоот хэрэг нээж шийтгэл оногдуулсан.

Шалгалтын явцад Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын чиглэлээр дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд:

- Эмнэлгийн барилга, байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, тусгай зөвшөөрөлд заагдсан чиглэлүүд болох эмэгтэйчүүд, чих хамар хоолой, пластик мэс засал, дотор, нүүр амны мэс засал чиглэлүүдээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тусгайлан засаж тохижуулсан өрөө тасалгаагүй,

- Эмчилгээ үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, шинжилгээтэй хяналт шалгалтаар эмнэлгийн орчны эд зүйлсийн гадаргуугийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах зорилгоор авсан эрүүл зүйн арчдасны 6,6 хувьд нянгийн бохирдолтой, агаарын цэвэршилтийн төлөв байдлыг үнэлэх зорилгоор авсан эмчилгээний өрөөний агаарт хөгц, мөөгөнцөр илэрсэн, төвлөрсөн шугамын усанд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,7 дахин, шүдний өрмийн төхөөрөмжид холбогдсон усанд /ил шарх шалбархай зайлдаг, шүд өрөмдөхөд ашигладаг ус/ бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3 дахин их үзүүлэлттэй гарсан, эмнэлгийн өндөр эрсдэлтэй багаж хэрэгслийг зориулалтын бус, шаардлага хангахгүй байранд мэргэжлийн бус хүнээр ариутгуулж эмчилгээ үйлчилгээнд хэрэглэсэн зэрэг зөрчлүүд нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар тархах нөхцөл бүрдүүлсэн байсан нь шалгалтын явцад нотлох баримтуудаар нотлогдсон.

2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 55.7-д “Шинжилгээний дүнгээр дээж нь хууль тогтоомж, стандартад заасан шаардлагыг түүнчлэн тухайн бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийсэн, хоол хүнсээр өвчний дэгдэлт гарсан тохиолдолд шинжилгээний төлбөрийг шалгуулагч эс гаргуулна” гэж заасан байдаг тул шаардлага хангаагүй дээжийн шинжилгээний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

3. МХЕГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/199 дүгээр тушаалаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд хийгдэх төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах аж ахуйн нэгж байгууллагыг эрсдэлийн нд үндэслэн төлөвлөж “Төрийн хяналт шалгалтын тухай” хуульд заасны дагуу нийтэд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр inspection.gov.mn сайтаар зарласан байна. /http://home.inspection.gov.mn/news /253/single/942/

4. Хяналт шалгалтын ахлагч, эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаа, НЭМГ-ын мэргэжилтэн Т.Жаргалын хамт 2018.02.26-ны өдөр ХУД-ын 3 дугаар хороо, Морьтон цогцолборын 3 давхарт байрлах тус компанийн эмнэлгийн байранд "захирал Б.Байгалмаад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай биечлэн мэдэгдсэн. Тухайн үед захирал Б.Байгалмаа нь НМХГ-ын 02-01/59 тоот удирдамж, хяналтын ны зургийг өөрийн гар утсаараа авч үлдсэн.

Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр НМХГ-ын 02-01/59 тоот удирдамжийн дагуу төлөвлөгөөт шалгалт хийхээр Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Соёлмаа, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын байцаагч Б.О , Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Х.Солонго нар тус компанийн эмнэлгийн байранд очиход БНСУ-ын иргэн Жу Сын Би /Cho Sungbi/, ресепшн-орчуулагч Г.Буяннэмэх, сувилагчийн туслах П.Өлзийжаргал нар байлцсан. Тухайн шалгалтаар үйл ажиллагаа хариуцсан захирал эзгүй, үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг шалгуулах боломжгүй гэсэн шалтгаанаар баримт бичгийн шалгалт хийгээгүй бөгөөд шаардлагатай баримт бичгийг шалгуулах тухай мэдэгдээд шалгалтын тэмдэглэл үйлдэн тус тэмдэглэлд ресепшн-орчуулагч Г.Буяннэмэх гарын үсэг зурж шалгалтын тэмдэглэлийн 1 хувийг түүнд өгсөн. Тухайн өдөр эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж байсан.

Захирал болон холбогдох албан тушаалтнууд шалгуулах баримт бичиг гаргаж ирүүлээгүй тул 2018 оны 03 дугаар сарын27-ны өдөр ЭЧХУАБ Д.Соёлмаа, ЭАХХХУБ Б.О  нар дахин ажлын байран дээр очиж ажлын байр болон баримт бичгийн шалгалт хийсэн.

5. ХУД-ын 3-р хороо, Морьтон цогцолборын 3 давхарт байрлах “ЖЖО ” ХХК-ийн эмнэлэгт иргэн Ц.Наранмандах, С.Золжаргал нарт тус эмнэлгийн эмч Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Cho Sungbi нь шүдний өвчний оношлогоо эмчилгээг 2018 оны 03 дугаар сарын 02-ноос 25-ныг хүртэлх хугацаанд 4-6 удаа хийсэн болох нь ажлын байрнаас түр хураан авсан эмчлүүлэгчийн карт, гэрчүүдийн мэдүүлэг, шалгалтын явцад авсан фото зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

... Тусгай зөвшөөрөл бүхий байгууллага нь нэг хүн эсхүл олон хүнд үйлчилж байгаагаасаа үл хамааран нөхцөл шаардлага хангахуйц орчинд байгаагүй бол үүнийг зөрчилд тооцно. Иймээс эд зүйл баримт бичгийг хураан авахдаа хууль зөрчөөгүй бөгөөд бүртгэлийн карт гэх тухайн эмнэлгийн өөрийнх нь зохиосон хувь хүний нууцтай холбоотой биш баримтыг хураан авч, Зөрчлийн хэрэгт хуулийн дагуу нотлох баримтыг цуглуулан авдаг. Мөн нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүйгээр гадаад улсын иргэнийг авч ирүүлэн ажиллуулж байсан. Үүнээс үүдэж хүний амь эрсдэх тохиолдол гарч болох учраас урьдчилан Зөрчлийн хэрэг нээж шийтгэл ногдуулсан байгаа. Мөн гомдол гаргагч байгууллагын холбогдох эрх бүхий этгээдийг удаа дараа дуудсан боловч ирээгүй нь хяналт шалгалтыг хийхгүй байх үндэслэл болохгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр гомдол гаргагч “ЖЖО ” ХХК-ийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О д холбогдуулж гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О гийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0064363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, төлбөрт төлсөн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О гаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0064363 дугаартай шийтгэлийн хуудсаар “ЖЖО ” ХХК-д “Эмчилгээ үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, эрүүл зүйн шинжилгээтэй шалгалтаар эмчилгээ үйлчилгээнд хэрэглэж байгаа ус болон эмчилгээний өрөөний агаар эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 3,000,000.00/гурван сая/ төгрөгийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Гомдол гаргагчаас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхдээ 5 хоногийн өмнө мэдэгдээгүй мөн хяналт шалгалтыг хийхдээ компанийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулаагүй, прокурорт хянуулалгүйгээр нотлох баримт цуглуулсан, тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлгийн үйл ажиллагаа явуулаагүй байхад хяналт шалгалт хийж торгосон нь хууль бус” гэж, хариуцагчаас “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/199 дүгээр тушаалаар 2018 онд хийгдэх хянан шалгалтын жагсаалтыг батлуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өөрийн вэб хуудаст  байгууллагуудыг зарлаж хяналт шалгалтаа хийсэн, тухайн хяналт шалгалтын ахлагч Д.Соёлмаа гомдол гаргагч компанийн захирал Б.Байгалмаад биечлэн удирдамжаа танилцуулсан, “ЖЖО ” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг гэрчийн мэдүүлэг болон фото зураг, эмчлүүлэгчийн карт зэрэг баримтаар нотлогдоно, Б.Байгалмааг удаа дараа дуудсан боловч ирээгүй бөгөөд түүнийг мөн зайлшгүй байлцуулах шаардлагагүй, хувь хүний нууцтай холбоотой баримтуудаас бусад баримтыг прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй тул шийтгэл ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж 6, Морьтон цогцолборын 3 давхарт байрлах “ЖЖО ” ХХК-ийн эмнэлгийн байр  нь дотрын өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр 83.1, Эмчилгээний гоо засал, нүүрний нөхөн сэргээх пластик мэс засал, эмэгтэйчүүд, нүүр амны гажиг, согог засал нүүр амны мэс заслын чиглэлээр 80 хувийн шалгуур үзүүлэлтийг хангасан шинжээчийн дүгнэлттэй боловч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр авсан эрүүл зүйн арчдасын шинжилгээгээр Staphylococcus spp нянгийн бохирдолтой, агаарын шинжилгээгээр шүдний эмчилгээний өрөөний агаарт хөгц, мөөгөнцөр илрээгүй боловч гоо заслын өрөөний 1м3 агаар дахь хөгц, мөөгөнцрийн тоо 211, төвлөрсөн шугамын усан дахь бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1,7 дахин их, өрмийн төхөөрөмжид холбогдсон ус/ӨТХУ/-н дахь бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3 дахин их үзүүлэлттэй гарсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон  байна. 

Дээрхээс үзвэл, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О гаас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0064363 тоот шийтгэлийн хуудсаар “ЖЖО ” ХХК-д 3,000,000.00 төгрөгийг торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...үйлчилгээ эрхлэгч нь үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээ аваагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасанд нийцсэн байна. 

Гомдол гаргагчаас “тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлгийн үйл ажиллагаа явуулаагүй байхад хяналт шалгалт хийж торгосон нь хууль бус” хэмээн тайлбарлан маргаж байх боловч 2018 оны 03 дугаар сард тус эмнэлгийн байранд БНСУ-ын Жо Сын Би/ Cho Seungbi/ эмчилгээ, үйлчилгээ явуулсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан эмчлүүлэгчийн картын бичилтүүд  болон гэрч П.Өлзийжаргал, С.Золжаргал, Ц.Нармандахын нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон  байх тул гомдол гаргагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

 

Эрх бүхий албан тушаалтан нь тус эмнэлгээс эмчлүүлэгчийн карт болон эмнэлгийн үнийн санал, тарилгын шингэн зэргийг хураан авч тэмдэглэл үйлдсэн  байх ба эдгээр нь хувь хүний нууцтай холбоотой гэж үзэхээргүй, тодруулбал, эмчлүүлэгчийн картад эмчилгээ хийлгэсэн огноо, хийсэн эмчилгээ, хураасан төлбөрийг тусгасан байх ба гомдол гаргагчаас эдгээр баримтыг байгууллагын нууцад хамааруулсан талаарх шийдвэрээ шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн холбогдогч нь энэ талаарх гомдлоо хуульд заасан журмын дагуу прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй байх тул эрх бүхий албан тушаалтны эд зүйл, баримт бичиг хураасан үйл ажиллагаа нь  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад мэдээлэл, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч болно”, 4.5 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоохоор зорилгоор ... эд зүйл, ... баримт бичгийг хураан авна” гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

“ЖЖО ” ХХК-тай ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, манай ажилтан биш хүнийг байлцуулж хяналт шалгалт явуулсан, компанийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж холбогдогч үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар прокурорт гомдол гаргаж болно” гэж зааснаар прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан байх бөгөөд холбогдогчоос энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байх тул эрх бүхий албан тушаалтны гаргасан хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахтай холбогдсон процессын зөрчил нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Мөн улсын байцаагч Б.О гаас “ЖЖО ” ХХК-ийн захирал Б.Байгалмааг удаа дараа дуудсан талаарх тэмдэглэл  он, сар, өдөр цагтайгаа 1810000340 дугаартай зөрчлийн хэрэгт авагдсан авагдсан байх ба гомдол гаргагчаас үүнийг үгүйсгэх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хяналт шалгалтыг явуулахдаа компанийн эрх бүхий албан тушаалтныг байлцуулаагүй, оролцуулаагүй нь хууль бус” хэмээн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. 

Харин эмнэлгийн байранд үзлэг хийх, эмнэлгийн орчны эд зүйлсийн гадаргуугийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтлийн чанарыг шалгахаар Эрүүл зүйн арчдасны болон бусад шинжлэгдэхүүн авах, эд зүйл, баримт бичгийг хураан авахад хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийг зайлшгүй байлцуулах шаардлагагүй юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 зүйлийн 51.1-д “Мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагаас дараа жилд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээг харгалзан мэргэжлийн хяналтын төв байгууллага өмнөх жилийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор баталж, олон нийтэд мэдээлнэ” гэж заажээ. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/199 дүгээр тушаал  нь мөн өдөртөө, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 онд хийх хяналт шалгалтын календарьчилсан төлөвлөгөө  нь 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр www.inspection.gov.mn цахим хуудсанд хэвлэгдсэн байх тул гомдол гаргагчийн “5 хоногийн өмнө ямар нэг мэдэгдэлгүйгээр хяналт шалгалт хийсэн нь хууль бус” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

 

Харин эрх бүхий албан тушаалтнаас 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/59 дугаар удирдамжийг “ЖЖО ” ХХК-ийн захирал Б.Байгалмаад биечлэн гардуулсан гэх боловч энэ талаарх тэмдэглэл үйлдээгүй, мөн “ЖЖО ” ХХК-д хийх Эрүүл ахуйн халдвар хамгааллын төлөвлөгөөт хяналтыг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн сарын 30-ны хооронд хийхээр “шилэн хяналт” цахим хуудсанд байршуулсан  боловч эрх бүхий албан тушаалтан нь энэ хугацаанаас өмнө шалгалтыг хийсэн байгаагаас үзвэл гомдол гаргагчийн “...төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхдээ 5 хоногийн өмнө мэдэгдээгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

Гэвч энэ нь эмнэлгийн байгууллагын эрүүл ахуй, халдваргүйтлийн үйл ажиллагаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг хойшлуулах, улмаар “үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаагүй” зөрчлийг үгүйсгэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ. 

Иймд “ЖЖО ” ХХК-иас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О д холбогдуулан гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0064363 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, шийтгэлийн хуудсаар төлүүлсэн 3,000,000.00 төгрөгийг гаргуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “ЖЖО ” ХХК-аас Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О д холбогдуулан гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.О гийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0064363 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, шийтгэлийн хуудсаар төлүүлсэн 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.МӨНХЗУЛ