Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2023/0504

 

       

 

 

 

 

 

 

          “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн 

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Отгон-Эрдэнэ

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Х" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 498 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2022/0393/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Х” ХХК”-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Х" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 498 дугаар шийдвэрээр: 

“Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь заалт, 11.2 дахь хэсэг, 56.1 дэх хэсэг, 56.1.5 дахь заалт, 56.2, 56.3, 56.4 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Х" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Х" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тус бүрээр дүгнэлт хийхдээ дараах байдлаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд тус хуулийн зорилтыг тусгасан байдаг. Тодруулбал захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан иргэн, байгууллагын нэхэмжлэлийн дагуу үүсэх холбогдох харилцааг зохицуулахаар зорилтоо тодорхойлжээ. Мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Шүүхийн өмнө буюу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид эрх тэгш байх” зарчим үйлчлэхээр тусгасан.

Дээрхээс дүгнэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд нэг талаас төрийн байгууллага албан тушаалтан, нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцдог бөгөөд төрийн байгууллага албан тушаалтанд нотлох баримт гаргах, өөрт ашигтай шийдвэр гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд давуу эрх олгогдох магадлал өндөр тул иргэн, аж ахуй нэгж байгууллагын эрх, ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд дээрх зарчмын заалтуудыг тусгасан гэж үзэж байна.

Гэтэл анхан шатны шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шалгахдаа дараах байдлаар Ашигт малтмал, газрын тосны кадастрын хэлтсийн даргын гаргасан захиргааны актын эрх зүйн зөрчлийг тогтоосон атлаа зөвтгөж шийдвэрлэснийг гайхаж байна. Үүнд:

3.1.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Х" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МѴ-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.14 болон 56.1.5-т заасныг тус тус үндэслэж гарсан.

Нэхэмжлэгч талын зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу олгогдоогүй, тус хуулиас үндэслэсэн 11.1.14 дэх заалт нь үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих эрх хэмжээ болохоос тусгай зөвшөөрөл цуцлах эрх хэмжээ биш, 56.1.5-д заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлах эрх хэмжээ нь Ашигт малтмал газрын тосны газрын даргад олгогдсон эрх хэмжээ гэж маргасан.

Гэтэл анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.15 дахь заалт болон 56.1-т заасан заалтыг үндэслэж захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй, захиргааны албан тушаалтанд акт гаргах эрх хэмжээ олгогдсон гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Бид захиргааны актын хууль зүйн үндэслэлийг шүүхээр шалгуулж байхад шүүх захиргааны актын үндэслэлийг залруулж, захиргааны албан тушаалтны талд илт зөвтгөсөн шийдвэр гаргасан.

Тухайлбал шүүх "Ашигт малтмалын тухай хуулийн 11.2-т “кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ хуулийн 11.1.12- 11.1.26-т заасан асуудлыг эрхэлнэ" гээд мөн зүйлийн 11.1.15-т "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх" гэж эрх зүйн хэм хэмжээг системчлэн тайлбарлах аргын хүрээнд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хэмжээг кадастрын хэлтсийн даргад олгосон байна гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх эрх зүйн хэм хэмжээг яаж системчилж тайлбарлаад Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.5-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэх заалтыг тусгай зөвшөөрөл цуцлах эрх хэмжээ кадастрын хэлтсийн даргад олгогдсон гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй.

Тус заалтыг хуулийг нэг мөр хэрэглэх зарчмын хүрээнд үгчлэн шууд утгаар нь уншихад кадастрын хэлтсийн даргад дурдсан ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх эрх хэмжээ л олгогдсон байна. Тиймдээ ч кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх заалтыг үндэслээгүй байхад шүүх албан тушаалтны хууль бус шийдвэрийг хуулийг буруу хэрэглэж зөвтгөсөн.

3.1.2.Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргах ажиллагааны журмыг Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.3, 56.4-т хуульчлан заасан байхад хариуцагч нарийвчлан зохицуулсан дээрх заалтуудыг үл тоомсорлож Захиргааны Ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа л явуулсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч дээр заасан Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтогдсоноос хойш 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл өгнө", 56.3-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдэгдэлд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ", 56,4-т “Төрийн захиргааны байгууллага нь 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ" гэж нэг бүрчлэн заасан шийдвэр гаргах ажиллагааны журмын алийг нь ч хэрэгжүүлээгүй байхад шүүгч хариуцагч талыг сонсох ажиллагаа хийсэн тул шийдвэр гаргах ажиллагааг баримтлаагүй гэж дүгнэх боломжгүй гэж мөн л ойлгомжгүй байдлаар хариуцагчийн хууль бус шийдвэрийг зөвтгөсөн.

Дээрхээс гадна манай байгууллагын өмгөөлөгчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т "Төрийн захиргааны байгууллага нь 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ" гэж заасны дагуу тус хуулийн 56.3-т заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүргүүлсэн нотлох баримтыг хэрхэн хянасан талаар баримтгүй, энэ эрх хэмжээгээ төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй гэх үндэслэлд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасан шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг шүүх дахин тогтоохгүй хэмээн хууль зүйн үндэслэлгүй няцаасан.

Өмнө шүүхээр тогтоогдсон үйл баримтыг бид дахин тогтоолгох зорилгоор шүүхэд хандаагүй, зөвхөн Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т заасан эрх хэмжээгээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар баримтгүй талаар л мэтгэлцсэн.

Гэтэл шүүх шууд захиргааны байгууллагын бие даасан хараат бус байдалд халдаж, шүүхээр нэгэнт үндэслэлтэй гээд тогтоогдоод ирсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дахин хянах шаардлагагүй гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт байрлах Цагаан гозгор нэртэй 99.5 гектар талбай бүхий "Х" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МѴ-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 419 дүгээр шийдвэр нь дээрх байдлаар эрх зүйн зөрчилтэй байхад түүнийг зөвтгөж хууль бус шийдвэр гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 419 дүгээр шийдвэрийн үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018/01 дүгээр дүгнэлтээр “…ашигт малтмалын MV-000201 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тогтоогдсон, иймд Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй байсан “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно” гэж шийдвэрлэсэн, мөн энэхүү дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 37 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 240 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байх тул маргаан бүхий шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шийдвэрт энэ талаар зөв дүгнэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах нэг үндэслэл нь “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” байх явдал.

Хуулиар ийнхүү эрх олгогдсон яамнаас дүгнэлт гаргасан, тэрхүү дүгнэлтийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд ашигт малтмалын ашиглалтын MV-000201 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.

2.Шүүх маргааныг шийдвэрлэхэд хамааралтай Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэсэн зарчим хэрэгжих талаар, мөн хуульд заасан цуцлах үндэслэл бүрдсэн талаарх хуулийн холбогдох заалтыг тус тус зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин маргаан бүхий шийдвэрт Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-ын “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэснийг бус 11.1.14 буюу “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” зохицуулалтыг үндэслэл болгосныг буруутгах боломжгүй.

Учир нь уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллагын …кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах шийдвэрийн аль алиныг давж заалдах гомдолд дурдсанчлан Ашигт малтмал, газрын тосны газрын дарга биш харин тус газрын Кадастрын хэлтэс шийдвэрлэнэ.

3.Цуцлах шийдвэр гаргахтай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-56.3-т заасан зохицуулалтыг хариуцагчаас хэрхэн хэрэгжүүлсэн талаарх шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримттай бүрэн нийцсэн байна.   

Тухайлбал маргаан бүхий шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлт хуульд нийцсэн эсэх талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дүгнэлт болон шийдвэр, магадлалыг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан, өөрөөр хэлбэл хариуцагчаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 7/5831 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хариу хүргүүлж байснаас үзэхэд цаг хугацааны хувьд дүгнэлт гарсан даруйд шийдвэр гаргаагүй байна. 

Иймд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн сонсох ажиллагааг Ашигт малтмалын тухай хуульд заасан мэдэгдэлтэй адилтган үзэж болохоос гадна нэхэмжлэгчээс цуцлах үндэслэл бүрдсэнийг эс зөвшөөрч шүүхийн журмаар маргасан боловч нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56.3, 56.4-т заасан зохицуулалтыг шийдвэр гаргахдаа шат дараалан мөрдөх шаардлагагүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.О давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 ШҮҮГЧ                                                              Э.ЛХАГВАСҮРЭН