Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2023/0525

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 554 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 109/2023/0386/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдууланБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/349 дүгээр тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч “С” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/337 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Залаатын аманд 14.7 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/508 дугаар тушаалаар 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгаж шийдвэрлэсэн. Тус ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/349 дүгээр тушаалаар хүчингүй болгосон. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг барьж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан. Үүнээс харвал нэхэмжлэгч нь 2019 онд газар ашиглах эрхээ сунгуулснаас хойш газраа огт ашиглаагүй байдаг. Хариуцагч захиргааны байгууллага хууль зүйн үндэслэлтэй бодит нөхцөл байдлыг тогтоож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 871 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягийн дагуу хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс холбогдох баримт материалыг огт ирүүлээгүй байсан. Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүй гэж байна. Гэтэл нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа очиж шалгасан бөгөөд ямар нэгэн байдлаар зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал байгаагүй. Хавтас хэрэгт авагдсан шүүхийн үзлэгийн баримтаас харахад нэхэмжлэгчийн газар дээр үйл ажиллагаа явуулсан үйл баримт байхгүй байгаа.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тус нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалттай холбоотой асуудлыг хууль, дүрэм, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэгтэй захиргааны байгууллага. Тус чиг үүргийн хүрээнд газар дээр нь очиж шалгаад холбогдох санал, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байхад Төрийн захиргааны төв байгууллага холбогдох хуулийн дагуу нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг даргатай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах" №2019/376 тоот гуравласан гэрээг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бөгөөд үүнээс хойш 34 сар 19 хоног буюу 2 жил 10 сар 19 хоног үйл ажиллаагаа явуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасанд хамаарна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.10-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг “газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно" гэж заасныг зөрчсөн тул шийдвэр гаргасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасангүй. 

            1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/349 дүгээр тушаалаар “С” ХХК-ийн 14.7 га газрын ашиглах эрхийг “зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус, бодит байдалд нийцээгүй талаар шүүхийн шийдвэрт үндэслэлтэй зөв дүгнэжээ.

            Дээрх тушаал нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 904 дүгээр албан бичгийг үндэслэж гарсан байх боловч уг албан бичгээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-ийн “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.4-ийн “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх” үүргээ биелүүлээгүй, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ” гэж заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг гаргасан, гэтэл маргаан бүхий тушаалд эдгээрийн алиныг ч бус харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 буюу “хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг үндэслэл болгосон байна. 

            2.Хамгаалалтын захиргаа болон хариуцагчаас дээрх санал, тушаалыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг огт тодруулаагүй, давж заалдах гомдолд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2019/376 тоот гуравласан гэрээг байгуулснаас хойш тушаал гаргах хүртэлх нийтдээ 2 жил, 10 сар, 19 хоног үйл ажиллагаа явуулаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боловч энэ нь үндэслэлгүй болох талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт хангалттай дүгнэсэн байна.

            Тухайлбал шийдвэрийн үндэслэл хэсгийн 18, 19-т “С” ХХК-ийн 2019 онд хийлгэсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол, 2021 оны цахилгаан хангамжийн техникийн нөхцөл, 2022 онд батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, харилцаа холбооны техникийн нөхцөл, байт харвааны спорт цогцолбор, олон улсын амралт, жуулчлалын төвийн загвар зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой зайлшгүй шаардагдах баримт бичгийн бүрдлийг хангаснаас гадна ашиглах эрх бүхий газартаа төлөвлөлтийн дагуу газар шорооны болон барилга угсралтын ажил хийгдэж байгаа болох нь шүүхийн үзлэгээр тогтоогджээ.

            1-р хавтаст хэргийн 36-49, 62-68 дугаарт талд авагдсан фото зургуудад газраа хашаалсан, /ийнхүү хашаалахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохих зөвшөөрөл авч байсан талаар шийдвэрт тодорхой дүгнэсэн/, мөн уулын налуу хэсгийг  тэгшилж замын ажил хийгдсэн, гүнийн худаг гаргасан, цэвэр, бохир усны шугам хоолойг угсарч байгаа, Залаат дэд станцаас цахилгааны өндөр хүчдэлийн кабель татах ажиллагаа хийгдэж байгаа, байт харвааны талбайн суурийн ажил хийгдсэн, олон тооны хаусны бетон бүтээцийн буюу цутгалтын ажил нэлээдгүй хэмжээгээр хийгдсэн, мөн хийгдэж байгаа болох нь тодорхой харагдах тул энэ бүхнийг үгүйсгэж, нэхэмжлэгчийг газраа хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь бодит байдалд нийцсэнгүй.

            Мөн хэрэгт, хийгдэж буй бүхий л ажиллагаатай холбоотой гэрээ хэлцэл, тэдгээрийн хавсралт, төлбөрийн баримт, санхүүжилтийн болон материалын тооцоо, “С*******” ХХК-ийн Хас банкин дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд авагджээ.

            3.Хариуцагчаас шийдвэр гаргахдаа мэдэгдэх, сонгох ажиллагаа явуулаагүйгээс, бодит нөхцөл байдлыг шалган тодруулаагүйгээс маргаан бүхий тушаал гарсан талаар, магадгүй эдгээр ажиллагааг шийдвэр гаргахаасаа өмнө хийсэн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохгүй байх боломжтой байсан талаар ч шүүхийн шийдвэрт үндэслэлтэй дүгнэсэн байна.

            Давж заалдах гомдолд “…сонгох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 871 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан хаягаар хүргүүлсэн…” гэх боловч үүнийг гардуулсан нь нотлогдохгүй, “…газар дээр нь очиж шалгасан…” гэх боловч энэ талаарх ямар ч нотлох баримт байхгүй болох нь яамны бичигт хэрэгт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогджээ. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БААТАРХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

                             ШҮҮГЧ                                                                Э.ЛХАГВАСҮРЭН