| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/31 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/31
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******од холбогдох 2123000240037 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дүгээр сарын 18-нд Завхан аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, , аав ээжийн хамт Завхан аймгийн сумын “” багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж байсан овогт *******ийн *******, /Регистрийн дугаар: ИП*********/
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2018 оны 04 дүгээр сард Завхан аймгийн сумын Хульж багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас хохирогч Б.*******ын өмчлөлийн 4 тооны тэмээг хулгайлж 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ийн ******* нь 2018 оны 04 дүгээр сард Завхан аймгийн сумын Хульж багийн нутаг “Цагаан худаг” гэх газраас хохирогч Б.*******ын өмчлөлийн зөв талын гуян дээрээ хайчин тамга босоо дарсан тамгатай, им нь буруу чих нь гол зөв чих араасаа сүйх имтэй буюу 4 тооны тэмээг хулгайлсан хэргийн үйл баримт нь тэмээгээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.*******ын “...2018 оны хавар 4 дүгээр сард тэмээндээ явсан. Тэгээд тэмээгээ бүртгэж үзэхэд урд бөх нь нугархай ширээ 2 бор тэмээ, ширээ бор 1 тэмээ, урд бөх нугархай хөх тэмээнүүд байхгүй байсан. ...би тэмээгээ тасраад явсан байх гэж бодоод сумын Хульж 2 дугаар багийн айл өрхүүдээр болон Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай, Завхан аймгийн Сантмаргаз зэрэг сумын айл өрхөөр тухайн тэмээгээ хайж явсан. Д.******* нь миний хохирол болох 5.200.000 төгрөгийг бэлнээр өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ш.гийн “... Б.*******ын тэмээ 2018 оны хавар сумын нутаг Цагаан худаг гэх газар нутаглаж байсан. Тэдний тэмээ нь зөв талын гуян дээрээ хайчин тамга босоо дарсан тамгатай, им нь буруу чих нь гол зөв чих араасаа сүйх имтэй. ...Б.******* тэмээгээ алдчихаад надаас сураглаж байсан. Би тэр алдагдсан 4 тооны атан тэмээг харвал зүс болон им, тамгаар танина...”гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Л.ын “...Б.******* тэмээгээ алдчихаад надаас сураглаж байсан. Би тэр алдагдсан 4 тооны атан тэмээг харвал зүс болон им, тамгаар танина...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.ын “...2018 оны 04 дүгээр сарын сүүлээр ******* ...бид 2 сумын төвийн ард талын голын зах ороод архи уугаад сууж байтал өврөөсөө бэлэн мөнгө гаргаж ирээд найз нь хэдэн мал зарж борлуулж мөнгөтэй боллоо гэж байсан. Тэгээд бид 2 *******ын авсан архийг ууж дуусаад би гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2018 оны 04 сард ганцаараа сумын Хулж багийн нутагт сувай малаа аваад жижиг гэртээ отор хийж байсан юм. Тэгсэн нэг өдөр ачааны машинтай 2 танихгүй залуу ирээд мал авах гэж хөдөөгүүр явж байна мал олдохгүй байна, зарах мал байна уу гэсэн юм. Тэр өдрийн өглөө малд явж байгаад Хулж багийн нутаг “Цагаан худаг”-ийн урд руу хэдэн тэмээ байхыг би харсан юм. ...би өөрийн тэмээнээсээ хэдэн тэмээ заръя гэж хэлээд машинд нь суугаад хамт Цагаан худагийн урд руу байсан тэмээнүүд дээр очоод, ойрхон байсан хашаанд хашиж байгаад 4 тэмээ барьж аваад хашааны хажуугийн жалганд машиныг нь оруулж зогсоож байгаад тэмээнүүдийг хөлөөр нь хөтөлж машин дээр гаргаж ачиж өгсөн юм. Би 1 тэмээг 1 сая төгрөгөөр бодож зараад нийт 4.000.000 бэлнээр авсан юм. 4-үүлээ нас гүйцсэн эр атан тэмээнүүд байсан, улаан хүрэн зүсмийн тэмээнүүд байсан санагдаж байна, хэний тэмээнүүд гэдгийг нь мэдээгүй юм. Тэмээ худалдаж авсан хүмүүсийг би танихгүй, Улаанбаатар хотынх гээд 30 гаран насны 2 залуу явж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.*******т 5200000 төгрөгийн хохирол учирсан нь шинжээч Г.гийн 2021 оны 02 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай эд зүйлд хийсэн үнэлгээ “...Тэмээ 1 ширхэг нь 1.300.000 төгрөг, /нэг сая гурван зуун мянга/, Нийт 5 ширхэг тэмээ 5.200.000 төгрөг” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Д.******* нь бусдын өмчлөх эрхэд халдаж шунахай сэдэлтээр 4 тооны бод мал хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2 тооны бод түүнээс дээш малыг олон тооны малд тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн өөрчлөлт орсон байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна“ гэж заасан учир Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэстэй. Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно. Шүүгдэгч Д.******* нь хохирогч Б.*******т 5200000 хохирол нөхөн төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Д.*******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлагдаж дагаж мөрдөхөөс өмнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих, эрх хязгаарлах ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ял хүчин төгөлдөр үйлчилж байсан ч прокурор яллагдагчид санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь хууль ёсны байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Мөн түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт *******ийн *******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5- д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******од тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.*******од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА