Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/30

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* Шинжээч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******т холбогдох 2023001730008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн овогт *******ын *******, /регистрийн дугаар: ******/

Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын нутаг “” гэх газраас УАЗ Фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан нэн ховор ургамал болох 586 килограмм хонин арцыг түүж бэлтгэн Завхан аймгийн Улиастай сумын баг тоот хашаанд хадгалсан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны Завхан аймгийн Улиастай сумын багийн тоот хашаанд баг руу тээвэрлэж байгаль экологид 29.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Завхан аймгийн ******* сумын нутаг “” гэх газраас хонин арцыг түүж бэлтгэн, УАЗ Фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод хашаанд хадгалсан, мөн 2020 оны 11 дүгээр сарын 15-ны Завхан аймгийн Улиастай сумын багийн тоотод хашаанаас баг руу тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэг авагдсан баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Энэ талаар мэдүүлсэн хууль ёсны төлөөлөгч Д.ын ”...Намайг манай сумын Засаг даргын тамгын газрын дарга *******эцог дуудаад манай сумын нутгаас нэн ховор ургамал болох хонин арц хууль бусаар түүж бэлтгэсэн байна. ...чи энэ хэрэгт сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж оролц гэж явуулсан. ...зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арц түүж бэлтгэн байгаль экологид учруулсан хохирлыг барагдуулахыг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Х.******* нь Завхан аймгийн Улиастай сумын баг тоотод хашаанд түүсэн арцаа хадгалж байсан талаараа мэдүүлсэн гэрч Ц.ын “...би хөдөө хэд хоночихоод гэртээ ирэхэд манай хашаанд амбаарын хажууд цоохор бүтээлгээр бүтээчихсэн шуудайтай зүйлүүд байхаар эхнэрээсээ асуухад ******* чамайг явдаг өглөө үүрээр авч ирж буулгасан гэж хэлсэн юм. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* цэнхэр фургонтойгоо манайд ирээд шуудайтай юмнуудаа авна гэхээр нь ачилцаж өгөх үедээ шуудайтай зүйлийг нь үзэхэд арц байсан юм. Тэгээд манай хашаанаас арцаа авч яваад удаагүй байж байтал ******* миний гар утас руу залгаад Дэнж өгсөж яваад цагдаатай таараад арцаа хураалгачихлаа гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч С.ын “...гэртээ хүүхдүүдтэйгээ унтаж байхад Х.******* ирээд манай гэрт орж ирээд танай хашаанд юм буулгачихлаа шүү гэж хэлсэн. Би “за за” гэж хэлчихээд эргээд унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод харахад манай хашаанд байх амбаарын хажууд шуудайтай юмнууд хураачихаад дээгүүр нь алаг өнгийн бүтээлгээр бүтээчихсэн байсан. Түүнээс хойш нилээн хэд хоногийн дараа би ажилдаа явчихаад орой гэртээ ирэхэд нөгөө буулгасан зүйл нь байхгүй болсон байхаар нь Х.*******ийг аваад явсан юм байх гэж бодсон...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Х.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ганцаараа өөрийн эзэмшлийн улсын дугаартай /УАЗ фургон/ маркийн авто машинаар явж Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн нутаг нэртэй газраас арц түүсэн юм. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 өдөр түүсэн юм. Өглөө эрт босож түүгээд орой харанхуй болтол түүдэг байсан, шөнөдөө машин дотроо унтчихдаг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ирээд найз ын хашаанд буулгасан байж байгаад ачиж явж байгаад цагдаад баригдсан. Би ганцаараа Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн нэртэй газраас түүсэн юм. Арц бэлтгэж, тээвэрлэх зөвшөөрлийн бичиг байхгүй, би өмнө нь ямаан арц гэж зөвшөөрөлтэйгөөр түүдэг байсан тул ямаан арц түүсэн гэж бодож байгаа. Ирээд жигнэж үзэхэд 20 шуудай, 586 кг болж байсан. Өмнө нь арцны зөвшөөрөл өгдөг байхад зөвшөөрлийг нь авч түүдэг байсан, зөвшөөрөл өгөхөө больсноос хойш түүлгүй байж байгаад энэ удаад түүгээд баригдчихлаа. Яаж борлуулах нь тодорхойгүй байсан...” гэсэн мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Шүүгдэгч Х.*******ийн Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн нэртэй газраас түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн арц Агрууны овгийн хонин төрлийн арцанд хамаарах ба нэн ховор ургамал болох нь шинжээчийн “... ирүүлсэн 2 хайрцаг дээж нь бүгд хонин арц зүйл ургамлын мөчир болохыг тодорхойлж байна. Түлхүүр шинж: Шилмүүс хайрсархуу, жижигхэн, жимс 2-6 ширхэг үртэй, голомтлон дэвсэж ургадаг мөнх ногоон сөөг ургамал. Хонин арц нь Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон ургамал юм. Хонин арц нь Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Ховд, Монгол Алтай, Дундад Халх, Их Нууруудын хотгор, Говь-Алтайн, Зүүн гарын говийн ургамал-газар зүйн тойргуудад уулын хээрийн хад чулуурхаг газар, голын эхэн хэсэг эсвэл эрэг дагуу, өндөр уулын доод биеэр тархдаг. Тухайн орчиндоо голомт үүсгэн ургадаг. 2015 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын А-282 дугаар тушаалын хавсралтад энэ ургамлын 1 кг тутмыг нь 50.000 төгрөгөөр үнэлсэн. Хонин арц нь байгальдаа үрээр болон мөчрөөр нөхөн сэргэх боломжтой...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Түүний үйлдлийн улмаас байгаль экологид хохирол учруулсан нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай “...Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хонин арц 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон. Арцны экологи-эдийн засгийн үнэлгээ нь кг тутам 50.000 төгрөг ба 586 кг хонин арцны үнэлгээ 29300000 төгрөг /хорин есөн сая гурван зуун мянган төгрөг/...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ. Шүүгдэгч Х.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн болно. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус хуульчилсан байна. Мөн түүнчлэн шүүгдэгчийн дээрх түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн хонин арц нэн ховор ургамал болох нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт, нэн ховор ургамлын жагсаалтаар тогтоогдсон. Хонин арцыг Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болохоор заасан ба ийнхүү ашиглахдаа мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авахаар заажээ. Шүүгдэгч Х.*******ийн Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр хонин арц түүсэн, бэлтгэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч Х.*******ийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв байна. Иймд шүүгдэгч Х.*******ийг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгч Х.*******ийн хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэж ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь нөлөөлсөн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч Х.******* нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэн ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 586х50000=29300000 төгрөгийн хохирол учирчээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамал экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгчээс 29300000х5=146500000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого” гэж заасны дагуу 146500000 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж, байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа түүний ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялын доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгчээс гаргуулах хохирлын хэмжээг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.******* болон түүний өмгөөлөгч Э.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд “торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй. Нэн ховор ургамал /хонин арц/-ыг түүж бэлтгэн улсын дугаартай цэнхэр өнгийн “УАЗ Фургон” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн боловч уг тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр шилжүүлээгүй, уг машиныг 580.000 төгрөгөөр үнэлсэн нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн эд зүйл үнэлсэн үнэлгээний комиссын дүгнэлт болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хонин арцыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн улсын дугаартай цэнхэр өнгийн “УАЗ Фургон” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 580.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 20 уут хонин арцыг улсын орлого болгох нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх алаг өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Х.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд /сар бүр 150000 төгрөгөөр/ тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5400000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Х.*******т 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх алаг өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 уут хонин арцыг, шүүгдэгчийн эзэмшлийн цэнхэр өнгийн УАЗ Фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 580.000 төгрөгийг гаргуулж улсын орлого тус тус болгосугай.

8. Шүүгдэгч Х.*******ийн эзэмшлийн УАЗ Фургон маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т тус тус зааснаар шүүгдэгч Х.*******аас 146500000 /нэг зуун дөчин зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

10. Шүүгдэгч Х.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА