Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бу-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Д.Цолмон,

          шүүгдэгч Х.Бу-ын өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Дэлгэрням,

          хохирогч Д.О-,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бу-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Дэлгэрням, хохирогч Д.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Бу-т холбогдох эрүүгийн 1708 0202 60170 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овгийн Х.Бу-, 1981 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэст эрүүгийн мөрдөгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /РД:.../,

Х.Бу- нь 2015 оны 3 дугаар cap, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 16-наас 17 шилжих шөнө тус тус ... хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О-тай “... миний амьдралыг балласан ...” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газруудад нь цохиж, бие махбодид нь “баруун хацар, уруулын нугалаас, уруул, 2 дал, баруун гарын 4 дүгээр хуруу, зүүн гарын 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцралт, цус хуралт” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... хороо, Москва хорооллын 133/3 дугаар байрны 133 тоотод “салсан эхнэрээ зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж ажилласан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч М.Ганчулуун, Б.Тэмүүжин, Б.Бат-Очир, Ц.Ганбаатар нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ... хороо, Москва хорооллын 133/3 байрны 133 тоотод “салсан эхнэрээ зодоод байна” гэх дуудлагын дагуу очиж ажилласан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн албан хаагч Б.Тэмүүжингийн албан үүрэгтэй нь холбогдуулж, баривчлах явцад түүний гарыг мушгиж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Бу-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Бу-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Х.Бу-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Х.Бу-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бу-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.Бу-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бу- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 хоногийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бу-ын цагдан хоригдсон 114 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар утасны бичлэг бүхий CD 1 ширхэг, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулж буй бүхий CD 5 ширхэг, гэрт нэгжлэг хийсэн бичлэг бүхий CD 3 ширхэг, тээврийн хэрэгслийн цонх хагалж буй бичлэг бүхий CD 1 ширхэг буюу нийт 10 ширхэг CD болон шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн CD 1 ширхэг, Авилгатай тэмцэх газраас шүүхэд ирүүлсэн CD 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Бу- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагаанд анхнаасаа хувийн ашиг сонирхол, эрхэлсэн ажил алба, эрх мэдлээ ашигласан хэсэг бүлэг хүмүүсийн хөндлөнгийн нөлөөлөл, оролцоо маш их байсан. Гэм буруутан болгож харагдуулах, гүтгэлгийн шинжтэй болгох гэсэн ажиллагааг явуулж байсан тул мэдүүлэг өгөөгүй. Шинэ хууль хэрэгжиж байсан тул өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхийг хүссэн. Анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Гэр бүлд байдаг жижиг маргаан, үл ойлголцол, зөрчлийн шинжтэй асуудлыг хүчирхийлэл, заналхийлэл, бэлтгэгдсэн аюултай хүн мэт болгон харагдуулах ажиллагааг зохион байгуулсан.

Миний сонгож аваагүй, хууль бус, гэрээ хийгээгүй хүнийг томилолт нэрийн доор өмгөөлөгч Ганбатыг оролцуулан, прокурор Ганзоригтой үгсэн тохирч цагдан хорихыг эрмэлзсэн.

Эдгээр хүмүүс нь намайг шинэ албанд томилогдсон цагаас хойш ялгаварлан гадуурхаж, шахалт үзүүлдэг удирдлага Манлайбаатар, Алтангэрэл, дор нь ажилладаг Мөнхбат, Ууганболд, Энхбаатар, Гэлэгжамц, урьд өмнө нь удирдлаганд ажиллаж байсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч болсон нэг нутаг, сум, найз нөхөд болсон дотно харилцаатай хэсэг бүлэг дээрх хүмүүс байсан.

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шийтгэсэнд миний бие маш их гомдолтой байна.

Хөндлөнгийн нөлөөлөл, прокурорын хууль бус ажиллагаа, оролцоо, хувийн ашиг сонирхол, сэдэлттэй хүмүүсийн мэдүүлэг, худал хэлсэн үгийг үндэслэл болгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт, гэрч, хүсэлт, гомдлыг шалгаж өгөөгүй, хүлээж аваагүй, хэт нэг талыг барьж шалгасан. Эдгээр нь шүүх, нотлох баримт, хэрэгт авагдсан материалыг шинжлэн судлах явцад гэмт хэргийн шинжтэй мэт харагдах, дүгнэлт, шийдвэр гаргахад нөлөөллийг үзүүлсэн.

1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн.

Энэ нь ямар ч гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаагүй. Хохирогч өөрөө хэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэргийн шинжгүй гэж шүүх хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэснийг ойлгохгүй, зөвшөөрөхгүй байна.

Хохирогч Д.О- нь асар их нөлөөлөл, оролцоо байсныг хэлсэн. Хэрхэн гэмтэл авсан талаараа үнэн зөвөөр мэдүүлэг өгснийг өөрөөс нь шүүх дээр сонссон. Д.О-д учирсан гэмтэл нь хохирогчийн сэтгэл санааны хэвийн бус байдал, салсан гэх шалтгааны өс хонзон, над руу дайрч давшилсан, эд зүйлээр цохиж, шидсэн, хууль бус үйлдлээс болж учирсан хохирол. Хэдий салсан ч 2 хүүхдийн минь эх нь учраас ойр дотно байдаг, биед нь халдаж, цохиж зодож байсан асуудал байхгүй. Тухайн нөхцөлд хэрүүл маргаанаас зайлсхийсэн, сонсохыг хүсэхгүй гэсэндээ хаалгыг хаах үед гарт баригдсан зүйлээр цохих, шидэх гэж эргэж харах явцдаа унтлагын өрөөний хаалгыг мөргөсөн нь гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл биш. Мөр, хоёр гарын сарвуунд гэмтэл учирсан байдаг. Хохирогчийн хууль бус үйлдэл түүнийг хориглох үед үүссэн.

Алтангэрэлийн худал мэдүүлгийг үндэслэл болгосон. Энэ хүн нь хувийн сонирхлоор хандаж ирсэн. Хохирогчийн ах Ганболдын мэдүүлгийг мөн үндэслэл болгосон. Д.О- нь ах Ганболд болон эгч нартаа намайг болж бүтэхгүй, харлуулах байдлаар ярьдаг. Ганболд нь дэргэд байгаагүй, хараагүй.

Иймд хохирогч Д.О-ын салсан гэх шалтгаанаар өс санасан санаа бодол, хууль бус, зүй бус үйлдэл, харилцаа, сэтгэл санааны хэвийн байдал алдагдсан нөхцөл байдлын улмаас надад болон өөрт нь хохирол учирсан. Гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан нөхцөл байдлыг харгалзан хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Эрүүгийн хуулийн 23.1, мөн 11.6 дугаар зүйлд заасан заалтаар гэм буруутайд тооцсон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар судлуулах, шалгуулахаар гомдол гаргаж байна. Прокурор Ганзориг бичгээр болон амаар гаргасан гомдлыг шалгуулах хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байсан.

23.1 дүгээр зүйл заалтыг шийдвэрлэхийн тулд хэрэглэвэл зохих хууль, журам, зааврыг авч үзээгүй, хэрэглээгүй. Цагдаагийн алба хаагч хууль, дүрэм, журмын дагуу зөв ажилласан эсэхийг тогтоож чадаагүй. Яллах, гэм буруутай болгох гэж зөвхөн нэг талыг барьж шалгасан.

Баривчлах нэрийн дор өөрсдийн буруу бодол төсөөллөөр Ганчулууны хажуугаар гарах үед араас боосон, газар унасан хойно дээрээс дэвсэж өшиглөсөн, тусгай хэрэгсэл биш суран бүс, тэлээ хэрэглэж зүүн гар, нуруу, толгойд гэмтэл, хохирол учруулсан. Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэн үйлдэл байсан. Шинжээчийн дүгнэлт, Тэмүүжингийн яриа, дууны бичлэг, Авлигатай тэмцэх газрын авсан гэрэл зураг, ил гаргаагүй камерийн бичлэгээр нотлогдоно. Анагаахын шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. Тал бүрээс нь бүрэн гүйцэд асуултыг тавьж чадаагүй орхигдуулсан. Миний зүүн гар 2 удаа мэс засалд орж байсан. Тэмүүжин, Ганчулуун нарын ярьж байгаа үйлдлийг хийх боломжгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогч нарт хөндлөнгөөс нөлөөлсөн оролцоо, шууд болон шууд бус хувийн сонирхлоор хандсан. Миний бие цагдан хоригдож байх хугацаанд миний 5 настай охиныг асран хамгаалагчийг худал хэлж авч явсан. Улмаар ахлагч Солонго гэх эмэгтэй халхавчлан буудалд хонуулсан. Холбогдох хууль дүрмийг зөрчсөн, хууль бус ажиллагааг явуулсан.

Хэрэгт хяналт тавьж байсан прокурор Ганзориг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хохирогч, гэрч нарт миний эсрэг мэдүүлэг өгөх арга, хэлэх үгийг зааж өгдөг, хувийн сонирхолтой, дотно харилцаатай, сүрдүүлэх, шахалтыг үзүүлэн нөлөөлж оролцсон. Прокурор Ганзориг, хохирогч Ганчулуунтай нууцаар уулзаж байсан. Түүнийг ажлын бус оройн цагаар дуудаж ирүүлдэг. Миний эсрэг мэдүүлэг хэрхэн өгөх зэргээр үг зааж өгдөг зэрэг хууль зөрчсөн нь баримтаар надад байна.

Энхбаатарын худал өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон. Энхбаатар нь надтай хувийн сэдэлт, шууд хувийн сонирхлоор ханддаг хэсэг бүлэг хүмүүсийн нэг юм. 

4. 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой цагдаагийн 4 алба хаагчийн аргагүй байдал, нөхцөл үүсээгүй байхад биед халдсан, хийсэн үйлдлийн талаарх дүрсний, камерийн бичлэгтэй баримт нь надад байна. Далд камерийн бичлэгт тодорхой харагдана. Аргагүй байдалд орсон нөхцөл үүсээгүй байхад биед халдсан. Хэргийг үнэн зөвөөр тогтооход ач холбогдолтой хөндлөнгийн нөлөө, оролцоо, хувийн сонирхол нь мөрдөн байцаалт, шүүхийн харах өнцөг, дүгнэлт гаргах, шийдвэрт нөлөөлсөн. Гэм буруугүйгээр хохирол учруулсан, бодит үнэнийг нэг талыг биш тал бүрээс нь шалгуулах, шинжлэн судлуулахаар уг гомдлыг гаргав. Иймд бодит байдалт нийцээгүй тул маш их гомдолтой байна, бодит байдалтай нийцээгүй байх тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Бу-ын өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Х.Бу-ыг гэм буруугүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Хохирогч гэх Д.О- нь 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд хэрэг учрал болсон өдрийн талаар үнэн зөв, дэлгэрэнгүй ярьсан. Харин мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор, цагдаагийн албан хаагчдын тодорхой хэмжээний дарамт шахалтын улмаас үнэн зөв мэдүүлэг өгч чадаагүй гэдгээ ч хэлсэн. Өөрөөр хэлбэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Д.О- нь өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан, Х.Бу-ын оролцоо байхгүй гэсэн үг. Нөгөө талаас анхан шатны шүүх яллах дүгнэлтэд дурдагдсан Х.Бу-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үнэлж дүгнэн хэрэгсэхгүй болгосон мөртлөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.Бу-ыг зохих журмын дагуу баривчлах ажиллагаа огт явагдаагүй, түүнийг манай гэрт камер байгаа, та нарын бүх үйлдэл бичигдсэн гэж хэлмэгц дуудлагаар ирсэн 4 цагдаа гараад явсан гэдэг. Гэрч Э.Энхбаатарын мэдүүлэгт хохирогч гэх Б.Тэмүүжингийн биед хэрхэн гэмтэл учирсныг үзсэн харсан сонссон талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Б.Тэмүүжингийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн, гэм буруугийн ямар хэлбэрээр учруулсан гэдэг нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Х.Бу-ыг гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа болно.

3. Анхан шатны шүүх Х.Бу-ыг хууль сахиулагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, тэд нарт зүй бус үг хэлсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болохыг зөвхөн хохирогч нарын мэдүүлгээр л нотлогдсон гэж үнэлж дүгнэсэн. Харин шүүх хуралдаанд хохирогч Д.О- 4 цагдаа Х.Бу-тай хэрхэн харьцаж, түүнд юу юу гэж хэлж байсан талаар тодорхой мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл Б.Тэмүүжин, Б.Бат-Очир, Ц.Ганбаатар, М.Ганчулуун нар нь өөрсдийн хууль бус үйлдлээ нуун далдлахын тулд илт худал мэдүүлэг өгч байхад харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Хохирогч Б.Тэмүүжин “Б.Бат-Очир Х.Бу-ыг тагтнаас татан оруулж ирсэн” гэж мэдүүлдэг бол, Б.Бат-Очир “Х.Бу- тагтнаас өөрөө орж ирсэн” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Үүнээс харахад тухайн үед Х.Бу-ын амь насыг аврахын тулд хууль сахиулагч нар түүнийг тагтнаас оруулж ирсэн гэдэг нь үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байхад анхан шатны харгалзаж үзээгүй.

Х.Бу-, хохирогч Д.О- нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харахад: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Б.Тэмүүжин, Б.Бат-Очир, Ц.Ганбаатар, М.Ганчулуун нар нь дуудлагаар ирээд зохих журмын дагуу ажиллаагүй. Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтран гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн А-224/102 тоот тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Цагдаагийн эргүүл, харуулын дүрмийг хэрэгжүүлэх, Эргүүлийн үүрэг гүйцэтгэх, Авто эргүүл ажиллах зааврыг тус тус зөрчсөн болох нь тогтоогддог.

4. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй талаар.

4.1. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр жижүүрийн цагдаа, жолооч албан тушаалтай, цагдаагийн ахлах ахлагч Б.Бат-Очирын эзэмшлийн гар утсанд үзлэг хийж 24 секундын гэх бичлэгийг хуулбарлан авчээ.

1 дүгээр хавтаст хэргийн 48, 49, 50 дахь хуудаснаас харахад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр уг CD-нд үзлэг хийн уншуулж, 3 ширхэг фото зураг хэвлэсэн байна. Мөн өдөр мөрдөгчийн тогтоол үйлдэж CD-г эд мөрийн баримтаар тооцжээ.

Х.Бу-ын өмгөөлөгчийн хувьд ахлах ахлагч Б.Бат-Очирын эзэмшлийн гар утсанд 24 секундын биш түүнээс их цаг хугацааг хамарсан бичлэг байсан гэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа. /Х.Бу-: тухайн үед болсон бүх үйл явдлыг дуудлагаар ирсэн цагдаа гар утсаараа бичиж авсан гэж хэлдэг/

Тиймээс Б.Бат-Очирын эзэмшлийн цагаан өнгийн гар утсанд дахин үзлэг хийж, бичлэгийг хуулбарлан авч, эд мөрийн баримтаар тооцон хэргийн бодит байдлыг тогтоох.

4.2. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13321 тоот шинжээчийн дүгнэлтээр Х.Бу-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон байна. 13321 тоот шинжээчийн дүгнэлтийг Х.Бу-т танилцуулахад “дахин шинжилгээ хийлгэх хүсэлт” гаргажээ. Үндэслэл нь миний биед учирсан зарим гэмтэл, үүссэн шархыг орхигдуулсан байна, хөнгөн зэргийн гэмтэл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2 дугаар хавтаст хэргийн 40 дэх хуудсанд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзах тухай мөрдөгчийн тогтоолоор дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Энэхүү мөрдөгчийн тогтоолыг яллагдагч Х.Бу-, түүний өмгөөлөгчид танилцуулаагүй, мэдэгдээгүйн улмаас гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй хязгаарлагдсан.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх эсэхийг шийдвэрлэх бүрэн эрх нь мөрдөгчид биш харин шүүх, прокурорт олгогдсон байна. Тиймээс мөрдөгчийн хууль бус тогтоолыг хүчингүй болгож, дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шийдвэрлэх.

4.3. Х.Бу- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “би эрүүл байхдаа болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ салсан эхнэр Д.О-ынд очдог, гэхдээ агсан согтуу тавиад хэрүүл зодоон хийгээд байдаггүй” гэж мэдүүлсэн, хохирогч гэх Д.О- анхан шатны шүүх хуралдаанд үүнийг нотолсон мэдүүлэг өгсөн. Харин Ганболд, Сүх-Очир, Гантөр нарын мэдүүлгээр арай өөр нөхцөл байдал тогтоогддог. Үүнийг ашиг сонирхлын зөрчилтэй мэдүүлгүүд гэж үзэж байна.

Тухайн үед Д.О-ын эгчийн хүүхэд болох Нямбаяр /эмэгтэй/ нь Д.О-тай хамт амьдардаг байсан бөгөөд Х.Бу-ын талаарх бодит үнэнийг хэлнэ гэж үзэж байна.

Нямбаяраас гэрчийн мэдүүлэг авч Х.Бу- нь Д.О-д догшин ширүүн ханддаг байсан эсэх., түүнийг зоддог эсэх, хэрүүл шуугиан гаргаж агсам тавьдаг байсан эсэхийг тодруулах.

4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Бу-ыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод хохирогчоор 2 удаа мэдүүлэг авсан. Шинжээчийн 13321 тоот дүгнэлтээр Х.Бу-ын биед гэмтлийн хөнгөн зэрэг учирсан болохыг тогтоосон, шинжээчээс мэдүүлэг авчээ. Үүний дараа 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол гарч Б.Тэмүүжинг холбогдуулан шалгасан байдаг.

3 дугаар хавтаст хэргийн 115, 116 дахь хуудсанд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 67 тоот прокурорын тогтоолоор Б.Тэмүүжинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнийг яллагдагчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан.

Х.Бу- нь өөрийн биед учирсан гэмтлийг Д.О- учруулсан гэж мэдүүлдэг, шинжээч эмчийн өгсөн мэдүүлгээр дан ганц Б.Тэмүүжингийн учруулсан гэмтэл мөн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байхад энэ талаар шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.

Х.Бу-ын биед учирсан гэх гэмтлийг Б.Тэмүүжин, Д.О- нарын хэн нь учруулсан болохыг шалган тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх

4.5. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “яллагдагч Х.Бу-т хэргийн материал танилцуулж байх үед хавтаст хэргээс урж амандаа хийж зажилсан, нотлох баримт устгасан, танилцаагүй” гэх агуулгатай зүйл бичигджээ.

Гэхдээ энэ нь нотлох баримтаар тогтоогддоггүй бөгөөд яллагдагчийг хэргийн материалтай танилцуулахгүй байх хууль бус арга гэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлдэг болно. /мөрдөгч комиссар уг үйл явдал цагдан хорих 461 дүгээр ангийн байцаалтын өрөөнд болсон гэдэг ч камерийн бичлэг байхгүй гэж хэлсэн./

Мөн комиссар Э.Ганбат нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дуусган Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч Х.Бу-т хэргийн материал танилцуулсан. Тухайн өдөр энэ талаар түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Дэлгэрням нарт утсаар мэдэгдсэн бөгөөд маргааш үдээс хойш Авлигатай тэмцэх газарт очиж хавтаст хэргийн материалтай танилцъя гэж хэлсэн. Өмгөөлөгч Ц.Гансүх миний бие 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 11:28 минут, 11:38 минутанд тус тус мөрдөгч комиссар Э.Ганбатын 91000095 дугаарын гар утас руу залгасан боловч утсаа аваагүй. Мессеж бичихэд “хэргийг прокурорт шилжүүлсэн” гэж хариу ирүүлсэн.

Харин өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын удаа дараа залгасан утсыг авахгүй байж байгаад 15:40 минутанд утсаа авч ярихдаа “дөнгөж сая прокурорт шилжүүлчихлээ, тэнд очоод танилц” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл нэг хэргийн материалыг хоёр өөр цаг хугацаанд нэг нэг удаа прокурорт шилжүүлсэн гэх агуулгатай зүйл хэлж өмгөөлөгч нарын хэргийн материалтай танилцах эрхийг ноцтой зөрчсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед комиссар Э.Ганбатын дээр дурдсан хууль бус санаатай үйлдлийн талаар хяналтын прокурор, дүүргийн ерөнхий прокурор, улсын ерөнхий прокурорын газарт хандан хүсэлт, гомдол гаргасан.

Улсын ерөнхий прокурорын туслах, хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэлийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн гомдол шийдвэрлэсэн тухай 5/36 тоотод: “мөрдөгч комиссар Э.Ганбатын эрүүгийн 1708020260170 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, хавтаст хэргийн материалтай танилцахыг өмгөөлөгчид мэдэгдэж, танилцах хугацаа, боломж, нөхцлөөр хангасан эсэхийг шалгах үүргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт өгсөн” гэж байгаа.

Өнөөдрийг хүртэл дээр дурдсан нөхцөл байдлыг шалгаж тогтоосон, холбогдох арга хэмжээ авсан зүйл байхгүй, Х.Бу-ын өмгөөлөгч нарт бичгээр ямар нэг хариу өгөөгүй болно. Х.Бу-, түүний өмгөөлөгч нарын хэргийн материалтай танилцах эрхийг ноцтой зорчсөн эс үйлдэхүйг шалган тогтоох.

Эдгээрийг харгалзан үзэж Х.Бу-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Бу-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

1. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О-ыг зодож хөнгөн хохирол учруулсан үйлдлийн талаар.

Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугaap зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга буюу хохирогчийн эсрэг чиглэсэн, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаа бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй буюу байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, байнга догшин авирласан, байнга тарчлаасан гэх үйл баримт холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэвч шүүх гэм буруугийн талаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх байнга зодсон, байнга харгис хэрцгий харьцсан, байнга догшин авирласан, байнга тарчлаасан гэх үйл баримт холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Х.Бу-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Д.О-ын биед хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, бодит үйл баримтаас илтэд зөрүүтэй, логикийн хувьд зөрчилтэй, шүүх өөрийнхөө хийсэн дүгнэлтийн эсрэг шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2. Б.Тэмүүжингийн биед хөнгөн хохирол эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж учруулсан гэх үйлдлийн талаар.

Х.Бу-ын зүгээс цагдаагийн алба хаагч Б.Тэмүүжингийн биед халдсан ямар нэг халдлага огт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл Х.Бу- түүнд хүч хэрэглэсэн, цохисон, зодсон, өшиглөж гэмтээсэн, гарыг нь өчсөн, зориуд гэмтээсэн гэх мэт нэг ч үйлдэл хийгээгүй байхад бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан дараах хохирогч нарын таамаглал төдий мэдүүлгүүд мөн л яг тухайн үед ямар их эргэлзээтэй, хэн нэгнийг шууд буруутгах боломжгүй үйл явдал болсон гэдгийг нотолж байна:

- Хохирогч Ц.Ганбаатарын “Х.Бу-ыг гавлах гээд цагдаа Б.Тэмүүжин бид хоёр гарнаас нь бариад, Б.Бат-Очир, М.Ганчулуун хоёр биенээс нь барьсан байсан. Бид нартай ноцолдох үедээ Б.Тэмүүжингийн гарыг дараад уначихсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Бат-Очирын гэрчээр өгсөн М.Ганчулуун бид хоёр Х.Бу-ыг барьж доош нь унагаах үед Б.Тэмүүжингийн гараас Х.Бу- барьсан байх, тэгээд Б.Тэмүүжингийн гар гэмтсэн юм шиг байна лээ” гэх мэдүүлэг,

- Хавтаст хэрэгт авагдсан CD-ний бичлэгт “Тэмүүжин суухдаа өмдөө өөрөө урсан, гэмтсэн гэх гараа өөрөө Х.Бу-ын гараас хүчтэй татахад эвгүй болчихсон гэж ярьж байгаа бичлэг.

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн “Б.Тэмүүжингийн баруун бугуйн зөөлөн эдийн няцрал, холбоосын суналт бүхий гэмтэл нь түүний гарыг мушгиж, өчих, доош дарах үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг,

Хамгийн гол нь шууд эх сурвалж болох шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч Д.О- тухайн үед яг ямар үйл явдал болсон, Цагдаагийн албан хаагчид хэрхэн миний үйлчлүүлэгч Х.Бу-ыг доош нь харуулж хэвтүүлэн дээр дээрээс нь зодож цохиж байхыг өөрийн нүдээр харсан тухайгаа, Д.О-ыг Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан яаж удаа дараа шахаж шаардан, удаа дараа гэрээс нь дуудаж, гэр лүү нь машин явуулж, ингэж хэл, тэгж хэл гэж зааварлаж, хохирогчоор тогтоолгох гэж илтэд хувийн сонирхлоор ажилласан талаар болон Д.О- өөрөө хаалганд савуулж нүүрээ хэрхэн цохисон талаар удаа дараа маш ойлгомжтой бодитой мэдүүлсэн мэдүүлгийг анхааралдаа авна уу гэж хүсэж байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.Бу- нь Б.Тэмүүжингийн биед санаатай үйлдлээр гэмтэл учруулсан гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байх тул Б.Тэмүүжингийн биед хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогч Д.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 304 тоот шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хохирогч Д.О- би давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Миний биед хөнгөн гэмтэл учруулаагүй.

2015 оны 3 сард шөнө дунд Х.Бу- нэг хүнтэй ирж гэрт байсан архи уугаад хоносон. Өглөө нь би хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд буцаад ирэхэд нөгөө хүн нь байсан. Би тухайн үед маш их ууртай байсан болохоор нөгөө хүн нь түрүүлээд гарч яваад Х.Бу-ыг хүлээж байя гэсэн.

Тухайн үед Х.Бу- бид хоёр салах гэж байсан, хоёулаа стресстэй байсан. Х.Бу- нэг хүүхэнтэй орооцолдоод байгааг нь би мэдээд тэрийг нь хэлж маргалдсан. Х.Бу- нөгөө хүүхнээ өмөөрч чамаас сална гээд намайг тэр хүүхнээсээ дорд үзэж гоочилж байсан. Тэгээд тэр үед ширээн дээр байсан мөнгөн аягаар уур хүрээд Х.Бу-ын гар луу цохисон. Тэгтэл Х.Бу- намайг үгээр идээд “чамаас сална, байраа хүүхдүүддээ өгчихнө, хоёр хүүхдээ чамаас авна, тэнэг хүүхэн” гээд доромжилсон. Тэгэхээр нь би “миний хоёр хүүхдийн гэрт чи яагаад хүнтэй ирж архи дарс уудаг юм бэ, салах гээд байгаа бол тэр хүүхнийхээ гэрт уухгүй яасан юм бэ” гэсэн. Х.Бу- тэр хүүхэнтэйгээ намайг харьцуулаад янз бүрийн үг хэлж, миний уурыг маш их хүргэж байсан. Х.Бу- гарах гээд гутлаа өмсөөд үүдэнд зогсож байсан. Тэгээд би энэ архины шилээ өөрөө гаргаж хая, би чиний зарц биш гээд архины шилийг нь үүд рүү шидсэн, үүдний ханыг оноод хана цоорсон. Тэгээд Х.Бу- тэнэг хүүхэн чамаас сална гээд гараад явсан. Тухайн үед Х.Бу-ын дүү манайд хэсэг амьдарч байсан. Дүү нь тухайн үед байгаагүй, тэр өглөө удалгүй орж ирээд та яагаад уйлчихсан юм, хана чинь яагаад цоорчихсон юм, юу болсын гэхээр нь ах чинь нэг хүнтэй ирж архи уугаад архины шилээ хана руу шидсэн гэж хэлсэн.

2017 оны 8 сарын 20-ны өдөр. Манай 2 хүүхэд зуны амралтаар хадмынд байсан. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг орох дөхөж байсан. Х.Бу- өдөр нь хүүхдүүдээ хөдөөнөөс авчиръя, хүүхдүүдийн зузаан хувцсыг авъя гээд залгаад байсан. Би орой 19 цаг гээд тарна, ирээд ав гэсэн. Х.Бу-ыг намайг хаяаад өөр хүүхэнтэй амьдарч байгаа болохоор би Х.Бу-ыг зовоомоор санагдаад орой нь гэрт ирээд хаалга тогшихоор нь онгойлгож өгөөгүй. Тэгээд маргааш өдөр нь Х.Бу- хүүхдүүдийхээ дулаан хувцсыг, бас өөрийнхөө хувцсыг авъя хаалгаа тайлж өг л дөө гэхээр нь чи заавал гэрт ирж авах ёстой юм уу, би өөрөө өгчихнө гэсэн. Тэгээд орой нь Х.Бу- дахиад ирсэн. Хаалгаа тайлж өгөөгүй. Чи гэртээ байна шүү дээ, хаалгаа тайл л даа гээд хаалганы бариулаас дахин дахин татаад мултраад унасан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Салсан нөхөр хаалга нүдээд байна гээд дуудлага өгсөн. Цагдаа хаягаар ирчих байх гэж бодоод Х.Бу- утас руу залгаад байхаар нь утсаа салгасан юм. Хаалганы шагайвчаар харсан нэг цагдаа байсан, тэгээд хаалгаа онгойлгож өгсөн. Тэр цагдаа дуудлага өгчихөөд утсаа авахгүй юм, гэр бүлийн маргаан дээр цагдаа дуудаж цагдаагийн ажилд садаа болоод гээд нилээн юм хэлээд аашлаад байсан.

Тэр цагдаа нь шүүх хурал дээр ирсэн Бат-Очир гэдэг цагдаа. Би таньсан, өөрт нь ч өмнөх шүүх дээр “ах аа та намайг гэр бүлийн маргаан байна шүү дээ” гээд загнаад байсан гэж хэлж байсан. Тэгээд удалгүй дахиад хаалга тогшоод, би онгойлгож өгсөн. Х.Бу- 2 цагдаатай орж ирээд хүүхдүүдийхээ өөрийнхөө хувцсыг авъя гэсэн. Тэр 2 цагдаа энэ хүн чинь эрүүл байна, та 2 өөрсдөө учраа ол гэсэн тэгэхээр нь би утсаа аваад гадуур хувцсаа өмсөөд цагдаа нартай хамт гарсан. Гадаа 30-40 минут болсоны дараа даараад ганцаараа гэртээ орох гэснээ түрүүнд нь зүгээр байхад нь цагдаа дуудаад гээд надтай хэрэлдэж магадгүй гэж бодоод цагдаа дахиж дуудаад 2 цагдаа ирсэн. Тэгээд хамт орсон. Цагдаатай ороход унтлагын өрөөнд Х.Бу- унтаж байсан. Тэгээд нэг цагдаа нь Х.Бу-ыг сэрээгээд Х.Бу-аа яваагүй юу хийж байгаа юм бэ, босооч гэж байсан. Х.Бу- би унаагаа хүлээж байна, юу болсон бэ гээд боссон. Тэгээд тэр 2 цагдаа энэ хүн эрүүл юу ч болоогүй байна, та 2 өөрсдөө асуудлаа шийд гэхээр нь би байрны бичиг баримтаа, цүнхээ авч хувцсаа солиод хамт гарч явсан.

Би байрныхаа ойролцоо найз Батцэцэгийг дуудаад гэрт нь очиж хоносон. Тухайн өдөр Х.Бу- согтуу биш эрүүл байсан, бас над руу сандал авч шидээгүй, ийм асуудал болоогүй ээ.

Би мөрдөн байцаалтад яагаад тэгж мэдүүлсэн бэ гэхээр манайд ирсэн хүмүүс Х.Бу-ын эсрэг хэл гэж ятгаж байсан, манай ах эгч нар ч Х.Бу-ыг салаад явсан болохоор дургүй болсон, мэдүүлгээ өгөхдөө чи өөрөө сандал шидсэн гэж хэлж болохгүй, Х.Бу-ыг ширээ, сандал шидсэн гээд хэлчихгүй юу даа, хуулийн хүн юм чинь зүгээр гараад ирнэ гэж хэлж байсан. Манайд ирсэн хүмүүс ч гэсэн тэгээд хэлчих, тэгвэл зөв болно гэж хэлэхээр нь түүнийх нь дагуу мэдүүлгээ өгсөн.

2017 оны 10 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө юу болсон бэ гэхээр үүрээр шахуу 04:00 цаг болж байхад Х.Бу- ирсэн. Хөдөөнөөс манай эгч Догоожав ирсэн байсан. Х.Бу-аас салсан байхад эгчийг ирсэн байхад ирээд гээд би уурлаад Х.Бу- луу сандал шидээд жаахан маргалдаж байгаад эгчийгээ сэрээсэн. Манай эгч айраг авчирсан байсан. Х.Бу-т айраг хийж өгсөн. Тэгээд дахиад айраг ууя гэхээр нь айраг дууссан тул буцалсан ус хийж өгсөн чинь айраг өгчихгүй харамлаад, хар ус өгөөд байхдаа яадаг юм бэ гээд түлхээд байсан. Тэгээд би унтлагын өрөө лүүгээ ороод унтаад өгсөн. Х.Бу- манай эгчтэй хамт том өрөөнд утас бас аппаратан дээрх хүүхдүүдийнхээ зургийг үзээд ярьж байгаад унтсан. Эгчдээ бас байцаалтад Х.Бу-ыг ус хийж өгөхөд нь шидээд байсан гэдэг утгатай мэдүүлэг өгчих гэж зааж өгсөн.

2017 оны 10 дугаар сарын 19-ний орой би ажлаа тараад охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ орж ирээд байж байсан. Тэгээд унтлагын өрөөнд орж хэрэлдээд тэнд байсан юмаар Х.Бу- луу шидэж цохисон. Х.Бу- миний гарыг барьж, хөдөлгөөн хориод байсан. Тэгээд би гараа татаж аваад унтлагын өрөөний хаалгаар гараад хаалганы доор нь гэрийн тавчик байхаар нь авч шидэх гээд тонгойж аваад босох гэсэн хаалганы ард буланд байдаг оюутан дүүгийн хувцасны шүүгээний ирмэгт баруун талын эрүү, уруул хавиараа цохиод бас тэр үед нь Х.Бу- унтлагын өрөөнөөс хаалга онгойлгож өөдөөс гарч ирж давхацсан.

Тэгээд маш их өвдөөд дуугуй сууж байгаад гэнэт дотор бачуураад уур хүрээд би гоо сайханы ширээн доогуур Х.Бу-ын өөрийнх нь авсан оёдлын машины дэргэд  байсан сандлыг Х.Бу-ын өөдөөс нь шидчихээд оёдлын машины үүдэнд тавьсан. Үүдний шүүгээний өлгүүрт Х.Бу-ын куртик, пиджак, хайрцагтай гутал байхаар аваад цонхоор гаргаж шидсэн. Тэгсэн Х.Бу- яагаад байгаа юм бэ, тайвшир гэхээр нь дургүй хүрээд дэргэд байсан юмнуудаар цохиод уурлахад Х.Бу- миний 2 гарыг бариад хэсэг маргалдаж суусан. Тэгээд би “чи энэ зурагтаа ч аваад яв, чиний авсан зурагт биздээ, чамаас салаад намайг ажилгүй орлогогүй байхад ганц удаа ломбарданд тавьчихаад буцаагаад авчихъя гэсэн чинь харамлаад байсан биздээ гээд зурагтыг татсан чинь ар талын тогтоогчоосоо салаад тавиур дээр унаад эвдэрчихээр нь цонхоор хүн харж байгаад гаргаад хаясан. Тэгсэн Х.Бу- ах руугаа залга эсвэл ахынд чинь очьё, юу болсон, бас чамайг яасан болохыг чинь хэлнэ гээд байхаар нь бас сэтгэл бачуураад юу болоод байгаагаа ч ойлгохгүй хувцсаа өмсөөд түлхүүрээ аваад гарч явсан. Тэгээд орцны тэнд оюутан дүүтэй таарсан. Тэгээд дүүдээ миний утсаар ах руу залгаад Х.Бу- намайг зодоод хэрэлдээд гарахгүй байна гээд хэлээд өгөөч гэж гуйгаад хэлүүлсэн. Тэгээд ах цагдаад дуудлага өгсөн. Гэртээ оролгүй хүлээж бай цагдаа ирнэ гэж хэлсэн. Энэ бүх үйл явдалд Х.Бу- намайг зодоогүй, ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Би хэрэлдэж маргалдах явцдаа өөрөө шүүгээний ирмэгт эрүү, уруул хавиараа цохиод эрүүний хэсэг, бас тэр хэсгийн шүд, буйл өвчтэй жаахан зовиуртай болсон. Х.Бу-ыг дахин дахин цохиод гар хөхөрч зовиуртай болсон. Энэ бүхэн салж байгаа хүмүүсийн гэр бүлийн маргаан байсан ямар ч хүчирхийлэл байгаагүй.

Гэрт цагдаагийн 4 албан хаагч ирээд юу болсон тухай.

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ах дуудлага өгсөний дагуу цагдаа над руу залгасан. 4 цагдаа бид 2 дээр ирээд та хамт орох уу гэхээр нь үгүй ээ гэсэн. Шүүх хурал дээр Х.Бу-аас айгаад зогсож байсан гэж нэг цагдаа нь хэлж байна лээ. Би Х.Бу-аас айгаагүй ээ, нэг цагдаа ирэх байх гэж бодож байтал 4 том биетэй цагдаа ирэхээр нь би цагдаа нараас айж, балмагдаж байсан гэдгээ хурал дээр хэлсэн.

Цагдаа нар гэрт ороод хаалгаа гүйцэд хаагаагүй байсан, хаалганы завсраар дотор болж байгаа зүйлийг бүгдийн харсан. Цагдаа нар цаашаа хараад зогсож байсан болохоор бид хоёрыг анзаараагүй. Х.Бу- охиноо тэвэрчихсэн буйдан дээр сууж байгааг харсан. Цагдаа нараас юм асуугаад байсан, цагдаа нар юм хэлээгүй, ямар ч шаардлага тавиагүй. Х.Бу- охиноо тэвэрчихсэн их л тайван харагдаж, харилцаж байсан. Тэгээд охиноо өвөр дээрээсээ буулгаж урдаа байсан ширээг хажуу тийш нь түлхэж боссон. Ширээ далайсан шидсэн зүйл болоогүй.

Тагт руу гарсан чинь араас нь нэг том биетэй цагдаа очоод юм ярилцаж байснаа цагдаагийн хажуугаар Х.Бу- өрөө рүү өөрөө орж ирсэн. Тэр цагдааг цохиж зодоогүй. Буйдангийн хажууд зогсож байсан цагдаа Х.Бу-ыг араас нь боож, газарт унагасан. 2-3 лаа нийлж дээрээс нь дэвсэж, өшиглөж зодоод байсан. Тусгай гээд удаа дараа хэлээд байсан. Х.Бу- та нар боль л доо миний охины дэргэд гээд чанга чанга хэлээд байсан. Охин минь хажууд нь зогсоод уйлж байсан. Би орж охиноо авах гэсэн боловч өшиглөж бужигналдаж байгаа цагдаа нарыг хараад айж балмагдсан.

Тэгээд гэнэт цагдаа нар Х.Бу-ыг орхиод хаалга руу дөхөхөөр нь бид 2 хаалганаас холдоод шатны тэнд очсон. Хаалганы гадаа ярилцаж байхыг сонсоод доошоо 7 давхар луу буусан. Энэ тухай хамгийн сүүлийн шүүх хурал дээр хэлсэн. Бодит үнэнг хэлэх гэхээр манайд маш олон хүн өдөр ярьж байгаад зарим нь огт ярихгүй орой гэрт ирж энэ тухай битгий хэл хараагүй гэвэл зөв болно гэж зааж зөвлөдөг байсан.

4 цагдаагийн дараа ирсэн нэг бүдүүн дунд орчим насны дүрэмт хувцастай хүн өргөдөл гарга гээд шаардаад байсан. Өргөдлөө тэгж бич гэж Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр нэг хүн анх өрөөндөө оруулж зааж өгсөн. Гэр бүлийн маргаан байхад Х.Бу-ыг шууд баривчилж хориод байсан. Миний хуулийн мэдлэг байхгүйг далимдуулж буруу өргөдөл бичүүлж сүүлдээ мэдүүлэг буруу болоод байсан. Энэ бүхнээс болоод би унтаж чадахаа болиод надад маш хэцүү хүнд байна. Энэхүү гомдлыг минь хүлээн авч шүүгдэгч Х.Бу-ыг цагаатгуулж өгнө үү …” гэв.

 

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Х.Бу-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бу-ыг “хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар,

“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

“хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“бусдыг албан үүрэгтэй нь холбогдуулж, баривчлах явцад түүний гарыг мушгиж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Бу-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.О-д хөнгөн хохирол учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйллдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулж,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж Б.Тэмжүүжинд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт Х.Бу-ыг гэм буруутай гэж дүгнэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.О-, Б.Тэмүүжин нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэлийг нэг удаа оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос Х.Бу-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдыг албан үүрэгтэй нь холбогдуулж, баривчлах явцад түүний гарыг мушгиж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдлүүдэд тус тусд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэн үзэх бүрэлдэхүүний хоёр өөр шинжээр яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж нэг зүйл, хэсгийг орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн Х.Бу-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд нийтэд тустай ажил хийх ялыг хэзээ, хэрхэн яаж биелүүлэхийг заагаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй, нийт эдлэх ялыг тогтоогоогүй орхигдуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бу-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож байгаа тул шүүгдэгч Х.Бу-, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Ц.Дэлгэрням, хохирогч Д.О- нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бу-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Х.Бу-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

 

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ