| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0175/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/586 |
| Огноо | 2021-08-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/586
2021 08 24 2021/ШЦТ/586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
улсын яллагч: И.Мөнхцэцэг /томилолтоор/,
хохирогч: Б.Наранзаяа, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг,
хохирогч А.Болортуяагийн өмгөөлөгч Н.Намжилцэрэн,
хохирогч: М.Алтанчимэг, Л.Гонгор,
шүүгдэгч: Ц.Д, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй, Ц.Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ц.Д нь “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Болортуяагаас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 8.500.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10.500.000 төгрөгийг,
-2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд “Солонгос Улсын мульти виз” гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн М.Алтанчимэгээс 9.000.000 төгрөгийг,
-иргэн Б.Наранзаяад “Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт зээлийн гэрээ байгуулж, Б.Наранзаяагаас дансаар 15.000.000 төгрөгийг,
-“Солонгос Улсын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй, тус улс руу зорчих виз гаргаж өгнө” гэж иргэн Д.Пүрэвжаргалыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “ХААН” банкны дансаар 15.000.000 төгрөгийг,
-“Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Л.Гонгороос 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас банк”-ны 6 дугаар тооцооны төвөөс 15.000.000 төгрөг, мөн Л.Гонгорын охин Уламнэмэхэд “Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хэлж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 3.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч иргэн Л.Гонгорт нийт 18.500.000 төгрөгийг,
-“Бүгд Найрамдах Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Өнөрбаяраас 2019 оны 09 дүгээр сарын 19-нээс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 13.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 89.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Наранзаяа мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15.000.000 төгрөгийг Ц.Дий данс руу шилжүүлсэн. Надад “7-14 хоногийн дотор Солонгос Улсын мульти виз гаргаж өгнө” гэж хэлж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгийг “Өнөрбаярын мульти визний мөнгө” гэж шилжүүлсэн. Нийт миний хувьд Ц.Дд 30.000.000 төгрөг шилжүүлсэн. 30.000.000 төгрөгөө 4 хувааж шилжүүлсэн байдаг. Миний мульти визийг гаргаж өгнө гэж хэлээд 1 жил гаруй болсон. Ц.Дий хувьд надад 3 сарын виз гаргаж өгсөн. Би тэр үед Ц.Дд “чи надад мульти виз гаргаж өгнө гэж хэлсэн би наад 3 сарын визийг чинь авахгүй” гэж хэлсэн. Би Ц.Дд өгсөн мөнгийг хүнээс зээлж авч өгсөн гэж хэлэхэд Ц.Д “ямар нэгэн юманд золиос байх хэрэгтэй” гэж хэлсэн. Би 3 сарын виз аваад явахынхаа өмнө нотариатаар ороод ээмэг, бөгжөө ломбардад тавиад тийзний мөнгө хийгээд явсан. Би Солонгос Улс руу 42 хоног явж ирээд Ц.Дтэй холбогдох гэхэд надтай холбоо барьдаггүй байсан. 2020 оны 12 дугаар сард Ц.Д “таны виз гарах боломжгүй, таны паспорт дээр хар тамга дарсан” гэж хэлсэн. Би тэр үед мөнгөө авъя гээд Ц.Дий ардаас зөндөө явдаг байсан. Ц.Д намайг доромжилж байгаа юм шиг “цагдаадаа өг, шүүх дээр очоод чи юу долоохыг чинь харъя” гэдэг байсан. Өнөрбаяр бид хоёр Жамьянмядаг гэх хүнээс дансаар 30.000.000 төгрөг зээлж аваад Ц.Дд виз гаргуулахаар 30.000.000 төгрөгөө өгсөн. Миний өгсөн мөнгөнөөс Ц.Д нь Өнөрбаярын 15.000.000 төгрөгийг буцааж явуулсан. Анх 30.000.000 төгрөг Жамъянмядагийн данснаас над руу орж ирж байсан тул Өнөрбаярын мөнгийг би Жамъянмядагийн данс руу буцааж хийсэн. Би Ц.Дөөс авах ёстой 15.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 14.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Алтанчимэг мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын эхээр Ц.Дтэй анх холбогдож байсан. Би “Солонгос Улс руу 3 сар гараад харлах сонирхол алга, мульти визний үнэ ханш хэд байгаа вэ” гэхэд Ц.Д “мульти виз 15.000.000 төгрөг” гэж хэлж байсан. Би тэр үед мөнгөний боломжгүй байсан тул эргээд холбогдъё” гэхэд Ц.Д “танд хэдэн төгрөг байгаа вэ” гэхээр нь “10.000.000 төгрөг байна” гэж хэлсэн. Тэгтэл Ц.Д “би танд нэг удаа тусалъя” гэж хэлж байсан. 2019 оны 12 дугаар сарын эхээр Ц.Дийг ажил дээрээ дуудаж байгаад 4.000.000 төгрөг өгсөн. Миний хувьд Ц.Дд нийт 9.000.000 төгрөг өгсөн. Ц.Д одоогийн байдлаар 400.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 8.600.000 төгрөг нэхэмжилж байна. Ц.Дий хувьд Солонгос Улсын виз гаргаж өгнө гэж худал хэлж хүмүүсийг залилаад сурсан юм шиг санагдсан“ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Гонгор мэдүүлэхдээ: “...Миний хувьд эрүүл мэндийн асуудалтай байсан учир Солонгос Улс руу виз мэдүүлэх үед гараагүй. Би Амарбаясгалангаар дамжаад Даваасүрэн гэх хүнтэй холбогдож байсан. Амарбаясгалан надад “Даваасүрэн нь 15.000.000 төгрөгөөр Солонгос Улсын виз гаргаж өгөөд уг визээр хэдэн жил явж болно” гэж хэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15.000.000 төгрөгөөр Солонгос Улсын мульти виз гаргуулахаар Ц.Дд өгсөн. Дараа нь ээж, ах хоёроо над руу явуулсан. Тэгээд “компанийн бичиг баримт бүрдүүлсэн байгаа, та бичиг баримтаа Солонгос Улсын элчин сайдад өгөөрэй” гэж хэлсэн. Би тэр үед Солонгос Улсын элчин сайдад бичиг баримтаа аваачиж өгөөд удаагүй сар болж байхад тус газраас нь “хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, таны хариу татгалзсан” гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед виз татгалзсан хариуны талаар хэлэхэд Ц.Д “би танд ногоон виз гаргаж өгнө” гэж хэлээд 1 сар байхгүй болсон. Би тэр үед Ц.Дтэй холбогдож “мөнгөө авъя, миний биеийн байдал муу байна” гэж хэлэхэд “таныг явуулж өгч чадаагүй юм чинь таны охиныг 5 хоногийн дотор явуулаад өгье, таны охиныг явуулахдаа Солонгос Улсын элчингээр орохгүйгээр явуулж өгнө” гэж хэлж байсан. Манай охиныг явуулахдаа Ц.Д “8.000.000 төгрөгөөр явуулдаг юм, би таны өмнөх визийг удаасан юм чинь гялс хүрээд ир” гэж хэлээд надаас 3.500.000 төгрөг авсан. Сүүлд нэмж 3.500.000 төгрөг авснаас хойш виз нь гараагүй сүүлдээ Ц.Д утсаа авахаа больсон. Миний хувьд тухайн үед эмнэлэгт хэвтэж гараад өмгөөлөгч авсан. Баянгол дүүргийн цагдаагийн газраас намайг дуудаад мөн гэрчүүдийг дуудаад Солонгос Улсын элчин сайдын газарт өгсөн материалаа байцаагчид үзүүлсэн. Одоо Ц.Дөөс 18.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Болортуяа /1хх-ийн 13-14, 15/, гэрч Б.Батжаргал /1хх-ийн 23/, хохирогч М.Алтанчимэг /1хх-ийн 113-114/ нарын мэдүүлэг, А.Болортуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 50-52/, М.Алтанчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 137-138/, З.Бадамхандын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 139/, хохирогч Б.Наранзаяа /1хх-ийн 188-190/, гэрч Ц.Өнөрбаяр /1хх-ийн 193-195/ нарын мэдүүлэг, Ц.Д болон Б.Наранзаяа нарын зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 185/, Ц.Д, Б.Наранзаяа нарын цахим сүлжээгээр харьцсан гэх баримтууд /1хх-ийн 231-250, 2хх-ийн 1-14/, эрүүгийн хэргийг нэгтгэх прокурорын тогтоол /2хх-ийн 69, 168, 3хх-ийн 10-11, 111/, хохирогч Д.Пүрэвжаргал /2хх-ийн 88-89/, гэрч О.Болормаа /2хх-ийн 95-96/, Д.Пүрэвжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 84/, Ц.Д болон Д.Пүрэвжаргал нарын зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 86/, Б.Мөнхжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 156-159, 3хх-ийн 23-25/, хохирогч Л.Гонгор /2хх-ийн 188-190/, гэрч Б.Даваасүрэн /2хх-ийн 194-195/, гэрч О.Амарбаясгалан /2хх-ийн 196-197/, гэрч Б.Уламнэмэх /2хх-ийн 203-204/ нарын мэдүүлэг, “Монгол Намшин” ХХК-ийн албан бичиг /2хх-ийн 221/, Л.Гонгорын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 223-225, 229/, Ц.Д, Л.Гонгор нарын зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 227-228/, Ц.Дий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 6/, хохирлын тооцоо /3хх-ийн 7, 122/, хохирогч Ц.Өнөрбаяр /3хх-ийн 48-50/, гэрч Б.Мөнхжаргал /3хх-ийн 51-52/, гэрч Т.Жамъянмядаг /3хх-ийн 57-59/ нарын мэдүүлэг, Ц.Өнөрбаярын хохирлыг төлөх тухай тодорхойлолт /3хх-ийн 35/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /3хх-ийн 103-105/, Ц.Дий яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 27-28, 123-124, 200-202, 2хх-ийн 100-102, 207-209, 217-219, 3хх-ийн 88-90, 106-109/, Ц.Дий хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 31, 33, 132-134, 2хх-ийн 129/, Ц.Дий дансны хуулга /1хх-ийн 41-47, 49, 63-85, 141-167, 2хх-ийн 6-48, 57-59, 141, 236-241, 3хх-ийн 65-81/, шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирогч нарт хохирол шилжүүлсэн гэх баримтууд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар мөн хохирогч нарын хохирол барагдуулсан гэх хүсэлтүүд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “БНСУ-руу зорчих виз, мульти виз гаргаж өгнө” гэж
-хохирогч Б.Наранзаяагаас 15.000.000 төгрөг,
-хохирогч А.Болортуяагаас 10.500.000 төгрөг,
-хохирогч Д.Пүрэвжаргалаас 15.000.000 төгрөг,
-хохирогч Л.Гонгороос 18.500.000 төгрөг,
-хохирогч Ц.Өнөрбаяраас 13.000.000 төгрөг,
-хохирогч М.Алтанчимэгээс 9.000.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан мэхэлж авч, нийт 89.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Наранзаяагийн /1хх-ийн 188-190/: “...2018 оны 11 дүгээр сард Солонгос Улсын виз гаргуулахаар сураглаж байгаад Ц.Д гэх эмэгтэйн .... фейсбүүкээр нь чаталж байгаад “одоо виз гаргуулж байгаа юу, би виз гаргуулах гэсэн юм” гэхэд “болно болно, гаргаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би “5 хүний виз гаргуулах гээд өгч байгаа” гэсэн. Ц.Д гэх эмэгтэй “хаана байгаа газар чинь яваад очъё гаргуулах гэж байгаа бол эртхэн гаргуулчих” гэсэн. Би гэрийнхээ хаягийг зааж өгөөд гэрийн гадаа Ц.Д нь ганцаараа хар өнгийн машинтай ирээд учир байдлыг хэлээд “мульти визийг 15.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, үүнд хууль бус үйлдэл байхгүй” гэхээр нь мульти виз гаргуулах болсон. ... надад “та өөрийн цээж зураг болон гадаад паспорт, гэрлэлт болон 3 хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа зэргийг өгчих тэгээд 15.000.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Зоос гоёлын орчимд орчуулгын товчоо ороод материалаа болон мөнгийг Ц.Дий данс руу хийж зээлийн гэрээг хажууханд нь байх нотариат руу орж 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээг хийсэн. 2020 оны дундуур виз гарсан. Виз гарахдаа 93 хоногийн аяллын виз гарсан. Ц.Д надад “Элчин солигдсон, хяналт шалгалт их болохоор 90 хоногийн виз гарчихлаа, энэ визээрээ нэг яваад ир, мульти визтэй болохын тулд энэ зэргийн золиос байна ш дээ” гэж хэлсэн. ...би өөрийнхөө гадаад паспортыг авахад 14 хоног болсон байсан. Би Солонгос Улс руу 90 хоногийн визээр очиж найзындаа 42 хоног байж байгаад ирээд дахин Ц.Дтэй уулзаж материалаа бүрдүүлээд өгөхөд “5 хоногийн хугацаанд гарна гэхдээ запастай нь дээр 14 хоног” гэж хэлсэн. ...Тэрнээс хойш чимээгүй байж байгаад Солонгос Улсын виз гарсан эсэхийг шалгадаг апплейкшнээр орж харахад 06 гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байсан. 06 гэсэн тэмдэглэгээ нь ойрын 5 жилдээ Солонгос Улсын Элчин дээр виз мэдүүлэх гаргуулах боломжгүй гэсэн. Хохирол төлж барагдуулаагүй...” гэх мэдүүлгээр,
Ц.Д, Б.Наранзаяа нарын зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 185/,
хохирогч А.Болортуяагийн /1хх-ийн 13-14/: “...Ц.Д нь надад 2-3 хоногийн дотор “Солонгос Улсын виз гаргаж өгнө, Солонгос элчинд таньдаг хүн байгаа” гэж хэлж байсан. Тэгээд материал бүрдүүлэхэд 1.000.000 төгрөг гэхэд нь Ц.Дий дансанд шилжүүлсэн. Мөн өөрийнхөө гадаад паспорт, 4 хувь цээж зурагтай өгсөн. Тэгтэл “...нөгөө хүн чинь мөнгөө бүтнээр нь авна гээд байна, мөнгөө миний данс руу шилжүүл” гээд байхаар нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ард кино театрын орчим явж байхдаа гар утаснаасаа 7.500.000 төгрөгийг Ц.Дий 5027781963 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд 10 гаруй хоногийн дараа дахин мөнгө шилжүүл гэхээр нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Багшийн дээдийн орчим явж байхдаа гар утаснаасаа Ц.Дий 5027781963 данс руу 10.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө өгснөөс хойш 2-3 хоногийн дараа виз гарна гэж хэлж байсан. Визний материалаа 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанхуаранд аваачиж өгчихөөд цагаан хуудсаа Ц.Дд өгсөн. ...2020 оны 01 дүгээр сарын эхээр визээ интернэтээр шалгахад татгалзсан хариу ирсэн. Энэ талаар Ц.Дд хэлэхэд “харин тиймээ дотор байсан хүн асуудалтай болчхоод баригдчихлаа” гэж ярьсан. ...Ц.Дд өгсөн 19.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батжаргалын /1хх-ийн 23/: “...2015 оны үед хүнээс Ц.Дийг Солонгос Улсын виз гаргадаг гэхээр нь дугаарыг нь авч холбогдож эхнэр Даваагийн хамт Солонгос Улсын аяллын виз гаргуулж байсан. ...2018 оны үед Болортуяагийн нөхөр Чинбаярт “надад виз гаргаж өгсөн хүн байгаа” гэж хэлэхэд Болортуяа холбогдож би Ц.Дтэй холбож өгсөн. ...миний бодлоор хувиараа визний материал бүрдүүлдэг гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,
А.Болортуяагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 50-52/,
Ц.Дий яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 27-28/: “...хохирогч гэх эмэгтэй өөрөө өмнө хуурамч бичиг баримтаар хэд хэдэн удаа Бүгд Найрамдах Солонгос Улсын элчингийн визэнд орсон байсан. Тэгээд надад түүнийгээ хэлээгүй. Би түүнд заавал гаргана гэж амлаагүй. Бүгд Найрамдах Солонгос Улсын элчин сайдын яаманд албан ёсоор бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Түүнээс би хуурч мэхлээгүй...” гэх мэдүүлгээр,
хохирогч Д.Пүрэвжаргалын /2хх-ийн 88-89/: “... манай нөхөр Төрмөнх нь Бүгд Найрамдах Солонгос Улсад сурдаг байсан. Үүнийх нь дагуу миний бие нөхрийнхөө визэн дээр Бүгд Найрамдах Солонгос Улсад 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж амьдарч байсан. Би 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ц.Дтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын урд биечлэн уулзаж интернэт банк ашиглан 15.000.000 төгрөгийг Ц.Дий 5027781963 дугаарын данс руу шилжүүлсэн. Ц.Д нь тухайн үед “7-10 хоногийн дараа виз найдвартай гарна” гэж ярьж байсан боловч материал бүрдүүлж өгөлгүй 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүргэсэн. Тэгээд би Ц.Дий надад бэлдэж өгсөн материалыг аваад Баянгол дүүрэг Хорооллын Номин худалдааны төвийн чанх ард байх виз мэдүүлгийн газар аваачиж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гар утсанд мессеж ирээд “материалаа ирж авна уу” гэснийх дагуу очоод автал миний визийг зорилго нь тодорхойгүй шалтгаанаар татгалзсан байсан. ...Ц.Дд энэ тухайгаа хэлэхэд гайхаад “ийм байх учиргүй, би хүнтэйгээ яриад эргээд холбогдъё” гэж хэлсэн. Над руу ярихгүй болохоор нь залгатал “мөнгийг чинь өнөөдөртөө эргүүлж өгнө” гэж хэлээд алга болсон. ...Би Ц.Дд виз гарсны дараа мөнгийг өгнө гэсэн боловч бид олуулаа ажилладаг, шат шатандаа мөнгөө авч байж ажлаа хийдэг, тэгээд ч найдвартай учир санаа зоволтгүй гэж хэлсэн болохоор нь итгэсэн...” гэх мэдүүлгээр,
Д.Пүрэвжаргалын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 84/,
Ц.Д, Д.Пүрэвжаргал нарын зээлийн гэрээний хуулбараар /2хх-ийн 86/,
хохирогч Л.Гонгорын /2хх-ийн 188-190/: “...Би 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлдэг Даваасүрэн гэх хүнд биеэ Солонгос Улсад эмчлүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд “өөрийн найз Амараагийн визийг хүнээр гаргуулсан” гээд Ц.Д гэх хүнтэй уулзаж түүний хэлсний дагуу Ц.Дд гадаад паспорт, дансны хуулга болон нийт 18.500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Ц.Д “чадна, надад таньдаг хүн байгаа” гээд байхаар нь итгээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөнгөө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Хас банкны тооцооны төвөөр дамжуулж Л.Гонгороос Ц.Дд гэх утгаар “ХААН” банкны 5027781963 дугаарын данс руу шилжүүлж өгсөн. Ингээд би мөнгөө шилжүүлсэн учраас уг барилгад байрлаж байсан нотариатын газар орж 15.000.000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээ Ц.Дтэй байгуулсан. Мөн өөрийн охин Б.Уламнэмэхийн визийг аяллын визний материал бүрдүүлж Ц.Дтэй хамт Улаанхуарангийн виз мэдүүлгийн газар очсон. Тэгээд нэг сарын дараа визний газраас залгаад “та визний хариу ав” гэсэн. Тэгээд би авахаар очиход “та яагаад хуурамч баримт бичиг бүрдүүлж өгдөг юм” гээд паспортыг өгсөн. ...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5027781963 дугаарын данс руу өөрийн дансаар 1.900.000 төгрөг ulamnemeh-c viz tolbor, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.500.000 төгрөгийг 8816265 гэх утгаар шилжүүлсэн. ...охин Уламнэмэхийн визийг гаргуулахаар 3.400.000 төгрөг дансаар өгч хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бамбай хурд виз мэдүүлгийн газрын гадна Ц.Дий машинд сууж байхдаа 100.000 төгрөг өгсөн. ...Надад нийт 18.500.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Уламнэмэхийн /2хх-ийн 203-204/: “...би Ц.Д гэх хүнтэй уулзаж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бамбай Хурд виз мэдүүлгийн газар очиж өгсөн. Уг материалд би өөрийн дансны хуулга, гадаад паспортын хамт өгсөн. Тэгээд материалаа өгчхөөд гарч ирэхэд ээж миний данс руу 1.900.000 төгрөг хийсэн байсан. Тэр мөнгийг Ц.Дий данс руу шилжүүлсэн. ...Манай ээж виз гаргуулахаар нийт 18.500.00 төгрөг шилжүүлэн Ц.Дд өгсөн байсан. Надтай Ц.Д 2019 оны 11 дүгээр сард уулзахдаа өөрийнх нь танилууд Солонгос Улс руу явах гэж байгаа тэр визэнд багтааж өгнө. 2020 оноос өмнө виз чинь гарна гээд надаас гадаад паспорт, дансны хуулга хэрэгтэй гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Даваасүрэнгийн /2хх-ийн 194-195/: “...2019 оны 10 дугаар сарын үед миний үйлчлүүлдэг дэлгүүрийн эгч Гонгор өөрийгөө Солонгос Улс руу явмаар байна” гэж байсан. ...тэгээд Солонгос Улс руу явдаг өөрийн найз Амараагийн визийг Ц.Д гэж хүн гаргаж өгч байсан гэж сонсоод энэ тухай Гонгор эгчид хэлэхэд “намайг холбоод өгөөч” гэхээр нь Амараад энэ тухай хэлж Ц.Дий утасны дугаарыг авч өгсөн. Харин өөрөөр уулзуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Амарбаясгалангийн /2хх-ийн 196-197/: “...2019 оны 10 дугаар сарын үед манай найз Даваасүрэн над руу залгаад өмнө Солонгос Улсын виз гаргуулж байсан Ц.Дий утасны дугаарыг авч байсан. ...дэлгүүрийн эгч виз гаргуулахаар хүн хайгаад гэхээр нь өмнө өөрийнхөө визийг гаргуулж байсан Ц.Дий утсыг өгсөн...” гэх мэдүүлгээр,
Л.Гонгорын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /2хх-ийн 223-225, 229/,
Ц.Д, Л.Гонгор нарын зээлийн гэрээний хуулбараар /2хх-ийн 227-228/,
хохирогч Ц.Өнөрбаярын /3хх-ийн 48-50/: “...найз Жамьянмядаг 2018 оны 11 дүгээр сараас “визийг чинь солиод өгье, найдвартай виз гаргадаг хүн байна” гэх мэт зүйлс яриад байхаар нь 2019 оны 01 дүгээр сард өөрийнхөө визийг цуцлаад мульти визтэй болохоор Монгол Улсад ирсэн. Тэгээд Жамъянмядаг Бүгд Найрамдах Солонгос Улсад үлдээд намайг “Монгол Улсад Ц.Д гэх хүнтэй холбоо бариарай, чиний бүх зүйлийг бэлдэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд Ц.Д гэх хүнтэй уулзаад ...виз гаргуулахаар Ц.Дий данcaap 13.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөгийг өгсөн. Би 13.000.000 төгрөгийг өөрийн ах Мөнхжаргалын данснаас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Панасоник нэртэй байрны доод талд автомашинд байхдаа данснаас интернэт банкаар Ц.Дий данс руу шилжүүлсэн. Надад эхлээд мульти виз гаргаж өгнө гэж хэлж байгаад сүүлд нь 13.000.000 төгрөгийг дипломат албан ногоон паспорт гэж авсан. 13.000.000 төгрөгөө өнөөдөр өгвөл 7 хоногийн дотор сайдтай ярилцаж байгаад паспортыг нь гаргаж өгнө гэж хэлээд авчихсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Мөнхжаргалын /3хх-ийн 51-52/: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Д гэх хүнийг Бүгд найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргадаг хүн байна, яаралтай 5.000.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь Өнөрбаярын хэлсний дагуу Ц.Дий “ХААН” банкны 5027781963 тоот данс руу шилжүүлсэн. Үүнээс 4 хоногийн дараа виз гаргах ёстой байсан ч виз гараагүй. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өнөрбаяр над руу дахиж залгаад 10.000.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь визээ гарсны дараа өгөөч ээ гэж хэлээд 10.000.000 төгрөг дахин Ц.Дий данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Жамъянмядагийн /3хх-ийн 57-59/: “...виз гаргадаг Ц.Д гэх хүн байдаг талаар сонссон. ...Миний хувьд Монгол Улсад 2 удаа Ц.Дтэй уулзаж байсан. Тэр үедээ Өнөрбаярыг Ц.Дтэй уулзуулж байсан...” гэх мэдүүлгээр,
Ц.Өнөрбаярын хохирлыг төлөх тухай тодорхойлолтоор /3хх-ийн 35/,
хохирогч М.Алтанчимэгийн /1хх-ийн 113-114/: “...Ц.Д гэдэг хүнийг мульти виз гаргадаг найдвартай гэж дам яриа дуулан виз гаргуулах хүсэлтэйгээ хэлсэн. Ц.Д надад “нэг удаа тус болъё, энгийн виз гаргахаар бол 5.000.000 төгрөгөөр гаргана, мульти виз 15.000 000 төгрөг хэрэг болно” гэсэн. Миний ээж Бадамханд нь “ХААН” банкны 5027781963 дугаарын дансанд 2.500.000 төгрөг 2 удаа хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2.000.000 төгрөг гар утсаараа “мобиал” банкаар шилжүүлсэн. Дахиад 2.000.000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн. Нийт 9.000.000 төгрөг өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр виз татгалзсан хариу авсан. Би өгсөн мөнгөө буцааж авъя гэхэд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Солонгосын элчингийн цалин бууна, элчинд ажиллаж байгаа хүмүүст тарааж өгсөн мөнгөө цалингаас нь цуглуулж байгаад мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болоход “өнөөдөр амжсангүй” гээд хойшлуулсаар байгаад сүүлдээ өөрөө хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч өгөхөөр болоод 10 хоногийн хугацаа авсан. Тэгээд янз бүрийн юм яриад хойшлуулаад байсан. ...400.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,
М.Алтанчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 137-138/,
З.Бадамхандын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /1хх-ийн 139/,
Ц.Дий яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 123-124/: “...Алтанчимэгт туслах гэсэн асуудал бүтэлгүйтсэн болохоор намайг цагдаад өгсөн байна. Би энэ ажлыг хөөцөлдөх гээд баримт бичиг бүрдүүлээд мөнгө төгрөг зарцуулсан асуудал байгаа. Би “мөнгийг нь буцааж өгье, одоохондоо боломж алга” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг болон Ц.Дий дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 6/, Ц.Дий дансны хуулга /1хх-ийн 41-47, 49, 63-85, 141-167, 2хх-ийн 6-48, 57-59, 141, 236-241, 3хх-ийн 65-81/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн
судалсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь иргэд хоорондын дам харилцаанд тулгуурлан хохирогч нарын хүрээг тэлж, БНСУ-ын виз гаргуулах гэсэн хохирогч нэг бүртэй харьцаж “таньдаг хүн байгаа тул виз найдвартай гарна, аливаа хууль бус ажиллагаа биш” гэж ятган үнэмшүүлж визний хураамж нэрээр мөнгө хураасан, иргэдийн санхүүгийн боломжоос хамаарч мөнгийг хэсэгчлэх байдлаар бүрэн төлүүлж авахын тулд мөнгө хүлээн авсан тухай баримтыг гэрээ, тодорхойлолт зэрэг хэлбэрээр үйлдэх байдлаар иргэдийг төөрөгдүүлсэн, хохирогч нарын дээрх байдлаар Ц.Дд хууртагдан хохирсон болохыг хохирогч нарын төрөл садан, найз нөхөд гэрчилж мэдүүлсэн, хохирогч нарын Ц.Дд мөнгө шилжүүлсэн баримтуудаар тэдэнд учирсан хохирол тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Ц.Дий гэм буруугийн талаар тогтоосон үйл баримт хөдөлбөргүй болохыг нотолсон гэж үзэж дээрх нотлох баримтуудад шүүх итгэж, үнэмшсэн болно.
Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч нарын гомдол, хүсэлтэд “БНСУ-ын иргэн Лим Чангюү (Lim Changgyu) гэгчид виз хөөцөлдүүлэхээр зарим хохирогч нарын мөнгийг өгсөн тул түүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгуулах” тухай дурджээ.
Ц.Д нь БНСУ-ын иргэн Лим Чангюү (Lim Changgyu) гэгчид виз хөөцөлдүүлэхээр иргэдийн мөнгийг өгсөн гэх боловч сайн танихгүй, ямар ажил албан тушаал эрхэлдэгийг нь ч мэдэхгүй хүнд иргэдийн мөнгийг виз гаргуулахаар өгсөн гэж тайлбарлаж буй нь бодитой бус, Ц.Д нь гадаад улсын виз олгуулахыг гол зорилгоо болгоогүй, хохирогч нарын гадаад улсад зорчих виз бүтсэн эсэх нь ач холбогдолгүй, энэ талаар бодитой хөөцөлдөөгүй, виз олгох эрх мэдэл, боломж түүнд байхгүй, виз хүсэгчид виз олгуулах талаар бодит байдал дээр ямар ч нөлөөгүй атлаа бусдад амлалт өгөн мөнгөн хөрөнгийг нь өөртөө шилжүүлж авсан явдал нь бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориуд бий болгох байдлаар бусдыг хуурч мэхэлж буй явдал мөн. Ийм учраас Лим Чангюү (Lim Changgyu) гэгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байхгүй болно.
Цаашилбал шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “шүүгдэгч Ц.Дий Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргийг энэ хэрэгт нэгтгэн шалгуулах [1], яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй [2], эрүүгийн хэргийг буруу нэгтгэсэн, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй [3]” зэргээр хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэсэн агуулгатай гомдол хүсэлтэд дараах байдлаар хариу өгч байна.
[1]Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой байдгийг үгүйсгэхгүй боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдохгүй тохиолдолд хууль сахиулагч, прокурор нарын хувьд хязгаарлагдмал бөгөөд хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй ч үйлдсэн бүх гэмт хэргээ хүлээж илчлэх байдлаар бүх хэрэгтээ яллагдагчаар татагдан нэг яллах дүгнэлтээр шүүхэд шилжих байдлаар эрх зүйн байдлаа дээшлүүлэх хууль зүйн боломж гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамааралтай байна.
Хэрвээ шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах бөгөөд ял нэгтгэх ердийн журмыг хэрэгжүүлсэнд тооцогдоно.
Шүүгдэгч Ц.Дий сүүлд илэрсэн гэх үйлдэлд нь гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” хэд хэдэн шийтгэх тогтоолын ялуудыг нэмж нэгтгэх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан өөр өөр гэмт хэрэг, эсхүл нэг зүйлийн өөр өөр шинжийг агуулсан гэмт хэрэгт тус тусад нь ял оногдуулсан бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлан ялуудыг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй.
[2]Яллах дүгнэлт нь хэргийн агуулга буюу үйл баримтыг тусгасан тэмдэглэх хэсэг, мөн үйл баримтад хийсэн эрх зүйн дүгнэлт бүхий тогтоох хэсгээс бүрддэг.
Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Ц.Дий үйлдсэн гэмт хэргийн шинж тусгагдсан, хэргийн зүйлчлэл бичигдсэн тул залилах гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн шинжээр прокурор ялласан нь ойлгомжтой, иймээс яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж буйгаа мэдэх эрх зөрчигдөөгүй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
[3]Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хянагдаж буй хэргийн тухайд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй шинж чанартай бол ноцтой зөрчилд тооцогдох учиртай.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Дд холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Үүнээс гадна хэрэгт цуглуулж бэхжүүлсэн болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн тодруулсан, Ц.Дий гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байх тул “хэргийг буруу нэгтгэсэн, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн нь тодорхойгүй” гэх гомдол нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөө үзүүлэхгүй юм.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар виз гаргах нь өөрийнх нь эзэмшсэн мэргэжил, олсон боловсрол, эрхэлж байсан ажил албан тушаалд үл хамаарах зүйл байсаар атал “БНСУ-д зорчих виз, мульти визийг найдвартай гаргаж өгөх бөгөөд таньдаг хүн байгаа тул аливаа хууль бус ажиллагаа биш” гэж ятган үнэмшүүлж визний үнэ, материал, анкет бүрдүүлэх бичиг цаасны зардал зэрэг нэрээр мөнгө хураасан, иргэдийн санхүүгийн боломжоос хамаарч мөнгийг хэсэгчлэх байдлаар бүрэн төлүүлж авахын тулд мөнгө хүлээн авсан тухай баримтыг гэрээ, тодорхойлолт зэрэг хэлбэрээр үйлдэх байдлаар иргэдийг төөрөгдүүлж бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориуд бий болгох байдлаар бусдыг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулж буй Ц.Дий гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Наранзаяагийн 15.000.000 төгрөгийн хохирлоос 1.000.000 төгрөгийн, хохирогч Л.Гонгорын 18.500.000 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийн, хохирогч Ц.Өнөрбаярын 13.000.000 төгрөгийн хохирлоос 5.390.000 төгрөгийн (шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар) хохирол тус тус нөхөн төлөгдсөн болохыг дурдаж байна.
Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл хэмжээ нь баримтаар бүрэн тогтоогдсон хохирол болох хохирогч А.Болортуяад 19.000.000 төгрөг, хохирогч М.Алтанчимэгт 8.600.000 төгрөг, хохирогч Б.Наранзаяад 14.000.000 төгрөг, хохирогч Д.Пүрэвжаргалд 15.000.000 төгрөг, хохирогч Л.Гонгорт 18.000.000 төгрөг, хохирогч Ц.Өнөрбаярт 7.610.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Дөөс гаргуулж тэдэнд олгох хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдааныг тодорхой хугацаанд завсарлуулсны эцэст дээрх хохирол төлбөрийг бүрэн нөхөн төлсөн, мөн энэ талаар хохирогч нар хүсэлт бичсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Д нь шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;
залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;
гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн;
гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Ц.Дд мөнгөн төлбөр оногдуулах байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д торгох ялыг шүүхээс тогтоосон 3 (гурав) жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.Д нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ