Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 570

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          Прокурор А.Баясгалан,

          Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуягийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 888 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Г.Ж-д холбогдох эрүүгийн 1805 0020 60044 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Г.Ж, 1989 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Төмөр замын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангид ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УП89082133/,

 

Г.Ж- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын дотуур байрны гадна иргэн Л.Д-той маргалдсаны улмаас түүнийг зодож, дээд уруулын дотор хэсэгт шарх, дух, баруун хөмсөгт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Г.Ж-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Г.Ж-д холбогдох хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох”-д заавал шинжилгээ хийлгэхээр заажээ.

Энэ заалтын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1038 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан боловч дүгнэлт гаргах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шинжээч худал   дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээнэ” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана” гэж заасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. “Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахдаа дээрх заалтыг зөрчсөн гэж үзэв. Тухайлбал Шинжилгээний дүгнэлтийн эхний хэсэгт “... хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан” гээд шинжээч гарын үсэг зурсан байгаа боловч шинжээчид ямар эрх бүхий албан тушаалтан хүлээх хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулсан баримт байхгүй.

Шинжээч өөрөө өөртөө хүлээх хариуцлагын талаар сануулсан гэсэн хууль зүйн ойлголт байх боломжгүй юм.

Мөн шинжээчийн дүгнэлтийн хууль сануулсан гэх хэсэгт “... 24.1 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан” гэсэн байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйл нь “Байгаль орчныг бохирдуулах” гэсэн гэмт хэрэг байгаа нь хууль зүйн хувьд ойлгомжгүй байна.

Прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 57 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад “Шүүх хуралдаанд хохирогч Э.Алтан-Одыг оролцуулах саналтай” гэж бичжээ.

Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтыг дахин үйлдэж хэрэгт хавсаргасан боловч шүүгдэгчид гардуулсан баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ” гэж заасан тул хавсралт нь яллах дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж” гэж заасны дагуу гардуулаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байна гэж үзэв.

Энэ хуульд заасан журам зөрчсөн ажиллагааны улмаас 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Л.Д-ын биед гэмтлийн зэрэг тогтоох” зорилгоор үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлтийг 1038 дугаартай үнэлэх боломжгүй болжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дүгээр заалтад заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх”-ийг хянах боломжгүй тул мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан “энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтлана гэж заажээ.

Энэ хуулиас харахад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Арван долдугаар бүлэг”-т заасан журмыг бүхэлд нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ баримтлахаар байна гэж үзэж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах эсэргүүцлийг бичив.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.”, 27.3 дугаар зүйлийн 1, “Шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шийдвэрээ шинжилгээний объектийн хамт хүргүүлнэ.”

Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх, прокурор, мөрдөгчийн тогтоолыг хүлээн авмагц шинжээч, эсхүл шинжээчдийн багт шинжилгээ хийлгэхээр даалгана” гэж заасан ба шинжээчид эрх үүрэг сануулан тогтоолд гарын үсэг зуруулна гэж заагаагүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч мөрдөгчийн тогтоолын дагуу Л.Д-ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийж, 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1038 дугаартай дүгнэлт гаргахдаа Монгол Улсын шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийхийг даалгаж тус хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулсан.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт байх бөгөөд үнэлэх бүрэн боломжтой байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлийн дагуу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулан шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон 251 дүгээр магадлал хүчинтэй байна.

2. Г.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” журмыг удирдлага болгон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана. 9. “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна” гэж заасныг ноцтойгоор зөрчиж хэргийг прокурорт буцаасан байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийг урьд хянан хэлэлцээд гаргасан 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 251 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж Г.Ж-д холбогдох хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүх, яллагдагч Г.Ж-ыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан хэрнээ хэргийг прокурорт буцаасан шүүгчийн зарирамж гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.  

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар буюу богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлүүлэхээр  хуульчилсан хуулийн заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэхгүй дахин дахин прокурорт буцааж байгаа нь хуульд үл нийцнэ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Г.Ж-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, үйл баримтад болон шүүгдэгч гэм буруутай эсэх, бүхий л нотлох баримтыг шалгахад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал ашигтайгаар шийдвэрлэх зэрэг асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байх тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ж-д холбогдох хэргийг анхан шатны  шүүхийн өөр бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 888 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор А.Баясгалангийн бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч Г.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн өөр бүрэлдэхүүнээр дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг Баянгол дүүргийн шүүхэд очтол шүүгдэгч Г.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ