| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0011/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/753 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.С |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/753
2021 06 28 2021/ШЦТ/753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч А.С,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Б холбогдох эрүүгийн 2106 01177 1037 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймаг Эрдэнэ суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой /монгол хэл, бичиг мэднэ/, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Төв аймаг Эрдэнэ сум 5 дугаар баг Тамган нуур 5 дугаар гудамжны 9 тоот оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Алтан Өлгий 17 дугаар гудамжны 228 тоотод түр оршин суух хаягтай, урьд
Төв аймгийн шүүхийн 1986 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн Б, 169 дүгээр зүйлийн В-д тус тус зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Зүүнбаян Гарнизоны Цэргийн тусгай шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 121 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 134 дүгээр зүйлийн 2-д тус тус зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 294 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлд зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 cap 14 хоногийг нэмж нэгтгэн, нийт 1 жил 1 cap 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 22 хоног хорих ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож, мөн өдөр суллагдсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял шийтгүүлж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б овогт Б Б, /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Цэргийн 176 тоотод нэвтэрч паск, сав, хөшиг цүнх зэрэг 3.200.900 төгрөгийн эд зүйлсийг нууцаар хууль бусаар авсан,
2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л. хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хүзүүн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн болсон өдрийн он сарыг мэдэхгүй байна. Өмнө нь манай найз байдаг байсан. Гэрийнх нь хаалгыг нүдсэн чинь хаалгаа тайлахгүй байсан. Цонхийг нь тогштол цонх нь онгойсон. Тэгээд хартал хүн байгаагүй. Хөл муутай учраас юм тавьж байгаад тухайн байшинд орсон. Тэгээд 46 ширхэг цүнх аваад явсан. Өөр зүйл аваагүй. Хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд тухайд хохирогчийг би хутгалаагүй. Хохирогч намайг зодсон. Миний эрүү гэмтсэн байсан. Цагдаа намайг шүүх эмнэлэгт үзүүл гэж хэлсэн боловч тухайн гэмтэл үүсээд олон хоночихсон байсан учраас шүүх эмнэлэгт үзүүлж яах юм гэж хэлсэн. Би гартаа хутга биш хугарсан сэрээ барьсан байсан. Гэтэл намайг хутга барьсан байсан гэж хэлсэн байдаг. Миний буруу” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тухайн үед цонх хаалттай юм шиг байсан сайн анзаараагүй. Тэгээд орой нурсан хашаагаа босгох шалтгаанаар 21 цаг 50 минутын орчимд очиход цонх онгойсон байдалтай хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч эмч Э.О 1/606 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Л.Ө “...Тухайн үед миний утас байхгүй байхаар нь би найз Мөнхтөрөөсөө миний утас хаана байна гэхэд Б гэх хүн чи юу гээд хуцаад байгаа юм гээд шууд намайг хутгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04
дүгээр сарын 10-ны өдрийн 3460 дугаартай дүгнэлт /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-125 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52 дугаар хуудас/,
Урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрийн хуулбарууд /хх 55-78 дугаар хуудас/,
ЦЕГ-ын нэгдсэн сангийн лавлагаа /хх-ийн 95-97 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн 1-176 тоот хашаан дах байшингийн цонхоор орж хохирогч Э.М зарж борлуулахаар хадгалж байсан том жижиг паск, цүнх 177 ширхэг, түрийвч 50 ширхэг, хөшиг 3 ширхэг, усны сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, бага хэмжээнээс дээш буюу 3.200.900 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Л.Ө хүзүүн тус газарт хатгаж эрүүл мэндэд нь шилэн хүзүүний шарх, мөрний ар хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
- Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй би 46 ширхэг цүнх авсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
- Хэргийн газарт үзлэг хийсэн “... уг байшингийн зүүн урд өрөөний босоо салхивчтай цонхонд хөшилт орсон ул мөр байхгүй, босоо рам дээр байрлах 2 ширхэг түгжээ муруйж эвдрэл үүссэн байх бөгөөд уг цонхны босоо хэсгээс криминалистикийн шинжээч энгийн нунтаг багс ашиглан 1 гарын мөрийг бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл /хх 5-11/,
- Хохирогч Э.М “...Тухайн үед цонх хаалттай юм шиг байсан сайн анзаараагүй. Тэгээд орой нурсан хашаагаа босгох шалтгаанаар 21 цагийн орчимд очиход цонх онгойсон байдалтай хулгай орсон байсан. Худалдааны агуулах болгож, зардаг бараануудаа хадгалдаг байсан. Худалдах зорилгоор хадгалж байсан 150 ширхэг паск, 50 ширхэг түрийвч, десант паск 20 ширхэг, жижиг гарын цүнх 7 ширхэг, хөшиг 3 ширхэг, усны сав 1 ширхэг алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх 15/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “... Хэргийн газраас бэхжүүлэн авсан мөр нь гарын мөр байна ... шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд 2600755 гэсэн дугаараар бүртгэгдсэн Бөттөрийн зүүн гарын дунд хурааны дардастай тохирч байна” гэсэн дүгнэлт /хх 25-31/,
- Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр нийт 3.200.900 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /хх 35-36/,
- Яллагдагч Б.Бийн “Тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна ... улаан тоосгон байшин очоод хаалгыг тогшиход хүн байгаагүй. Цонх нь онгорхой байсан. Би хүн байна уу гэж цонхоор нь толгойгоо хийгээд асуухад хүн байхгүй байсан. Ингээд би ганцаараа байшингийн цонхоор ороод гэрт байсан саарал өнгөтэй бэлхүүсэнд зүүж явдаг цүнхнүүд байхаар нь 46 ширхгийг аваад мөн тэнд байсан хар өнгийн цүнхэнд хийгээд аваад гарсан. Дээрх цүнхнүүдийг Баянзүрх дүүргийн хүнсний зах, Асейт худалдаан төв дээр зогсож байгаад зарж борлуулсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй” гэх мэдүүлэг /хх 44-45/,
- Хохирогч Л.Ө “2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би найз Мөнхтөрийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь пиво уугаад сууж байхад гаднаас Баттөр гэх настай ах орж ирсэн. Би тэр ахыг танихгүй, тэр ах пивоноос балгаад юу болсон нь мэдэгдэхгүй шууд намайг хутгалсан. Намайг дахиад хутгалах гэж байхад нь зугтаад цагдаагийн байгууллагад хандсан. Ирсэн цагдаа нар нь Бөттөр гэх хүн байна гэж таньж байсан. Тухайн үед миний утас байхгүй байхаар нь би найз Мөнхтөрөөсөө миний утас хаана байна гэхэд Баттөр гээд байгаа хүн чи юу гээд хуцаад байгаа юм гээд шууд миний шилэн хүзүүнд хутгалсан. Би тэр хүнийг харвал танина ... Баттөр гэх хүнтэй гар утсаа олохгүй байснаас болж маргасан. Гар утсаа олсон. Баттөр надад маргааш нь ирж эм тарианы 300.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 112-113, 116/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04
дүгээр сарын 10-ны өдрийн 3460 дугаартай “Л.Өлзийбатын биед шилэн хүзүүний шарх, мөрний ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх 119-120/,
- Яллагдагч Б.Бийн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр гудамжинд Ганболд гэх хүнтэй танилцаад хамт архи уугаад Цайз захын хойно байдаг Ганболдын таньдаг айлд очиход Л.Өлзийбат гэх залуу гэрийн эзний хамт 2-3 хүнтэй архи уугаад сууж байсан. Надад Л.Өлзийбат архи хийж өгөөд бид нар танилцаад сууцгаасан. Тэгээд надаас Л.Өлзийбат миний гар утас хаана байна, чи сая авсан гээд намайг эрүү хэсэгт нэг удаа гараараа цохиод өшиглөөд байсан. Тэгээд би тавиур дээр байсан иш нь хугарсан халбагаар шилэн хүзүүний хэсэгт нь нэг удаа цохисон. Тухайн хүн өөрийн гар утсыг хүнсний дэлгүүрт барьцаанд үлдээсэн гэж би сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх 134/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Б нь бага боловсролтой гэх боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл, баталгаа гаргасан хүсэлтүүд /хх 32, 47, 79, 99, 139/ болон урьд ял шийтгүүлсэн шүүхийн шийдвэрүүд /хх 55-78/ зэргээр монгол хэл, бичиг мэддэг, бүрэн бус дунд боловсролтой, 1984 онд 8 дугаар анги төгссөн, 1984-1986 онд Төв аймгийн Эрдэнэ сумын ТМС-д суралцсан болох нь тогтоогдож байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт монгол хэл, бичиг мэднэ, өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Хулгайлах гэмт хэргийг хувьд бусдын өмчлөх эрхэд хүч хэрэглэхгүйгээр, нууц аргаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж, бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсний улмаас Эрүүгийн хууль заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Орон байр гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба бусдын бараа хадгалдаг байшингийн вакум цонхоор орсныг орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн идэвхтэй үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон өмчлөх эрхийг эсрэг хүч хэрэглэн халдахдаа уг үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүний үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ. Энэ гэмт үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Л.Өлзийбат нь Б.Бөөс 300.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж үзлээ.
Харин хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 3.200.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Бөөс гаргуулж хохирогч Э.М олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулан нэмж нэгтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол шүүгдэгч Б.Бөөс учруулсан хохирлоо нөхөн төлнө, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэнийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд удаа дараа ял шийтгүүлсэн, Өршөөлийн хуульд хамрагдаж байгаагүй, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, 52 настай гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар бага байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай 2 гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар үйлдсэн гэх нөхцөл байдал, зарим хохирол төлөгдсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан
Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 1 сар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Б.Б нь энэ хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл нийт 13 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх хугацааг ялд эдэлсэнд тооцож хасвал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.ББ “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Хохирогч Л.Өлзийбатад учирсан эрүүл мэндийн хохирол төлөгдсөнийг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Бөөс эд хөрөнгийн хохиролд 3.200.900 төгрөг гаргуулж хохирогч Э.Мичидбаатарт олгосугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ
17_