| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/752 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/752
2021 06 28 2021/ШЦТ/752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
Улсын яллагч Б.Б,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт А Б холбогдох эрүүгийн * дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “А” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо * тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүрэг 9 дүгээр хороо * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт А Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч А.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний
өдөр 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
байрлах “Э” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “найз
охин зодлоо” гэх шалтгааны улмаас Х.М нүүр болон гэдэс рүү цохиж
зодож эрүүл мэндэд нь “Дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамрын ясны
баруун хажуу хананы зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины
доргилт, дух, баруун хөмсөг, хамар, хоёр чихний дэлбэнгийн ар талд цус хуралт,
зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний
зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Иргэн Х.М 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Э" зочид буудалд бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Т бид хоёр маргалдаж байгаад Т миний өөдөөс ширээн дээр байсан хөзөр шидсэн. Тэр үед би уурлаж Т-ийг нэг удаа алгадсан. Гэтэл Б Т-ийг өмөөрч надтай зодолдож намайг цохиж унагаагаад миний нүүр хэсэгт өшиглөсөн. ... Б нь миний нүүрэн хэсэг рүү 2-3 удаа цохиж, өшиглөж миний зүүн нүд болон хацар, хамар гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тэр үед манай найз залуу 00 өрөөнөөс гарч ирээд эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж хэлээд хоорондоо ноцолдож зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... М-аа Т-д хандаж найзынх нь талаар ярьж танай найз янхан гэж хэлсэн. Т манай найз тийм байж магадгүй би янхан биш гэж хэлээд энэ хоёрын маргаан ингэж эхэлсэн. Маргаан үргэлжилж байгаад М Т-ийг янхан гэж хэлээд шууд Т-ийн хоолойг нь боож сууж байсан орны хажуу талд газарт унагааж 2-3 удаа алгадсан. Энэ үед Б ОО-ийн өрөөнөөс гарч ирээд салгаж Мыг түлхэж Тийг газраас босгож байх үед М нь Б-г шууд нүүрэн хэсэгт нь цохиж аваад тэр хоёр ноцолдож газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2021 оны 04 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед бид нар пиво ууж байгаад унтаад өгсөн. Гэтэл нэг мэдэхэд маргалдаж зодолдож байхаар нь би сэрээд хартал М нь Т-ийг алгадахад Б хажуугаас нь орж ирээд М зодолдож М нь газар унаж дээр нь т байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед шинжилгээ хийсэн тухай 3488 дугаартай дүгнэлт “ Х.М биед дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамрын ясны баруун хажуу хананы зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, дух, баруун хөмсөг, хамар, хоёр чихний дэлбэнгийн ар талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 дугаар хуудас/,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч А Б нь 2021 оны 04 дүгээр сарын 21-ний
өдөр 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт
байрлах “Э” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “найз
охин зодлоо” гэх шалтгааны улмаас Х.Мбаярын нүүр болон гэдэс рүү цохиж
зодож эрүүл мэндэд нь “Дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамрын ясны
баруун хажуу хананы зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины
доргилт, дух, баруун хөмсөг, хамар, хоёр чихний дэлбэнгийн ар талд цус хуралт,
зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний
зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
Шүүгдэгч А.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс иргэн Х.М-с 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Э" зочид буудалд бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 /, хохирогч Х.М-н “...Гэтэл Б Т-ийг өмөөрч надтай зодолдож намайг цохиж унагаагаад миний нүүр хэсэгт өшиглөсөн. ... Б нь миний нүүрэн хэсэг рүү 2-3 удаа цохиж, өшиглөж миний зүүн нүд болон хацар, хамар гэмтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 /, хохирогч Б.Т-ийн “....Тэр үед манай найз залуу 00 өрөөнөөс гарч ирээд эмэгтэй хүнд гар хүрч болохгүй гэж хэлээд хоорондоо ноцолдож зодолдож эхэлсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14/, гэрч Ц.Т-ын “ ... Маргаан үргэлжилж байгаад М Т-ийг янхан гэж хэлээд шууд Тийн хоолойг нь боож сууж байсан орны хажуу талд газарт унагааж 2-3 удаа алгадсан. Энэ үед Б ОО-ийн өрөөнөөс гарч ирээд салгаж М-ыг түлхэж Т-ийг газраас босгож байх үед М нь Б-г шууд нүүрэн хэсэгт нь цохиж аваад тэр хоёр ноцолдож газарт унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/, гэрч Ч.Б-ын “ 2021 оны 04 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн үед бид нар пиво ууж байгаад унтаад өгсөн. Гэтэл нэг мэдэхэд маргалдаж зодолдож байхаар нь би сэрээд хартал М- нь Т-ийг алгадахад Б хажуугаас нь орж ирээд М-тай зодолдож М нь газар унаж дээр нь Т байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хүний биед шинжилгээ хийсэн тухай 3488 дугаартай дүгнэлт “Х.М-ын биед дух ясны гадна ялтасны цөмөрсөн хугарал, хамрын ясны баруун хажуу хананы зөрөөтэй хугарал, хамрын таславчийн мурийлт, тархины доргилт, дух, баруун хөмсөг, хамар, хоёр чихний дэлбэнгийн ар талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тус гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.
Шүүгдэгч А.Б-гийн хохирогч руу чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас Х.М-ын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хөнгөн хохирол тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Хохирогч Х.М- нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй байна, тус мэдүүлэгт авагдсан А.Б-гийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул А.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Х.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид ч нэхэмжлэхгүй болохоо мөрдөн байцаалт болон шүүхэд илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Б нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 23 настай эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Шүүгдэгч А.Б-гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
А.Б нь урьд ял шийтгэлгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдалтай,
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, хор уршгийн шинж чанар байхгүй байдал,
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг биелүүлээгүй, биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт А Б “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Хохирогч Х.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу А.Б-гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ