Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШЗ2017/01911

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШЗ2017/01911

Төв аймаг

 

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймаг, Дэлгэрхаан сум, 2-р баг, Дуут хуримт гэх газарт оршин суух Батхаан овогт Гөлөгийн Нэргүй /рд:ЙГ65091523/-н нэхэмжлэлтэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гөлөгийн Нэргүй нь 1965 онд төрсөн, 52 настай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 1981 оны 6 сард 7-р ангиа төгсөөд 1986 онд н.Цэрэнжамц гэх хүнтэй  суусан. Н.Цэрэнжамц нөхөр нь нас барч 2010 онд н.Ядамсүрэн гэх хүнтэй гэр бүл болсон. н.Цэрэнжамцтай гэр бүл байхдаа малчин болж өнөөдрийг хүртэл малчин хийж байгаа. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Батхаан” бригадад 1981 оны 07 сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл малчин, Төв аймгийн Баянцогт сумын Баянцогтын Сангийн аж ахуйд 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл саальчнаар тус тус ажилласан. Г.Нэргүйг  4, 5 настай байхад нь ээж Гөлөг нас барж, эмэг эх Энэбиш дээрээ очсон. Бага байхдаа Г.Нэргүй нь их өвддөг байсан тул ламд үзүүлж, нэрийг нь Рагчаасүрэн гэж өөрчилсөн байдаг, одоо ч гэсэн Рагчаа гэж хүмүүс дууддаг. Г.Нэргүйд хөдөлмөрийн дэвтэр байхгүй, Баянцогтод ажиллаж байсан үеийн зарим тушаалууд нь Энэбишийн Рагчаасүрэн гэх нэрээр гарсан байдаг тул Г.Нэргүйн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Нэргүй нь  иргэн Л.Баатар-Эрдэнэ /ХБ56111701/-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 25, 26 дугаар зүйлүүдэд д заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр Л.Баатар-Эрдэнэд 2016 оны 06 сарын 02-ны өдөр олгосон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд төлөөлөх эрх нь 2017 оны 06 сарын 02-ны өдөр дууссан байх тул нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 Г.Нэргүй нь итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангаж, дахин нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж хязгаарлалт болохгүй болно.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, садан төрлийн холбоог тогтооход холбогдох баримтаа ирүүлэх, мөн шаардлагатай гэрчүүдийг асуулгах зэрэг ач холбогдолтой нотлох баримтыг ирүүлж шүүхэд дахин хандах эрх нь нээлттэй болно.

Хэрэгт оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байсныг дурьдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Г.Нэргүйн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

           ШҮҮГЧ                                        Л.ОЮУНЦЭЦЭГ