Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн

Улсын яллагч Б.Батбаяр

Хохирогч Ц.Манлайбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1985 оны 12 сарын 09-нд төрсөн, 31 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хилийн албаны ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, ШНБ-ын 14-08 тоотод оршин суух, Хилийн 0108-р ангид хилийн ахлах ажилтан ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Олхонууд овогт Андрейн Төгөлдөр /РД: ЧК85120970/

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн харъяат, 1984 оны 05 сарын 10-нд төрсөн, 32 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, ШНБ-ын 14-08 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Боржигон овогт Даваасүрэнгийн Энэрэл /РД: МТ84051005/ нарт холбогдох эрүүгийн 201610010094 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч А.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах Шалган нэвтрүүлэх боомтын 14 айлын байрны гадна эхнэр Даваасүрэнгийн Энэрэлийг зодож улмаар Д.Энэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Энэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05  сарын 08-ны 22 цагийн орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах Шалган нэвтрүүлэх боомтын 14 айлын байрны гадна иргэн Ц.Манлайбаяртай маргалдан толгойн тус газарт чулуугаар цохиж улмаар Ц.Манлайбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн өдөр найзуудын хамт хэдэн пиво уусан. Би нилээд согтсон байсан юм. Тэгсэн Энэрэл Манлайбаяртай уулзана гээд гараад явсан юм. Тэгээд би араас нь гарсан чинь Манлайбаяртай муудалцаад байх шиг болохоор нь салгах гээд дийлэхгүй болохоор нь орхиод явсан. Тэгээд найзындаа орж унтсан. Бусад зүйлсийг сайн санахгүй байна. Ер нь бол бид нарын хооронд мөнгөний асуудал байгаа юм. Манлайбаяр мөнгөө байнга нэхэж ярьдаг байсан. Мөн Манлайбаяраас би уучлалт гуйсан. Гэрт нь болон ажил дээр очиж уучлалт гуйж байсан. Ц.Манлайбаяр өөрөө шийд гаргаж чадаагүй. Эхнэртэйгээ уулз гэдэг байсан юм. Эхнэртэй нь ч гэсэн уулзаж байсан. Эцсийн эцэст Туултай биш Манлайбаяртай л асуудлаа шийдэх ёстой. Сүүлдээ Манлайбаяр уулзахаа больсон. Уучлалт гуйхын хувьд зөндөө гуйсан. Манлайбаяраас манай эхнэрийг уучлахыг хүсч байна. Хүүхдүүд жаахан болохоор эхнэр маань ажилгүй гэртээ байдаг. Дараа нь ажилд орох гэхээр энэ хэргээс болж төрийн албанд орох эрхгүй болохвий гэхээс эмээж байна. Миний хувьд Энэрэлийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Бид 2 хоорондоо эвлэрсэн” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Д.Энэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “  2016 оны 05 сарын 06-ны өдөр байсан юм. Өглөө манай нөхрөөс Манлай мөнгөө нэхэж мессеж бичээд байна гэж надад хэлсэн юм. Үүнээс болж нөхөр бид 2 маргалдсан юм. Тэгээд 2-лаа хүнээс авах ёстой мөнгөө аваад өрийг нь өгье гэж ярилцсан юм. Тэгээд би Манлайгийн хаалгыг тогшоод бид нар мөнгөнөөс болж их маргалдсан. Би өнөөдөр жаахан уусан байна. Хэдүүлээ учраа олох хэрэгтэй гэж хэлсэн юм. Би зарим зүйлийг сайн санахгүй байна. Хадам ээж нь хаалгыг нь нээж өгөөд Манлайбаярыг байхгүй гэж хэлсэн. Намайг согтуу байсан учир тэгж хүлээж авсан байх. Тэгээд хадам ээж нь намайг архичин авгай гээд хашгираад байхаар нь би хаалганы цаанаас хаалгыг нээх гээд татсан. Тэгсэн Манлай хаалга хаах гээд түлхэж байх үед Наташаа эгч намайг өшиглөж байсан. Тэгээд би шатны тэнд газар унасан юм. Тухайн үед Төгөлдөр харагдаж байснаа алга болчихсон байсан. Тэгэхээр нь би хүний хань ижил байж хаяаад явчихлаа гээд би хайж ажил дээр нь очсон юм. Манлайбаярыг цохьсон үйлдлээ санахгүй байна. Ийм байдалд орсондоо харамсалтай байна ” гэсэн мэдүүлэг                                                                                                        

Д.Энэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн “ Манлайбаяраас уучлалт гуйсан. Миний буруугаас болсон үйлдэлд манай нөхөрт эрүүгийн хэрэг үүссэн нь харамсалтай байна. Надад гомдол, санал байхгүй учир Төгөлдөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэсэн мэдүүлэг 

Хохирогч Ц.Манлайбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тухайн хэрэг гардаг өдөр би гэртээ байсан юм. Тэгсэн хаалга нүдээд байсан чинь хадам ээж хаалга тайлахад Энэрэл Манлайбаяр байна уу? гэхэд хадам ээж байхгүй гэсэн чинь шууд хадам ээжийг цохиод авсан юм. Тэгсэнээ Манлайбаяр манай нөхрөөс мөнгө нэхсэн учир бид 2 муудалцах болсон, чиний амьдралыг там болгоно гэж хэлсэн. Тэгээд хаалга хаах гэсэн чинь боломж олгоогүй. Маргалдаж байх хугацаанд Болороо хажууд байсан. Хадам ээж хаалга хаагаад би Д.Энэрэлтэй уулзаад зогсож байхад Сайнзаяа, Хишгээ эгч нар битгий муудалцаад бай боль, та нар дандаа муудалцаж амгалан тайван байдал алдагдуулж байх юм гэж хэлэх үед А.Төгөлдөр гэрээсээ гарч ирээд Д.Энэрэлийг шууд алгадаад авсан юм. Тэгээд Би А.Төгөлдөрийг доош аваад гарах үед Д.Энэрэл хувцаснаас зууралдаад хамт гарсан. Тэгээд л тоосгоор нүүрэнд цохьсон юм. Биднийг гарсан дараа хадам ээж цагдаа дуудсан байсан. Ингээд би эмнэлэг орж оёдол тавиулсан.  Цагдаа дээр хэрэг үүссэний дараа би найз нөхөд юм байна, энэ 2 уучлалт гуйж ирэх байх гэж бодож байсан. Цагдаа дээр байх үед 1 удаа уучлаарай гэж хэлсэн. Мөн мессэж бичсэн учир би за яахав дээ гээд бодож байсан. Гэтэл намайг зодсон гэж худал мэдүүлэг өгсөн байсан. Мөн надад хандаж чамайг ээж аав чинь хог дээрээс олсон, чи хэзээ ийм болсон юм гэх зэргээр олны өмнө доромжилсон. Энэ хэргийн улмаас тархиндаа хөнгөн гэмтэл авсанаас болж урьд  өмнөх хагалгаанд орсон байдал сэдэрч чихнээс булаг гоождог болсон. 7 сарын 1 гэхэд эмнэлэгт үзлүүлнэ, тэгээд гарах зардлыг нэхэмжилнэ. Ийм учир би Д.Энэрэлд гомдолтой байна. Энэ 2 ээж нь нас барсан мөнгө хэрэгтэй байна гэхэд би тус болж мөнгө зээлсэн. Гэтэл одоо надад мөнгө хэрэг болоод мөнгөө буцаан авах гэхээр намайг элдвээр доромжилж байна. Үүнээс болж ийм асуудал болсон байх гэж бодож байна. Би доромжилсон гэдэг дээр гомдол гаргахгүй. Харин цохиулсан гэдэг дээр гоо сайхан алдуулсан гэдэг дээр би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг,

Гэрч  Л.Хишигсүрэнгийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Би тэр өдөр 20:30 минутын үед ажлаа тараад гэртээ ирсэн. Тэгээд зурагт үзээд байж байтал шөнө 22 цагийн орчим хоёр давхарт гэрийн үүдэнд хүмүүс хашгирч шуугилдаад байсан. Эхлээд би тоолгүй байсан. Дараа нь  хамт ажилладаг ахмад насны хүний хувьд гарч хүүхдүүдэд хэлж ярья гэж бодоод гэрээсээ гарахад Манлайбаяр үүдэндээ хажуугийн айлын Сайнзаяа гэрийнх хаалга онгорхой  коридортоо эхнэр Болороо үүдэндээ Энэрэл хоёр давхрын дунд талын шатан дээр Төгөлдөр нэг давхрын шатан дээр зогсож байсан. Би гараад “та нар ямар учиртай юм бэ, хүмүүс амраахгүй орцонд орилж хашгираад гэр орондоо орж хэрүүлээ хий гэхэд Энэрэл миний өөдөөс “Манлайбаярын эхнэр манай нөхөртэй унаж хэвтсэн гээд орилж хашгираад хүмүүст салаавч өгөөд нулимж  шүлсээ хаяад дээш доошоо гүйгээд байсан.  Тэгэхээр нь би нар бууцгаа больж үз больж үз гэхэд тэд нар бүр гадагшаа гарсан. Гадаа гарангуутаа Төгөлдөр энэ миний нэр  нүүрийг бараад ажил дээр байхад хэцүү болгож байна гээд Энэрэлийг хоёроос гурван удаа алгадаад хаясан. Тэгээд Энэрэл газарт унасан. Би Манлайбаярыг наадуулаа болиул салга гэхэд Манлайбаяр салгах гээд дийлээгүй байх. Наана нь зогсоод байсан.  Тэгээд би гэртээ ороод байж байхад гэрийн хаалга цохиод байхаар нь хаалгаа нээж өгөхөд Манлайбаяр  миний нүүр лүү тоосгоор цохичихлоо” гээд цусаа гоожуулаад зогсож байсан. Гэртээ орж цэвэрлэ гээд хаалгаа хаасан. Би Манлайбаяр Энэрэлийг цохиж зодсоныг хараагүй. Намайг байхад цохиж бариагүй. Намайг доороос гэрээдээ орох гээд шатаар гарч явахад Наташа хүүхэд тэвэрчихсэн гэрийнхээ  үүдэнд дотор талд зогсож байсан. Энэрэл намайг маажчихлаа гээд гараа харуулаад зогсож байсан. Гадаа Энэрэл, Төгөлдөр, Манлайбаяр гурав байсан. Төгөлдөр Энэрэлийг гадаа зодоод байсан. Харин Манлайбаяр хажууд нь зогсож байсан. Манлайбаяр архи уудаггүй, архи уугаагүй байсан. Энэрэл Төгөлдөр хоёр хоёулаа согтуу байсан. Тэр шөнөө чимээ гараагүй. Өглөө 06:00 цагийн үед гэртээ байж байхад доор Төгөлдөрийн хаалгыг чанга нүдээд байсан. Хаалгаа онгойлгохгүй байгаа бололтой байж байгаад манай гэрийн доор харалдаа Төгөлдөрийн цонх байдаг тэр цонхыг хүн нүдээд байсан. 5 минут орчим нүдэж байгаад цонх нь онгойгоод хүн орсон. Тэгээд гэртээ тэр хоёр зодолдоод орилолдоод аллаа хядлаа гээд эхэлсэн. Ер нь тэр хоёр байнга зодолдож нүдэлдээд байдаг. Байж байгаад л саллаа явлаа гээд Энэрэл эзгүй байж байгаад ирдэг” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 15-16/

Гэрч Ц.Баясгалангийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Би 2016 оны 05 сарын 08-ны орой хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүргийг а/ч Төмөрхуягийн хамт 21:00 цагаас 03:00 цагийн хооронд гүйцэтгэсэн. Энэ хугацаанд хэлтсийн ерөнхий жижүүрээр гарч байсан а/х  Т.Цагааннохой станцаар 22:00 цагийн үед мэдэгдэхдээ Замын-Үүд сумын 2-р баг ШНБ-ын 14 айлын 8 тоотод согтуу эмэгтэй хүн агсам тавиад байна гэх дуудлагын дагуу очиход уг байрны орцны нэг давхарт согтуу эмэгтэй, нэг эрэгтэйтэй маргалдаад байсан. Уг эмэгтэйг гэрт нь оруулахад бага насны хоёр хүүхэд унтаж байсан. Нөхрийг нь байгаа талаар асуухад манай нөхөр Төгөлдөр согтуу гараад явсан. Тэгэхээр нь шалганы ангийн жижүүрийг дуудуулан согтуу эмэгтэйг авч явах боломжгүй байна гээд д/ч Баянзулд хүлээлгэн өгсөн.  Тухайн согтуу эмэгтэйн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тэр эмэгтэй би одоо гэртээ амарлаа гээд үлдсэн. Тэгээд нэг  цаг гаруйн дараа дахин жижүүрээс Шалганы ангийн үүдэнд согтуу эмэгтэй агсам тавиад байна гэх дуудлагаар очиход Төгөлдөрийн эхнэр болох нөгөө эмэгтэй байсан. Шалганы жижүүр нь энэ эмэгтэйг авч яв, бидний ажлыг хийлгэхгүй байна. Нөхөр Төгөлдөрийг нь олоод танайд мэдэгдье гэсэн. Тэгээд нөгөө согтуу эмэгтэйг авчирч ерөнхий жижүүр а/х Т.Цагааннохойд хүлээлгэн өгсөн. Гэрийнхээ хаалганы дотор талд зогсож байсан. Наад эмэгтэй чинь хаалга үүд нүдээд амраахгүй байна” мэдүүлэг /хх-18/

Гэрч Ч.Сайнзаяагийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Би тэр өдөр оройн 22 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд хувцасаа солихоор жижиг өрөөнд байж байхад орцонд Манлайбаярын хаалгыг хүн нүдээд орилж хашгираад байсан. Тэгээд манай эхнэр Болортуяа гараад явсан. Тэгээд араас нь би гарч очиход Болороо, Манлайбаяр, Энэрэл цаад талд нь Хишгээ эгч зогсож байсан. Бас Манлайгийн ээж нь хаалган дээрээ  зогсож байсан. Тэгээд би эхнэрээ ор гээд оруулсан. Манлайбаяр доошоо Энэрэлийн хамт буусан. Доор Төгөлдөр нэг давхрын шатан дээр зогсож байсан. 3-4 минутын дараа Манлай буцаж орж ирээд хөмсгөө Энэрэлд чулуугаар цохиулчихлаа гээд хаалган дээр зогсоод байсан. Би за за гээд хаалгаа хаасан. Өглөө 06:00 цагт унтаж байхад Манлайбаярын хаалгыг Энэрэл балбаад хашгичаад зогсож байсан. Тэгээд удаагүй 2-3 минут болоод доошоо буугаад чимээгүй болсон. Эхлээд хоёр давхраас Манлайбаяр Энэрэл хоёр буугаад Төгөлдөр дээшээ өгсөж байгаад тэр гурав хамтдаа нэг давхар луу буусан. Удалгүй Манлайбаяр цохиулчихлаа гээд орж ирсэн. Намайг гарч ирснээс хойш цохиж бариагүй. Би хараагүй, гэртээ байсан. Манлайбаяр архи уугаагүй байсан. Энэрэл нилээн согтуу байсан. Харин Төгөлдөр халамцуу байсан. Энэрэл ер нь архи уухаараа байнгын хашгичиж явдаг. Энэрэлийн эзгүйд манай байр нам гүм байдаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 08-ны өдрийн “ 1 Ц.Манлайбаярын биед зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи болон дотор буланд цус хуралт ... гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Учирсан гэмтлүүдийн зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн” гэсэн 226 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 26/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 08-ны өдрийн “ 1. Д.Энэрэлийн биед зүүн талын шанаа, хоёр нүдний эргэн тойрон цус хуралт баруун гарын эрхий хурууны булчин хөхөрсөн, зүүн бугалганы дээд, дунд хэсэг, зүүн шууны гадна доод хэсэг хоёр хөлийн өвдөгний дотор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Учирсан гэмтлүүд нь нийлээд “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6.1-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Шүүх эмнэлэгийн гэмтлийн журам тогтоох журамын” 2.4.1-д зааснаар  хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 237 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 28/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

шүүгдэгч А.Төгөлдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 сарын 08-ны өдрийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах Шалган нэвтрүүлэх боомтын 14 айлын байрны гадна хохирогч Д.Энэрэлийг зодож улмаар Д.Энэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

шүүгдэгч Д.Энэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05  сарын 08-ны 22 цагийн орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах Шалган нэвтрүүлэх боомтын 14 айлын байрны гадна хохирогч Ц.Манлайбаяртай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар маргалдан түүний толгойн тус газарт чулуугаар цохиж, бие махбодид зүүн хөмсөгний дээд талд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхи болон дотор буланд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгч А.Төгөлдөр, Д.Энэрэл нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул тэднийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Манлайбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Л.Хишигсүрэн, Ч.Сайнзаяа нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 сарын 08-ны өдрийн 226 тоот дүгнэлт, 237 тоот дүгнэлт зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч А.Төгөлдөр, Д.Энэрэл нар нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн болох нь хх-ийн 45, 47 дугаар хуудсанд авагдсан урьд нь ял шийтгэлгүйг тэмдэглэсэн Цагдаагийн ерөнхий газрын  лавлагаагаар тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Төгөлдөрийн үйлдлийн улмаас шүүгдэгч Д.Энэрэлийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тэрээр энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч А.Төгөлдөртэй сайн дураар эвлэрсэн болохоо шүүхийн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн болно.

Иймд хохирогч Д.Энэрэл нь шүүгдэгч А.Төгөлдөртай сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч А.Төгөлдөр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч А.Төгөлдөрт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.Энэрэл хэдийгээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон боловч  хохирогч Ц.Манлайбаяртай сайн дураар эвлэрээгүй, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуульд заасан нөхцөл хангагдаагүй байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, үйлдсэн  хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Энэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Хохирогч Ц.Манлайбаяр нь эмчилгээний зардал нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх ба тэрээр энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Олхонууд овогт Андрейн Төгөлдөр, Боржигон овогт Даваасүрэнгийн Энэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Андрейн Төгөлдөрт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Даваасүрэнгийн Энэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

4. А.Төгөлдөр, шүүгдэгч Д.Энэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ц.Манлайбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Д.Энэрэл нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан  шүүх торгох ялыг  3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба А.Төгөлдөрт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Энэрэлд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, тэдгээрийнэс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД