| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/28 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Эрхэмбаяр Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ж.*******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дүгээр сарын 28-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүү, охины хамт Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******, /Регистрийн дугаар: ИХ*********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Үзүүр” гэх газраас хохирогч С.- өмчлөлийн 1 тооны хязаалан насны эр үхрийг хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.******* 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Үзүүр” гэх газраас хохирогч С. өмчлөлийн 1 тооны хязаалан насны эр үхэрийг хулгайлж түүнд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт: 1. Шүүгдэгч Ж.*******ийн өгсөн: “...Миний буруу хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан 1,000,000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: 2 1. Шүүгдэгч Ж.*******ийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны хавьцаа байсан. Өглөө ойролцоогоор 08 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн хөх ******* гэх газар луу үхэртээ явсан. Тэгээд үхэртээ яваад олоогүй буцсан. Буцах замдаа хөх *******ийн ар хэсэгт байсан 9 тооны үхэр байсан. Тэгэхээр нь тууж яваад гэх газар аваачиж мухар зүсмийн хязаалан үхрийг барьж авсан. Тэгээд үлдсэн 8 тооны үхрийг туугаад явуулчихсан. Тэгээд барьж үлдсэн мухар зүсмийн үхрээ өөрийнхөө барьж явсан мяндсаар хөтлөөд гэх газар байх Л. гэр рүү очсон. Тэгээд намайг очиход ганцаараа байсан. Тэгээд би “ахдаа энэ үхрийг гаргалцаад өгөөч” гэж хэлсэн. “за” гээд би 2 хамт үхрийг янзалсан. Тэгээд маргааш нь Завхан аймгийн сум руу явах байсан. Тэгэхээр нь би миний дүү наад үхрээ борлуулаад машины 6 ширхэг дугуй болгоод ирээрэй гээд өгөөд явуулчихсан. Тэгээд би гэр рүүгээ харьсан, намайг гэртээ очиход өдрийн 12 цаг болж байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа надад 6 ширхэг машины дугуй авчирч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
2. Хохирогч С.- ”...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн орчим Завхан аймгийн ******* сумын зүйл багийн нутаг “” гэх газраас 1 тооны үхэр хулгайд алдсан юм. Манай хулгайд алдсан нэг тооны үхэр нь хязаалан насны бусад үхрээс биеэр том эр үхэр байсан. Мухар хязаалан насны эм тамга байхгүй эр үхэр байсан. Би хулгайд алдсан үхрээ нэг сая төгрөгөөр үнэлмээр байна. Тухайн үед хязаалан насны үхэр тийм үнэтэй байсан мөн манай сумын ханш тийм байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05-р хуудас/,
3. Гэрч Э. “...Манай үхрээс 1 тооны үхэр алга болсон байсан гэсэн. Тэгээд манай нөхөр сүргээсээ салсан байх гээд гэрийнхээ ойр хавь нутаг усаар хайгаад олдохгүй байсан. Тэгээд манай нөхөр машин мотоциклтой ойролцоо сумдаар хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
4. Гэрч Л. “...2019 оны 11 дүгээр сарын 10-даар л байх яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Өглөө 08 цаг жоохон өнгөрч байсан байх босоод малдаа мордох гээд байж байтал Ж.******* 1 тооны мухар хязаалан үхэр мяндсаар оосорлоод хөтөлж ирсэн. “Та юун үхэр хөтлөөд ирэв” гэтэл “гэртээ ганцаараа гаргах гэсэн дийлдэггүй танайх руу хөтлөөд ирлээ гаргалцаад өг. Ах нь машины дугуй зуны дугуй болчхоод юманд явж болохгүй юм. Аймаг орох унаа байна уу, борлуулж мөнгө болгох гэсэн юм” гэсэн. Би малаа эргүүлчхээд аймаг явна гэж хэлсэн чинь “ашгүй чамаар явуулчихъя” гээд л бид хоёр тухайн хөтөлж ирсэн үхрийг гаргаад би гаргаж байхдаа “хулгайн мал биш биз гэж хэлсэн чинь бишээ миний өөрийн үхэр” гэхээр нь анзаарч харалгүй гаргалцаж өгөөд би аймаг руу тухайн үхрийн махыг арьс, толгой ширтэй нь ачиж оруулж хүнд зараад 6 дугуй авчирч өгсөн. Мухар зүсмийн хязаалан үхэр байсан. Тэгээд машин дээрээ мах, толгой шир, арьсыг нь хамт ачаад аймаг ороод гэх хүнд 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр зарж борлуулаад 6 дугуй авчирч өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
5. Гэрч Т.ы “..Бага шиг үхэр байсан санагдаж байна мухар 3 үхэр байсан. Би үхрийн мах худалдан авах үед 11 сар гарсан байсан байх сайн санахгүй байна. Мөнгөө бэлнээр өгсөн үхрийн махыг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр хязаалан насны эр үхэр 1,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон байна. Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Ж.*******ийн 2019 оны 11 дүгээр сарын 10-наас 15-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын ******* багийн нутаг “Үзүүр” гэх газраас хохирогч С.- өмчлөлийн 1 тооны хязаалан насны үхрийг хулгайлж түүнд 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирогч С.- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ж.*******аас 1,0000000 /нэг сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус үндэслэл 4 болгов. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Ж.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокуророос шүүгдэгч Ж.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв. Харин шүүгдэгч Ж.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх 5 тогтоол биелүүлэхийг хойшлуулсан болон хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон ялтны бүртгэлийг түүний оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, нэгдсэн тоо бүртгэлийг хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хариуцан хөтөлнө” гэсэн байх тул шүүгдэгч Ж.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Ж.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгч Ж.*******т “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүгдэгч Ж.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
АРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ