Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 440

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Гомдол гаргагч: “УТ” ХХК 

Хариуцагч: Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т 

Гомдлын шаардлага: “Гаалийн улсын байцаагч Ж.Т ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Ж.Т  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“УТ” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо: “Манай ажилтан С.М  2018-04-03-ны өдөр автомашины гаалийн бүрдүүлэлт бичиж гаалийн байгууллага руу илгээсэн байна. Үүнийг гаалийн байгууллагын бичиг баримтын болон хяналт шалгалтын Гаалийн улсын байцаагч нар шат шатандаа хянаж бүрдүүлэлт хийгдэж дууссан юм байна.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн албанаас 2018 оны гаалийн мэдээллийг шалгах явцад суудлын автомашины онцгой албан татварын ногдуулалтыг буруу тооцсон зөрчил 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр илэрч С.М  нь тэр дор нь зөрүү татварыг барагдуулсан байна.

Энэхүү Зөрчлийг шалгасан Гаалийн Улсын Байцаагч Ж.Т  нь С.М аас гэрчээр мэдүүлэг авч зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг С.М ад гардуулсан юм байна. Мэргэжилтэн С.М  нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд, гэрээний 6.2-д заасны дагуу “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад гаргасан ажил мэргэжлийн буруутай үйлдлийн хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэсний дагуу өөрийн гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зохих ёсоор өмгөөллийн туслалцаа авч холбогдох байгууллагад хандсан байна. Улмаар С.М  нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг нь буцаасан байна. 

... Манай байгууллага ажилтныхаа гаргасан хайхрамжгүй алдааны өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй боловч шийтгэлийн хуудсыг байгууллагаруу чиглэсэн гэж шүүх дүгнэсэн байгааг олж мэдлээ.

Хэрэв Гаалийн улсын байцаагчийн шийдвэрийг байгууллага хүлээн зөвшөөрч шийтгэгдвэл, цаашлаад энэ нь давтагдах аваас байгууллагын тусгай зөвшөөрөл шууд хүчингүй болох асар хортой үр дагавартай учир манайх ажилтны өмнөөс хариуцлага тооцуулах үндэслэлгүй үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.

Зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлийн талаар;

1. Хэрэв шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулж байгаа бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд нь гардуулах ёстой. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн Долдугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдаж болохыг хуульчилсан байна.

2. Улсын байцаагч Ж.Т  нь манай байгууллагыг холбогдогчоор огт тогтоогоогүй мэдэгдэлгүй зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн юм байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар холбогдогч сайн дураараа зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бол” гэсний дагуу холбогдогчоор тогтоогдсон этгээд нь зөрчлөө сайн дураараа хүлээсний үндсэн дээр асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх энэ хуулийн заалтыг зөрчсөн байна.

3. Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг гаалийн тухай хууль зөрчсөн гэж ерөнхий бичсэн байгаа ба тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан Зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл ногдуулна” гэж заасан байгаа ба С.М ын хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй, харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл учраас С.М  үүнийхээ хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх юм.

... Ж.Т  нь “УБ транс” ХХК-д 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0243041 тоот шийтгэлийн хуудсыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М ад 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн. Уг шийтгэлийн хуудсын огноо нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичэн болно” гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэдийгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх эрх бүхий субъектэд тухайн хуулийг тайлбарлаж хэрэглэх эрх зүйн боломж байгаа боловч ингэж хэрэглэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчиж байгаа эсэх тал дээр хуульд нийцүүлж үнэн, зөв дүгнэлт өгөх ёстой. 

Тухайн зөрчлийг тогтоохдоо яг хэнд холбогдсон үйлдэлд тогтоогоод байгаа эсэх нь энэ зөрчлийг тогтоох явцад тодорхой бус байсан ба холбогдогчоор хуулийн этгээдийг тогтоосон боловч холбогдол бүхий этгээдийг гэрчээр асуусан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. 

Нэгэнт хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр зөрчлийн эрх зүйн акт бэлтгэж байгаа бол наад зах нь тухайн хуулийн этгээд ямар хуулийн зүйл заалт зөрчсөн, хуулийн ямар зөрчил гаргасан, тэр нь үндэслэлтэй эсэх, түүнийг хүлээн зөвшөөрөх эсэх, тайлбар хийх эсэх асуудлыг огт тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулж байгаа процессын явцад тухайн хуулийн этгээд энэ зөрчилтэй холбоотой хууль эрх зүйн хувьд хэрэгжүүлбэл зохих ямар нэгэн эрхээ огт хэрэгжүүлж чадаагүй нь тухайн хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг шууд зөрчиж байна. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн этгээдэд албан ёсоор зөрчлийн тухай мэдэгдэх, хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлах, нотлох баримт гаргах, тайлбар хийх, зөрчлийн актыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг тогтоох, үүний үндсэн дээр зөрчлийн шийтгэх хуудсыг гардуулж өгөх зэрэг ажиллагаа хийгдээгүй байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна. Иймд гомдол гаргагчийн шүүхэд гаргасан гомдлын шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг нь тогтоогдож байгаа ... Захиргааны эрх зүйн акт нь хуулийн этгээдэд холбогдуулж гарсан учраас хуулийн этгээд буруутай эсэх асуудал дээр тайлбар байгаа эсэх, үүнтэй холбоотой баримт хэргийн материалд авагдсан эсэх, зөрчлийн хэрэг шалгахад үүнийг шалгасан уу гэвэл байхгүй. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх гэж бодож байна. Хуулийн этгээдийг төлөөлөн түүний ашиг, сонирхлын төлөө хуульд заасан зөрчил үйлдсэн гэж тайлбарласан. Гэтэл хариуцагч үүнийг тайлбарлахдаа “...ашиг, орлого олж байгаа” гэж тайлбарлаад байгаа нь зарчмын 2 өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл нэгэнт гэрээний эрх зүйн хүрээнд ашиг, орлого олж байгаа бол энэ нь гэрээний гүйцэтгэлтэй холбоотой асуудал болохоос тухайн зөрчилтэй ямар нэгэн уялдаа холбоо байхгүй. 

Аж ахуй нэгж байгууллагын ашиг, сонирхлын төлөө зөрчил үйлдэж байгаа бол энэ нь хууль бус орлого бий болгох, эсхүл өөр ашиг, сонирхол байгаа нөхцөл байдлыг хууль, эрх зүйн хувьд  бүрэн тогтоох ёстой юм. Аливаа хууль тогтоомж нь ямар нэг зөрчил, гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Энэ ч утгаараа гаалийн бүрдүүлэлтийн явцад шат дараалсан улсын байцаагчид хяналт, шалгалт хийж ажиллаад тухайн үед гарсан алдааг залруулах боломжтой байсан. Үнэхээр залруулаагүй нь энэ зөрчлийг шалгах явцад тогтоогдсон учраас тухайн гаалийн улсын байцаагч нарт авсан арга хэмжээ, түүнтэй холбоотой баримт бичгийг давхар шалгах ёстой байсан. 

Хэрэв тухайн улсын байцаагчид энэ алдааг илрүүлсэн байсан бол өнөөдрийн зөрчил байхгүй байх боломжтой байсан. Үнэхээр зөрчил байсан бол хяналт, шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нарт авсан арга хэмжээ нь хэргийн материалд авагдсан байх ёстой. Нэгэнт мэргэжилтний хувьд С.М  үйл ажиллагаа явуулж байгааг шууд хуулийн этгээдэд холбогдуулж, захиргааны акт үйлдэж, торгосон шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Зөрчлийн тухай хууль 1.2 дугаар зүйл Хууль ёсны зарчим 4-т “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан учир зөрчлийн үйлдэл, эс үйлдэхүйг зөв тодорхойлж хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байсан бөгөөд хууль буруу хэрэглэсэн, хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бичигдсэн 0243041 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч гаалийн улсын байцаагч Ж.Т  шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын бичиг баримт хариуцсан гаалийн улсын байцаагч Ж. Т  миний бие “УБ транс’’ ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар Гаалийн зуучлагч байгууллага гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2019 оны 02 сарын 28-ны өдөр №0243041 дугаартай шийтгэлийн хуудсаар 3000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгосон.

Дээрх зөрчлийн үйлдлийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас илрүүлэн, Улаанбаатар хот дахь гаалийн газарт хариуцлага тооцон, хариу мэдэгд хэмээн албан бичгээр ирүүлсний дагуу зөрчлийг шалгасан. Миний бие Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 зүйлийн 6 дахь хэсэгт ”‘Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ'’ гэж заасны дагуу шийтгэлийн хуудсыг гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М ад биечлэн танилцуулж, шийтгэлийн хуудасны 1 хувийг гардуулан өгсөн боловч гарын үсэг зурахаас татгалзсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 зүйлийн 7 дахь хэсэгт “Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасны дагуу “УБ транс" ХХК нь шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зураагүй нь шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.

“УБ Транс” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолдоо хэрэв шийтгэлийг хуулийн этгээдэд оногдуулсан бол шийтгэлийн хуудсыг хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсвэл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдэд нь гардуулах ёстой. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалттай нийцнэ. Нөгөө талаар төлөөлөл гэдгийг Иргэний хуулийн Долдугаар бүлэгт тодорхой заасан байдаг ба зөвхөн итгэмжлэлийн үндсэн дээр явагдаж болохыг хуульчилсан байна....хэмээн дурджээ.

“УБ транс” ХХК-ийн мэдүүлэгч С.М ын гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж буй нь Гаалийн тухай хуулийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх, гаалийн хууль тогтоомжийг зорчигчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” Гаалийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3.1.19-д "гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг... ойлгоно.

... Гаалийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ: 69.2.1 .мэдүүлэгчийг төлөөлөн гаалийн бүрдүүлэлт хийх тухай гэрээ байгуулах; 69.2.2.гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцох.... хэмээн тус тус заасан заалтуудыг үндэслэл болгон үзэхэд “УБ Транс” ХХК-ийн явуулж буй үйл ажиллагаа нь Гаалийн тухай хуулийн хүрээнд явагдаж буй үйл ажиллагаа төдийгүй тухайн компани хийгээд бүртгэгдсэн мэргэжилтэн нь гаалийн харилцаанд оролцогч субъектууд юм. Гаалийн тухай хуулинд Гаалийн зуучлагч байгууллага нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гаалийн үйл ажиллагаанд оролцохдоо гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан оролцдог. Гаалийн мэдүүлгийн “Мэдүүлэгч байгууллага” буюу 9 дүгээр нүдэнд гаалийн зуучлагч байгууллагын нэр, зуучлагч байгууллагын регистрээр эхэлж бүртгээд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний нэр бус тухайн хүний хувийн дугаарыг бүртгэсэн байдаг. 

“УБ Транс” ХХК нь Гаалийн Ерөнхий газартай жил бүрийн эхэнд гэрээ байгуулан гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулах суудал авдаг бөгөөд энэ бүх үйл ажиллагаагаа гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээр дамжуулан хэрэгжүүлдэг. Иймд гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М  нь “УБ Транс” ХХК-ийн өмнөөс гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрхээр гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулж буй тул тухайн компанийн өмнөөс “Төлөөлөл” хэрэгжүүлж байна гэж үзэх бүрэн үндэстэй тул “УБ Транс” ХХК-ийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М ын автомашины онцгой албан татварыг дутуу ногдуулсан зөрчилд “УБ Транс” гаалийн зуучлагч байгууллагад зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан болно.

... Харин “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу гэж байгаа бол тухайн зөрчлийг Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас илрүүлэн, Улаанбаатар хот дахь гаалийн газарт хариуцлага тооцон, хариу мэдэгд хэмээн албан бичгээр ирүүлсний дагуу зөрчлийг шалгаж, учруулсан онцгой албан татварын зөрүүг нөхөн төлүүлсэн нь тухайн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлд явуулах шаардлагагүй бол.... эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасан шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж байна.

Нөгөө талаар зөрчлийн үйлдлийг гаалийн тухай хууль зөрчсөн гэж ерөнхий бичсэн байгаа ба тодорхой ямар зүйл заалтыг зөрчсөн болох талаар огт дурдаагүй байна хэмээн дурджээ. Дээр дурдсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн 11.21 дүгээр зүйл буюу “Гаалийн тухай хууль зөрчих” зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол гэж заасны дагуу 0243041 дугаартай шийтгэлийн хуудсанд зөрчлийн үйлдлийг бичихдээ “гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн” гэж хуулийн зүйл заалтад дурдсан үг хэллэгийн дагуу бичсэн. Ингэж хуулийн үг хэллэгийн дагуу бичихийг бидэнд Прокурорын байгууллагаас шаарддаг. Ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг тухайн шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт болон Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад холбогдох материалд дэлгэрэнгүй дурдсан байгаа.

... Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн З-т Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна. 2.1 дүгээр зүйлийн 4-т Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 2.1 дүгээр зүйлийн 5.3-т зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг үйлдсэн хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан байна.  Иймээс “УБ Транс” ХХК нь дээр дурдсан Иргэний хуульд заасанчлан “ашгийн төлөө” Гаалийн Ерөнхий газраас олгосон зөвшөөрлийн дагуу гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулдаг атлаа С.М ын хайхрамжгүй үйлдэл нь манай байгууллагад ямар ч ашиггүй, харин ч байгууллагын ажил хэрэг, нэр хүндэд хортой үйлдэл.... байна хэмээн тайлбар өгч буй нь учир дутагдалтай байна. С.М  болон бусад эрх бүхий гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүд, тэдгээрийн явуулж буй үйл ажиллагаа байхгүй бол “УБ Транс” ХХК ашиг орлого олох болон оршин тогтнох боломжгүй юм. Иймд “УБ Транс” ХХК-ийн гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн С.М  нь тухайн Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн гэж үзэж байна.

... С.М аас тайлбар авч, гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хүн өөрөө мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Бүртгэгдсэн мэргэжилтэн гаалийн харилцаанд оролцож байгаа мэдүүлэгчийн өмнөөс гэрээ байгуулж, гаалийн байгууллагыг төлөөлж, мэдүүлж, зуучлалын үйл ажиллагаа явуулснаараа төлбөр авч байгаа. Энэ төлбөр нь тухайн “УБ транс” ХХК-ийн гол ашиг олж байгаа арга хэлбэр юм” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т  нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсаар “УТ” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т заасныг үндэслэж 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ . Шийтгэлийн хуудсын он засвартай байх боловч хариуцагчаас 2019 онд үйлдэгдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн.

Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Улсын байцаагчаас гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэх боловч аль зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй, шийтгэлийн бүртгэгдсэн мэргэжилтэн болох хувь хүнд ногдуулах ёстой байхад хуулийн этгээдэд ногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлд нийцээгүй, холбогдсон этгээдийн гэрчээр асууж, хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж маргасан. 

 

Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. 

“УТ” ХХК нь гаалийн зуучлагчийн эрхтэй тухайд хэргийн оролцогчид маргахгүй байх ба С.М ыг “гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн”-ээр ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулжээ .

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаалийн зуучлагч “УТ” ХХК-д бүртгэгдсэн мэргэжилтэн болох С.М  нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Н.Шагдарын нэр дээр Япон улсаас орж ирсэн автомашины гаалийн мэдүүлэг -ийг нөхөн бичиж, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр илгээхдээ барааны кодыг буруу/8703.40.13/ бичиж гаальд мэдүүлсэн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна. 

Энэ тохиолдолд Гаалийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “гаалийн зуучлагч энэ хуулийн 57.2-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:”, 69.2.6-д “улсын хилээр нэвтрүүлэх барааны талаарх мэдээллийг ... гаалийн байгууллагад өгөх” гэж заасны дагуу гаалийн мэдүүлэгчийн үүргийг хүлээн гаалийн харилцаанд оролцож буй этгээд нь мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-т “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцах…”, 57.2.6-д “гаалийн хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” мэдүүлэгчийн үүргийг хүлээхээр байх тул гомдол гаргагчийн “хуулийн этгээдэд бус хүнд хариуцлага тооцох ёстой байсан” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, Гаалийн зуучлагч болох хуулийн этгээд нь мэдүүлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр мэдүүлэгчийн нэрийн өмнөөс түүний эрх үүргийг хэрэгжүүлэн гаалийн харилцаанд оролцож байх тул гаалийн мэдүүлгийг алдаатай гаргаснаас үүсэх үр дагаврыг мэдүүлэгч өөрөө буюу маргааны тохиолдолд зуучлагч хариуцах нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Зөрчил үйлдсэн ..., хуулийн этгээдэд ...шийтгэл ногдуулах” зарчимд нийцнэ.

 Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2-т зааснаар гаалийн зуучлагч нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнээрээ дамжуулан гаалийн үйл ажиллагаанд оролцохоор заасан байх ба С.М  нь зөвхөн “УТ” ХХК-ийн мэргэжилтнээр бүртгэгдсэн тухайд хэргийн оролцогчид маргахгүй, “С.М  нь бүртгэгдсэн мэргэжилтэн болохынхоо хувьд гаалийн мэдүүлгийг нөхөн бичих цахим системд нэвтрэх тусгайлсан эрхтэй” хэмээн хариуцагч тайлбарлаж байна. 

Мөн С.М  нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ барааны кодыг буруу бичиж мэдүүлсэн, албан татварын үүссэн зөрүүг бараа хүлээн авагч төлнө гэсэн гэж мэдүүлсэн , улмаар барааны мэдүүлэгт автомашины үйлдвэрлэсэн огноог зөрүүтэй бичсэний улмаас суудлын автомашины онцгой албан татварын ногдлыг буруу тодорхойлсноо 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр залруулж, татварыг барагдуулсан болохоо шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байна .

Дээрхээс үзвэл, гаалийн мэдүүлэг гаргахтай холбоотой хуулиар тусгайлан зохицуулсан гаалийн харилцаанд С.М ыг “УТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэж зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэнд хариуцагчийг буруутгах боломжгүйн дээр зөрчилд холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэхээргүй байна. 

Нөгөө талаас, гаалийн байгууллагын сургалтад сууж гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний эрх авсан хувь хүн нь дангаараа гаалийн зуучлагчийн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй байх ба гаалийн зуучлагчийн эрх бүхий аль нэг хуулийн этгээдэд харьяалагдан, түүний нэрийн өмнөөс гаалийн зуучлагчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байх тул нэхэмжлэгчийн “мэргэжилтний үйл ажиллагаа тусдаа бөгөөд бүртгэгдсэн мэргэжилтний хүлээх хариуцлагыг хуулийн этгээдэд хүлээлгэж байгаа нь шударга бус” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Харин гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа нь бүртгэгдсэн мэргэжилтний үйл ажиллагаагаар илэрхийлэгдэхийн сацуу зуучлагч нь зуучлалын үйл ажиллагааны төлбөрөөр санхүүжихээр байх тул маргаан бүхий акт нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасанд нийцсэн байна.

Хэдийгээр мэдүүлгийг хүлээж авсан гаалийн улсын байцаагчаас мэдүүлгийг нягтлан шалгалгүйгээр гаалийн бүрдүүлэлтийг хийж, барааг улсын хилээр нэвтрүүлсэн байх боловч энэ төрийн албан хаагчид сахилгын хариуцлага ногдуулах үндэслэл болохоос  бус  зөрчил   үйлдсэн   хуулийн   этгээдийг   хариуцлагаас   чөлөөлөх   үндэслэл болохгүй.

Мөн эрх бүхий албан тушаалтнаас хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцогчоор тогтоогоогүй, бүртгэгдсэн мэргэжилтнээс гэрчийн мэдүүлэг авсан, шийтгэлийн хуудаст гаалийн хууль тогтоомжийн аль зүйл заалтыг зөрчсөнийг тэмдэглээгүй зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу албажуулаагүй байх боловч энэ нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохооргүй байна. 

Иймд “УТ” ХХК-иас Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т т холбогдуулан гаргасан “Гаалийн улсын байцаагч Ж.Т ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14-т заасныг баримтлан гомдол гаргагч “УТ” ХХК-иас Улаанбаатар хотын гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.Т т холбогдуулан гаргасан “Гаалийн улсын байцаагч Ж.Т ийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 0243041 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Ц.МӨНХЗУЛ