Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1536

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Удвалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00953 дугаар шийдвэртэй, Г.Удвалын нэхэмжлэлтэй, хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 890 160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Гэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 04272 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн. Гэтэл хариуцагч нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удааширч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албадан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 2017 оны 03 дугаар сарык 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн салбарт ажилд томилсон байна.

Нэг өдрийн дундаж цалинг 30220 төгрөгөөр тооцож бодож олгож өгнө үү. Дээрх шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 228 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх 6 890 160 төгрөгийн олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эруүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 04272 дугаар шийдвэрээр Г.Удвалыг Капитал банкны салбарын харьяа тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн томилж, 4 384 380 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг олгосон. Банкны зүгээс дээрх шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу түүнийг Говьсүмбэр, Увс, Өвөрхангай, Улаанбаатар хотод салбарын болон тооцооны төвийн захирлаар ажиллах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзаж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, шийдвэр гарсан өдрөөс тушаал гарах өдрийн цалин хөлс, гэнэт халагдсаны тэтгэмж гаргуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т зааснаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн.

Энэ нь хууль эрх зүйн болон байгууллагад мөрдөж буй журамд нийцэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 17-ны өрийн 3/873 тоот албан бичгээр Говьсүмбэр салбарт буюу өмнө нь ажиллаж байсан ажил албан тушаалд нь томилох саналыг хүргүүлсэн. Учир нь Г.Удвал нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Капитал банкны гүйцэтгэх захирлын 996 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд маргаан үүсгэсэн. Капитал банкны захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот Салбар нэгжийн ажилтнуудын албан тушаалын нэршил, орон тоо батлах тухай, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 115 тоот “Салбар нэгжүүдийг ашигтай байрлалд шилжүүлэх” тухай тушаалын дагуу Ханбогд тооцооны төвийн чиг үүрэг, ажилчдыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон Говьсүмбэр нийгмийн даатгал тооцооны төвд шилжүүлсэн.

Тус 2017 оны 02 дугаар сарын 17-ны өрийн 3/873 албан бичгийн хариуг Д.Удвал ирүүлээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 3/1353 тоот албан бичгээр хуучин ажил албан тушаалд нь томилсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаар тушаалыг хүргүүлсэн. Капитал банк шүүхийн шийдвэрийг хүндэтгэн хуульд заасны дагуу үүргээ биелүүлж ажилтныг хохиролгүй болгох зорилгоор удаа дараа санал хүргүүлсэн ч Д.Удвал нь ажилд томилсон тушаалын дагуу ажилдаа ороогүй, банкны удирдлагаас гаргасан тушаал шийдвэрийг биелүүлээгүй, тавьсан саналуудыг үл хүндэтгэж, салбарын өдөр тутмын болон чанаргүй зээлтэй холбоотой асуудлууд тасралтгүй гарч банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсаар байна.

Ажил олгогчийн зүгээс хуульд заасан үүргийг хуулийн дагуу биелүүлсэн боловч Д.Удвал шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь хууль болон ёс зүйд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу хариуцагч “Капитал банк” ХХК-аас 1 231 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Удвалд олгож, 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалган, нэхэмжлэлээс 5 658 930 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэлд дурдагдсан бусад хугацаанд хамаарах нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлттэй холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Капитал банк” ХХК-аас 34,099 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх, 1 231 230 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Капитал банк 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд эгүүлэн томилсон. Энэхүү өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаа дуусаагүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.Удвал нь хариуцагч “Капитал банк” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилд томилогдсон 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 228 хоногийн цалинтай тэнцэх олговорт 6 890 160 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 04272 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1423 дугаар магалдлалаар нэхэмжлэгч Г.Удвалыг Капитал банкны Өмнөговь салбарын харъяа Ханбогд тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 4 384 380 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн байна. /хх 8-19/

 

Хариуцагч “Капитал банк” ХХК-ийн хувьд шүүхийн шийдвэр биелүүлэх үүргийн дагуу Г.Удвалд урьд эрхэлж байсан ажлын байр татан буугдсан тул Увс, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын салбарын болон тооцооны төвийн захирлаар ажиллахыг санал болгосныг хүлээн зөвшөөрөөгүй, улмаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх, ажилгүй байсан хугацааны олговор авах хүсэлтийг бичгээр гаргасан, энэ талаар ажил олгогч шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн, үүний дараа нэхэмжлэгчид Ханбогд салбарыг Говьсүмбэр салбартай нэгтгэсэн учир тус салбарын захирлаар ажиллах саналыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлснээр 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр уг албан тушаалд томилсон үйл баримт тогтоогджээ. /хх 27, 54-57/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гаргасан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгчийн ажил олгогчид хандаж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 1 231 230 төгрөгийг гаргуулж, 5 658 930 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг учир дутагдалтай гэж үзлээ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч Г.Удвалыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 142 өдрийн цалинг дээрх шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн ажлын хөлс 30 030 төгрөгөөр тооцож, нийт 4 264 260 төгрөгийг хариуцагчаас гаргуулж 2 625 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Удвалыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хэргийн оролцогчийн хүсэлтээр хуульд заасан журмын дагуу дээд шатны шүүхэд хянагдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан хугацааг түүний ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулан тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ... олгоно.” гэсэн заалтад нийцэх юм.

 

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэлийг дээрх хугацаанд шүүхэд хоёр удаа гаргаж байсан нь хүчин төгөлдөр шүүгчийн захирамжаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж дүгнэснийг буруутгаж байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2017/00953 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар “Капитал банк” ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 4 294 260 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Удвалд олгож, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны ажилтны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 625 900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 заалтын “34 099 төгрөгийг” гэснийг “83 178 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 91 101 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА