| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/749 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Э |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/749
2021 06 28 2021/ШЦТ/749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Э,
шүүгдэгч Ө.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ө Ө холбогдох эрүүгийн * дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Ю ХХК-нд тавилга хийдэг ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, * тоотод оршин суух хаягтай, р овогтой Ө Ө /РД: */
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Ө.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “У" караокед үйлчлүүлж байхдаа хажуу өрөөнд үйлчлүүлж байсан үл таних хүмүүстэй маргалдаж, зодолдоод улмаар тус караокены хөл бөмбөгийн ширээг авч шидэн хагалсан, мөн 2 хүний суудалтай арьсан 4 ширхэг буйданг хөлөөрөө өшиглөж буйдангийн өнцөг, булан хэсгийн арьсыг халцаруулж гэмтээсэн, үйлдвэрийн хээтэй 2 ширхэг модон ширээг гараараа түлхэж өнцөг хэсгийн халцаруулж гэмтээсэний улмаас 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үйлчүүлж байсан хүмүүс хоорондоо зодолдож манай байгууллагын хөл бөмбөгийн давцантай ширээг эвдэлж, 2 ширхэг сандалыг эвдэлсэн тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг ширээг үл таних дээгүүрээ нүцгэн залуу зодуулсан үедээ шарандаа урд байсан ширээг авч шидсэн. Ширээний хөл бөмбөг эвдэрсэн, 4 ширхэг буйдангийн өнцөг болон бүрээс халцарч эвдэрсэн, 2 ширхэг ширээний ирмэг эмтэрч эвдэрсэн байна. Надад нийтдээ 12 960 000 төгрөгний хохирол учраад байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуудас/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би “У” нэртэй кароаке руу өөрийн нөхөр болох Ө.Ө-ын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн үед манай нөхөр архи уусан ба би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд нөхөр тамхины өрөө ортол хэсэг бүлэг хүмүүстэй маргалдсан. Тухайн үед яаг юунаас болж маргалдсаныг сайн санахгүй байна. Тэгээд нөхөр бид 2 өрөө рүүгээ орж дуулж байгаад ойролцоогоор шөнийн 00 цагийн үед гарах гээд үүдэнд текен дээр тооцоогоо хийх гээд байж байтал тамхины өрөөнд маргалдсан гэх шар цамцтай болон өндөр 2 залуутай нөхөр маргалдаж зодолдож эхэхлсэн. Тэдгээр хүмүүстэй хамт явж байсан гэх нэг хар хувцастай эмэгтэй нь манай нөхөр лүү 3 удаа сандал авч шидээд манай нөхрийн толгойноос цус гарсан. Манай нөхөр нэг ширээ л авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,
Гэрч Ц.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б бид хоёр 00-ын өрөө ортол нэг өндөр залуу орж ирээд хэрүүл өдөөд би спортын мастер гээд дайраад байхаар нь бид хоёр чамтай маргалдахгүй чи яв гэтэл гаднаас эхнэр бололтой нэг эмэгтэй орж ирээд аваад гарсан. Тэгээд бид 2 буцаж кароакедоо ороод дуулж байтал 00 өрөөнд хэрүүл өдөөд байсан залуу таараад согтуу байсан тул агсан зан гаргаад хэрүүл маргаан өдөөд байхаар нь би дуугүй бай гээд хэлтэл өөдөөс орилж чарлаад намайг заамдаж аваад өмсөж байсан хувцаснаас зулгаагаад миний уруул руу гараараа цохисон. Тэгээд тэр залуу цамцнаас зуураад байхаа нь би гадуур хувцсаа тайлаад тэр залуугаас зугтаагаад гараад явсан. ... Хөл бөмбөгийн ширээг маргаан үүсгээд байсан согтуу залуу шидсэн гэсэн. Харин буйдан, текны сандал зэрэг бол хүрсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,
Гэрч Р.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... Тэгсэн нөгөө согтуу залуу заалны голд байсан хөл бөмбөгийн ширээг авч шидээд зааланд байсан буйдан, сандлыг чирж татаад байсан. Хөл бөмбөгийн ширээг нөгөө согтуу залуу авч шидсэн. Буйдан санадлыг мөн тэр залуу чирч татаад байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Б нь улаан өнгийн арьсан жижиг бөөрөнхий санадлыг тэр залуу руу шидсэн. Нөгөө залуу хөл бөмбөгийн ширээг хөмөрөөд хаячихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Хөл бөмбөгийн ширээг маргаан үүсгэсэн залуу авч шидсэн. Тэр залуу манай нөхөр Г, И нартай маргалдах үедээ ширээ, буйдан дээр дарж унаад байсан. Тэр үед эвдэрсэн байж магадгүй, Текны сандалыг Б авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
“Дамно ХХК”-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-12 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Ө.Ө-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 хуудас/,
“Ю” ХХК-ийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 92 хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ө.Өын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Ө.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “У" караокед үйлчлүүлж байхдаа хажуу өрөөнд үйлчлүүлж байсан үл таних хүмүүстэй маргалдаж, зодолдоод улмаар тус караокены хөл бөмбөгийн ширээг авч шидэн хагалсан, мөн 2 хүний суудалтай арьсан 4 ширхэг буйданг хөлөөрөө өшиглөж буйдангийн өнцөг, булан хэсгийн арьсыг халцаруулж гэмтээсэн, үйлдвэрийн хээтэй 2 ширхэг модон ширээг гараараа түлхэж өнцөг хэсгийн халцаруулж гэмтээсэний улмаас 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч Ө.Өын “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс хохирогч Ц.П өгсөн “...Уг ширээг үл таних дээгүүрээ нүцгэн залуу зодуулсан үедээ шарандаа урд байсан ширээг авч шидсэн. Ширээний хөл бөмбөг эвдэрсэн, 4 ширхэг буйдангийн өнцөг болон бүрээс халцарч эвдэрсэн, 2 ширхэг ширээний ирмэг эмтэрч эвдэрсэн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22/, гэрч Т.Б “...Тэдгээр хүмүүстэй хамт явж байсан гэх нэг хар хувцастай эмэгтэй нь манай нөхөр лүү 3 удаа сандал авч шидээд манай нөхрийн толгойноос цус гарсан. Манай нөхөр нэг ширээ л авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Ц.И “...Хөл бөмбөгийн ширээг маргаан үүсгээд байсан согтуу залуу шидсэн гэсэн. Харин буйдан, текны сандал зэрэг бол хүрсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Р.Г өгсөн"... Тэгсэн нөгөө согтуу залуу заалны голд байсан хөл бөмбөгийн ширээг авч шидээд зааланд байсан буйдан, сандлыг чирж татаад байсан. Хөл бөмбөгийн ширээг нөгөө согтуу залуу авч шидсэн. Буйдан санадлыг мөн тэр залуу чирч татаад байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Б нь улаан өнгийн арьсан жижиг бөөрөнхий санадлыг тэр залуу руу шидсэн. Нөгөө залуу хөл бөмбөгийн ширээг хөмөрөөд хаячихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Н.О "...Хөл бөмбөгийн ширээг маргаан үүсгэсэн залуу авч шидсэн. Тэр залуу манай нөхөр Г, Ир нартай маргалдах үедээ ширээ, буйдан дээр дарж унаад байсан. Тэр үед эвдэрсэн байж магадгүй, Текны сандалыг Б авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37/ “Дамно ХХК”-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг болно.
Шүүгдэгч Ө.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Ө.Өыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Д.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байна.
Шүүгдэгч Ө.Өын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч Ө.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ө.Ө нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ө нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Өын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ө.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ө.Ө нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал зэргийг харгалзан 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган хадгалахаар тусгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Ө Ө “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ө-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Ө нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. .
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Ө нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ө.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ