Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/623

 

 

 

 

­

 

 

     2021        09          07                                     2021/ШЦТ/623

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Ц.Төгөлдөр (томилолтоор);  

шүүгдэгч: О.Э, түүний өмгөөлөгч К.Манлай;

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дорнын Интернэшнл” ХХК-д зөөгч, галч, угаагч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт  , урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 988 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, О.Э;

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хөх Үүр” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт  ,  Б.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч О.Э нь бусадтай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30- ны 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” шөнийн цэнгээний газарт иргэн Б.Мөнхболдын цүнхтэй эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 527.400 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.Б нь бусадтай бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 30-ны 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” шөнийн цэнгээний газарт иргэн Б.Мөнхболдын цүнхтэй эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 527.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6/, хохиогч Б.Мөнхболд /хх-ийн 8-9/, гэрч Н.Болормаа /хх-ийн 14/ нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16-17/, О.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, О.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 34-37, 45/, О.Эын урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-41/, Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/, Б.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-59/, хохирогч Б.Мөнхболдын хүсэлт /хх-ийн 71/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн О.Эын ажлын газрын тодорхойлолт 1 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б, О.Э нар нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Лакс” бааранд үйлчлүүлж байхдаа мөн тухайн бааранд үйлчлүүлж байсан иргэн Б.Мөнхболдын цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 527.400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч Б.Мөнхболдын /хх-н 8-9/: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр орооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд найз Б.Буяндэлгэрийн хамт орсон. Тэгээд ширээн дээр очиж суугаад би тек рүү очиж захиалга өгөх гээд явсан. Харин манай найз охин угаалгын өрөө орсон байсан. Тэр үедээ бид хоёр биедээ авч явсан жижиг хэмжээний гар цүнхээ үлдээсэн байсан. Тэгтэл манай ширээн дээр хоёр залуу ирж суугаад тэгээд миний гар цүнхийг хулгайлан авч явсан байсан учир цагдаад хандсан. ...Алдагдсан эд зүйлээс гадна манай эхнэрийн түрийвчинд 90.000 төгрөг байсан. Миний түрийвчинд 220.000 төгрөг байсан. Нийт 310.000 төгрөг байсан. Үүнээс би 90.000 төгрөгийг гаргуулан авсан. Мөн Чех Улсаас авсан цүнх 90.000 төгрөг, ягаан өнгийн түрийвч 27.000 төгрөг, “Самсунг эс-6” маркийн гар утас 264.000 төгрөг, “Нокиа” маркийн гар утас 22.800 зэрэг эд зүйл болон гэрийн түлхүүрээ олж авсан. Нийт 403.800 төгрөгийн эд зүйлээ авсан. Одоо үлдсэн бэлэн 220.000 төгрөг, алдагдсан эд зүйлээс 123.600 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлгээр,

 

  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 16-17/,

 

  О.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-н 27-28/: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр найз Б.Бын хамт ажлаа тараад “Лакс” нэртэй бааранд орсон. Тэгээд бид хоёр хамт нэг ширээнд суусан. Тэгтэл нэг ах бид хоёрын ширээн дээр ирээд “та хоёрын цүнх мөн үү, цүнхээ ав” гэж хэлээд өгсөн. Тэгээд бид хоёр тэр цүнхийг нь аваад баарнаас гарсан. Би тэр цүнхийг нь аваад Б.Бт өгсөн. Б.Б өөрийн авч явсан цүнхэндээ хийгээд аваад гарсан. Тэгээд бид хоёр баарнаас гараад нөгөө цүнхийг нь ухаж үзсэн. Тэгтэл цүнхэн дотор хоёр гар утас, 2 ширхэг түрийвч, эмэгтэй хүний будаг зэрэг зүйл байсан. Нэг гар утас нь “Нокиа” маркийн гар утас байсан, нөгөө нь точтой мэдрэгчтэй гар утас байсан. Тухайн үед бүх гар утсыг нь Б.Б халаасандаа хийсэн. Би түрийвчийг нь ухаж үзээгүй. Ямар эд зүйл байсан талаар Б.Б мэдэж байгаа. Улаан өнгийн түрийвчинд мөнгө байсан 90.000 орчим төгрөг байсан. Гэхдээ яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. Б.Б аваад халаасандаа хийсэн байсан. ...Б.Б мөнгө, точтой гар утсыг нь аваад үлдсэн эд зүйлийг нь зүлэг рүү шидсэн. Тэгээд бид хоёр “Лакс” баарны хажуу талын бааранд байх үед “Лакс” баарны хамгаалагч нар орж ирээд бид хоёрыг бариад аваад гарсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-н 51-52/: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр найз О.Эын хамт ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” нэртэй бааранд орсон. Тэгээд бид хоёр нэг ширээн дээр суугаад хүний хоёр шил 0,5 литрийн хэмжээтэй пиво уусан. Бид хоёрыг ширээн дээр сууж байх үед нэг танихгүй хүн ирээд “та хоёр цүнхээ үлдээчихлээ” гэж хэлээд бид хоёрт өгсөн. Тэгээд О.Э бид хоёр цүнхийг нь аваад баарнаас гарсан. ...О.Э аваад над руу улаан цүнхээ өгч бай гэж хэлсэн. Тэгээд би өөрийн үүрч явсан цүнхээ өгөх үед нөгөө ахын бид хоёрт өгсөн цүнхийг аваад миний цүнх рүү хийсэн. Тэгээд бид хоёр хамт авч гараад ухаж үзсэн. Дотор нь 2 ширхэг гар утас, 2 ширхэг хэтэвч, хэтэвч дотор мөнгө байсан. Яг хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. Би түрийвчинд байсан мөнгөнд гар хүрээгүй. О.Э надад хар өнгийн “Самсунг” гар утсыг өгсөн. Би аваад халаасандаа хийсэн. О.Э цүнхнээс юм аваад халаасандаа хийгээд байсан. Бид хоёр үлдсэн зүйлийг нь сааданд хаясан. Тэгээд хажуу талын баар руу орсон. Удалгүй хамгаалагч нар барьж аваад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг болон эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нар хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсныг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Б.Б, О.Э нар нь бүлэглэн Б.Мөнхболдын эд хөрөнгийг хулгайсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрсдийн эзэмшил болгож буй Б.Б, О.Э нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Мөнхболдын “...хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо гомдол санал байхгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 71 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Б, О.Э нар нь шунахай сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдсэн;

 

гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй;

 

хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн;

 

үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа зэрэг болно. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Б, О.Э нарт ялгамжтайгаар нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Быг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч О.Эыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоов.

 

Шүүхээс Б.Б, О.Э нарыг тодорхой нийтэд тустай ажил хийлгэхийг даалгаагүй учир нийтэд тустай ажлыг нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагаас баталсан жагсаалтад заасан байгууллагад гүйцэтгэх учиртайг дурдаж байна.

 

Шүүгдэгч О.Э нь урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 988 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд  Б.Бын хамтаар хулгайн гэмт хэрэг дахин санаатай үйлджээ.

 

Гэвч 2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “...Эрүүгийн хуулийн ...7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Шүүгдэгч О.Эын урьд үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэргийн төрөлд ороогүй байх тул түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр буюу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 988 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Ингэж өршөөлд хамруулсан учир тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар О.Эад ял оногдуулах шаардлагагүй болно.

 

О.Эад дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Э-г Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э, Б.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                    

           

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э энэ хэрэгт 63 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 504 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх ялаас хассугай

 

6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ