| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/02355/и |
| Дугаар | 2113 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2113
| 2017 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/02113 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх 3 дугаар гудамж, 1587 тоотод оршин суух Боржгин овогт Баяндондовын Баянбилэг /Регистрийн дугаар ИЦ82121570/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 35 дугаар гудамж, 13 тоотод оршин суух Болхоон овогт Дамбаахүүгийн Батцэцэг /Регистрийн дугаар ВВ84062102/-т холбогдох,
Худалдсан 15 ширхэг давхар модон орны үнэ 6,000,000 төгрөг, 5 ширхэг дан модон орны үнэ 900,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагч Д.Батцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Билгээ /1579/, гэрч Г.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Д.Батцэцэг нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг давхар модон ор, мөн тус бүр нь 180,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дан модон ор аман хэлцлээр тохиролцож Б.Баянбилэгээс зээлээр худалдаж авсан юм. Орны үнэ 400,000 төгрөгийг 15 ширхэгээр тооцоод 6,000,000 төгрөг, 180,000 төгрөгийг 5 ширхэгээр тооцоод 900,000 төгрөг, бүгд 6,900,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-нд өгөхөөр тохиролцсон боловч одоо хүртэл өгөхгүй байна. Орны үнэ 6,900,000 төгрөгийг авахаар шаардахад “С энд М ложистик” компаниас авч өгнө, тэр компанид зээлээр өгсөн гэдэг. Иймд хариуцагч Д.Батцэцэгээс 6,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Д.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зах дээр хуучин гэр зардаг танил Туяа гэдэг эмэгтэйгээс “С энд М ложистик” ХХК-ийн захирал С.Сайнцог гэр хийж зардаг хүнийг сургалсаар зах зээлийн ёсоор над руу явуулсан байдаг. С.Сайнцог гэгч үл таних нөхөр над дээр ирж гэр захиалах, худалдан авахаар тохиролцон наймаа хийх болсон. Гэтэл С.Сайнцог гэгч ор хийж зардаг хүн сурагласны дагуу Б.Баянбилэгийг зааж өгч уулзуулсан юм. Энэ Б.Баянбилэгийн бүтээгдэхүүнийг шуурхай заруулж туслах гэсэн бас л зах зээлийн бодлого байлаа. Би С.Сайнцогтой тохиролцсоны дагуу өөрийн хийсэн шинэвтэр, давхар бүрээстэй шалгүй нэг бүр нь 1,250,000 төгрөгийн үнэтэй 8 монгол гэрийг 100 хувийн зээлээр харилцан тохиролцож зарсан боловч өнөөдрийг хүртэл уг гэрүүдийн үнийг олж авч чадаагүй байгаа бөгөөд С.Сайнцог гэдэг хүнээ алдсан юм. Энэ тухай гомдлоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргаснаар мөрдөн байцаагч О.Анхбаяр гэр зарсан Д.Батцэцэг, ор хийж зарсан Б.Баянбилэг нарыг хохирогчоор, гэрүүд болон ор худалдаж авсан С.Сайнцогийг яллагдагчаар татан шалгаж байгаад иргэний журмаар шүүхэд хандах нь зүйтэй гэсэн. Б.Баянбилэг нь С.Сайнцогтой ор хийж зарах талаар өөрөө тохиролцон үйлдвэрлэж худалдчихаад зарсан хүн нь оргож алга болсны дараа хамтран бүтэн жил хайж, өмгөөлөгч Г.Гансүхийг авч, итгэмжлэгдсэн төлөөлөгч болгон цагдаагаар шалгуулж, нотариатад орж эцэстээ шүүхэд явах болсон хохирогчид шүү дээ. Гэтэл миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүхээр дамжуулан өөрт нь туслаж байсан Д.Батцэцэг намайг худалдан авсан, төлөхөөр тохиролцсон, мөнгийг нь өгөхгүй байна гэж гүтгэн нэхэмжлэл гаргасан нь үнэнд нийцэхгүй юм. Өөрөөс нь ор худалдаж аваад оргож алга болсон С.Сайнцогоос мөнгөө авч чадахгүй болохоороо надаас мөнгийг гаргуулахаар бусдын нэрээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь надад ямар ч хамааралгүй юм. Иймээс Б.Баянбилэгээс ор худалдаж аваагүй, түүнд ямар нэгэн өр, өглөг байхгүй бөгөөд би адилхан бусдад эд хөрөнгөө алдсан хохирогч учраас түүний бусдаар дамжуулан гаргасан гүтгэлгийн нэхэмжлэлийг зөвшөөрөх, хариуцах үндэслэлгүй юм. Д.Батцэцэгээс 6,900,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баянбилэг нь хариуцагч Д.Батцэцэгээс 15 ширхэг давхар модон орны үнэ 6,000,000 төгрөг, 5 ширхэг дан модон орны үнэ 900,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Д.Батцэцэг нь нэхэмжлэгч Б.Баянбилэгээс модон ор худалдаж аваагүй, түүнд ямар нэгэн өр, авлага байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг давхар модон ор, 180,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дан модон орыг хариуцагч Д.Батцэцэгт худалдсан, худалдсан орны төлбөр болох 6,900,000 төгрөгийг Д.Батцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцсон боловч төлбөрийг хийхгүй байгаа тул шүүхэд хандсан гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын Прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаартай тогтоол, “С энд М ложистик” ХХК-ийн захирал С.Сайнцог, иргэн Д.Батцэцэг нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг үндэслэн хариуцагч Д.Батцэцэг нь 6,900,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн гэж мэтгэлцэж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын Прокурорын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 110 дугаартай тогтоолд “...2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ш.Насанжаргалаас С.Сайнцог 8 ширхэг монгол гэрийн мод, 15 ширхэг давхар ор, 5 ширхэг дан ор зэргийг залилан мэхлэж авч 16,900,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан байна. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаас үзэхэд иргэн Д.Батцэцэг, “С энд М ложистик” ХХК-ийн захирал С.Сайнцог нар нь харилцан тохиролцож төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна. С.Сайнцог нь 2014 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 2 сая төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 14,900,000 төгрөг төлөөгүй гэх үйлдэл нь иргэн, аж ахуйн нэгж хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний хэрэг маргаан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдүүлбэл зохих асуудал байх тул...” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-12/
Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “С энд М ложистик” ХХК-ийн захирал С.Сайнцог, иргэн Д.Батцэцэг нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах хэлцэл”-д “...шинэвтэр, давхар бүрээстэй, шалгүй, 1 бүр нь 1,250,000 төгрөгийн үнэтэй 8 ширхэг монгол гэр, шинэ, давхар 1 бүр нь 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг ор, шинэ, дан 1 бүр нь 180,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг орны нийт төлбөр болох 16,900,000 төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 25-ны дотор төлбөр төлөгч “С энд М ложистик” ХХК-ийн захирал С.Сайнцог төлж барагдуулах...”-аар тохиролцсон байна. /хх-44/
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгож буй дээр дурдсан хоёр бичиг нь “С энд М ложистик” ХХК-ийн захирал С.Сайнцог, иргэн Д.Батцэцэг нарын хооронд хийгдсэн “Төлбөр барагдуулах хэлцэл”-тэй холбоотой байх бөгөөд иргэн Д.Батцэцэг иргэн Б.Баянбилэгээс ор худалдан авч, төлбөрийг нь төлөх үүргийг хүлээсэн талаар дурдаагүй байна.
Хариуцагч Д.Батцэцэг нь 15 ширхэг давхар ор, 5 ширхэг дан орыг нэхэмжлэгч Б.Баянбилэгээс худалдан аваагүй байх бөгөөд дээр дурдсан прокурорын тогтоол болон төлбөр барагдуулах хэлцэлд 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг давхар ор, 180,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дан орны тухай дурдсанаар хариуцагч Д.Батцэцэг нь нэхэмжлэгч Б.Баянбилэгээс ор худалдан авч, төлбөр төлөх үүргийг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Батцэцэг 400,000 төгрөгийн үнэтэй 15 ширхэг давхар модон ор, 180,000 төгрөгийн үнэтэй 5 ширхэг дан модон ор зээлээр худалдаж авч, 6,900,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 25-нд өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Баянбилэг болон хариуцагч Д.Батцэцэг нарын хооронд 15 ширхэг давхар ор, 5 ширхэг дан ор худалдан авах талаар байгуулагдсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй боловч хариуцагчаар Д.Батцэцэгийг татсан нь үндэслэлгүй байх тул худалдсан орны төлбөр 6,900,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Баянбилэгийн 15 ширхэг давхар модон орны үнэ 6,000,000 төгрөг, 5 ширхэг дан модон орны үнэ 900,000 төгрөг, нийт 6,900,000 төгрөгийг хариуцагч Д.Батцэцэгээс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баянбилэгийн 15 ширхэг давхар модон орны үнэ 6,000,000 төгрөг, 5 ширхэг дан модон орны үнэ 900,000 төгрөг, нийт 6,900,000 /зургаан сая есөн зуун мянган/ төгрөгийг хариуцагч Д.Батцэцэгээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР