Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0812/З |
Дугаар | 221/МА2023/0281 |
Огноо | 2023-04-26 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0281
Л.Б гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч Л.Б*******
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч Л.Б
Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Т
Гомдлын шаардлага: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 0072265 дугаартай 100 нэгжээр торгож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.П
Хариуцагч Н.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0812/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр:
“Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.4-т заасныг баримтлан Л.Б Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Н.Т холбогдуулан гаргасан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 0072265 дугаартай 100 нэгжээр торгож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Л.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
2.1.“...Миний бие Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Уяачдын 4 дүгээр гудамжны 1 тоотод байрлах “Галуут бор өндөр” гэх дэлгүүрийг Ш.Ц түрээсэлж 2022 оны 10 дугаар сараас эхэлж ажиллуулахдаа тухайн түрээсийн байранд анх түрээслүүлэгчийн шилжүүлж өгсөн эд зүйлсээс өөрөөр ямар нэгэн цахилгаан хэрэгсэл залгаагүй ба анх эзнээс нь түрээсэлж авахад хамт дагалдсан эд зүйлс “лангуу, хөлдөөгч, хөргөгч...” зэргийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байсан болно.
2.2.Мөн тус дэлгүүрийн цахилгаан холболт буюу монтаж болон түүний чанарыг түрээслүүлэгч Ш.Ц хийлгэсэн ба миний бие цахилгааны доголдлыг мэдэх боломжгүй байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т заасны дагуу түрээслэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой ашиглалтын шаардлага хангасан эд зүйлсийг түрээслүүлэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан.
2.3.Гэтэл Л.Б намайг тухайн түрээсийн байрыг түрээслэн ажиллуулж байснаар маань буруутгаж зөрчлийн хариуцлагад татаж шийдвэрлэснийг миний бие үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн гаргасан хууль бус шийтгэлийн хуудсыг хууль зөрчөөгүй байна гэж үзэж шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна.
Галын шинжээчийн дүгнэлтээр тухайн түрээсийн байранд гал гарах болсон шалтгаан тогтоогдоогүй болно.
Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1.Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Уяачдын 4 дүгээр гудамжны 1 тоотод байрлах “Галуут бор өндөр” нэртэй 15х6 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийг гуравдагч этгээд Ш.Ц*******тэй байгуулсан “Хашаа байшин, дэлгүүр хөлслөх” гэрээний дагуу гомдол гаргагч Л.Б нь түрээслэн ажиллаж байх хугацаанд буюу 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гал гарч дэлгүүр, арын хэсэг, эд хогшил шатаж, хохирлын үнэлгээ нийтдээ 36.235.727 төгрөгөөр тогтоогдсон байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ.
Тухайн үед гомдол гаргагч Хан-Уул дүүргийн 2 дугаар хэлтсээс хэргийн газар ирсэн цагдаагийн бие бүрэлдэхүүнд гал түймэр гадны нөлөөллөөс болоогүй гэж тайлбарлан шалгуулахаас татгалзсан төдийгүй учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь баримтаар тогтоогдсон, өөрөөр хэлбэл 45-60 хоногийн дотор түрээслүүлэгч талын хохирлыг барагдуулах бөгөөд хохирлын үнэлгээ болон шүүх цагдаад хандахгүй байхыг хүссэн хүсэлтээ бичгээр гаргасан энэ тохиолдолд галын аюулгүй байдлыг хангах үүргээ зөрчсөн гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагчаас гомдол гаргагчийг галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж буруутгасан, тэрбээр түрээслүүлэгч Ш.Ц дэлгүүрийг хүлээн авснаас хойш 7 сар орчмын дараа гал гарсан байгаагаас үзэхэд ашиглалтын шаардлага хангаагүй эд хөрөнгө шилжүүлсэн гэж гуравдагч этгээдийг буруутгах боломжгүй.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд “…гал түймрийн голомтыг тухайн байшингийн дотор талаас үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин цааш тархсан, гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэний улмаас богино холболт, шилжилтийн эсэргүүцэл болж гал түймэр гарсан байх магадлалтай…”,
-“Хашаа байшин, дэлгүүр хөлслөх гэрээ”-ний 5.1-д “Хөлслөгч хашаа, байшин, дэлгүүрийг буцааж хөлслүүлэгчид хүлээлгэн өгөх өдөр хөлслүүлэгчийн эд хөрөнгөд хөлслөгчийн буруутай үйлдлээс шалтгаалан хохирол учруулсан тохиолдолд хөлслөгч уг хохирлыг бүрэн барагдуулж хөлслүүлэгчийг хохиролгүй болгоно”, 5.3-т “Тавдугаар бүлэг” гэрээний хариуцлага гэх хэсэгт бичсэн хохирол гэдэгт хөлслөгчийн буруутай үйлдлээс шалтгаалан хөлслүүлэгчийн хашаа, байшин, дэлгүүр, бусад эд хөрөнгөд учирсан хохирлыг хэлнэ”,
-мөн шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.17-д “Барилга байгууламжийг түрээслэх гэрээнд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар заавал тусгана”,
-Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр гарсан тухай 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 013/136-963 дугаар актад гал түймэр гарсан шалтгааны талаар дурдсанаас гадна “…“В” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн В22-173 дугаар үнэлгээний тайлангаар 36.235.727 төгрөгийн хохирол учирсан…” гэж тус тус заасан байх тул маргаан бүхий актаар түрээслэгч, одоогийн гомдол гаргагч Л.Б 100 нэгжээр торгож, учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-т заасанд нийцсэн байна.
Иймд “...тухайн түрээсийн байранд анх түрээслүүлэгчийн шилжүүлж өгсөн эд зүйлсээс өөрөөр ямар нэгэн цахилгаан хэрэгсэл залгаагүй, ...дэлгүүрийн цахилгаан холболт буюу монтажийг түрээслүүлэгч Ш.Ц хийлгэсэн ба миний бие цахилгааны доголдлыг мэдэх боломжгүй байсан...” гэж давж заалдах гомдол үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 174 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дараа “…133.2-т …” гэснийг “113.2-т” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагч Л.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН