| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/29 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/29
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн П.*******т холбогдох 2123000000026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, *******настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, хүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн ********** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар ИФ*******.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.*******аас шүүгдэгч П.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч П.******* нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн тоотод оршин суух Б.ын гэрт түүнтэй “2 хоног ажилдаа ирэлгүй ажил тасаллаа” гэж хэлснээс маргалдаж, улмаар түүнийг алгадаж унагах, гараараа болон шүүр, мах шарагч, түлээний мод зэргээр цохиж зодож, түүний эрүүл мэндэд “Зүүн нүд, зүүн хацар, зүүн шанаа, дагзны ар, баруун бугалаг, баруун чамархайд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, хамрын таславч муруйлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт:
- Шүүгдэгч П.*******ын өгсөн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Б.д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 200,000 төгрөг төлсөн. Би прокурорын сонсгосон 600,000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Энэ ялыг би 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад:
- Хохирогч Б.ын өгсөн: “...******* ах миний зүүн гар талаас гараараа зүүн нүд орчим хэсэгт цохисон тэр үед би газар унасан. Тэгээд намайг газар унасан байх үед түлээний савнаас мод аваад миний толгой руу 10 гаран удаа цохисон байх би сайн мэдэхгүй байна. Тэгээд намайг босож ирэх үед ахиад цохиж унгаасан тэр үед би хаашаа цохисон эсэхийг анзаараагүй ямар ч байсан унах үед ээ гал тогооны тавцан мөргөж унасан. Тэгээд намайг газар босоогүй хэвтэж байх үед 50кг савтай малын тэжээлээр цохих гэж байсан тэр үед манай найз , ******* ахын урдуур нь орж салгасан. Тэгээд би босож ирээд халуун сав аваад шидсэн, тэр халуун сав гэрийн таамбар хэсэгт унаад хагарсан. Тэгсэн чинь ******* ах буцаж гэр рүү орж ирээд намайг түлхээд хагархай халуун савны шилэн дээр унгаасан. ...Тухайн үед ******* бид 2 муудалцаагүй, өмнөх өдөр нь ******* ахын эхнэртэй нь би “танайх арай дэндүү юм намайг өвдөөд байж байхад ч ирэхгүй одоо бүр 2 хоногоор ирэхгүй болчих юм санаа чинь зовдоггүй юм уу” гэж хэлээд мессежээр муудалцсан. Тухайн үед өөр муудалцах зүйл болоогүй. Бид 2 эхлээд 0.75 литрийн “Болор” нэртэй архи хувааж уусан. ******* нийх их уугаагүй амсаад жаахан жаахан балгаад өгөөд байсан. Тэгээд би ихэнх талыг нь уусан. ******* нь намайг цохиж зодсон. Миний зүүн нүд орчим гараараа цохиж, мөн толгой хэсэг рүү түлээний мод, болон мах шарагчаар олон удаа цохисон. ******* ах намайг цохиж зодох үед манай найз хамт байсан. Тэгээд манай охин нар байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08-09-р хуудас/,
- Гэрч Л.гийн өгсөн: “...******* ах уурлаж босож ирээд ыг шүүрийн ишээр шилэн хүзүү хэсэг рүү нь ишийг нь хугартал их олон цохисон. Тэгээд ыг түлхээд унагаачихсан тэр үед түлээний савыг цээжээрээ мөргөөд уначихсан. Тэр үед ******* түлээний савнаас мод аваад ын толгой хэсэг рүү нь их олон цохисон яг хэд гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд би *******ыг түлхээд гэрийн хаалгаар гаргасан тэр үед , *******ын хойноос халуун сав аваад шидчихсэн. Тухайн халуун сав нь *******ыг онолгүй гэрийн таамбарт унаад хагарчихсан. Тэгээд ******* буцаад гэр рүү орж ирээд ыг толгой хэсэг рүү нь гараараа цохисон. Тэр үед гэрийн таамбарт унаад хагарчихсан халуун савны хагархайн дээр гараараа дараад уначихсан. Тэгээд босож ирээд би хүнд зодуулчхаад зүгээр байж чадахгүй гээд маргалдаж байх үед ******* ыг алгадсан. Тэгээд унахдаа гэрийн таамбар хэсэгт байрлах тавиурыг шанаа хэсгээрээ мөргөж унасан. Тэгээд би *******ыг гэрээс гаргаад явуулсан. Хадам ах нь ажилдаа ирэхгүй байгаа талаар надад 2-3 хоногийн өмнө хэлж байсан. Тэгээд хадам ахынхаа эхнэртэй 2021 оны 02 дугаар сарын 06-нд муудалцсан талаар ярьж байсан. Тухайн өдөр тэр маргаанаас болж муудалцсан байх. Намайг очиход тэр 2 уучихсан байсан. Юу уусан талаар асуухад нэг шил 0.7 литрийн “Болор” архи уусан гэж байсан. ын шилэн хүзүү хэсэгт шүүрийн ишээр 7-8 удаа, толгой хэсэгт нь модоор 3-4 удаа, гараараа толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, - П.*******ын яллагдагчаар өгсөн: “...Би ыг гараараа толгой хэсэг рүү нь 3-4 удаа цохиод үүдэнд байсан шүүрээр толгой хэсэгт нь нэг цохисон чинь шүүр хугарчихсан. Тэгээд би гарт байсан шүүрийн ишээр нэг цохисон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн байх ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
- Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 000000065 дугаартай “...Б.ын биед: Зүүн нүд, зүүн хацар, зүүн шанаа, дагзны ар, баруун бугалаг, баруун чамархайд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, хамрын таславч муруйлт гэмтэл учирсан байна...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ...гэмтлүүд нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой... Зүүн нүд, зүүн хацар, зүүн шанаа, дагзны ар, баруун бугалаг, баруун чамархайд цус хуралт, баруун гарын сарвуунд зулгаралт, хамрын таславч муруйлт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/-ээр хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч П.*******ын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” үйлдэж бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч П.*******ын бусдыг цохиж буй үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулна гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан. Үүний дагуу хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч П.*******аас нэхэмжлэх эрхтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.******* нь хохирогч Б.д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 200,000 төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Шүүх шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч П.******* урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 37-р хуудас/ тогтоогдож байна. Прокуророос шүүгдэгч П.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч П.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч П.*******ын хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ