Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1568

 

 

******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дугаар шийдвэртэй, ******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** замд холбогдох,

 

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дүгээр тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би суудлын вагон депод илчит тэрэгний туслах машинчаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа гүйцэтгэх явцад тус депогийн хашаанд ****** замын гарам дээр ****** маркийн ****** улсын дугаартай машины жолооч сэлгээ хийж байгаа бүрэлдэхүүний өмнүүр гарч ирсэн. Бид дуут дохио өгсөн бөгөөд би машинчид хэлж, яаралтай тормоз авсан боловч машиныг мөргөөд зогссон. Зүтгүүрийн бригадын зүгээс авах ёстой бүх арга хэмжээ зөв явагдсан, гэм буруугүйг ****** замын цагдаагийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон.

Шуурхай хурал дээр уг ослын талаар ярьж байснаас шийдвэр гаргаагүй, надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг танилцуулаагүй, гардуулаагүй. Харин 12 дугаар сарын 01-ний өдөр цалингаа авахад дутуу байсан учир нягтлан бодогчтой уулзахад сахилгын шийтгэл гэж хэлсэн. Тэгээд тушаалтай танилцах гэхэд ирээгүй байсан. Би 2016 оны 12 дугаар сард н.****** даргатай уулзаж гомдлоо өгсөн. Маргаан таслах комисст хандсан боловч үр дүнд хүрээгүй. Уг сахилгын шийтгэл нь үр дагавартай юм байна. Намайг өөр ажилд томилох болоход сахилгын шийтгэлтэй байна гэсэн, мөн нэр хүндэд ч сэвтэй юм байна. Иймд Улаанбаатар ****** замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шуурхай хуралд ****** өөрөө орсон байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, шинжээчийн дүгнэлт 12 дугаар сард гарсан. ****** нь маргаан таслах комисст гомдол гаргасан гэх боловч тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэхэмжлэгчийг гомдол гаргаагүй гэсэн албан бичиг ирсэн.

Түүнчлэн уг маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шууд шүүх харьяалан шийдвэрлэх маргаан тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******ын, Улаанбаатар ****** замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дүгээр тушаалыг хүчингүй болгож, үр дагаврыг арилгуулах буюу цалин хөлснөөс суутгасан 700 000 төгрөгийг буцаан гаргуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 21 350 төгрөгийг ****** дүүргийн татварын хэлтсийн ******тоот данснаас гаргуулан ******т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх, хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад түүнд сахилгын шийтгэл буруу ногдуулсан байна гэж дүгнэсэн атлаа гомдол гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардуулаагүй, 2016 оны 12 дугаар сарын цалинг дутуу олгоход нягтлангаас асууж мэдсэн.

Шүүхэд хүсэлт тавьснаар Улаанбаатар ****** замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дүгээр тушаалтай танилцсан. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ******дугаар захирамжаар Үйлдвэрчний эвлэлийн хороо болон Маргаан таслах зөвлөлд гаргасан миний гомдлыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнд гомдолтой.

2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Ч.****** оролцсон бөгөөд миний өргөдлийг хүлээн авсан, хариу өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Би байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргасан бөгөөд Ч.****** дарга асуудлыг маргаан таслах комисст шилжүүлнэ гэсэн хариу өгсөн атлаа гомдлыг дарагдуулсанд гомдолтой. Мөн вагон депогийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.****** нь өргөдлийг минь маргаан таслах комиссоор оруулна, гомдлоо орлогч дарга Ч.******д өгчих гэж хэлсэн атлаа шүүхэд намайг гомдол гаргаагүй гэж хариу тайлбар хүргүүлснээс харахад шүүхэд гомдол гаргах хугацааг алдагдуулсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч ****** нь хариуцагч ****** замд холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700 000 төгрөгийг буцаан олгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч ****** замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ****** дугаар тушаалаар ******ын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгч ****** нь дээрх тушаалын үндэслэлтэй холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол буюу шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Тухайн үйл баримтын талаар гаргаж буй зохигчдын тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарах тул нотлох баримтаар үнэлэгдэх учиртай.

 

Нэхэмжлэгч ****** нь ажил олгогч тал дээрх тушаалыг огт танилцуулаагүй, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цалингаа авахад дутуу байсан учир нягтлан бодогчтой уулзаж, сахилгын шийтгэл болохыг мэдсэн гэх тайлбар гаргасан байна. Үүнийг хэргийн бусад нотлох баримтуудтай харьцуулан үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд тухайн маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргасан гэх боловч уг маргаанд шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журам хамаарахгүй юм.

 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч ******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01541 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Т.ТУЯА