| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02274/и |
| Дугаар | 2081 |
| Огноо | 2017-06-14 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2081
| 2017 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2017/02081 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Номин Юнайтед оффисын байр, 7 давхарт байрлах “Номин реалтор” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011364061, регистрийн дугаар 5638771/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, “Эс Эм Контейнер Байг” ХХК-ийн байранд байрлах “Экструдер менежмент” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9011084138, регистрийн дугаар 5116856/-д холбогдох,
Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт орон сууцны хөлс, цахилгааны төлбөр 23,748,024 төгрөг, алданги 11,874,012 төгрөг, нийт 35,622,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, Б.Шинэбаяр, хариуцагч “Экструдер менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Дэлгэрмаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Номин реалтор” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Экструдер менежмент” ХХК-тай NR/8/24 дугаартай Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу хөлслөгч нь Төрийн тусгай хамгаалалттай газрын харъяа Их тэнгэр цогцолборын 24 дүгээр байр буюу Номин тэнгэр цогцолборын Б блокын 3-2 тоот, 244 м.кв талбайтай, 6 өрөө тавилгатай орон сууцыг сарын 5,617,194 төгрөгийн төлбөртэй, нэг жилийн хугацаатайгаар хөлсөлсөн бөгөөд хариуцагч “Экструдер менежмент” ХХК нь хөлсөлж байх хугацааны орон сууцны хөлс, цахилгааны төлбөр болох нийт 23,748,024 төгрөгийг төлөөгүй тул орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний төлбөрт 23,748,024 төгрөг, гэрээний 3.2-т “Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно” гэж заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 11,874,012 төгрөгийн алданги, нийт 35,622,036 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч “Экструдер менежмент” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.1-д “орон сууцны хөлс нь 5,617,194 төгрөг байна. Энэхүү үнийн дүнд НӨАТ багтсан болно” гэж заасан ба манай компани 2006 оноос хойш тус орон сууцыг хөлсөлж хэлэлцэн тохирсон хөлсийг тухай бүрд нь төлж байсан боловч нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгож байгаагүй, буцаан авалт хийж байгаагүй ба бидний тооцоолсноор 40 гаруй сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт хийгдээгүй болно. Иймд үүнээс суутгах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 23,738,024 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч байгууллагын хавтаст хэрэгт өгсөн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэдэг дээр цахилгаанд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа, орон сууцны хөлсөнд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ гэдэг задаргаагаа бичсэн байна. Энд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сар хүртэл хөлс болон цахилгааны төлбөрийг нэхэмжилж байна. Гэтэл өнөөдөр 2017 оны 06 дугаар сар. Хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэгт гурван жил байдаг. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргах өдөр нь гурван жил болчихсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж үзэж байна. 2014 оны 05 дугаар сараас өмнө төлбөр тооцоог төлөхгүй. Хоёрдугаарт цахилгааны төлбөр нэхэмжилсэн байна. Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээн дээрээс цахилгааны төлбөр гэж байгаа. Анхан шатны баримт бол байхгүй. Цахилгаан түгээх газраас өгч байсан нэхэмжлэх байхгүй. Яг энэ цахилгааны төлбөр нь ийм мөнгө гарсан уу гэдэг нь баримтаас харагдахгүй байгаа. Зохигчдын байгуулсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний 3.4 дээр энэхүү гэрээний 3.1-т заасан орон сууцны хөлс нь халаалт, халуун хүйтэн ус, кабелийн төлбөр багтсан ба цахилгаан холбоо, интернетийн төлбөрийг хөлслөгч холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн хугацаанд нь төлж байна гэсэн байна. Холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэнэ гэсэн мөртлөө нэхэмжлэх нь байхгүй байгаа. Цахилгаан гээд таслал байхгүй холбоо гэж байгаа. Холбоо үг учраас цахилгаан холбоо гэж цахилгаан холбооны бүх төрлийг хэлнэ гэж бичсэн. Бид нар гэрээнд зааснаар тогны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Бид нар телефоны төлбөр болон интернетийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Тийм учраас цахилгааны төлбөр төлөх үүрэггүй. Тооцоо буруу хийгдсэн. Гэрээний 3.1 дээр орон сууцны хөлс нь 5,617,194 төгрөг байна гэж бичсэн. Гэтэл эднийх 5,746,000 төгрөгийг түрээсийн төлбөрт нэхэж байсан. 5,617,194 төгрөг болон 5,746,000 төгрөгийн зөрүү 128,806 төгрөгийн зөрүүтэй байгаа. Хариуцагч бол тус орон сууцнаас 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан байдаг. Гэтэл 06 дугаар сарын төлбөрийг бүтнээр нь нэхдэг. Зөрүү нь хэд байна гээд бодохоор 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ний өдрийг хүртэл тооцохоор 2,434,117 төгрөг гарч байгаа. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч н.Төмөрчулуун гэдэг хүнээс 2014 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын төлбөр 16,851,582 төгрөгийг төлсөн. Тэгэхээр хоёр сарын түрээсийн төлбөр уг нь 11,234,388 төгрөг байхаар байгаа. Гэтэл 16,851,582 төгрөг төлсөн байхад бусад төлбөрөөс хасалт хийлгүй, зөвхөн 01 дүгээр сар, 02 дугаар сард тооцож авсан байгаа. Алданги дээр үндсэн үүргийн хугацаа дууссанаар нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэсэн зохицуулалтаар алданги төлөхөөс татгалзаж байна. Гэрээний 3.2-т хөлслөгч орон сууцны хөлсийг тухайн сарын эхний ажлын тав хоногийн дотор Голомт банк дахь хөлслүүлэгчийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаанаас суутган авах бөгөөд хөлслөгч нь барьцаат гэрээний 3.5-д заасны дагуу нөхөн байршуулна. Нөхөн байршуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Барьцаагаа нөхөн байршуулаагүй тохиолдолд алданги тооцно гэсэн. Иргэний хуульд үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд дээр барьцаа, анз буюу алданги торгууль гэж байгаа. Барьцаагаа байршуулаагүй тохиолдолд алданги авна гэсэн зохицуулалт байхгүй. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаас дахин алданги тооцох зохицуулалт байхгүй. Тийм учраас алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК нь хариуцагч “Экструдер менежмент” ХХК-д холбогдуулан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт орон сууцны хөлс, цахилгааны төлбөрт 23,748,024 төгрөг, алданги 11,874,012 төгрөг, нийт 35,622,036 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч “Экструдер менежмент” ХХК нь гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, үндсэн үүргийн хугацаа дууссанаар алданги төлөх үүрэг хүлээхгүй, цахилгааны төлбөр нь орон сууцны хөлсөнд багтсан, цахилгааны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК нь хариуцагч “Экструдер менежмент” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр NR/8/24 дугаартай “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-г байгуулж Төрийн тусгай хамгаалалттай газрын харъяа Их тэнгэр цогцолборын 24 дүгээр байр буюу Номин тэнгэр цогцолборын Б блокын 3-2 тоот, 244 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг сарын 5,617,194 төгрөгийн төлбөртэй, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөлсөлж, хөлслүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй. /хх-5-10/
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд хуульд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны хөлс, цахилгааны төлбөрт 23,748,024 төгрөг, алданги 11,874,012 төгрөг, нийт 35,622,036 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжилсэн мөнгөн дүнд н.Төмөрчулуунаас авах тооцоо орсон тул 617,549 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч орон сууцны хөлс, цахилгааны төлбөрт 23,058,233 төгрөг, алданги 11,525,116 төгрөг, нийт 34,587,349 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлд зааснаар хөлслүүлэгч нь хөлслөгч үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь “...нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 2013 оны 11, 12 дугаар сарын хөлсийг төлөх үүрэгтэй, энэ төлбөрийг төлсөн, 2014 оны 01 дүгээр сарын хөлсийг тухайн сардаа нэхэмжлэх эрх үүссэн боловч хөлсийг тухайн сардаа аваагүй учраас гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 01 дүгээр сард дууссан. 2014 оны 01, 02 дугаар сарын хөлсийг төлсөн учраас маргахгүй, 2014 оны 03, 04 дүгээр саруудын хөлсийг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр төлөхгүй. Нэхэмжлэгч 2017 оны 05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзээд 2017 оны 05, 06 дугаар сарын хөлсийг төлөх тохиолдолд 05 дугаар сарын хөлс нь 5,617,194 төгрөг, 06 дугаар сард 13 хоногоо тооцохоор 2,434,117 төгрөг, нийт 8,051,311 төгрөг, үүнээс НӨАТ-ын хуулийн дагуу 10 хувь болох 805,131 төгрөгийг хасахаар 7,246,179 төгрөг төлөх ёстой...” гэх тайлбарыг гаргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан бөгөөд талууд 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж, хариуцагч нь хөлсөлж байсан орон сууцнаас 2014 оны 06 дугаар сард гарсан, нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-нд орон сууцны нэг сарын хөлс 5,617,194 төгрөг байхаар заасан бөгөөд хариуцагч нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 06 дугаар сар хүртэлх орон сууцны хөлсөнд нийт 44,937,552 төгрөг төлөх үүрэг хүлээснээс 2013 оны 11, 12 дугаар сар, 2014 оны 01, 02 дугаар сарын хөлсөнд нийт 22,468,776 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь орон сууцны хөлсний үлдэгдэл 22,468,776 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. /хх-11/
Хариуцагч нь “...гэрээнд заасан орон сууцны хөлс болох 5,617,194 төгрөгт НӨАТ багтсан, манай компани 2006 оноос хойш тус орон сууцыг хөлсөлж хэлэлцэн тохирсон хөлсийг тухай бүрд нь төлж байсан боловч нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгож байгаагүй, буцаан авалт хийж байгаагүй ба бидний тооцоолсноор 40 гаруй сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын буцаалт хийгдээгүй, үүнээс суутгах бүрэн боломжтой...” гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэгчээс шаардаж байсан эсэх, гэрээнд заасан хугацаанд хамаарах нэмэгдсэн өртгийн татварын тооцоо нь хэд болох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлнө” гэж заасан байх тул хариуцагчийн НӨАТ-ын баримт олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь орон сууцыг хөлсөлж байх хугацааны буюу 2013 оны 11 дүгээр сарын цахилгааны төлбөр 57,912.80 төгрөг, 12 дугаар сарын цахилгааны төлбөр 77,784.96 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын цахилгааны төлбөр 75,000 төгрөг, 02 дугаар сарын цахилгааны төлбөр 57,657 төгрөг, 03 дугаар сарын цахилгааны төлбөр 51,902 төгрөг, 04 дүгээр сарын цахилгааны төлбөр 59,769 төгрөг, 05 дугаар сарын цахилгааны төлбөр 60,086 төгрөг, 06 дугаар сарын цахилгааны төлбөр 60,087 төгрөг, цахилгааны төлбөрт нийт 500,197,8 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба хариуцагч нь гэрээнд зааснаар тогны төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, телефоны төлбөр болон интернетийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн учраас цахилгааны төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гаргасан.
Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээ”-ний 3.4-т “Энэхүү гэрээний 3.1-д заасан орон сууцны хөлсөнд халаалт, халуун, хүйтэн ус, кабелийн төлбөр багтсан ба цахилгаан холбоо, интернетийн төлбөрийг хөлслөгч холбогдох байгууллагын нэхэмжлэхийг үндэслэн цаг хугацаанд нь төлж байна” гэж заасан байх бөгөөд орон сууцны хөлсөнд цахилгааны төлбөр багтаагүй байх тул хариуцагч нь орон сууцыг ашиглах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөх үүргийг хүлээх боловч нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрийг ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх тул цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 500,197,8 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөрөө хугацаандаа төлөөгүй үндэслэлээр алданги 11,525,116 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч үндсэн үүргийн хугацаа дууссанаар нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусна гэх тайлбарыг гаргаж алданги төлөхөөс татгалзсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж, мөн зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “...Төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаанаас суутган авах бөгөөд хөлслөгч нь барьцааг гэрээний 3.5-д заасны дагуу нөхөн байршуулна... Нөхөн байршуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно” гэж зааснаар хариуцагчаас үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн алдангийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагч хөлсөлж байсан орон сууцнаас гарсан хугацаа буюу 2014 оны 06 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Экструдер менежмент” ХХК-аас орон сууцны хөлс 22,468,776 төгрөг, алданги 11,234,388 төгрөг, нийт 33,703,164 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,918,872 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Экструдер менежмент” ХХК-аас 33,703,164 /гучин гурван сая долоон зуун гурван мянга нэг зуун жаран дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,918,872 /нэг сая есөн зуун арван найман мянга найман зуун далан хоёр/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,060 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Экструдер менежмент” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 326,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Номин реалтор” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР