Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 585

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Д-, А.А-, Д.Б-,

Э.М-, Б.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Н.Жамъян,

шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-, түүний өмгөөлөгч Р.Булган,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Н.Жамъян, шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Д-, А.А-, Д.Б-, Э.М-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2015 2603 0543 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Б.Д, 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../;

 

2. Ө овгийн А.А, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../;

 

3. Н овгийн Д.Б, 1996 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../;

 

4. Б овгийн Э.М, 1997 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../;

 

5. Ш овгийн Б.Б, 1995 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .../.

 

Б.Д- нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Д-г “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр Г.Д-гийн толгойн тус газар чулуугаар цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт,

А.А-, Д.Б-, Э.М- нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах оршуулгын газрын зүүн хойд талд бусдыг илтэд үл хүндэтгэн, хохирогч Г.Д-г “тамхи нэхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн зодож, биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт,

Б.Б- нь мөрдөн байцаалт, шүүхэд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Б.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар, А.А-, Д.Б-, Э.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.А-, Д.Б-, Э.М- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилж,

Б.Д-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.А-, Д.Б-, Э.М- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б.Бат-Эрдэнийг мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-д холбогдох 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-ыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-, Д.Б-, Э.М- нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Даваанямд оногдуулсан 8 жилийн хорих ялыг, А.А-, Д.Б-, Э.М- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, А.А-, Д.Б-, Э.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-ын цагдан хоригдсон 476 хоног, А.А-гийн цагдан хоригдсон 511 хоног, Д.Б-ийн цагдан хоригдсон 470 хоног, Э.М-гийн цагдан хоригдсон 491 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-т шүүгдэгч Б.Даваанямаас 300.000 төгрөг, А.А-гаас 100.000 төгрөг Д.Б-оос 50.000 төгрөг, Э.М-гаас 300.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдаж, Б.Даваанямаас 3.293.510 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-т олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн даавууны хайчилбар 1 ширхэг, ууттай шороо, цаасан ууттай хайчилбар 1 ширхэг, цаасан ууттай шороо, босоо захтай саарал өнгийн футболк 1 ширхэг, цэнхэр өнгийн урд тал нь саарал хөндлөн судалтай ноосон цамц 1 ширхэг, хар цэнхэр өнгийн нилон материалтай өмд 1 ширхэг, шаргал өнгийн пүүз 1 ширхэг, хар өнгийн эрэгтэй дотуур хувцас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Б.Д-т ял шийтгэл оногдуулахдаа хэргийн ээдрээ төвөгтэй байдал мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулахдаа хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглээгүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Б.Д- тухайн үед насанд хүрээгүй 16 настай байсан, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай дунд сургуульд сурч байсан.

Тус сургуулийн суралцагч нар нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой. 2 дугаар хавтаст хэргийн 101-102 дугаар талд шинжээч эмч Л.Гантулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Энэ хүмүүс нь оюуны хөнгөн зэргийн хомсдолтой байсан. Оюуны хөнгөн зэргийн хомсдол гэдэг нь оюун ухааны хөгжилд нь сэтгэцийн хувьд эрүүл хөгжилтэй хүний түвшинд хүрэхгүй, харьцангуй доогуур, хүний үгэнд оромтгой хөнгөн сэтгэлтэй хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүд яагаад энэ гэмт хэрэгт сэжиглэгдэх болсон бэ гэвэл гэрч Б.Б- нь хэргийн холбогдогч А.А-тай ярилцсан гэх үг, А.А- би өнөөдөр хүн зодчихлоо гээд байсан...” гэсэн мэдүүлэг юм. А.А- нь дээрх хүүхдүүдэд үг зааж өгөн мэдүүлэг өгүүлсэн зэргээс л уг асуудалд холбогдох болсон. А.А- хүн зодоогүй, тэр хүнтэй уулзаагүй юм бол яагаад энэ хүүхдүүдийг хэрэгт хамааралтай болгосон нь ойлгомжгүй.

Хэргийн холбогдогч А.А-, Д.Б-, Э.М- нар нь тэр хохирогчтой уулзаагүй, зодоогүй гэж удаа дараа маш олон удаа мэдүүлэг өгч байсан бөгөөд харин 2018 оны 4 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд “уулзсан, зодсон” гэж мэдүүлэг өгч хэргийн бодит үнэнийг алдагдуулж миний зүйл анги хөнгөрч байвал бусад хүн яах нь хамаагүй мэтээр өөрсдийгөө бодож хамгийн бага буюу насанд хүрээгүй 14 настай, оюуны хомсдолтой Б.Д-т үг зааж өгч, чулуугаар цохисон гэж хэлүүлээд өнөөдөр хүн алсан гэмт хэрэгтэн болгож байгаа нь шударга ёс, хүн чанар гэдэг хаачив.

Анхан шатны шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал А.А-, Д.Б-, Э.М- нарыг хохирогчийг бид нар зодсон гэж мэдүүлэг өгөөд байхад тэдний үйлдэл холбогдолд нь тохирсон хохирлыг төлүүлэхгүй ганц Б.Д-аар хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь уг тогтоол нь шударга ёсны ба үндэслэл бүхий болж чадсангүй.

Хэргийн материалаас харахад хохирогч маань цус харвасан, сайн явж, ярьж чаддаггүй хүн маань харанхуй шөнө өөрийн хүүхэд шиг хүүхдүүдээс тамхи нэхээд мөн “чи яармагийн хүү биш гэхээр нь эхлээд алгадах уу. Хохирогч согтуу биш. Тэр хүн харанхуй шөнө тамхи эрээд гэрээсээ хол явах уу. Гэрч хохирогч нарын мэдүүлгээс харахад сайн явж чаддаггүй, цус харваснаасаа хойш хүнтэй их ярьдаггүй, дуу цөөнтэй гэсэн байдаг. Хэрвээ тийм өвчтэй хүн чинь 4 залууд зодуулчихаад гэртээ ирсэн юм бол дахин тэр газар луу явах ямар шаардлага байв. Мөн тэр 1 метр гаран хашааг юунд давах болов гэх мэт олон эргэлзээтэй зүйл байдаг билээ.

Хэрвээ А.А-, Д.Б-, Э.М- нар хохирогчийг зодоогүй бол тэр хүн өнөөдөр эрүүл саруул амь мэнд явах юм билүү. Эдгээр хүмүүс зүгээр явсан настай хүнийг яах гэж зодож амь биед нь олон тооны гэмтэл учруулав, тэр гэмтлийг учруулсны хариуцлага мөн хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлөх үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд хэргийн ээдрээ төвөгтэй байдал, түүний насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төлсөн, одоо 19 настай зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Н.Жамъян давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... дараах тайлбарыг хийж гомдол гаргаж байна. Тухайн гэмт хэрэгт манай Б.Д-ыг хохирогч Г.Д-гийн амь насыг хохироох хор уршгийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзээд анх Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээр 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчилж ял оногдуулсан байдаг.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаартай магадлалаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг зөрчиж нотолбол зохих асуудлуудыг нотлоогүй, зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэх үндэслэлээр буцаасан байна.

Гэтэл дахин анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 138 тоот шийтгэх тогтоолдоо заасан дүгнэлт нь манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэн давж заалдах гомдлыг гаргалаа.

Учир нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Д-ыг 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бурхантын гудамжны дунд байрлах оршуулгын газрын зүүн хойд талд амь хохирогч Г.Д-г үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газар нь чулуугаар цохиж алсан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь:

1. Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд Б.Д- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь эргэлзээгүй тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл анх 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сэтгэцийн өөрчлөлттэй манай үйлчлүүлэгчийг баривчилсан цагдаагийн ажилтнууд цахилгаан бороохойгоор айлгаж хэргээ хүлээ, мөн тулгаж, хөтөлж байцаалт авсан, цагдаа нар “чи хүн зодсон шүү, толгой руу нь цохисон байна” гэж тулгаад байхаар нь айсандаа “зодсон” гэж хэлсэн, хэргийн холбогдогч А.А- нь Б.Д-ыг “би зодсон цохисон гээд хэлчих, би дараа нь даая, төлбөрийг нь бас өгье” гэж худал мэдүүлэг өгүүлсэн гэх мэт.

Б.Д-, А.А-, Э.М-, Б.Б- нарын болон бусад гэрчүүдийн эргэлзээтэй, зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг огт арилгаагүй. Гэрч Б.Б- мэдүүлгээсээ буцсан.

2. Гэрч Баянмөнхийн мэдүүлэг “2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 21 цаг 30 минутад манай хашааны арын хаалгаар орж ирсэн, хашааны арын хаалгаар орж ирсэн болохоор гэрээсээ ирж байна гэж ойлгосон. Ингээд хашаанд орж ирээд манай дэлгүүрээс нэг хайрцаг тамхи худалдан авсан. 10-15 минут орчим болоод буцаад хашааны арын хаалгаар гараад явсан” гэх мэдүүлэг.

Дээрхээс харахад талийгаач хэрэг учрал болохоос цөөхөн минутын өмнө нэг хайрцаг тамхитай байсан байж бусдаас тамхи нэхсэн,

талийгаачийн эхнэр Оюунцэцэгийн мэдүүлгээс “талийгаач маань 2014 оны хавар даралт ихэссэнээс цус харваж сайн ярьж чадахгүй болсон, хэл нь орооцолдож ярьдаг, хазганаж явдаг, мөн эгч Сийлэндоржийн мэдүүлэг нь талийгаачийн эхнэрийн мэдүүлэгтэй адил зэргээс харахад хохирогч бусдаас тамхи нэхэж, чи хаанахынуу гэж асуусан гэх нь эргэлзээтэй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй.

3. 4 дүгээр хавтас хэргийн 58 дугаар талд полиграфийн сорилын дүгнэлт “яллагдагч Б.Д- нь талийгаач Г.Д-г зодсон гэж худал мэдүүлсэн байх магадлалтай бөгөөд талийгаач Г.Д-гийн гадны нөлөөтэй нас барсан хэрэгт холбогдолгүй гэж үзэх үндэслэл байна” гэх, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар манай үйлчлүүлэгчийн гэм бурууг хөдлөшгүйгээр тогтоосон гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Д-ын гэм буруутай нь нотлогдоогүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан баримтуудаар түүнийг хүнийг алсан гэж үзэх хангалттай нотлох баримтаар хөдлөшгүй тогтоож чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй, хэргийн бодит байдалд нийцээгүй зэргийг харгалзан хуулийн дагуу шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Э.М- нь хэрэг гарах үед 18 настай байсан. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль буюу тусгай сургуулилттай 63 дугаар дунд сургуулийг төгссөн. Оюуны хөнгөн хомсдол, сэтгэцийн эмгэгтэй юм.

2. Э.М- нь өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй. Анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-т 300.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан.

4. Иймд түүний эрүүл мэндийн байдал, ар гэрийн байдал болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэрэг, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад шүүхээс шүүгдэгч Б.Д-т хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 

Иймд Б.Д- нь гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөөгүй бөгөөд түүнд ял оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад 8 жилийн хорих ял оногдуулсныг хуулийг буруу тайлбарласан гэж үзэж, зөвшөөрөхгүй байгаа тул зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

 

Шүүгдэгч А.А-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн зүйчлэлтэй холбоотойгоор шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргаагүй. Эдгээр шүүгдэгч нар нь оюуны хөнгөн хомсдолтой. Д.Б-ийн хувьд оногдуулсан ял шийтгэлд тусгайлан гаргах саналгүй, Б.Д-ын хувьд ял шийтгэлийн хувьд анхаарч өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын Б.Б-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

 

Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан. Хохирогч, гэрч нарын, түүнчлэн шүүгдэгч нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг бусад баримтаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүгдийг нь шалгаж тогтоосон. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Шүүгдэгч Б.Д- нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах оршуулгын газрын зүүн хойд талд хохирогч Г.Д-гийн толгойн тус газар чулуугаар цохиж, гавал тархины битүү гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн “... талийгаач нөхөр хойд талын орон дээр толгойноос нь цус гарчихсан сууж байсан, “яасан бэ” гэтэл дуугарахгүй байсан. Зодсон хүмүүс чинь хаана байгаа юм бэ гэж асуутал юу ч дугарахгүй гараад явсан. Араас нь сандраад дагаад гартал оршуулгын газрын тийшээ явж байснаа 1 метрийн өндөртэй төмөр хашааг даваад орчихсон. “Ойгон” нэртэй дэлгүүр лүү гараа заагаад, шууд нуруугаараа газар унасан ...” /1 хх 69-71, 243-246/,

 

гэрч Б.Бат-Эрдэнийн “... А.А- “найз нь хүн зодчихлоо” гэж хэлсэн. ... “би ганцаараа биш Бямбадорж, Мягмарнаран, Даваажав бид 4 шарилын хажуугаар явж байсан 1 настай, хэл ам нь ойлгогдохгүй ах “ахын дүү тамхи аваад өгчих, та нар хаанахын хүүхдүүд вэ гэж хэлсэн. ... А.А- гараараа 2 удаа цохисон, Д.Б-, Э.М- хоёр элэг, бөөр лүү нь гараараа цохиод байсан, Б.Д- чулуугаар толгой руу нь 2 удаа цохисон” гэж хэлсэн ...” /1 хх 73-74, 2  хх 42-44/,

сэжигтэн Б.Бат-Эрдэнийн “... миний эхний өгсөн 2 мэдүүлэг үнэн. Сүүлд 2016 оны 6 дугаар сарын 27-нд мэдүүлэг өгөхөд А.А- надаас “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад өгчихөөч” гэж гуйсан. Үнэндээ А.А- нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой манай байхдаа согтуу “тэр хүнийг зодсон, элэг бөөр лүү нь цохисон, Б.Д- чулуугаар цохисон” гэж ярьсан нь үнэн ...” /5 хх-9/, “... А.А- гудамжинд ганцаараа таараад “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад мэдүүлээд өгчих, намайг тийм зүйл яриагүй гээд хэлчих” гэхээр нь би худал мэдүүлэг өгсөн. Би дараа нь ямар учир холбогдол гарахыг нь мэдээгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” /5 хх-13-14, 41/,

            гэрч Ц.Соёлмаагийн “... Манай нөхөр надад хэлэхдээ “өчигдөр А.А- “би хүн зодчихсон шүү дээ” гэж хэлээд байсан” гэсэн, ... Тулгаа /Бат-Эрдэнэ/ мэдүүлэг өгч ирэхээр нь “чи мэдүүлэгт юу гэж хэлсэн бэ, битгий худал, үнэн юм яриад өөрийгөө чирээд байгаарай” гэсэн чинь Тулгаа /Бат-Эрдэнэ/ “би байцаагчид Баясааг /А.А-/ тэр орой надад хүн зодсон гэж хэлсэн гээд хэлчихсэн, зөв болов уу, буруу болов уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үнэхээр чамд тэгж хэлсэн юм бол үнэнийг нь хэлэхгүй юу” гэсэн чинь “тэгвэл зөв л юм байна” гэж байсан ...” /1 хх-84, 2 хх 56-58/,         

 

            гэрч А.Амарсайханы “... Д.Б-, Б.Батмягмар, А.А-, Б.Д- 4 хамт орж ирсэн. Амарбаясгалан ахын хувцас нь шороо болчихсон байсан. Тэд нар 23 цаг өнгөрөөж гараад 23 цаг 30 минут болж байхад 1 ширхэг пиво, 1.5 литрийн 1 шил архи авч ирсэн ...” /1 хх 77-78/,

 

            гэрч Г.Бат-Очирын “... 23 цаг 52 минутад 20 орчим насны 2 залуу орж ирээд 0.5 литрийн 1 шил архи, 2.5 литрийн пиво аваад гарсан ...” /1 хх 81-82/ гэсэн мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулай ясны баруун хэсгээс суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, дух, зулайд няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийлгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэсэн 1282 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх 106-107/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаач Г.Д-гийн биед зулай ясны баруун хэсгээс суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай, тархины эдийн няцрал, дух, зулай, дагз, шилбэнд шарх, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, баруун зүүн өвдөг шилбэ, баруун сарвуу, хэвлий, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Г.Д-гийн биед учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл байна ...” гэсэн 1012 гэсэн дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-111-113/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Б.Д- нь хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн өвчтэй байсан байна, тухайн үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан, Б.Д- нь гэмт хэргийн үйлдлийн үед “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна, өөрийнхөө үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд удирдаж чадсан байна. Одоо “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна.  Б.Д- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Д-т албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Б.Д- нь өөрийн сэтгэцийн түвшинд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн 758 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 хх 94-95/,

  

хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-32, 33-35/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 36-37, 38/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 11-12, 13-15/, талийгаач Г.Д-гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1 хх 228-237/, хохирлын баримтууд /1 хх 247-250, 2-р хх-1-16/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /6 хх-98/,

 

   шинжээч эмч Б.Хишигжаргал /2 хх 62-63/, Б.Эрдэнэсувд /2 хх 64-65/, Б.Ганзориг /2 хх 117-118, 4 хх-205/, С.Одончимэг /3 хх-107/, М.Өнөржаргал /3 хх-108/, Э.Энхтүвшин /4 хх-201/, Ч.Эрдэмболор /4 хх-202/, С.Одончимэг /4 хх-203/, Н.Энхцолмон /4 хх-204/ нарын мэдүүлгүүдээр,

 

Шүүгдэгч А.А-, Д.Б-, Э.М- нар нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой 22-23 цагийн үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бурхантын гудамжны дунд байрлах оршуулгын газрын зүүн хойд талд хохирогч Г.Д-г хүч хэрэглэн зодож, биед нь дух, зулай, дагз, шилбэнд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

   сэжигтэн Б.Бат-Эрдэнийн “... А.А- гудамжинд ганцаараа таараад “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад мэдүүлээд өгчих, намайг тийм зүйл яриагүй гээд хэлчих” гэхээр нь би худал мэдүүлэг өгсөн. Би дараа нь ямар учир холбогдол гарахыг нь мэдээгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” /5 хх-13-14, 41/, “... миний эхний өгсөн 2 мэдүүлэг үнэн. Сүүлд 2016 оны 6 дугаар сарын 27-нд мэдүүлэг өгөхөд А.А- надаас “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад өгчихөөч” гэж гуйсан. Үнэндээ А.А- нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны орой манай байхдаа согтуу “тэр хүнийг зодсон, элэг бөөр лүү нь цохисон, Б.Д- чулуугаар цохисон” гэж ярьсан нь үнэн ...” /5 хх-9/, 

 

сэжигтэн Б.Д-ын “... А.А- гүйж ирээд тэр ахын элэг, бөөр, нүүр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Д.Б- бас элэг, бөөр лүү нь цохиод, хөл рүү нь өшиглөж, нүүр лүү нь гараараа 3 юм уу, 4 удаа цохиод авсан. Би хавирга, элэг, цээж рүү нь гараараа, толгой руу нь чулуугаар 2 удаа цохисон. Би чулуугаар толгойных нь зүүн талын хэсэг рүү 2 удаа цохисон чинь өвдөглөж суугаад дараа нь нүүрээрээ газар унасан ...” /1 хх-145-147/,

 

сэжигтэн А.А-гийн “... Манай найз тэр хүнийг элэгдээд цохисон. Мөн хоёр хөл рүү нь өшиглөсөн. Элэгдэж цохитол тэр ах доошоо тонгойход нь би хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Би тэр ахыг газарт унасан байхад нь өшиглөсөн. Бид 4 бөөнөөрөө тэр ахыг зодсон, өөр хүн байгаагүй. Зодоон болсны дараа бид нарыг Соёлоогийн гэрт байхад Тулгаа, Соёлоо хоёрт “хүн зодчихлоо” гэж хэлсэн ...” /1 хх-135-137/,

 

         сэжигтэн Д.Б-ийн “... тэр ах Э.М-г алгадаад авахад Э.М- зөрүүлээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Цаанаас нь А.А- гарч ирээд тэр ахын нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон чинь тэр ах өвдөглөөд суухаар нь би гүйж очоод хөл рүү нь өшиглөж, хэвлий хэсэг рүү нь нэг удаа цохисон. Б.Д- баруун талын гартаа жижиг чулуу барьчихсан тэр ахын толгой руу цохиод авсан чинь тэр ах нүүрээрээ газар унасан ...” /1 хх-133-134/,

           

            сэжигтэн Э.М-гийн “... А.А- хөлөөрөө тэр ахын шилбэ болон гуяыг нилээн олон удаа өшиглөсөн. Б.Д-, Д.Б- хоёр тэр ахыг газар уначихсан байхад нь хэвлий хэсэг рүү нь олон удаа өшиглөж байсан. Б.Д- оршуулгын хашааны хажуу талын газраас алганд багтах хэмжээний хатуу зүйл аваад тэр ахын духны зүүн хэсэгт хоёр удаа цохисон. Би тэр ахын зүүн шанаа хэсэгт хоёр удаа цохиж, хэвлий рүү нь 3-4 удаа цохисон, бас хэвлий рүү нь өшиглөсөн ...”/1 хх-156-157/,  

 

гэрч Ц.Энхмаа /1 хх 75-76, 2 хх 59-61/, Ц.Соёлмаа /1 хх 83-84, 2 хх 56-58/, Ц.Батсүх /1 хх 85-86/, Д.Гантулга /2 хх 17-18/, Д.Мөнхбаяр /2 хх 19-21/, Д.Мөнгөнхөлөг /2 хх 22-25, 26-27/, Д.Гантуяа /2 хх 28-30, 3 хх-109/, Г.Сийлэндорж /2 хх 31-32/, Г.Одонтуяа /2 хх-35-37/, Т.Батмягмар /2 хх 51-53/, А.Өнөрбаяр /2 хх 54-55/, Ж.Баянмөнх /4 хх 13-14/, Д.Баярцэцэг /4 хх 15-16/, Х.Энхтайван /4  хх-17/ нарын мэдүүлгүүд,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Талийгаач Г.Д-гийн биед зулай ясны баруун хэсгээс суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархай, тархины эдийн няцрал, дух, зулай, дагз, шилбэнд шарх, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу, баруун зүүн өвдөг шилбэ, баруун сарвуу, хэвлий, баруун чихний дэлбээнд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Г.Д-гийн биед учирсан гавал тархины гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд, шарх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн, зулгаралт гэмтлүүд тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Задлан шинжилгээ, цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн материалд авагдсан фото зураг зэргээс үзэхэд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Г.Д- нь ГССҮТ-д 43 цаг эмчлэгдэж байгаад нас баржээ” гэсэн 1012 гэсэн дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-111-113/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “ГССҮТөвийн 7442 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр талийгаач Г.Д- нь 1-р бүлгийн цустай байна. Талийгаач Г.Д-гийн зулайн ясны баруун хэсгээс суурь луу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн тархины эдийн няцрал, баруун чамархайн булчингийн цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, духны зүүн дээд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, баруун шилбэний урд хэсгийн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн 3 удаагийн, дух, баруун шанаа, хацар, баруун мөр, зүүн сарвуу. алга, баруун, зүүн өвдөг, шилбэний гадаргуу, баруун гуя, баруун гарын сарвуу, хэвлийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн 82 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /3 хх 98-101/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “А.А- нь хэрэг үйлдэх үедээ F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна, хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан, одоо F 70 “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. А.А- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.А-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. А.А- нь мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн 776 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 хх 87-88/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Э.М- нь хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна, тухайн үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан, одоо “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Э.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.М- нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Э.М- нь болсон явдлыг өөрийн сэтгэцийн түвшинд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн 745 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 хх-91/,

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Д.Б- нь хэрэг үйлдэх үедээ “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн өвчтэй байсан байна, тухайн үедээ өөрийн хийж байгаа үйлдлийг сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан, Д.Б- нь гэмт хэргийн үйлдлийн үед “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна, өөрийнхөө үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд удирдаж чадсан байна. Одоо “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Б-ид албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Д.Б- нь өөрийн сэтгэцийн түвшинд тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн 732 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2 хх-100/,

 

хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-4, 5-10, 214-215, 2-р хх-177-178, 5-р хх-36-39/, эд зүйл бичиг баримт түр хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-17/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-182-185, 200-203/, эд мөрийн баримт /3 хх-57/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /6 хх-100, 101/,

 

Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн байцаалт, шүүхэд худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэх гэмт хэрэг  үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн “... би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй ээ. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлэг өгөхөд А.А- “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад өгчих” гэхээр нь би хууль сайн мэдэхгүй болохоороо худал мэдүүлэг өгсөн юм. Үнэндээ А.А- согтуу манайд байхдаа “тэр хүнийг зодсон, элэг, бөөр лүү нь цохисон, Б.Д- чулуугаар цохисон” гэж хэлсэн миний мэдүүлэг үнэн зөв ...” /5 хх-9/,

 

сэжигтэн Б.Бат-Эрдэнийн “... А.А- гудамжинд ганцаараа таараад “чи өмнөх мэдүүлгээсээ татгалзаад мэдүүлээд өгчих, намайг тийм зүйл яриагүй гээд хэлчих” гэхээр нь би худал мэдүүлэг өгсөн. Би дараа нь ямар учир холбогдол гарахыг нь мэдээгүй. Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” /5 хх-13-14, 41/,

 

            гэрч Ц.Соёлмаагийн “... Манай нөхөр надад хэлэхдээ “өчигдөр А.А- “би хүн зодчихсон шүү дээ” гэж хэлээд байсан” гэсэн, ... Тулгаа /Бат-Эрдэнэ/ мэдүүлэг өгч ирэхээр нь “чи мэдүүлэгт юу гэж хэлсэн бэ, битгий худал, үнэн юм яриад өөрийгөө чирээд байгаарай” гэсэн чинь Тулгаа /Бат-Эрдэнэ/ “би байцаагчид Баясааг /А.А-/ тэр орой надад хүн зодсон гэж хэлсэн гээд хэлчихсэн, зөв болов уу, буруу болов уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үнэхээр чамд тэгж хэлсэн юм бол үнэнийг нь хэлэхгүй юу” гэсэн чинь “тэгвэл зөв л юм байна” гэж байсан ...” /1 хх-84, 2 хх 56-58/,         

 

шүүх сэтгэц эмгэг судлалын “Б.Б- нь 2015 оны 7 дугаар сарын 13-нд сэтгэцийн хувьд F 70 “Оюуны хөнгөн хомсдол” эмгэгтэй байсан байна. Б.Б- нь 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд болж буй үйл явдлыг ойлгон удирдах чадвартай байсан, Б.Б-нд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Б.Б- нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд харсан, сонссон, мэдсэн зүйлээ мэдүүлэх чадвартай байна” гэсэн 652 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /4 хх 26-27/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Д-, А.А-, Д.Б-, Э.М-, Б.Б- нарын гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн, үйлдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх гэмт хэрэг 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байх боловч шүүгдэгч Б.Д-, А.А-, Д.Б-, Э.М-, Б.Б- нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн тус тус гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Мөн прокуророос Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д-ыг хүнийг алах гэмт хэргийг, А.А-, Д.Б-, Э.М- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-ыг 8 жил хугацаагаар хорих ялаар, А.А-, Д.Б-, Э.М- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хүнд бус ял шийтгэл оногдуулсан байна.

 

Иймд шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн “хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн өмгөөлөгч Р.Булганы гаргасан “зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгч Б.Д- нь Шүүх, сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн “тухайн үед хийж байгаа үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна, хэрэг хариуцах чадвартай, албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй” гэсэн 758 дугаартай дүгнэлт /2-р хх-95/ болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судалбал хэргийн талаар шүүгдэгч нар үгсэн тохиролцож мэдүүлсэн гэх байдал тогтоогдоогүй төдийгүй, сэтгэцийн эмгэгтэй байдлын улмаас бусдын эрхшээлд орж мэдүүлсэн гэх баримт байхгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба энэ нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэглэх шинжтэй үүрэг болгосон заалт биш учраас өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан “Б.Д-т үг зааж өгч гэмт хэрэгтэн болгосон, хуульд зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарт эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус харьцаж хууль бус ажиллагаа явуулсан байдал баримтаар тогтоогдоогүй, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл байхгүй, нэмж ямар асуудлыг шалгуулах нь тодорхойгүй тул энэ талаар гаргасан өмгөөлөгч Н.Жамъяны гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Харин, шүүгдэгч Б.Д-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүний эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг, шүүгдэгч А.А-, Д.Б-, Э.М- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг,  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-, Д.Б-, Э.М- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Б.Д-ын өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Н.Жамъян, шүүгдэгч Э.М-гийн өмгөөлөгч Л.Ганцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                    

 

                                                                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

 

                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ