Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2023/0401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           Б.Б нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Ж.Дамдинбазар, гуравдагч этгээд Р.Давааням

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга

Гуравдагч этгээд Р.Д нар

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсэг,  Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Хариуцагч Ж.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 125/2021/0021/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Б Ховд аймгийн Булган сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсэг,  Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.  

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2,  26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/43 дугаар захирамжийн Б.Б холбогдох хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/149 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Ж.Д  дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн гэж миний бие үзэж байна.

Учир нь нэхэмжлэгч Б.Б нь 2017 онд маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн хүрээнд авсан боловч, тухайн газраа 2 жил ба түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх ямар ч шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тариа, ногоо тарьсан болон зориудаар ойжуулах талаар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй буюу /нэг ширхэг ч мод тариагүй/ тэрхүү үйлдэлд нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна.

Хэрэгт 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчдийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21-04-026/46 дугаартай 1. Хамгаалагдсан газарт байгалийн сэргэлт ургалт явагдсан ой бүхий газар бөгөөд 2017 оноос хойш зориудаар шинээр мод, бут сөөг тариалаагүй байна.

Хэзээ ямар төрлийн тариа, ногоо тариалж байсныг тогтоох боломжгүй байна. Дүгнэлт болон маргаан бүхий газарт хийгдсэн удаа дараагийн үзлэгээр дээрх дүгнэлтийг давхар нотолсон нөхцөл байдлыг шүүхээс үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна. Иймд миний бие нь Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 13 дугаартай шийдвэр нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авна уу” гэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Р.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүлээн авч танилцаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Учир нь миний эзэмшилд олгосон уг газар нь иргэн Б.Б газарт хамааралгүй, ямар ч давхцалгүй тул Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын А/43 дугаар, А/149 дүгээр захирамжууд нь Газрын тухай хууль болон холбогдох журмуудыг зөрчсөн гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн буюу шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр маргасан маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн Б.Булганбатын эзэмшилд байгаа 15 жилийн хугацаатай 5,48 га талбайтай газар бусдын буюу гуравдагч этгээдүүдийн эзэмшиж, өмчилж байгаа газруудтай ямар давхцалтай байгаа, хэний газартай давхцахгүй байгаа гэдэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн дүгнэлт гарсан боловч давхцал байгаа эсэхийг тодорхой дүгнээгүй. Нөгөө талаасаа энэ газрыг зориулалтын дагуу ашигласан бол хэдий хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, Газрын тухай хуульд зааснаар сүүлийн 2 жил зориулалтын дагуу ашигласан гэдэгт анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй. Хамгийн гол нь шүүх гуравдагч этгээдүүдийг татан оролцуулсан атлаа гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар байдлаар хөндөгдсөн эсхүл, хөндөгдөөгүй гэдгийг дүгнээгүй. Тиймээс дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргасан” гэв.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

            1.Засаг даргын маргаан бүхий 2021 оны А/43 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан газрын тооллого, үзлэг, бүртгэл, хэмжилт хийсэнтэй холбогдуулан зөвшөөрөлгүй татсан тор, их хэмжээгээр хашиж хамгаалсан газар болон зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөр төлөөгүй газар, хашаа, гудамж, зам, нийтийн эзэмшлийн талбай хаасан гэж үзэж байгаа газар, торны талаарх Баянгол багийн ажлын хэсгийн дүнг баталж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хавсралтад заасан хэмжээгээр хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх бөгөөд хавсралтын 1-д нэхэмжлэгч Б.Б  хашаалсан газар 7.9 га, үүнээс гэрчилгээнд дээрх хэмжээ 2.8 га, эдгээрийн зөрүү буюу буулгах хэмжээг 5.2 га гэж бүртгэжээ.

            Гэтэл энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.3 буюу “шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй”, 40.1.5 буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснийг тус тус үндэслэсэн, нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан тохиолдлууд болох эдгээр зөрчлийг гаргаагүй, өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгосон талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүхийн шийдвэрт зөв дүгнэсэн байна.

            Тухайлбал газрын төлбөрийн хувьд Б.Б 2017-2019 оны төлбөрийг бүрэн төлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, 2018, 2019 онд бэлнээр болон шилжүүлгээр тус тус газрын төлбөр төлсөн нь баримтаар нотлогдсон, 2020 оны тухайд эзэмшил газар нь мэдээллийн санд орсны дараа төлбөрийн нэхэмжлэх үүсгэж байж төлбөр төлөх талаар газрын даамал, эрх бүхий бусад албан тушаалтнаас мэдэгдсэн болох нь нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр, 2021 оны тухайд маргаан бүхий акт мөн оны 3 сард гарсан учраас тухайн оны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

            Анх 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулснаас хойш зориулалтын дагуу газраа эзэмшиж ашиглаж байсан эсэхийг хариуцагчаас захирамж гаргахдаа нотлоогүй, захирамжийн үндэслэл болсон ажлын хэсгээс энэ талаар бус харин эзэмшүүлсэн газрын хэмжээг хэтрүүлж хашаалсан, тор татсан эсэхийг шалгасан болох нь тус ажлын хэсэгт ажилласан нэр бүхий гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

            Мэдэгдэх хуудасны агуулга нь маргаан бүхий захирамжийн үндэслэлтэй зөрчилтэй буюу зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газар эзэмшиж, ашиглаж байгаа талаар тусгасныг Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох ажиллагааг хуульд нийцүүлж бүрэн гүйцэд явуулсан гэж үзэхгүй.

            Маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” шаардлагад тус тус нийцээгүй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлсэн байна.

            2.Маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын хэмжээг зөв тогтоож чадаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гэрчилгээн дээрх хэмжээг “2.8 га” гэж бүртгэсэн, гэтэл Б.Булганбат нь сумын Засаг даргын 2017 оны А/102 дугаар захирамжаар нийт 5.48 га газрыг тариа, ногоо тарих, ойжуулах зориулалтаар эзэмшсэн, маргаан бүхий захирамжтай адил огноо дугаар бүхий хавтаст хэргийн 14-15 дахь талд авагдсан Засаг даргын захирамжид буулгах газрын хэмжээг 5.0 га, тайлбар хэсэгт “орон нутгийн тусгай хэрэгцээнд” гэж тэмдэглэсэн, өөрөөр хэлбэл агуулгын хувьд зөрчилтэй 2 захирамж гаргах болсон нь, тэдгээрт чухам ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн газрын хэмжээг өөр өөрөөр тусгах болсон нь тодорхойгүй, ойлгомжгүй болжээ.

            Хариуцагчийн давж заалдах гомдолд шүүхийн санаачилгаар томилсон шинжээчийн дүгнэлтээр гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн болохыг тогтоосон талаар дурдсан, шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 21-04-026/46 тоот дүгнэлтэд “…нэхэмжлэгчийн эзэмшлийн 5.48 га газарт цөөн тооны улиас зэрэг нь голын хөндий дагууд чийглэг хөрсөнд хамгаалагдсан газарт байгалийн сэргэн ургалт явагдсан ой бүхий газар бөгөөд 2017 оноос хойш зориудаар мод, бут сөөг тариалаагүй, 2 хэсэг газарт буюу 0.23 га талбайг зориудаар хагалж шан татсан ул мөр байгаа боловч хэдээ, ямар төрлийн тариа ногоо тариалж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна” гэжээ. 

            Үүнээс үзэхэд хэдийгээр мод, бус, сөөг тариалаагүй боловч эзэмшил газрынхаа 0.23 га буюу 20 гаруй хувийг хагалсан, шан татсан нь тогтоогдож буй энэ тохиолдолд анх олгосон “тариа, ногоо тарих” зориулалтаараа газраа эзэмшээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. 

Түүнчлэн газрын даамал С.Г гэрчийн мэдүүлэгтээ “…Д.Б 5.48 га газар эзэмшдэгийг, түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй талаар Засаг даргад хэлж байснаа, бодит байдалд 9.3 га газар торлон хашаалсанд нэхэмжлэгчээс гадна түүний хүүхдүүд болох Б.Б, Б.Б, Б.Б, Б.Булганжаргал, эхнэр Б, дүү Б.Б, түүний хүүхдүүд болох Б.Х, Б.А, Б.Б, Б.Д болон эхнэрийн, мөн аав А.Б  нарын өмчлөлийн газар хамаарч байгаа” болохыг гэрчилсэн, энэ нь ч газрын кадастрын зураг, маргаан бүхий захирамжийн үндэслэл болсон Ажлын хэсгийн 2 дах удаагийн хэмжилт болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус нотлогджээ.

Иймд нэхэмжлэгчийг эзэмшил газраасаа илүүг зөвшөөрөлгүй хашаалсан, торлосон,  мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй гэж буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. 

            Харин Б.Б эзэмшиж байгаа 54.800 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа Засаг даргын 2021 оны А/49 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Ж.Б  4000 м.кв, Л.Ч 4000 м.кв, Х.Х 5000 м.кв, Б.М 8000 м.кв, Д.Б 4000 м.кв, нийтдээ 25.000 м.кв газрыг тэдгээрт  эзэмшүүлсэн нь бүхэлдээ давхцалтай, гуравдагч этгээд Р.Д  эзэмшүүлсэн 8000 м.кв газар давхцалгүй болох нь газрын байршлын кадастрын зураг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байхад анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдлыг анхааралгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байх тул “…миний эзэмшилд олгосон газар Б.Булганбатын эзэмшил газартай ямар ч давхцалгүй, хамааралгүй…” гэх гуравдагч этгээд Ж.Б давж заалдах гомдол үндэслэлгүй, харин гуравдагч этгээд Р.Д энэ талаарх гомдлыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х ч гуравдагч этгээд Р.Д эзэмшүүлсэн газар нэхэмжлэгчийн эзэмшлийн 5.48 га газартай давхцалгүй болохыг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...баримтлан…” гэснээс хойшхыг “нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/43 дугаар захирамжийн Б.Б  холбогдох хэсгийг, мөн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/149 дүгээр захирамжийн Нэгийн 1-д заасан Р.Д хамаарахаас бусад хэсгийг тус тус хүчингүй болгож, уг захирамжийн Р.Д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Ж.Д, гуравдагч этгээд Ж.Б нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд Р.Д давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БААТАРХҮҮ

 

                               ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

                             ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН