Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн,

Улсын яллагч С.Болорчулуун,

Шүүгдэгч О.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Огинуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаярт холбогдох эрүүгийн 201610010112 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р баг Борхойн 12-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Огинуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаяр /ЕЮ73120619/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч О.Батбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 26-наас 27-ны шөнө 00 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р багт байрлах Нэгдсэн эмнэлэгийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр П.Дариймаатай маргалдан улмаар түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч О.Батбаяр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 26-ны орой манай эхнэр П.Дариймаа 18 цагийн үед гадуур жаахан ажилтай гээд гэрээс гарсан юм. Тухайн үед би мөн 20 цагийн үед хүний ачаа ачихаар гарч өөрийн эзэмшлийн кранаар ачаа ачиж байгаад 23 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр гэртээ ирээгүй байсан би тэр орой хот явахаар хүнтэй ярьсан байсан гэтэл хүүхдүүд маань ээжийг авчирч өгөөд ирэхээр нь яваач гэж хэлсэн учир би 00 цаг өнгөрч байхад эхнэрийн 91917046 утас руу хэд хэдэн удаа залгахад утсаа аваагүй тийм болохоор нь би гадуур архи ууж болох газрууд болох баар орчмоор өөрийнх нь унаж явсан 88-05 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хайсан боловч харагдахгүй, тэгээд эмнэлгийн зүүн талаас баруун зүгт явж байхад манай эхнэр машинаа барьчихсан хөдөлгөөнд оролцон эмнэлгийн хашаанаас гарч ирсэн би өмнөөс нь машинтайгаа очиж тулж ирэхэд машинаа эхнэр зогсоосон би бууж очиж жолоочийн хойд талын хаалгыг нээхэд дотрын эмч Сэргэлэнтуяа, жижүүрт гарч байсан нэг эмч залуугийн хамт гурвуулаа явж байсан бүгд архи уусан байгаа харагдсан. Би тэдэнд хандан яагаад утга учиргүй архи ууж байдаг юм бэ, согтуу хүнээр яагаад машин бариулж байдаг юм бэ гэхэд машинаас эмч залуу буугаад явчихсан ямар нэг зүйл хэлээгүй. Сэргэлэнтуяа нь хэлэхдээ биднийг зүгээр хүргээд өгдөг гэж хэлсэн тэр үед нь би ямар нэгэн аваар осол гаргавал та нар алга болно шүү дээ гэж хэлсэн. Гэтэл манай эхнэр би чамд 3 хүүхдийг чинь гаргаж өгсөн би машин унах эрхтэй гэх зэргээр хэлж ярьж агсарсан. Би машиных нь түлхүүрийг түүнээс авах гэтэл манай эхнэр миний нүүр, гэдэс рүү тийрээд байсан би түүнтэй маргалдаж зууралдаж ноцолдсон би түүний нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэгээд тэнд маргалдаад зогсож байхад манай эхнэр би чамд 3 хүүхдийг чинь гаргаж өгчихөөд байхад гадуур банзалддаг гэж найз Баттулга хэлсэн гэж хэлсэн тэр үед Баттулга Сод Монголын шатахуун түгээх станцын орчимд ачаа тээврийн хэрэгсэлтэйгээ ирж бинзен авахаар ирж зогсож таарсан тэгээд би эхнэрийн хамт зууралдаж очиж Баттулгатай уулзсан ба чи манай эхнэрт намайг хүнтэй явалдаж банзалддаг гэж хэлсэн юм уу гэхэд би тийм зүйл яриагүй гэж хэлсэн. Миний өөдөөс эхнэр маань ноцолдож цохих гээд байсан ба би түүний хойноос ар нуруугаар нь тэвэрч өөрийн унаж явсан пикаб маркийн тээврийн хэрэгсэлд суулган гэртээ авчирч амраасан юм. Өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй юм. Эхнэр П.Дариймааг цохисны улмаас уруул орчим хөхөрч хавдсан, хавирга хугарчихсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгээд өглөө эмнэлэгт үзүүлэхээр яваад хавирга нь хугарсан байна. Би түүнийг нуруунаас нь тэвэрч машинд суулгах үедээ гараараа шахаж хавиргыг нь хугалчихсан байх гэж бодож байна. Би эхнэрээсээ өглөө нь уучлалт гуйж ярилцсан юм”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

        - Хохирогч П.Дариймаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 26-ны орой би хамт ажилладаг Амбулторын дарга Оюунсүрэн, хүүхдийн эмч Тэмүүлэн, дотрын эмч Сэргэлэнтуяа, яаралтай түргэн тусламжийн эмч Ёндонжамц, мэдрэлийн эмч Туул, эмэгтэйчүүдийн эмч Мөнхтуяа, жолооч Ганбаатар, нөхөн сэргээх эмч Цэндпүрэв нар Ганбаатар бид хоёрын ээлжийн амралтыг тэмдэглэж Оюунсүрэн эмчийн өрөөнд 18 цагийн үед цуглаж ярилцаж суусан ба тэнд байх хугацаандаа 2 литрийн Сэрүүн нэртэй 3 ширхэг пиво хувааж уусан юм. Энд суух хугацаанд манай нөхөр О.Батбаяр хэд хэдэн удаа миний гар утас руу залгасан намайг авах үед дуугарахгүй байсан юм. Тэгээд 23 цагийн үед тарсан ба би өөрийн 68-05 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Ёндонжамц, Сэргэлэнтуяа нарын хамт ажлын гаднаас хөдөлж харих санаатай явж байхад эмнэлэгийн хашааны гадна өөдөөс машин гэрлээ тусгаж тулж ирж зогссон ба нөхөр маань өөрийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан. Тэгээд машины хаалга нээж архичин машин унаж явлаа гэж загнасан тэр үед нь би машинаа аваад яв гэж хэлсэн гэтэл хамт явна гэж уурласан би явахгүй гэж түүний өөдөөс маргасан гэтэл намайг машинд суулгах гэж тэвэрч өргөж, газар унагах зэргээр ноцолдсон мөн үснээс зулгааж чирч гулдчин нэг хэсэг газар авч явсан мөн гараараа нүүрэн тус газарт алгадаж, цохисон би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлсэн боловч түүнд гар хүрч гэмтээсэн зүйл байхгүй өмсөж явсан подволкноос нь зуурч барих үед түүний цамц урагдсан юм. Биднийг маргалдаж байх үед Сэргэлэнтуяа, Тэмүүлэн нар дэргэд байсан юм. Машин руу оруулах гэж намайг тэвэрч чангаах үедээ хавирга хугалчих шиг болсон ба нилээд зовиурласан тэр үед нь түүнд хэлэхэд яасан гэж хугардаг юм худлаа ярилаа гэж байсан. Би түүнд маргалдах явцдаа Баттулга хэлсэн танай нөхөр чинь гадуур хүнтэй явалддаг гэж хэлснийг нь маргалдах үедээ түүнд хэлсэн юм гэтэл түүнийг утсаар дуудаж авчирсан ба түүнээс асуухад би тэгж хэлээгүй гэж хэлсэн юм тэгээд дахин хоорондоо маргалдсан тэгээд намайг машинд суулгаж гэртээ хамт очсон тухайн шөнөө зовиурлаж хоносон ба маргааш өглөө нь эгчийн хамт эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Тэр намайг цохисны улмаас дээд уруул дотор талдаа язарсан, зүүн талын хацар хэсэг хавдаж хөхөрсөн газар унагаасны улмаас хөл гар хөхөрч шалбарсан мөн хүзүүний хэсэгт зулгарч шарх үүссэн байсан юм. Тухайн үеийн гэмтлийг мэс заслын эмчид үзүүлсэн. Би нөхөртэйгээ ярилцаж ойлголцсон эмчилгээний зардлаа бүрэн төлүүлж авсан. Түүнтэй эвлэрсэн гомдол санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 12/,

          - Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг өнгөрч байхад манай найз О.Батбаяр миний гар утас руу залгаж чи манай эхнэрт юу гэж хэлсэн юм нүүрэлдүүлье гэж ярьсан би завгүй байна ачаа татаж байна гэдгээ хэлсэн надтай утсаар ярих үед эхнэртэйгээ маргалдаж байгаа бололтой чанга чанга орилох чимээ гарч байсан тэгээд утас нь тасарчихсан юм. Тэгээд би түлш авах санаатай өөрийн 43-72 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр түлш Сод Монгол шатахуун түгээх станцаас түлш аваад зогсож байхад миний утас руу дахиж эхнэрийнхээ дугаараас залгаж байсан би тэр үед нь утсаа аваагүй юм. Би клонкоос түлшээ аваад клонкоос гарч зогсох үед эмнэлгийн орчмоос Батбаяр эхнэртэйгээ маргалдаад хүрч ирсэн ба Дариймаа надад хандан чи хэл танай найз чинь хүнтэй явдаг банзалддаг биз дээ гэж асууж байсан би ямар нэг юм хэлээгүй Дариймаа нилээд согтуу байсан ба газар унаад байсан Батбаяр түүнийг авч явах гээд тэвэрч авч байгаа харагдсан цохиж зодож гар хүрсэн зүйл байхгүй. Дариймаа намайг нэг удаа алгадсан мөн нөхрийгөө нэг удаа алгадах шиг болсон Батбаяр эхнэрээ чирээд хойноос нь тэвэрч авч явсан өөр надад мэдэх зүйл байхгүй. Миний хажууд бол зодолдож цохилцсон зүйл байхгүй, түүнээс өмнө болон хойно зодолдож цохилцсоныг нь мэдэгдэхгүй байна. Дариймаагийн биед тухайн үед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй 2 хоногийн дараа Батбаяр над руу залгаж манай эхнэрийн хавирга хугарсан байна цагдаагийн байгууллагад хандсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

          - Гэрч Ш.Ёндонжамц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2016 оны 05 дугаар сарын 26-ны орой 19 цагийн орчимд Оюунсүрэн эмчийн өрөөнд манай эмч Оюунсүрэн, Тэмүүлэн, Энхтуул нар пиво уугаад сууж байсан. Тэгээд Дариймаа, Сэргэлэнтуяа хоёр мөн ирсэн дахин Кружка нэртэй 2 литрийн пиво 2 ширхэгийн дахин авч хувааж ууцгаасан. Би ажилтай байсан учир пиво уугаагүй тэр хэдтэй хамт суусан 23 цаг өнгөрч байхад тэр хэд тарж байгаа бололтой байсан. Оюунсүрэн эмч согтоод өрөөндөө унтсан ба намайг хүргээд өгөөч гэж Сэргэлэнтуяа эмч гуйж чи Дариймаагийн машиныг жолоодчих гэж хэлсэн намайг гарч очиход Дариймаа өөрийн 88-05 улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодчихсон байсан ба би жолоочийн хажуугийн суудалд орж суусан машинд Сэргэлэнтуяа, Тэмүүлэн суучихсан байсан. Тэгээд эмнэлгийн хашаанаас гарах үед өөдөөс машин ирж өөдөөс тулж зогссон тэр үед бид бүгд машинаас бууцгаасан гэтэл Дариймаагийн нөхөр та нар ингэж ажил хийдэг юм уу хүн уруу татаж архи уулаа гэж уурлаж намайг загнасан. Тэр үед нь би архи дарс уугаагүй гэдгээ хэлчихээд ажлын байр руугаа явж орсон. Дариймааг нөхөр нь архи уулаа гэх зэргээр загнаад байсан ба Дариймаа чамаас болж би архи уухгүй байх ёстой юм уу гэх зэргээр хоорондоо маргалдаад байсан нөгөө хоёр эмч маань тэр хоёрыг маргалдаад байхаар нь 20-30 минутын орхичихоод ирлээ гэж ажлын байранд орж ирж байсан. Тэгээд би Сэргэлэнтуяаг гэрт нь хүргэж өгсөн, буцаж эмнэлэгт ирэх үед Дариймаагийн онгорхой эзгүй байгаа харагдсан болохоор машинаа орхиод явсан байх гэж тухайн үедээ бодсон. Зодоон цохион болсон талаар би мэдээгүй юм. Маргааш нь жижүүрээс буугаад эмнэлэг дээр байх үед 11 цагийн үед Дариймаа маск зүүчихсэн явсан болохоор нь юу болсон талаар нь асуухад нөхөртэйгөө зодоон хийгээд амьсгал авахад цээжээр хөндүүрлэж өвдөж байна гэж байсан. Өөрөөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

    - Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын           31-ний өдрийн 261 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Дариймаагийн цээжний зүүн талд 5-р хавирганы далд хугарал, хоёр хөлийн өвдөг, шилбэ, зүүн хацар, хүзүүний урд хэсгээр цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Учирсан гэмтлийн цээжний зүүн талд 5-р хавирганы далд хугарал гэмтэл нь дангаараа “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг,  хоёр хөлийн өвдөг, шилбэ, зүүн хацар, хүзүүний урд хэсгээр цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй болно.

3. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шинээр илэрсан зүйлгүй болно гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт /хх-ийн 20/,

- Хохирогч П.Дариймаагийн гэмтэл авсан зураг /хх-ийн 16/,

- Амбулториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хх-ийн 17-19,

- О.Батбаярын оршин суугаа хаягийн тодорхойлолт, П.Дариймаагийн иргэний үнэмлэхний хуулбар, охин Б.Энэрэл, охин Б.Эгшиглэн, хүү Анар нарын төрсний гэрчилгээний хуулбар, О.Батбаяр, П.Дариймаа нарын №0031056 гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 24-26/,

- О.Баятбаярын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 29/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 40/ зэргийг нотлох баримтаар судалсан болно.

2016 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө шүүгдэгч О.Батбаяр нь эхнэр П.Дариймааг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явлаа гэж маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос О.Батбаярын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч О.Батбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 Иргэн П.Дариймаагийн биедээ авсан гэмтэл нь шүүгдэгч О.Батбаяр нь эхнэр П.Дариймаатай хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн биед нь халдснаас болж үүсгэсэн байх ба шүүгдэгч О.Батбаярын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул О.Батбаярыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 Шүүгдэгч О.Батбаярт ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Огинуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Огинуд Лувсан Осор овогт Очирхуягийн Батбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч О.Батбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Батбаярт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ