| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2021/0004/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/14 |
| Огноо | 2020-12-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/14
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,
улсын яллагч А.Ганзориг ,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
... овогт Батбаатарын Б.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............... дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
... овогт Б.О нь Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ...... хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2-8 насны гурван хүүхдийн хамт амьдардаг гэх, иргэний бүртгэлээр ..... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 46-516 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон (РД:...............).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй зочид буудлын 3 давхрын 303 тоот өрөөнд иргэн П.М ын эзэмшлийн “Samsung Note 8” маркийн гар утас, гар утасны гэр, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар хулгайлсан “Samsung Note 8” маркийн гар утасны интернет банкийг ашиглан өөрийн ... тоот данс руу 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 5.020.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...П.М тай 2020 оны 8 дугаар сард танилцаад хэд хэдэн удаа уулзсан. 2020 оны 9 дүгээр сарын 10-нд П.М над руу яриад “ажил дээр найзуудтайгаа байна, хүрээд ир” гэхээр нь би такси бариад очсон. Бид караоке ороод орой нь П.М ын машинд хоносон. Маргааш өглөө нь П.М ын найз нь бид хоёрыг Таван шар руу хүргэж өгсөн. Буудалд байхад П.М надад тооцоо хий гээд утсаа өгөөд, өөрөө нууц үгээ буруу хийгээд байна гээд нууц үгээ хэлж өгсөн. Би тооцоо хийсэн. Гар утас болон банкны карт, жолооны үнэмлэх, ажлын үнэмлэх байсан. Интернэт банк ашиглан данснаас нь дөрвөн удаа 1.000.000 төгрөг, нэг удаа 500.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус шилжүүлж авсан. Нийтдээ 4.700.000 төгрөг авсан. П.М ын бичиг баримт надад байсан учраас буцааж өгсөн. 1.700.000 төгрөгийг байрны түрээс төлөөд, өөртөө хувцас авсан. 1.700.000 төгрөгийг төлөөгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг гаргасан.
Хоёр. Эрүүгийн ...... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:
1. Хохирогч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:
“...2020 оны 9 дүгээр сарын 10-ны орой 22 цагийн үед би Б.О руу залгаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн том тэрэгний зуурмагны үйлдвэр дээр дуудахад удалгүй ирсэн. Бид хоёр найз болох Г , Э нарын хамт машинд нэг шил архи уугаад би согтсон байсан. Тэгээд нэг газарт орж дуулж байгаад буцаад машин дээрээ ирсэн. Б.О бид хоёр миний машинд бэлгийн харьцаанд орсон. Маргааш өглөө нь 10 цагийн үед Б.О бид хоёр ажлын гадаа сууж байтал найз А ирээд бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” гэдэг зочид буудлын 3 давхарт нэг өрөөнд оруулсан. Миний гар утас цэнэггүй, бэлэн мөнгөгүй байсан учир А буудлын төлбөрийг хийсэн. ...Орой 20 цагийн үед А над дээр миний гар утсыг цэнэглээд ирсэн. Архи чинь гарсан бол ажилдаа явъя гэхээр нь би тухайн үед согтуу байна, ажилд явах боломжгүй гэж хэлээд өөрийн гар утсыг авч үлдсэн. Би захиалгын хоол өрөөндөө захиалаад хоолны тооцоо хийх үед Б.О миний хажууд миний нууц үгийг хараад сууж байсан. Тэгээд шөнө 00 цагийн үед Б.О бид хоёр нэг орон дээр унтсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед сэрээд хартал Б.О явчихсан, миний гар утас алга болсон байсан. Би Хаан банкны лавлах руу залгаж үлдэгдлээ шалгахад миний дансанд 7.000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Хаан банкны ...дансаа шалгахад 2020 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цаг 06 минутад ... гэсэн данс руу 1.000.000 төгрөг, 03 цаг 08 минутад 2.000.000, 1.000.000, 500.000 төгрөг, 04 цаг 09 минутад 200.000 төгрөгийн зарлага мобайл банк ашиглаж гарсан байсан ба, нийт 4.700.000 төгрөг шилжүүлж авсан байсан. Би алдсан гэх “Самсунг Нөүт 8” загварын гар утсыг 2020 оны 3 дугаар сард худалдан авсан. Тухайн гар утсыг одоо 450.000 төгрөгөөр үнэлж байна. Сим карт сэргээхэд үнэгүй сэргээгдсэн. Уг утасны хавтсан гэрэнд жолооны үнэмлэх, “Хас” банкны карт байсан. Жолооны үнэмлэхийг 50.000 төгрөгөөр, “Хас” банкны картыг 3.000 төгрөгөөр, утасны гэрийг 10.000 төгрөгөөр үнэлж байна. Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.О ийн амьдарч байгаа гэх нийтийн байраас очиж өөрийн “Самсунг нөүт 8” загварын гар утас, гар утасны гэр, “Хас” банкны карт, жолооны үнэмлэхээ авсан. Одоо Б.О аас 4.700.000 төгрөгийн хохирлоо барагдуулаад авчихвал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
-хохирогчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дахин өгсөн:
“...Би Б.О аас 4.700.000 төгрөг авах ёстой байснаас 3.000.000 төгрөг авсан, 1.700.000 төгрөгийг авах дутуу байна. Би “...” зочид буудалд Б.О тай хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Түүнээс өмнө нэг удаа бэлгийн харьцаанд орж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),
2. Гэрч И.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:
“...Би 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед “...” зочид буудалд очиход М нилээн согтсон байсан. Өглөө хамт явж байсан эмэгтэй нь эрүүл шахуу буудлын орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би М т гар утсыг нь өгөөд, “чи согтсон байна, би чамайг өглөө эрт очиж авъя” гэж хэлээд тухайн буудлаас гарсан. Би зочид буудлын өрөөний тооцоо 80.000 төгрөг, архи, дарс, ууж идсэн зүйлийнх нь 150.000 төгрөгийн тооцоог хийсэн. М над руу шөнө 04 цагийн орчим “...” зочид буудлын утсаар залгаад “найз нь мөнгөө алдчихлаа” гэж хэлсэн. Тэгээд манай ажил дээр М ирээд хамт хоносон хүүхэн миний гар утсыг аваад Хаан банкны интернэт банкаар миний дансанд байсан 4.700.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
3. Гэрч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“...Би 2020 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим М , Э нартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4-ийн урд талд байрлах том тэрэгний зогсоол дээр уулзаж нэг шил архи уусан. Тэгтэл М нэг эмэгтэйг утсаар дуудсан. Удалгүй 30 гаруй насны эмэгтэй ирсэн. Бид дөрөв тэндээс такси бариад Хорооллын эцэс орж, караокед дуулсан, караокеноос 2020 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед гарсан. Такси бариад би Саппорогийн автобусны буудал дээр буусан. Харин Э , М , М ын найз гэх эмэгтэй гурав ТЭЦ-4-ийн урд талд байгаа машин дээрээ очно гээд явсан. Тухайн эмэгтэй нь 30 орчим насны, урт хар үстэй, цагаан цамцтай, саарал өмдтэй эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
4. Гэрч А.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өгсөн:
“...2020 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим би М , А.Г нартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТЭЦ-4-ийн урд талд байрлах том тэрэгний зогсоол дээр уулзаж 0.75 литрийн архи хувааж уугаад дуусч байтал М ын найз гэх 30 орчим насны нэг эмэгтэй ирсэн. Бид дөрөв тэндээс такси бариад Хорооллын эцэс орж караоке орж дуулсан. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн үед караокеноос гарсан. Бид дөрөв такси бариад Саппорогийн автобусны буудал дээр Г ийг буулгасан. Харин бид гурав ажил дээр ирээд, би өөрийн том машинд орж амарсан. М нөгөө эмэгтэйтэй хамт машиндаа амарсан. Тухайн эмэгтэй нь 30 орчим насны, шар гуталтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
5. Шүүгдэгч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн:
“...2020 оны 8 дугаар сард такси барьж явахдаа М гэх залуутай танилцаж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр М фэйсбүүк чатаар “ууж байна, хүрээд ирээч” гэхээр нь М ын ажил болох Сонсголон дээр очсон. М ажлынхаа хоёр залуутай байсан. Бид пиво ууж байгаад Хороолол руу караоке орж архи уусан. М ыг нилээн согтохоор нь бид хоёр М ын ажил дээр очиж том тэргэнд хоносон. Маргааш өглөө нь М бид хоёрын архи гараагүй байхаар нь М ын найз нь биднийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “...” нэртэй зочид буудлын 3 давхрын 303 тоотод оруулж өгсөн. М бид хоёр пиво ууж байгаад бэлгийн харьцаанд орсны дараа М унтсан. Тэгэхээр нь би хажуудаа тавьсан байсан М ын утсыг авсан. Буудал дотор пиво авахад би интернэт банкных нь нууц үгийг мэдсэн. Утасны хавтас дотор жолооны үнэмлэх, Хас банкны карт байсан. Би М т мэдэгдэлгүй буудлаас гараад гар утасных нь интернэт банкаар орж өөрийн ... дугаарын данс руу 4 удаа 1.000.000 төгрөгөөр, нэг удаа 500.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр, нийт 4.700.000 төгрөг шилжүүлсэн. Би 1.700.000 төгрөгийг өөрийн түрээслэж байсан байрны мөнгөндөө болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Гар утас нь надад байсан, цагдаа ирж уулзаад гар утсыг буцаан авсан. Би М т 3.000.000 төгрөгийг өгнө. Үлдсэн мөнгийг ажил хийж байгаад өгөх болно. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
6. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2713 дугаартай “Жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, Хас банкны картыг 3.000 төгрөгөөр, гар утасны хавтсан гэрийг 5.000 төгрөгөөр, “Самсунг Нөүт 8” загварын гар утсыг 300.000 төгрөгөөр, нийт үнийг 320.500 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
7. Хохирогч П.М ын Хаан банкны ... тоот данснаас ... тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нийт 4.700.000 төгрөгийн зарлага гарсан тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
-Шүүгдэгч Б.О ийн Хаан банкны ... тоот данс руу хохирогч П.М ын ... тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нийт 4.700.000 төгрөгийн орлого орсон тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 67-68 дугаар тал),
8. Шүүгдэгч Б.О ийн Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),
9. 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Б.О нь хохирогч П.М т 2.999.800 төгрөг шилжүүлсэн тухай баримт (хавтаст хэргийн 75 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
10. Гэрч Ц.Сүхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн:
“...Би Б.О тай найзлаад 2 жил өнгөрч байна. Б.О өөрийн гэртээ амьдарч байхдаа томоотой, ажилсаг, гэрээсээ гардаггүй байсан. 2020 оны зунаас хойш ганцаараа нийтийн байраар амьдарч байгаа. Гэрийнхэнтэйгээ таарамжгүй харилцаатай юм шиг байна лээ. Хувь хүн талаас даруухан бөгөөд элдэв муухай ааш гаргаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 72 дугаар тал),
11. Шүүгдэгч Б.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59, 77 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 50 дугаар тал), ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 55-57 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хавтаст хэргийн 80 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн П.М ын эзэмшлийн “Samsung Note 8” маркийн гар утас, гар утасны гэр, жолооны үнэмлэх, Хас банкны виза карт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар хулгайлсан “Samsung Note 8” маркийн гар утасны интернет банкийг ашиглан өөрийн ... тоот данс руу 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 5.020.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй зочид буудлын 3 давхрын 303 тоот өрөөнд иргэн П.М ын эзэмшлийн “Samsung Note 8” маркийн гар утас, гар утасны гэр, жолооны үнэмлэх, “Хас” банкны виза карт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар хулгайлсан “Samsung Note 8” маркийн гар утасны интернет банкийг ашиглан өөрийн ... тоот данс руу 4.700.000 төгрөгийг шилжүүлэн авч, бусдад нийт 5.020.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь :
-Хохирогч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.О бид хоёр ажлын гадаа сууж байтал найз А ирээд бид хоёрыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гэдэг зочид буудлын 3 давхарт нэг өрөөнд оруулсан. ...Орой 20 цагийн үед А над дээр миний гар утсыг цэнэглээд ирсэн, ...өөрийн гар утсыг авч үлдсэн. Би захиалгын хоол өрөөндөө захиалаад хоолны тооцоо хийх үед Б.О миний хажууд миний нууц үгийг хараад сууж байсан. ...Маргааш өглөө 10 цагийн үед сэрээд хартал Б.О явчихсан, миний гар утас алга болсон байсан. Би Хаан банкны лавлах руу залгаж үлдэгдлээ шалгахад миний дансанд 7.000 төгрөг үлдсэн байна гэж хэлсэн. Хаан банкны ... гэсэн дансаа шалгахад 2020 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 03 цаг 06 минутад ... гэсэн данс руу 1.000.000 төгрөг, 03 цаг 08 минутад 2.000.000, 1.000.000, 500.000 төгрөг, 04 цаг 09 минутад 200.000 төгрөгийн зарлага мобайл банк ашиглаж гарсан байсан, нийт 4.700.000 төгрөг шилжүүлж авсан байсан. ...утасны хавтсан гэрэнд жолооны үнэмлэх, Хас банкны карт байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал) болон түүний дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),
-Гэрч И.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед “...” зочид буудалд очиход М нилээн согтсон байсан. ...би М т гар утсыг нь цэнэглэчихлээ гэж хэлээд өгсөн. ...М над руу шөнө 04 цагийн орчим “...” зочид буудлын утсаар залгаад “найз нь мөнгөө алдчихлаа” гэж хэлсэн. М ирээд хамт хоносон хүүхэн миний гар утсыг аваад Хаан банкны интернэт банкаар миний дансанд байсан 4.700.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж авсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр тал),
-Гэрч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим М , Э нартай ...том тэрэгний зогсоол дээр ...архи уусан. М нэг эмэгтэйг утсаараа дуудсан, удалгүй 30 гаруй насны эмэгтэй ирсэн. ...Э , М , М ын найз гэх эмэгтэй гурав ТЭЦ-4-ийн урд талд байгаа машин дээрээ очно гээд явсан. Тухайн эмэгтэй нь 30 орчим насны, урт хар үстэй, цагаан цамцтай, саарал өмдтэй эмэгтэй байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар тал),
-Гэрч А.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М , А.Г нартай ...том тэрэгний зогсоол дээр уулзаж 0.75 литрийн архи хувааж уусан. ....М ын найз гэх 30 орчим насны нэг эмэгтэй ирсэн. ...Тухайн эмэгтэй нь 30 орчим насны, шар гуталтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дугаар тал),
-Шүүгдэгч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 8 дугаар сард такси барьж явахдаа М гэх залуутай танилцаж байсан. ...М ын найз нь биднийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “...” нэртэй зочид буудлын 3 давхрын 303 тоотод оруулж өгсөн. ...би хажуудаа тавьсан байсан М ын утсыг авсан. Буудал дотор пиво авахад би интернэт банкных нь нууц үгийг мэдсэн. Утасны хавтас дотор жолооны үнэмлэх, Хас банкны карт байсан. Би М т мэдэгдэлгүй буудлаас гараад гар утасных нь интернэт банкаар орж өөрийн ... дугаарын данс руу 4 удаа 1.000.000 төгрөгөөр, нэг удаа 500.000, 200.000 төгрөгөөр, нийт 4.700.000 төгрөг шилжүүлсэн. Би 1.700.000 төгрөгийг өөрийн түрээслэж байсан байрны мөнгөндөө болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...цагдаа ирж уулзаад гар утсыг буцаан авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дугаар тал),
-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 37-38 дугаар тал),
-Хохирогч П.М ын Хаан банкны ... тоот данснаас ... тоот данс руу 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нийт 4.700.000 төгрөгийн зарлага гарсан тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 8-9 дүгээр тал),
- Шүүгдэгч Б.О ийн Хаан банкны ... тоот данс руу хохирогч П.М ын ... тоот данснаас 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нийт 4.700.000 төгрөгийн орлого орсон тухай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 67-68 дугаар тал), шүүгдэгч Б.О ийн Хаан банкны ... тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүгдэгч Б.О нь хохирогчтой дэн буудалд хамт орсон хэдий боловч хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн “Samsung Note 8” загварын гар утас, гар утасны гэр, жолооны үнэмлэх, Хас банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлж авсан байх бөгөөд улмаар хохирогч хоолны тооцооны мөнгө шилжүүлэхээр гар утсаа ашиглаж гүйлгээ хийх үед нь түүний гүйлгээний нууц кодыг Б.О мэдэж авснаа ашиглаж, хохирогчийн гар утасны “Мобайл” цэсийг ашиглан удаа дараагийн үйлдлээр нийт 4.700.000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч хулгайлсан, улмаар өөрийнхөө түрээсийн байрын төлбөрийг төлөх, өөртөө хувцас авах зэргээр хулгайлсан мөнгийг захиран зарцуулжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршигийн талаар заасан ба, уг зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор хуульчилсан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан, тус зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан байна.
Тус хэргийн шүүгдэгч Б.О нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, 5.020.500 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.О ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
“Тэнцвэр Эстимэйт” ХХК нь хохирогч П.М ын жолооны үнэмлэхийг 12.500 төгрөгөөр, Хас банкны картыг 3.000 төгрөгөөр, гар утасны хавтсан гэрийг 5.000 төгрөгөөр, “Самсунг Нөүт 8” загварын гар утсыг 300.000 төгрөгөөр, нийт үнийг 320.500 төгрөгөөр тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.О нь хохирогч П.М т “Самсунг Нөүт 8” загварын гар утас, гар утасны хавтсан гэр, жолооны үнэмлэх, “Хас банк”-ны виза карт зэргийг хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.О нь хохирогчийн Хаан банкны интернэт банкийг ашиглан өөрийн тус банкны данс руу 4.700.000 төгрөгийг шилжүүлж хохирол учруулсан бөгөөд хохирогч П.М т 2.999.800 төгрөг шилжүүлэн өгч төлсөн байна. (хавтаст хэргийн 75 дугаар тал),
Мөн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүгдэгч Б.О нь хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаж, уг үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг төлж барагдуулаагүй тул үлдэх хохирол 1.700.000 төгрөгийг шүүгдэгч Б.О аас гаргуулж хохирогч П.М т олгож шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх “ гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.О аас “хохирлоо төлнө” гэсэн тайлбарыг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа ял шийтгэгдэж, ялыг эдэлж дууссан байна.
Шүүхээс шүүгдэгч Б.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн улсын яллагчийн гаргасан ялын дүгнэлтийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул шүүхээс шүүгдэгч Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг хувийн байдлыг нь харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд асван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь 2-8 насны гурван хүүхдийн хамт амьдардаг, мөн 5 сартай жирэмсэн гэж мэдүүлэх боловч хүүхдийн төрсний гэрчилгээ, жирэмсний хяналтын карт бусад нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхтэй талаар түүнд тайлбарлаж, эрхээ эдлэх боломжит хугацааг олгосон боловч “бага насны хүүхдийн төрсний гэрчилгээг нөхөр аваад явсан учраас гаргаж өгөх боломжгүй, мөн жирэмсэний хяналтад ороогүй, эмнэлэгийн байгууллагад хандаагүй” гэж мэдүүлэх тул түүний бага насны хүүхдийн талаар холбогдох нотлох баримт байхгүй, мөн жирэмсэн эсэх талаар холбогдох баримтыг ирүүлээгүй тул түүнд хорихоос өөр төрлийн ял сонгон хэрэглэх боломжгүй тул хорих ял оногдуулан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Б.О ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О аас 1.700.000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч П.М т олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.О т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.О т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА