| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0066/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2016-06-24 |
| Зүйл хэсэг | 236.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Э.Болор
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ламын гэгээн овогт Гончигсумлаагийн Батбаатарт холбогдох эрүүгийн 201610010092 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 9 дүгээр хэсэг 135 дугаар байрны 28 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 319 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сум дундын 9 дүгээр шүүхийн 13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 350 /гурван зуун тавин/ цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, Ламын гэгээн овогт Гончигсумлаагийн Батбаатар /РД:ЗЗ85030814/
Прокурорын яллах дүгнэлтээр: шүүгдэгч Г.Батбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт автомашины төв зогсоол дээр иргэн Ц.Баярбатын эзэмшлийн 83-32 ДГО улсын дугаартай Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг бахиар хагалж санаатай устгаж 220000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын үед Баярбат урд Эрээнд миний машины шилийг санамсаргүй байдлаар хагалсан. Эхлээд Баярбат нь миний машины шилийг төлж өгнө гээд яваад байсан. Сүүлдээ Баярбат төлж өгөхгүй гэсэн тэгэхээр нь Баярбатыг дагуулж цагдаа дээр очиж байсан. Тэр үед нь цагдаа та 2 эр хүмүүс байна, хоорондоо учраа олчих гэсэн. Бараг уулзаагүй хоёр гурван сар болж байгаад нэг таарахаар нь би миний машины шилийг төлж өгөөч гэхэд Баярбат чиний машины шилийг би ямар төлөх албатай биш гэсэн. Тэгвэл би өөрийн чинь машины шилийг адилхан хагалчих уу тэгээд нэг нэгэндээ өргүй болъё гээд хагалсан. Миний буруу... гэв.
Хохирогч Ц.Баярбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Замын-Үүд сумын 1-р багт байрлах авто зогсоол дээр Улаанбаатар хот руу явах хүн авах гээд өөрийн 83-32 ДГО улсын дугаартай Тоёото Аллион маркийн суудлын автомашинтай зогсож байхад 36-06 УНК улсын дугаартай атомашины жолооч Батбаатар над дээр ирээд “миний машины шилийг хэзээ төлж өгөх вэ” гэсэн. Тэгэхээр нь би машины шилийг чинь бүтнээр нь төлж чадахгүй тал мөнгийг нь авбал ав гэж хэлээд хоорондоо бага зэрэг маргалдсан. ...Батбаатар гэтэл “чиний машины арын шилийг адилхан хагалчихъя, тэгээд хоёулаа нэг нэгэндээ өргүй байя” гэсэн утгатай зүйлийг ярихаар нь “чи чаддаг юм бол хагалаарай, дараа нь чи өөрөө хариуцлагаа хүлээгээрэй” гэж хэлсэн. Удалгүй машинаасаа цэнхэр өнгийн бариултай бахь гаргаж ирээд миний машины арын шилийг түүгээрээ нэг удаа цохиж хагалсан. Гэмт хэргийн улмаас надад нийт 220 000 төгрөгний хохирол учирсан.... Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ. /хх-ийн 12 тал/
Гэрч М.Батдэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Баярбат гэх залуутай тааралдсан юм. Батбаатар түүн дээр очиж машиныхаа арын шилийг төлж өгүүлэх талаар шаардлага тавихад Баярбат “би бүтэн шил төлж чадахгүй, талыг нь төлж өгье” гэж хэлээд хоорондоо ярилцсан. Батбаатар, Баярбатад хандаж “ би чамайг бүтэн нэг жил машины арын шил төлж өгөхийг хүлээлээ бүтнээр нь төлж чадахгүй бол би чиний машины арын шилийг адилхан хагалъя, тэгээд хоёулаа хэн хэнийнхээ машины шилийг өөр өөрсдөө янзлаад авчихъя” гэж хэлээд машинаасаа цэнхэр өнгийн бахь гаргаж ирээд Баярбатын жолоодож явсан 83-32 ДГО улсын дугаартай Тоёото Аллион маркийн автомашины арын шилийг нь хагалсан… гэжээ. /хх-ийн 16 тал/
Гэрч З.Мөнхсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Батбаатар нь тухайн үед 83-32 ДГО улсын дугаартай Аллион маркийн автомашины жолооч дээр очоод хоорондоо хэзээ машины шил төлж өгөх талаар маргалдаад байсан. Удалгүй хэл амаа ололцохоо болиод Батбаатар нөгөө залуугийн “машины арын шилийг адилхан хагаллаа шүү” гэхэд үл тоосон байдалтай “чаддаг юм бол хагал” гэсэн. Батбаатар машинаасаа цэнхэр өнгийн бахь аваад 83-32 ДГО улсын дугаартай автомашины арын шилийг хагалсан … гэжээ. /хх-ийн 23 тал/
Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ламын гэгээн овогт Гончигсумлаагийн Батбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Батбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутагт автомашины төв зогсоол дээр хохирогч Ц.Баярбатын эзэмшлийн 83-32 ДГО улсын дугаартай Тоёото Аллион маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг бахиар хагалж 220 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн болон гэрч нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Батбаатарын эзэмшлийн 36-06 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг 2015 оны 06 дугаар сард Т.Баярбат нь санамсаргүй байдлаар хагалсан бөгөөд уг хагалсан шилээ төлж өгөх талаар ярьж тохирсон нь хохирогч Т.Баярбатын “Би 2015 оны 06 дугаар сард Батбаатарын 36-06 УНК улсын дугаартай Хятад жийп маркийн автомашины шилийг Мин зу зочид буудлын гадаа зогсож байхад нь санамсаргүй байдлаар хагалсан.... Үүнээс хойш машины шилийг нь төлж өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Батбаатар нь Ц.Баярбатаас өөрийн машины хагарсан шилийг сольж өгөх талаар удаа дараа шаардаж байсан ба төлж өгөхгүй болохоор нь шүүгдэгч Г.Батбаатар нь уг эрхээ хэрэгжүүлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчин эрхээ дураараа хэрэгжүүлсэн нь гэрч М.Батдэлгэрийн “Батбаатар, Баярбатад хандаж би чамайг бүтэн нэг жил машины арын шил төлж өгөхийг хүлээлээ бүтнээр нь төлж чадахгүй бол би чиний машины арын шилийг адилхан хагалъя, тэгээд хоёулаа хэн хэнийнхээ машины шилийг өөр өөрсдөө янзлаад авчихъя....” гэсэн мэдүүлгээр батлагдаж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “...түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба шүүгдэгч Г.Батбаатарын үйлдлийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах бус дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Батбаатарыг хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрхээ дураараа хэрэгжүүлснээс иргэнд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэвч хохирогч Ц.Баярбат шүүгдэгч Г.Батбаатар нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т “ Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэж заасны дагуу шүүгдэгч Г.Батбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой юм.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба эд мөрийн баримтаар цэнхэр өнгийн бариултай бахь нэг ширхэг хураагдан ирсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас шүүгдэгч Г.Батбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ламын гэгээн овогт Гончигсумлаагийн Батбаатарыг дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Г. Батбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай бахь нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.5. Шүүгдэгч Г.Батбаатар нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Батбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ