Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0068/Э |
Дугаар | 69 |
Огноо | 2016-06-28 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Э.Болор
Шүүгдэгч Д.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Хатиган овогт Дагвын Батжаргалд холбогдох эрүүгийн 201610010120 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд баг Захиргааны 14-12 тоотод түр оршин суух, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянцагааны 10-р гудамж 19 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2001 оны 03 сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан, Хатиган овогт Дагвын Батжаргал /РД: ЧЕ81022079/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/
Шүүгдэгч Д.Батжаргал нь согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 114-р байрны гадна 2016 оны 06 сарын 09-ний өдөр иргэн Г.Пүрэвсүрэнгийн хоолойг боон ташин унагааж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 09-ний өдөр гэртээ ганцаараа нэг шил 0,75 гр Экс архи уугаад дахин дэлгүүрээс архи авахаар гараад такси бариад 114-р байрны дэргэд байдаг дэлгүүр орж таксины мөнгө авахаар очиж зогсоод мөнгөнөөс болж жолооч эмэгтэйтэй маргалдсан. Тэгээд тэр жолооч эмэгтэй машинаасаа татаж буулгаад мөнгөө нэхэж зууралдаад байхаар нь би хөлөөрөө ташиж унагаасан. Би дэлгүүр рүү ороод байж байхад цагдаа нар ирээд намайг цагдаа дээр авчирсан. Тэр жолооч эмэгтэйг цохиогүй, хөлөөрөө дэгээдэж унагаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Хохирогч Г.Пүрэвсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 06 сарын 09-ний өдөр 17 цагийн үед төв талбай дээр таксины очерын эхэнд зогсож байсан тэгээд нэг залуу ирээд би тахарын албаны дарга байна, сайн байна уу гээд мэндлээд 114-р байрны гадаа хүргээд өгөөч гэсэн. Би суулгаад хөдлөөд 114-р байрны гадаа очоод зогсоод надаас таксины мөнгө хэдийг өгөх вэ гэж асуухаар нь 1000 төгрөг гэхэд жаахан сууж байгаад гаръя гээд миний идэж байсан зайрмагийг араас булаагаад авсан. Нөгөө залуу мөнгөө төлөөд Замын-Үүдээр жаахан зугаалъя гэсэн. Тэгэхээр нь би надад тийм зав байхгүй, мөнгөө төлөөд буу гэсэн чинь гар утас, тамхи хоёроо миний урд талын шил рүү шидсэн. Тэгээд би тэр залууг согтуу байгааг нь мэдсэн. Би машинаасаа буугаад сууж байсан талынх нь хаалгыг онгойлгоод буу гээд татаж гаргасан. Тэгтэл байж бай гээд зогсож байсан түргэний машин луу очоод мөнгө аваад өгье гээд түргэний машин дээр очоод Үрээгийн утсыг хэлээд өгөөч гэж байсан. Түргэний жолооч би мэдэхгүй, танихгүй гэсэн. Тэгэхээр нь би чи мөнгөгүй юм байна гээд хойш нь түлхсэн. Тэгээд машин руугаа явж байхад араас ирээд даварсан гичий вэ гээд миний цамцны захаар хоолой боогоод хөлөөрөө дэгээдэн унагаасан. Тэгээд намайг газарт унасан байхад дэвсэх гэхэд нь түргэний машины жолоочтой уулзаж байсан залуу ирж болиоч гээд салгасан. Тэгээд нөгөө согтуу залуу газарт унаад босч ирээд надруу хандан ал руу чинь шороо чихнэ, нэг мөсөн гүйцээнээ гээд газарт хэвтэж байсан цементний хагархай барьсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд хурдлаарай гэхэд тэр залуу сонсоод зугтаасан. Тэгээд Хангарьд дэлгүүр лүү орсон байхад нь цагдаа нар орж авч явсан. Таксины мөнгөн дээрээс болж намайг хэл амаар доромжилж цамцаар хоолой боож дэгээдэн унагаасан. Намайг гараараа цохьсон зүйл байхгүй, харин хоёр хөлийг хавсарч дэгээдэн унагаасан. Мөн гуя руу нэг удаа, шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Намайг унаад босоход ахар сүүл орчмоор эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан. Өөр мэдэгдэх зүйл байгаагүй. Нэхэмжлэх зүйл гэвэл тэр өдрөөс хойш бие өвдөөд таксинд явж чадахгүй байгаа би өдөрт 25.000-30.000 төгрөгийн орлого олдог. Гомдол санал байхгүй гэжээ. /хх-ийн 11/
-Гэрч Т.Сэргэлэнбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2016 оны 06 сарын 09-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. 114-р байрны подвалын 1 тоотод хүн татаад байна гэсэн дуудлагаар эмч Очгэрэлийн хамт 114-р байранд очсон. Тэгээд эмч дотогшоо хүнээ үзэхээр ороод би машиндаа хүлээгээд сууж байсан. Тэгсэн нэг суудлын машин дэргэд ирээд зогссон. Жолооч нь өндөр махлаг хүүхэн гарч ирээд арын суудал дээр сууж байсан нэг залууг машинаасаа татаж буулгаад мөнгөө өг гээд зууралдаад байсан. Тэгээд нөгөө залуу нь жолооч эмэгтэйг таших шиг болоод хоёулаа давхартаа унаад босоод ирсэн. Тэр залуу гар утсаа газарт унагаасан байсан. Тэгээд нөгөө залуу над дээр ирээд эд нар пойлдох гээд байна гээд байсан. Нөгөө эмэгтэй нь цагдаа дуудна гээд утсаар яриад байсан. Намайг харж байхад өөр зүйл болоогүй. Эмч гарч ирээд би явсан. Эмнэлэгт дуудлага өгсөн айлын эрэгтэй эмнэлгийн сувилагч Пүрэвдорж надтай хамт байж байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаад зууралдаад байхад нь Пүрэвдорж гэрээсээ гарч ирж таараад очиж салгасан гэжээ. /хх-ийн 12/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 5/
-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 6/
-Шинжээчийн 298 дугаартай дүгнэлт. 1.Г.Пүрэвсүрэнгийн биед ахар сүүлний гэмтэл, баруун гуяны дотор дунд талд цус хуралт, зүүн гуяны дотор доод талд цус хуралт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Учирсан гэмтлүүдийн ахар сүүлний гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун гуяны дотор дунд талд цус хуралт, зүүн гуяны дотор доод талд цус хуралт, зүүн шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 15/
-Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 24/
-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/
-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/
-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-27/
-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 30/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.Батжаргал нь согтуугаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 114-р байрны гадна 2016 оны 06 сарын 09-ний өдөр иргэн Г.Пүрэвсүрэнгийн хоолойг боон ташин унагааж ахар сүүлний хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Батжаргалын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Пүрэвсүрэнгийн “...Тэгээд машин руугаа явж байхад араас ирээд даварсан гичий вэ гээд миний цамцны захаар хоолой боогоод хөлөөрөө дэгээдэн унагаасан. ...Намайг унаад босоход ахар сүүл орчмоор эвгүй болоод хөдөлж чадахгүй байсан.”, гэрч Т.Сэргэлэнбаатарын “...нөгөө залуу нь жолооч эмэгтэйг таших шиг болоод хоёулаа давхартаа унаад босоод ирсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 298 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Батжаргал нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Г.Пүрэвсүрэн нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх мэдүүлгийг өгсөн, шүүхэд шүүх хуралдаанд оролцохгүй санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж өгсөн боловч шүүгдэгч Д.Батжаргал нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 5/ зэргээр батлагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч нь 2001 оны 03 сарын 01-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан хугацаа өнгөрсөн байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Батжаргалд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг оногдуулсан болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатиган овогт Дагвын Батжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дагвын Батжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батжаргал нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Батжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Батжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА