| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02426/и |
| Дугаар | 2038 |
| Огноо | 2017-06-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2038
| 2017 оны 06 сарын 12 өдөр | Дугаар 101/ШШ2017/02038 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* хаягт оршин суух ******* овогт ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,,, тоот хаягт оршин суух /Регистрийн дугаар /-д холбогдох,
Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 6,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр аас Honda Civic маркийн улсын дугаартай автомашиныг 6,500,000 төгрөгөөр худалдан авч, Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Аваад явж байхад чекний гэрэл нь асаад байхаар нь асуухад аккумуляторын шон дээр байгаа зэс утастай холбоотой асаад байгаа юм, зэс утсыг нь авахаар зүгээр гэж хэлсэн. Тухайн үед авч байхад өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл мэдэгдэхгүй байсан боловч 2-3 хоногийн дараанаас мотор кропноос тос гоожоод байхаар нь Анд засварын газар 80,000 төгрөгийн засварын ажил хийлгэсэн боловч автомашины эвдрэл гэмтэл их байна, дахиад засвар хийлгэх хэрэгтэй гэж засварчин хэлсэн. Аваарын дэр нь байхгүй байсан. Тэгээд би машинаа зарсан худалдагч тал болох д хэлж, аваад 7 хоноогүй байж эвдрэл гэмтэл их байна, машинаа засаж өг, эсвэл наймаагаа буцаая гэхэд маргааш маргааш гэсээр өнөөдрийг хүрч, сүүлдээ утсаа авахгүй зугтаагаад арга буюу шүүхэд хандаж байна. Иймд аас худалдах, худалдах авах гэрээний үндсэн мөнгө 6,500,000 төгрөг, Анд засварын газар засвар хийлгэсэн 80,000 төгрөг, нийт 6,580,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэн миний бие унаж байсан улсын дугаартай Honda Civic маркийн машинаа зарах шийдвэр гаргаж 2017 оны 04 сарын 17-ны өдөр интернетэд зар байршуулсан. Тухайн үед машины татвар нэмэгдэхтэй холбоотой бүх машины үнэ нэмэгдэж байсан. Миний анхны үнэлгээ 7,3 сая төгрөг байсан. Зарын дагуу олон хүн машиныг үзэж сонирхсон. Тэдний нэг болох иргэн машин мэдэх ойрын хүн гэх хоёр хүн дагуулж ирээд машиныг цаг гаран хугацаанд үзсэн. Засаж залруулах зүйлс байгаа юм байна гэж надад хэлсэн. Улмаар надад машиныг би авъя, хийх юм байгаа болохоор түүнд зарцуулагдах үнийг хасаж шууд 6,5 сая төгрөгт өгчих гэж үнэлгээг нь өөрсдөө хэлсэн. Үнэхээр авах гэж байгаа бол учир байдлыг нь сайн мэдсэн бол та авч болно гэж би худалдан авагч талын саналыг зөвшөөрсөн. Зөвшөөрсний дараа би худалдан авах гэж буй гурван хүнд одоо та нар өөрсдийн сайн гэж бодож байгаа оношилгооны газар очиж үзүүлж харуулж ав гэж хэлсэн. Гэвч тэд бид өөрсдөө үзчихлээ, мэдэж байна, оношилгоо руу явах шаардлагагүй, шууд нотариатаар шилжүүлээд авъя гэж хэлсэн. Чинзориг гэж залуу унаж үзээд кропонд ямар нэгэн асуудал байна гээд, энэ хамаагүй, бид нар өөрөө засаад авъя гэж хэлж байсан. Тиймээс худалдан авагч бид хоёр нотариат руу явж, нөгөө хоёр банк руу мөнгө авахаар явсан. Нотариат дээр очиход нотариатч эхлээд та хоёр машины үнийг тохирсон уу, ямар нэг тооцоо үлдсэн үү, үзлэг оношилгооны асуудлаа шийдсэн үү гэх зэрэг асуултуудыг асуусан. Бид тохирсон, тооцоо байхгүй, үзэж дууссан гэж хоёр тал ам нэгтэй хариулж, худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан. Хэд хоногийн дараа худалдан авагч иргэн машиныг авахаа больсон, өөрөө буцааж ав, машин болохгүй байна, энэ нь тэр нь эвдрэлтэй байна. Мөнгийг нь буцаагаад өгчих, өөр хүнд зарчих, засуулж өг гэх олон шаардлагуудыг тавьсан. Би эвдрэл гэмтэлтэй байж болно, танд би цоо шинэ машин зараагүй, худалдаж ав гэж шахаж шаардаагүй, та бүхэн өөрсдөө үзэж харж авсан, зохих хийх зүйлсийн үнийг нь хасаж үнийг нь өөрсдөө тогтоож хүссэн үнийн дагуу авсан, мэргэжлийн газарт үзлэг оношилгоонд оруулах гэсэн миний саналыг тухайн үед хүлээн аваагүй татгалзсан ба тэрийг нотариатчийн өмнө бас илэрхийлж гарын үсэг зурсан, одоо дахин машин аваад, дахин зар байршуулж байдаг тийм их зав чөлөө байхгүй байна гэдгийг уулзаж болон утсаар мөн тодорхой хэлсэн. Гэвч өдөр шөнөгүй янз бүрийн дугаараас залгаж байсан учир утасны дуудлага авахаа больсон. Нэхэмжлэгч талын шаардлагыг миний бие хүлээж авахгүй шалтгаанууд 1. Худалдан авагч тал машиныг авах үед машин мэддэг хүнээ дагуулж ирээд өөрсдөө үзэж танилцаж авсан. Үнийг тэд өөрсдөө хэлж тохирч авсан. Худалдагч миний бие тэдний санал болгосон үнийн дагуу өгсөн. 2. Тухайн үед машиныг оношилгоонд оруулах миний саналыг хүлээж аваагүй татгалзсан. 3. Худалдан авснаас хойш машинд ямар нэгэн эвдрэл учирсан байж болзошгүй юм уу, санаатай хийгдсэн өөрчлөлт байгаа эсэхийг би мэргэжлийн хүн биш учраас таньж мэдэхгүй. 4. Улмаар нэхэмжлэлд тусгасан засвар хийлгэсэн болон улсын тэмдэгтийн хураамж зэрэг үндсэн үнээс гадуурх мөнгийг би өгүүлж төлүүлээгүй. Тэд өөрсдөө сайн дураараа очиж хийлгэсэн байна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх нь зохих хууль журамд заагдсан иргэний үүрэг бөгөөд түүнийг худалдан авагч тал гэрээнд илэрхийлж гарын үсэг зурсан. 5. Зарагдсаны дараа ч машиныг очоод авчихъя гэж олон хүн утастсан учир интернетэд байгаа зарыг устгасан. Энэ нь зах зээлийн өндөр үнэ хүрэх боломжтой үед өөр хүнд зарах боломжуудыг алдсан байгааг харуулна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь хуучин автомашин зарж байгаа тул оношилгоонд оруулах санал тавихад худалдан авагч тал шаардлагагүй гээд, засвар хийхэд зарцуулагдах үнийг хасаад 7,300,000 төгрөгөөс буулгаж 6,500,000 төгрөгөөр автомашиныг худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, худалдагч тал болох нь Honda Civic маркийн, улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг худалдан авагч тал болох гийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь 6,500,000 төгрөгийг худалдагчид бэлнээр төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй. /хх-5/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуульд нийцсэн, талууд гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. Зохигчид гэрээ байгуулсан болон төлбөр төлсөн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нь худалдаж авсан автомашины гэмтэлтэй холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч аас автомашин худалдан авсан 6,500,000 төгрөг, засвар хийлгэсэн 80,000 төгрөг, нийт 6,580,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэгч нь тай байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 6,580,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа тодруулсан болно.
Худалдан авагч нь автомашины эвдрэлийн талаар худалдагчид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, автомашиныг буцаах талаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус мэдэгдсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. Харин худалдагч нь цоо шинэ автомашин зараагүй, тодорхой эвдрэл гэмтэлтэй байсныг худалдан авагч тал мэдэж авсан, оношилгоонд оруулах саналыг гаргасан боловч өөрсдөө шаардлагагүй гээд автомашиныг авч явсан тул автомашины эвдрэл гэмтэлтэй холбоотойгоор гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, төлбөрийг буцаан төлөх үндэслэлгүй гэж маргаж мэтгэлцжээ.
Зохигчид гэрээндээ баталгаат хугацаа тогтоогоогүй тул худалдан авагч автомашиныг өөрийн эзэмшилд 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлэн авснаас хойш 1 хоногийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр худалдагчид автомашины доголдлын талаар мэдэгдсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заасан хугацааны дотор автомашины биет байдлын доголдлын талаар худалдагчид мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар худалдаж авсан автомашины доголдлын талаар хариуцагч аас шаардах эрхтэй.
Honda Civic маркийн, улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг ердийн байдлаар ашиглах боломжгүй байгаа байдал, эвдрэл гэмтэл нь уг автомашиныг хүлээлцэхэд мэдэгдэх боломжтой байсан эсэхийг зохигчдын хэн аль нь шууд нотлоогүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “… худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх …” үүрэгтэй бөгөөд хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу автомашиныг нэхэмжлэгч д худалдсан гэж үзэх боломжгүй, автомашиныг хүлээлцэх үед оношилгоонд оруулаагүй шилжүүлсэн нь хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч нь автомашиныг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эзэмшилдээ авч, 1 өдрийн дараа буюу 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчид уг автомашины эвдрэлийн талаар мэдэгдэж, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр автомашины эвдрэл гэмтлийн улмаас гэрээнээс татгалзаж, автомашиныг буцааж, төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан зэргээс үзэхэд худалдсан автомашины эвдрэл, гэмтэл нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулах үед доголдолтой байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг буцааж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч аас автомашиныг худалдан авахад төлсөн төлбөр болон доголдлыг арилгахад гаргасан зардлаа нэхэмжлэх эрхтэй.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу автомашины төлбөрт 6,500,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй.
Нэхэмжлэгч нь худалдаж авсан автомашинд засвар үйлчилгээ хийлгэхэд гарсан зардал 80,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, Анд засварын газрын 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 80,000 төгрөгийн зарлагын баримтыг ирүүлсэн боловч уг зардал нь Honda Civic маркийн, улсын дугаартай, арлын дугаартай автомашинд хийсэн засвар үйлчилгээтэй холбогдон гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсаныг баталж, хариуцагч аас автомашины үнэ 6,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас автомашины засварын зардал 80,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...худалдан авснаас хойш машинд ямар нэгэн эвдрэл учирсан байж болзошгүй юм уу, санаатай хийгдсэн өөрчлөлт байгаа эсэхийг би мэргэжлийн хүн биш учраас таньж мэдэхгүй ...Зарагдсаны дараа ч машиныг очоод авчихъя гэж олон хүн утастсан учир интернетэд байгаа зарыг устгасан. Энэ нь зах зээлийн өндөр үнэ хүрэх боломжтой үед өөр хүнд зарах боломжуудыг алдсан...” гэх тайлбарыг гаргасан боловч өөрт учирсан хохирол нэхэмжлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ээс татгалзсаныг баталж, хариуцагч аас автомашины үнэ 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас автомашины засварын зардал 80,000 /наян мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь хэсэгт зааснаар Honda Civic маркийн, улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг хариуцагч д буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР