Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 410

 

“Чайна Голден Сий Петролиум Инвестмент”

ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, Д.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Цогтбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 604 дүгээр магадлалтай, “Чайна Голден Сий Петролиум Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Газрын тосны /хуучнаар/ газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрээр Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.14, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.2, 18 дугаар зүйлийн 18.4-т заасныг тус тус баримтлан Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах тухай” 162 дугаар тушаалыг хүчингүй болгож, Газрын тосны хайгуулын “Тариач-XV” талбайд “Чайна Голден Сий Петролиум Эксплорэйшн Корпорэйшн” компанитай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний хугацааг гэрээлэгчийн хүсэлт гаргаснаар 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс тооцож асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 604 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Газрын тосны тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан байна, гэтэл Газрын тосны тухай хуулийн 12.1-д бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газрын шийдвэрээр цуцална гэж заасан байх тул хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн байна.

Газрын тосны тухай хуулийн 12.1-д заасны дагуу “бүтээгдэхүүн хуваах” гэрээг Засгийн газрын шийдвэрийн дагуу цуцлах бөгөөд энэ тохиолдолд энэхүү шийдвэр нь Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаал байна. Учир нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын 431 дүгээр тогтоолд “Газрын тосны хайгуулын “Тариач-ХV” талбайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Газрын тосны газар, “Чайна Голден Сий Петролиум Эксплорэйшн Корпорэйшн” компанийн хооронд байгуулсан “бүтээгдэхүүн хуваах” гэрээг цуцлах эрхийг Газрын тосны газарт олгосугай” гэж заасан байдаг.

Засгийн газрын тогтоолын агуулгаас харахад уг захиргааны акт нь гадагш чиглэсэн харилцааг зохицуулаагүй бөгөөд захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааг зохицуулсан, /итгэмжлэл олгосон/ дотогш чиглэсэн захиргааны акт юм.

Харин Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаал нь Засгийн газраас эрх олгосны дагуу бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалсан буюу гадагш чиглэсэн харилцааг зохицуулсан захиргааны акт байна.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Засгийн газрын 431 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангаагүй байх тул Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй юм. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон анхан шатны шүүх хариуцагчийг зөв тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд Засгийн газрыг хамтран хариуцагчаар татах шаардлагагүй.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан этгээд нь нэхэмжлэгч мөн эсэх талаар тодруулах шаардлагатай байна” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч БНХАУ-ын хуулийн этгээд болох “Чайна Голден Сий Петролиум Инвестмент” ХХК нь анх байгуулагдахдаа “Чайна Голден Сий Петролиум Эксплорэйшн Корпорэйшн” гэсэн нэртэй байсан бөгөөд хуулийн этгээдийн нэрээ өөрчилж, “Чайна Голден Сий Петролиум Инвестмент” ХХК болсон байдаг.

Ийнхүү нэрээ өөрчилсөн талаарх Бээжин хотын Үйлдвэр, худалдааны газрын архивын удирдлагын газрын тодорхойлолт болон түүний албан ёсны орчуулгыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд уг баримтууд хэрэгт авагдсан болно.

Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах үед нэхэмжлэгч нэрээ сольж, “Чайна Голден Сий Петролиум Инвестмент” ХХК болсон байсан боловч тухайн үед хэлбэрийн алдаа гарч компанийн нэрийг хуучин нэрээр нь бичсэн байдаг. Нэхэмжлэгч хуулийн этгээд болон “Чайна Голден Сий Петролиум Эксплорэйшн Корпорэйшн” ХХК нар нь нэг хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан бөгөөд нэр өөрчлөгдсөн талаар баримт, бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Чайна Голден Сий Петролиум Эксплорэйшн Корпорэйшн” компанийг төлөөлөн гарын үсэг зурсан этгээд болон “Чайна Голден Сий Петролиум Инвестмент” ХХК-ийн хуулийн төлөөлөгч нар нь нэг хүн байгаа болох, мөн “бүтээгдэхүүн хуваах” гэрээний хугацаа сунгасан нэмэлт гэрээнд гэрээлэгч манай компанийн нэр байгаа зэрэг баримтаар нотлогдож байна.

Тиймээс “бүтээгдэхүүн хуваах” гэрээнд гарсан хэлбэрийн төдий алдаа буюу компанийн нэрийг хуучин нэрээр нь бичсэн нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, эрх зүйн аливаа үр дагавар үүсгэхгүй болно.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа “бүтээгдэхүүн хуваах гэрээнд гэрээлэгч талын төлөөлөгч Монгол Улсад оршин байхыг шаардсан эсэх, тийм бол уг төлөөлөгч байсан эсэх, гэрээлэгч хуулийн этгээд Засгийн газрын төлөөлөгч буюу хариуцагчтай ямар асуудлаар харилцах эрхтэй болох, харилцаж байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж дүгнэж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэж үзжээ. Дээр дурдсан давж заалдах шатны шүүхийн тодруулах шаардлагатай гэх зүйлс нь хэрэгт авагдсан “бүтээгдэхүүн хуваах” гэрээнд тодорхой заагдсан байгаа бөгөөд уг гэрээнээс харахад гэрээлэгч талын төлөөлөгч Монгол Улсад оршин байхыг шаардсан заалт байхгүй, гэрээнд талуудын эрх үүргийг маш тодорхой заасан байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болох “бүтээгдэхүүн хуваах” гэрээг бүрэн дүүрэн үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдох боломжтой нөхцөл байдлыг тодруулахаар анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Шинжээч томилох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй тухайд: Давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэлийн 2 дахь шаардлага буюу бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг сунгахыг Газрын тосны газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхийн тулд шинжээч томилж, гэрээ сунгахыг даалгах нөхцөл байдал үүссэн эсэхийг тодорхойлох шаардлагатай гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хугацааг хуульд заасан хугацаа буюу 2 жилийн хугацаагаар сунгахыг Газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд зөвхөн хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ цуцлах журмыг зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээний хүчин төгөлдөр хугацаанд гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг хугацааг сэргээж өгөхийг хүссэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч гэрээнд заасан гэрээ цуцлах журмыг зөрчиж, мэдэгдэл хүргүүлэхгүйгээр бүтээгдэхүүн хуваах гэрээг нэг талын санаачлалаар цуцалсан байх тул түүнээс үүдэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээж, хариуцагчийн буруутай үйлдлээс нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж чадаагүй хугацааг сэргээн тогтоож, уг хугацаагаар бүтээгдэхүүн хуваах гэрээг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “шинжээч томилох ажиллагаа” нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм. Нэхэмжлэгч нь 2007 онд “бүтээгдэхүүн хуваах” гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж ирсэн бөгөөд Монгол Улсад их хэмжээний хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоолгүйгээр шууд нэг талын санаачлалаар “бүтээгдэхүүн хуваах” гэрээг цуцалсан нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үйлдэл төдийгүй энэ үйлдлээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 604 дүгээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хянавал:

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тухай” 18/17 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаас зөвшөөрч, эрх олгосны дагуу нэг талаас Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, нөгөө талаас БНХАУ-ын “Чайна Голден Сий Петролиум Эксплорейшн Корпорейшн” компанийн хооронд 2007 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 5 жилийн хугацаатай байгуулсан, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ”-г байгуулж, гэрээний хугацааг 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 2 жилээр сунгасан байна.

Гэрээлэгч компани нь 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 14/01 дугаартай албан бичгээр гэрээг дахин сунгуулах хүсэлт ирүүлснийг Газрын тосны газрын 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 1-273 дугаартай албан бичгээр “...сунгах нэмэлт гэрээний хэрэгжилт хангалтгүй, хайгуулын 2 цооног өрөмдсөнөөс өөр ажил хийгээгүй тул сунгах боломжгүй, гэхдээ гэрээний 25.3-т заасан зарчмыг баримтлан, ...гэрээний үүрэгтэй холбогдох баримтуудыг шаардаж, ирүүлсэн тохиолдолд гэрээний хугацааг сунгах асуудлыг дахин авч хэлэлцэх боломжийн талаар, хэрвээ сунгагдахгүй бол гэрээг дуусгавар болгох, гэрээт талбайг буцаахтай холбогдуулан хийж, гүйцэтгэвэл зохих ажлуудыг жагсааж, энэ тухайгаа мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Газрын тосны газраас 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1-795, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1-117 дугаартай мэдэгдэл, албан шаардлагаар “...гэрээний хугацаа сунгагдахгүй болсон, талбайг буцааж өгөх, үүнтэй холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэх”-ийг шаардаж байжээ.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээ сунгагдаагүй нь тогтоогдсон байх ба Газрын тосны газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 162 дугаар тушаалаар “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г цуцалжээ.

Анхан шатны шүүх гэрээ цуцалсантай холбогдолтой уг маргааныг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр батлагдаж, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болж, дагаж мөрдсөн Газрын тосны тухай хуулийг хэрэглэж шийдвэрлэсэн ба шинээр батлагдсан уг хуулийг хэрэглэх болсон үндэслэлээ тодорхойлох шаардлагатай юм.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2007 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”, 2011 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ”-ний харилцаа нь 1991 оны Газрын  тосны тухай хуулиар зохицуулагдсан ба энэ хуульд болон эдгээр гэрээнд зааснаар “...хугацаа дуусах, цуцлах, сунгах...” аливаа маргааныг шийдвэрлэх харьяаллыг өөрөөр тогтоосон байна.

Иймээс тухайн маргаанд 1991 оны Газрын тосны тухай хуулийг хэрэглээгүй үндэслэлээ анхан шатны шүүх тайлбарлаагүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 604 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ