Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00092/И |
Дугаар | 146/ШШ2017/00116 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 146/ШШ2017/00116
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1935 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Өвөрзүлэгт гэх газар оршин суух, МЮ35031012 дугаарын регистртэй, Чочийх овгийн Нанзадийн Цэрэндаш
Цагаатгалын нөхөн олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал, хяналтын прокурор Д.Алимаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэрэндаш нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Нанзад овогтой Цэрэндаш миний бие 1938 онд улс төрийн хилс хэрэгт цаазлагдсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Мандалын /Нанзадийн/ Гончигтой садан төрлийн холбоотой болохоо тус шүүхээр тогтоолгосон юм. Үүний дагуу цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын шийдвэр гарч Зууны мэдээ сонинд нийтлэгдсэн билээ. Иймд Мандалын /Нанзадийн/ Гончигийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговрын мөнгийг надад олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай аавын аав Н.Гончиг нь 1938 онд Улс төрийн хилс хэргээр баривчлагдан ялын дээд хэмжээгээр шийтгүүлж цаазлуулсан. Энэ хүний садан төрлийн холбоотойг нь тогтоолгосон. Одоо цагаатгалын нөхөн олговор гаргуулах гэж шүүхэд хандсан...” гэв.
Хяналтын прокурор Д.Алимаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд оршин суух иргэн Н.Цэрэндаш нь Нанзадын Гончигтой садан төрлийн холбоотой түүний хүү болохыг нотолсон 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 309 дугаартай шүүхийн шийдвэр, Онцгой бүрэн эрхэт комиссын 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Нанзадын Гончигийг цагаатгасан цагаатгалын үнэмлэх, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хэрэг эрхлэх хяналтын 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай магадлал, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №261 дугаартай хэлмэгдэгсэд, түүний садан төрөлд нөхөн олговор олгох тухай Зууны мэдээ сонин зэргээр нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар Нанзадын Цэрэндашийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй байх тул Нанзадын Цэрэндашд нөхөн олговорын мөнгийг олгох нь зүйтэй гэж үзэж байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Цэрэндаш нь хэлмэгдэгч Мандалын /Нанзад/ Гончигийн хүү нь тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар нөхөх олговор гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Нанзадийн Цэрэндаш нь хэлмэгдэгч Мандалын /Нанзад/ Гончигийн хүү нь мөн болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 309 дугаартай шийдвэр, 2015 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн архивын лавлагааны хуулбар, “Зууны мэдээ” сонины 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №261/5447/ дугаар, Монгол улсын дээд шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №38 дугаартай магадлал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Н.Цэрэндаш нь хэлмэгдэгч Мандалын /Нанзад/ Гончигийн нөхөх олговрыг авах хууль ёсны эрхтэй байх тул хүсэлтийг хангаж, Улсын төсвөөс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Н.Цэрэндашд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар тэтгэтэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл тул тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Улсын төсвөөс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, Чочийх овгийн Мандалын /Нанзад/ Цэрэндашд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлйин 41.1.1 дэх хэсэгт зааснаар тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл тул нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА