Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/640

 

 

 

 

 

 

   2021        09          15                                     2021/ШЦТ/640

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, 

улсын яллагч:  М.Энхбаатар (томилолтоор);

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

шүүгдэгч: Т.Т, түүний өмгөөлөгч Б.Баяржаргал, Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, “Болор Оргил Майнинг” ХХК-д катерингийн үйлчилгээ хариуцсан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т.Т.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.Т нь 2019 оны 1 дүгээр сард интернэт сайт ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 /нийт 5 хэсэг гялгар уутанд савласан, тус бүр гялгар уутны хамт 82.1014+73.8486+124.9250+103.4799+70.0945/ грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг захиалж, улмаар Олон Улсын шуудан илгээмж ашиглан 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

-2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шуурхай карго” шуудан илгээмжээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй гялгар уутны хамт нийт 475.3 /нийт 5 хэсэг гялгар уутанд лавласан, тус бүр гялгар уутны хамт 82.1014+73.8486+124.9250+103.4799+70.0945/ грамм жинтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн нараар авхуулж, улмаар 12-28 УБЯ дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн,

-2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51-19 тоот хаягт оршин суух Т.Төмөрсүхийн гэрт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын   тухай    конвенц”-ийн   2   дугаар   жагсаалтад   багтсан   дельта-9  тетрагидроканнабинолийн агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

-2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхоны 611-17 тоот өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цаасанд боосон, цаасны хамт 3.7852 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: “ ...Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Надад мансууруулах бодис худалдах санаа зорилго байгаагүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй“ гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-26/, Т.Тийн шуудан илгээмжээр хүлээн авсан дугтуйн дээрх тэмдэглэл /1хх-ийн 27/, шинжилгээнд зориулж дээж авсан тэмдэглэл /1хх-ийн 28-29/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 30-32, 70-76, 82-83, 86/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /1хх-ийн 33-34, 41-43, 77-78, 84-85, 87/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 35/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 44-49, 50-56, 90-98/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 57-66, 67-69, 88-89, 99-101/, Т.Тийн компьютерт үзлэг хийсэн гэрэл зураг /1хх-ийн 102/, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 103-108/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-ийн 109/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 79, 80-81/, гэрч Ж.Сод-Оюун /1хх-ийн 110-112/, гэрч Б.Дөлгөөн /1хх-ийн 113-115/, гэрч Э.Түмэн /1хх-ийн 120-121, 122-123/, гэрч Б.Содбаяр /1хх-ийн 124-125/, гэрч Б.Жавзан /1хх-ийн 126-127/, гэрч Ж.Бүрэнжаргал /1хх-ийн 128-129/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 132-133, 137-139, 145-146, 153-154, 158-159, 163-164, 168-173/, Сэтгэцийн дүгнэлтүүд /1хх-ийн 179-181, 185-186, 190-191, 194-195, 197-198, 4хх-ийн 66-67/, Ж.Сод-Оюуны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 231-232, 233-235, 249-250, 3хх-ийн 87-88/, Б.Дөлгөөний яллагдагчаар мэдүүлсэн  мэдүүлэг /1хх-ийн 240-241, 242-244/, Т.Төмөрсүхийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 166-168, 245-246, 3хх-ийн 89-90/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах прокурорын тогтоол /2хх-ийн 237-239, 242-244, 247-248, 3хх-ийн 116-117, 185-190/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох прокурорын тогтоол /3хх-ийн 1-5, 104-108, 109-111/, гэрч Г.Хишигдоржийн мэдүүлэг /3хх-ийн 175-176/, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 70-78/, “Ард Бит” ХХК-ийн биткойны ханшийн мэдээлэл /4хх-ийн 92-93/ Т.Тийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 87, 89, 97, 108, 130-137, 182, 4хх-ийн 95/, Т.Тийн депозит дансны хуулга /2хх-ийн 116-118, 184, 4хх-ийн 87-88, 99-109/, Т.Тийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 223-224, 225-226, 2хх-ийн 240-241, 3хх-ийн 118-119, 177-178, 191-192, 4хх-ийн 79-82/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Т.Тийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Т.Тийн эхнэр Б.Жавзангийн депозит дансны хуулга зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Т нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон 5 хэсэг, гялгар уутны хамт нийт 475.3 грамм жинтэй метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрны 19 тоотод оршин суух Т.Төмөрсүхийн гэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхон, 611 дүгээр байрны 17 тоот өөрийн амьдардаг гэртээ Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол” агууламжтай “өвс” гэх нэршилтэй 3,7852 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

“...Шинжилгээнд ирүүлсэн “№1-1” гэж хаягласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№2-1” гэж хаягласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№3-1” гэж хаягласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№4-1” гэж хаягласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№5-1” гэж хаягласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн метамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1223 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 145-146/,

“...Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгийн чулуун гаанснаас дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. ...Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1224 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 132-133/,

“...Шинжилгээнд зориулалтын хуванцар савтай ирүүлсэн 3 ширхэг шээсний дээж хүрэлцэхүйц хэмжээтэй тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Тамирын Тэнгис гэж хаягласан шээсний дээжид тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1225 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 137-139/,

мөн хүрээлэнгийн “...шинжилгээнд ирүүлсэн “ургамал” мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ургамал” мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илрэв. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг...” гэх 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1226 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 158-159/,

“...Т.Т нь каннабиноид бодисын хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна. Т.Т нь каннабиноид бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Т.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Т.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж үгүй байна...” гэх Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр /1хх-ийн 179-181/,

“...Т.Т нь манай  гэрийн нойлын өрөөнд тавиур дээр шаргал өнгийн дэвтрийн цаасанд боосон чимх хэрээтэй өвс буюу каннабил гэх зүйл байгаа гэсний дагуу нойлын өрөөнд ороход баруун гар талын хананд байрлах тавиур дээр шар дэвтрийн цаасыг нугалсан харагдах ба Т.Тээр дэлгүүлж үзэхэд хар ногоон өнгийн өвс мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов...” гэх Т.Тийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 90-98/,

“...Б.Дөлгөөний зааснаар машины зүүн талын урд хаалгыг нээхэд суудлын хажуу хэсэгт 20х35 см-ийн хэмжээтэй цагаан өнгийн нэг талдаа хөх болон улбар шар өнгийн FedEx гэсэн бичигтэй, цагаан өнгийн бичиглэл бүхий цаас наасан байдалтай, эсрэг талдаа хөндлөн байдалтай хаяг бичигт наасан байдалтай, задлагдаагүй гаалийн тэмдэглэгээтэй скочоор наасан байдалтай боодол эд зүйлийг тэмдэглэлд тусган хураан авав...” гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 16-21/,

“...Т.Т нь миний куртикны энгэрийн дотор талд байгаа гээд цэнхэр өнгийн тагтай 0,33 граммын “bonaqa” гэх шошготой цэвэр усны сав байх ба цэнхэр тагийг цоолж урд хэсэг нь харлаж бохирлогдсон шилэн гаанс мэт зүйл оруулсан, доод талд нь бөөрөн дээр цоолж цагаан цагаан өнгийн гуурс оруулсан дотроо шингэнгүй сав байв. Үзлэгийг үргэлжүүлж Т.Тийн ...куртикны дотор талаар өмсөж явсан цэнхэр малгайтай цамцны баруун халааснаас шаргал өнгийн урд хэсгээрээ бохирлогдсон гаанс мэт зүйл ...байв” гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /1хх-ийн 70-76/,

энэ хэрэгт шалгагдаж байсан Б.Дөлгөөний яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 242-244/: “...2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр над руу Т.Т нь өөрийнхөө 8801-тэй дугаараасаа залгаад “Баруун 4 замын ойролцоо уулзъя” гэхээр нь машинтайгаа очтол ганцаараа байсан. Тэгээд ...“ахад нь энэ илгээмжийн газраар нэг илгээмж ирэх ёстой юм, энэ утасны дугаар дээр ирэх ёстой, чи энэ утсыг авч байгаад илгээмж ирсэн талаар нь мессеж ирэх юм бол очиж аваад надад авч ирээд өгчихөөрэй, ахад нь унаа байхгүй, эхнэр машин унаж байгаа учраас авч чадахгүй завгүй байна” гэж хэлээд “Нокиа” маркийн гар утсыг цэнэглэгчийн хамт өгсөн. Тухайн үедээ миний машинд 25000 төгрөгөнд бензин хийж өгсөн. ...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т.Т ах над руу залгаад “утсанд мессеж ирсэн үү” гэж асуухаар нь “ирээгүй байгаа” талаар хэлэхэд “чи ямар ч байсан шуудан илгээмжийн газар очоод Мишээл гэх хүний нэр дээр илгээмж ирсэн эсэх талаар асуучих” гэж хэлсэн. Тухайн илгээмжийн газар очиход “Мишээл гэх хүний нэр дээр илгээмж ирээгүй байна” гэж хэлсэн тул энэ талаар Т.Т ахад хэлсэн. ...Сод-Оюун эгчийг ажил дээр буулгасан. Мөн тэр үед Т.Т ахын надад үлдээсэн “Нокиа” гap утсыг цэнэглэгчийнх нь хамт Сод-Оюун эгчид үлдээгээд “энэ утсанд мессеж ирвэл хэлээрэй” гэж захиж үлдээгээд өөрөө машинтайгаа “Да хүрээ” зах руу явж машиныхаа зүүн талын урд гэрлийн дохио авч ойролцоо байх автомашины засвар руу орж солиулсан. ...Т.Т ах над руу залгаад “хаана байгаа” талаар асуухаар нь засварын газар байгаа талаараа хэлэхэд “Соёл Урлагийн сургуулийн урд хүрч ирээд намайг аваад Төмөр зам руу гэрт хүргээд өгчих” гэж хэлсэн. Би машинтайгаа очиж аваад Төмөр замын ойролцоо “Гранд плаза” төвийн урд байрлах байрны гадаа буулгасан. ...Т.Т ахыг буулгачихаад хийх ажилгүй байсан тул ...найз Азжаргалын гэрт очоод байж байхад Сод-Оюун эгч над руу залгаад “илгээмж ирсэн байна” гэж хоёр удаа мессеж ирлээ гэхээр нь  Сод-Оюун эгчийн ажил дээр очтол Сод-Оюун эгчийн ажил тарсан байсан тул замаараа гэртээ хүргүүлэхээр машинд хамт суугаад хамтдаа илгээмжийн газар очсон. ...би ганцаараа илгээмжийн хүн дээр очиж “Мишээл гэх хүний нэр дээр илгээмж ирсэн талаар гар утсанд мессеж ирсэн, би авах ёстой юм, намайг авчих гэсэн, утсыг нь авчихсан яваа” гэж хэлэхэд нэг  дугаар руу залгасан ба тэр үед миний авч явсан Т.Т ахын надад өгсөн гар утас дугартал “за за, энэ хүн өөрөө яагаад ирж авахгүй байгаа юм бэ” гэхээр нь “ажилтай учраас завгүй байгаа, намайг авчих гээд утсаа өгөөд явуулсан” гэж хэлтэл илгээмж болох дөрвөлжин цаасан дугтуйтай зүйлийг өгөхөөр нь бүртгэлийн дэвтэр дээр өөрийнхөө гарын үсгийг зурж авсан. ...Сод-Оюун эгчид илгээмжийг өгч машинтайгаа хөдлөөд чигээрээ “Хүүхдийн 100” руу орох гэж явж байх үедээ гэрлэн дохио дээр цагдаа нарт баригдсан. ...Т.Т ахын надаар авахуулсан илгээмжийг миний нүдэн дээр задалж үзэхэд дотор нь битүүмжилсэн гялгар ууттай цагаан өнгийн зүйл харагдаж байсан...” гэх мэдүүлгээр, 

энэ хэрэгт шалгагдаж байсан Ж.Сод-Оюуны яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 233-235/: “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өглөө намайг гэртээ байх үед Б.Дөлгөөн машинтайгаа ирээд намайг гэрээс аваад ажил руу явсан. Замдаа Баруун 4 замын ойролцоо шуудан илгээмжийн газрын гадаа зогсоод надад “Мишээл гэх хүний нэрээр Т.Т ахын илгээмж энд ирэх ёстой, та ирсэн үгүйг нь асуугаад өгөөч” гэж хэлэхээр нь би орж асуухад “илгээмж ирээгүй” гэсэн учраас гараад энэ талаар Б.Дөлгөөнд хэлж ажил дээрээ хүргүүлээд бууж үлдсэн. Тухайн үед Б.Дөлгөөн надад “Нокиа” маркийн гар утсыг цэнэглэгчийнх нь хамт үлдээж “цэнэглээд асаагаад байж байгаарай, наад утсан дээр чинь Т.Т ахын илгээмж ирсэн талаар мессеж ирэх ёстой” гэж хэлээд үлдээхээр нь ажил руугаа ороод цэнэглэж асаасан. Ажлаа хийж байх үед 15-16 цагийн үед санагдаж байна, гар утсанд илгээмж ирсэн талаар мессеж ирэхээр нь энэ талаар Б.Дөлгөөн рүү утасдаж хэлэхэд манай ажил дээр машинтайгаа ирсэн. Тухайн үед миний ажил дууссан,үзүүлэх хүн байхгүй байсан учраас гэр рүүгээ хүргүүлэхээр хамт явсан. Харин Б.Дөлгөөн илгээмжийн газрын гадаа очиж өөрөө ороод удалгүй цагаан өнгийн дугтуйтай зүйлийг авч гарч ирээд надад өгөхөөр нь суудлынхаа хажууд тавиад тэндээсээ хөдлөөд явж байх үедээ Т.Т рүү би холбогдож өөрийнх нь ачааг ирсэн талаар түүнд хэлж ...хаана хүргэж өгөхийг нь асуухад Б.Дөлгөөнийг мэдэж байгаа гэж хэлсэн. Ингээд явж байх үедээ цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлгээр,

энэ хэрэгт шалгагдаж байсан Т.Төмөрсүхийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 165-168/: “...Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед найз Түмээтэй утсаар ярьсан. ...бид хоёр уулзахаар болсон. ...“Намайг гараад ир, нэг газар оръё” гэхээр нь би “аавын бие муу байгаа учраас гарч чадахгүй” гэдгээ хэлсэн. Тэгээд Түмэн манайд ирэхдээ Т.Т гээд найзтайгаа хамт ирсэн. 2.5 литрийн том савтай пиво барьчихсан ирсэн. Тэгээд бид 3 юм ярьж сууж байтал Т.Т шилэн гаансан дотор нь бохирлогдсон “мөс” гэх зүйлийг гаргаж ирээд фитнесст явж байгаа хүн хэрэглэвэл ядраахгүй эрч хүчтэй болгодог гэсэн. ...тэгтэл “гадаа гаръя” гэсэн би “аавыг хаяж гарч чадахгүй” гэж хэлсэн. Тэгтэл “энд хэрэглэчихье” гээд Т.Т надад өгөхөөр нь би сонирхоод нэг сорсон. ...Би Т.Тийн гаргаж ирсэн мөс гэх зүйлийг нэг сорж үзсэн. Шилэн гаанс дотор нь бохирлогдсон зүйлтэй байсан...” гэх мэдүүлгээр,

Т.Тийн яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 225-226/: “Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Интернэт ашиглан хууль бус бараа худалдаалдаг нууцлагдсан веб сайт руу “A yahuasca” гэх нэртэй аккаунтаар нэвтэрч өөрт байсан Bitcoin цахим валютыг орлогодож тухайн сайтаас метамфетамины агууламжтай “Ice” нэртэй мансууруулах үйлчилгээтэй бодисыг Мишээл гэх зохиомол нэрээр захиалан утасны дугаар дээр нь Теди төвийн гаднаас бүртгэлгүй дугаар болох Мобикомын 95-тай дугаарыг тэмдэглэж үлдээсэн. Хүлээн авах гэрийн хаяг бичилгүй Мишээл гэх хүний нэр болон 95-тай дугаарыг тэмдэглэж үлдээсэн. Ингээд ойролцоогоор 2000 гаран доллартай тэнцэх хэмжээний цахим валютаар “Ice” захиалсан. Гэхдээ ирнэ гэдэгт нь эргэлзэж байсан. Учир нь хууль бус зүйл хилээр орж ирлээ гэхэд гаалийн шалгалтад илэрч нэвтрэхгүй байх гэж бодсон. “Ice” захиалахаасаа өмнө тухайн сайтаар орж гадаадад хулгайлагдсан хулгайн “Iphone XS” маркийн гap утсыг захиалсан. Мөн Мишээл гэх хүний нэрээр захиалж 95-тай дугаараа тэмдэглүүлсэн байсан. Хэрэв захиалсан бараанууд нь ирээд 95-тай дугаар дээр мессеж ирэх юм бол очиж авна гэж бодож байсан. ...над дээр ирж байгаа мөс гэх бодистой илгээмжийг гаалийн байгууллага нь илрүүлж намайг тухайн газраа дуудаж шалгана гэж бодож байсан. Түүнээс бол цагдаагийн байгууллагад баригдаад энэ байдлаар шалгуулна гэж ойлгож байгаагүй. ...Дөлгөөнийг утсаар дуудаж “ах нь машинд нь бензинийг нь хийгээд өгье, чи Мишээл гэх хүний нэрээр над дээр ирэх илгээмжийг аваад надад хүргээд өгөөч” гэж хэлээд тухайн 95-тай дугаарыг хийсэн байсан “Нокиа” маркийн гар утсыг цэнэглэгчийнх нь хамт өгөөд явуулж байсан. ...надад шуудан илгээмжээр хар тамхи мансууруулах бодис ирж байгаа талаар Дөлгөөн, Сод-Оюун нар мэдээгүй. ...хулгайн гар утас болон хууль бус хар тамхи захиалж байгаа учраас өөрийнхөө нэрээр бус Мишээл гэх хуурамч нэр зохиож захиалан 95-тай бүртгэлгүй дугаарыг тэмдэглүүлсэн. Мишээл гэх нэртэй хүн байхгүй...”  гэх мэдүүлэг болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 22-26/, Т.Тийн шуудан илгээмжээр хүлээн авсан дугтуйн дээрх тэмдэглэл /1хх-ийн 27/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 67-69/, Т.Тийн компьютерт үзлэг хийсэн гэрэл зураг /1хх-ийн 102/, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх-ийн 70-78/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь интернэт сайт ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас “метамфетамины” агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг захиалсан, уг сэтгэцэд нөлөөт бодисыг Олон Улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, уг хил нэвтрүүлсэн бодисоо Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн  нарыг ашиглаж шуудан илгээмжийн газраас авхуулсан, бусдын орон байранд өөрийн биедээ хадгалж байсан сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болохыг өөрөө мэдүүлсэн, түүний мэдүүлгийн эх сурвалжийг энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан бусад хүмүүс баталж мэдүүлсэн, мөн гэртээ сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан нь үзлэг нэгжлэгээр илэрсэн, шүүгдэгчийн амьдардаг гэр болон биеэс хураагдсан “ургамал” мэт зүйлээс болон шээснээс нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад орсон “дельта-9 тетрагидроканнабинол” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн болохыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, Т.Т нь зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

Харин Т.Тийг  2019 оны 01 дүгээр сард интернэт сайт ашиглан Америкийн нэгдсэн улсаас захиалж, Олон улсын шуудан илгээмж ашиглан 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн метамфетамины агууламж бүхий 475,3 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б.Дөлгөөний жолоодож явсан тээврийн хэрэгслээр тээвэрлүүлж явсан талаарх прокурорын дүгнэлт эргэлзээтэй байна.

 

Прокурорын зүгээс  Т.Тийн хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ их байгаа үйл баримт,  олон улсын хар тамхины хууль бус наймаанд хэрэглэгдэж буй жишиг үнийн мэдээлэл, үүний дотор хөрш орнууд, бүс нутаг болон манай улсад хэрэглэгдэж байгаа жижиглэн болон бөөний үнийн мэдээлэл зэрэгт тулгуурлан тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болж байна гэж үзжээ.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ,  олон улсын хар тамхины хууль бус наймаанд хэрэглэгдэж буй жишиг үнийн мэдээлэл, үүний дотор хөрш орнууд, бүс нутаг болон манай улсад хэрэглэгдэж байгаа жижиглэн болон бөөний үнийн мэдээлэл зэрэг нь тухайн бодисыг худалдаалах зорилгыг тодорхойлох нөхцөл байдлууд мөн боловч эдгээр нь дангаараа  мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй юм. Дээрх нөхцөл байдлаас гадна тухайн мансууруулах бодисыг жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлс, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

Хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн  нар Т.Тийн гуйлт, хүсэлтээр түүнд ирсэн шуудан илгээмжийг зөвхөн өөрт нь аваачиж өгөхөөр явж байснаас бус илгээмж дотор юу байсныг мэдээгүй, өөр хэн нэгэн хүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах, бэлэглэх, солилцох, үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх, бусад хэлбэрээр түгээх зорилго байгаагүй талаар мэдүүлэг өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлс хэрэгт хураагдаагүй, Т.Т нь урьд өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдах байдлаар амьжиргааны эх үүсвэрийн хувьд хууль бус орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байсан болон түүний үйлдлийн улмаас өөр хэн нэгэн хүн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бодитойгоор эзэмшиж байсан талаарх баримт мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй зэрэг нь Т.Тийн хувьд метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Америкийн Нэгдсэн Улсаас шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, тээвэрлэж явсан гэсэнд эргэлзээ төрүүлж байна.

Үүнээс гадна Т.Т нь зан үйлийн хувьд сэтгэцэд нөлөөт бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан нь “...өөртөө зориулж захиалж авсан, худалдаалах зорилго байгаагүй...” гэх түүний мэдүүлгийг ч няцаан үгүйсгэхгүй гэж үзэх бас нэг үндэслэл болно.

Мөн энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан  Ж.Сод-Оюуны зөвхөн нэг эх сурвалжтай, бусад баримтаар батлагдаагүй “...Т.Т нь хар тамхи зардаг болох нь мэдэгдсэн...” гэх эргэлзээтэй мэдүүлгийг ч хөдөлбөргүй үнэн зөв гэж үзэх боломжгүйгээс гадна прокурор түүний бусад мэдүүлгийн үнэн зөв эсэхийг магадлаж, аль мэдүүлэг нь үнэн болохыг хэргийн нөхцөл байдалд тулгуурлан дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг цогцоор нь нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.Тийн хувьд дээрх метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт  бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгоор бус харин өөрийн хүслээр, санаатайгаар Монгол Улсын хилийг нэвтрүүлэх үйлдлийг хийж, уг бодисыг илгээмжээс авч өөрийн эзэмшилдээ оруулахаар Б.Дөлгөөний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд байлгаж, тээвэрлүүлсэн үйлдэл нь тухайн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “олж авч, хадгалсан” шинжийг агуулсан гэж шүүх дүгнэв.

Хувь хүний хувьд сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглодог бөгөөд  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлдэг.

Гэтэл зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, мөн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн бие болон орон байранд, бусдын тээврийн хэрэгсэлд хадгалж буй Т.Тийн гэм буруугийн санаатай үйлдлүүд нь “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Ийм учраас нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн прокуророос Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид нь тохируулан хөнгөрүүлэн өөрчлөхөөр тогтов.

Шүүгдэгч Т.Т нь дээрх байдлаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51-19 тоот хаягт оршин суух Т.Төмөрсүхийн гэрт өөрийн биедээ хадгалсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Шинэ өргөө” хотхон, 611-17 тоот өөрийн амьдардаг гэртээ хадгалсан,  2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Б.Дөлгөөний тээврийн хэрэгсэлд хадгалснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүн буюу 1 дүгээр хэсэгт заасныг үйлдлээрээ хангасан байх тул нэг гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнээр түүнд холбогдох хэргийг давхардуулан зүйлчлэх шаардлагагүй болно.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийн үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлтэй тул дээрх гурван үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нэгтгэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Т.Тийг гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж”  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хорих ял шийтгэхээр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтыг нэмжээ. Дээрх тохиолдолд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын доод, дээд хэмжээ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 заалтад зааснаас бага байгаа тул гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан тухайн хуулиар Т.Тт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Т.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ интернэт сайтаас беткойн ашиглан Америкийн Нэгдсэн Улсаас метамфетамины агууламжтай буюу “мөс” хэмээх НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг захиалж, шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хил нэвтрүүлсэн, уг нэвтрүүлсэн бодисыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн нарыг ашиглаж шуудан илгээмжийн газраас авахуулсан талаар хүлээн зөвшөөрсөн, түүний компьютерт хийсэн үзлэг болон илгээмжээр ирсэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, энэ хэрэг холбогдон шалгагдаж байсан Ж.Сод-Оюун, Б.Дөлгөөн нар шуудан илгээмжээс очиж авсан эд зүйл Т.Тт хамааралтай болохыг илчилж мэдүүлсэн нь шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай баримт гэж үзнэ.

Иймээс Н.Нарантуяа өмгөөлөгчийн “Б.Дөлгөөний жолоодож явсан тээврийн хэрэгслээс хурааж авсан сэтгэцэд нөлөөт  бодис нь хэнд хэрхэн хамааралтай эсэх, уг бодисыг олж авсан мөнгөний эх үүсвэрийн талаар зайлшгүй шаардлагатай ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах” гэсэн нь Т.Тийн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч улсын хил нэвтрүүлсэн, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүнийг ашиглаж уг бодисыг тээврийн хэрэгсэлд нь хадгалсан гэм бурууг үгүйсгэх, түүнд эргэлзээ төрүүлэх хангалттай үндэслэл болж чадахгүй байна.

Ийнхүү шүүгдэгч Т.Тийн “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд дараах нөхцөл  байдлуудыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Т нь хүн амын эрүүл мэндийг өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа, удмын санд нөхөгдөшгүй хор хохирол учруулдаг, нийгмийн хор аюул ихтэй гэмт хэргийг үйлдсэн;

улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн сэтгэцэд нөлөөлөх бодисын хэмжээ их;

гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй хүмүүсийг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн;

үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй;

гэм буруугаа цаг тухайд нь хүлээн зөвшөөрсөн;

гэрлэсэн бөгөөд 5 сартай, 3 настай, 6 настай гурван хүүхэдтэй;

сэтгэцэд нөлөөт бодисын хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байсан боловч эдгэрсэн зэрэг болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Тт оногдуулсан дээрх хэд хэдэн төрлийн ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг 5  жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон болно.

Т.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Нокиа 2600” маркийн гар утсыг Т.Тт олгож, шар ногоон өнгийн чулуун гаанс 1 ширхэг, таган дээр цоолж шилэн гаанс мэт зүйл суурилуулан гаансны үзүүрт савны ёроол хүрсэн өнгөгүй гуурс байрлуулсан дээд талд нь цоолж улаан өнгийн судалтай өнгөгүй хуванцар гуурс шургуулсан “Bonaqua” гэсэн бичиглэл бүхий шошготой бонго мэт зүйл 1 ширхэг, 1228 УБЯ дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан метамфетамины агууламжтай 5 хэсэг, тус бүр гялгар уутны хамт №1-1 /1.7453 гр/, №2-1 /1.5339 гр/, №3-1 /1.7565 гр/, №4-1 /1.1332 гр/, №5-1 /0.9792 гр/ гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, мөн гялгар уутны хамт №1 /79.8827 гр/, №2 /72.4032 гр/, №3 /123.3331 гр/ №4 /101.6754 гр/, №5 /68.7187 гр/ гэж дугаарласан мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, АНУ-аас илгээмжийг хийж явуулсан хаяг бүхий цагаан өнгийн гялгар уут, саарал өнгийн 2 ширхэг гялгар уут, цагаан өнгийн хайрцаг 1 ширхэг, зөөлөн порлон 1 ширхэг, Т.Тийн гэрээс нэгжлэгээр хураагдсан шар өнгийн цаасанд боосон өвс мэт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 3.7852 грамм /цаасны хамт/ сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис зэргийг устгахыг Цагдаагийн байгууллагад даалгахаар тогтов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2,

36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Прокуророос шүүгдэгч Т.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

            2. Шүүгдэгч Т.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хууль, Монгол Улсын Олон Улсын гэрээнд заасны дагуу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн,

            мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт 3 (гурван) жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тийн цагдан хоригдсон 121 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

7. Шүүгдэгч Т.Тээс гаргуулах төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Нокио 2600” маркийн гар утсыг Т.Тт олгож, шар ногоон өнгийн чулуун гаанс 1 ширхэг, таган дээр цоолж шилэн гаанс мэт зүйл суурилуулан гаансны үзүүрт савны ёроол хүрсэн өнгөгүй гуурс байрлуулсан дээд талд нь цоолж улаан өнгийн судалтай өнгөгүй хуванцар гуурс шургуулсан “Bonaqua” гэсэн бичиглэл бүхий шошготой бонго мэт зүйл 1 ширхэг, 1228 УБЯ дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан метамфетамины агууламжтай 5 хэсэг, тус бүр гялгар уутны хамт №1-1 /1.7453 гр/, №2-1 /1.5339 гр/, №3-1 /1.7565 гр/, №4-1 /1.1332 гр/, №5-1 /0.9792 гр/ гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, мөн гялгар уутны хамт №1 /79.8827 гр/, №2 /72.4032 гр/, №3 /123.3331 гр/ №4 /101.6754 гр/, №5 /68.7187 гр/ гэж дугаарласан мөс мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, АНУ-аас илгээмжийг хийж явуулсан хаяг бүхий цагаан өнгийн гялгар уут, саарал өнгийн 2 ширхэг гялгар уут, цагаан өнгийн хайрцаг 1 ширхэг, зөөлөн порлон 1 ширхэг, Т.Тийн гэрээс нэгжлэгээр хураагдсан шар өнгийн цаасанд боосон өвс мэт дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 3.7852 грамм /цаасны хамт/ сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис зэргийг устгахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ