| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00586/И |
| Дугаар | 151/ШШ2017/00621 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2017/00621
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2017/00621 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,
Нэхэмжлэгч Төв аймаг, Заамар сум, 4-р баг, Төв 4-р хэсэг, 6 гудамж, 2 тоотод оршин суух НН62060661 регистрийн дугаартай Түнжин овогт Нямдаваагийн Доржхандын улсад ажиллаж байсан байдал, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Доржханд, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Доржханд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Төв аймгийн Заамар сумын 8-н жилийн сургуулийн 8-р ангийг 1978 онд төгссөн. 1981 оны 4-р сарын 1-ний өдрөөс Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн “Хайлааст” бригадад малчнаар 1984 он хүртэл мал маллаж байсан. Энэ хугацаанд ажиллаж байгаад халагдсан тушаал байхгүй байх тул тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан жилийг Мөн би ээжээрээ овоглож төрсний гэрчилгээ авч байсан. Зарим тушаал дээр ааваар овоглож бичсэн байсан. Миний иргэний үнэмлэх Нямдаваа овогтой Доржханд, Төв аймгийн Заамар нэгдлийн захиргаанаас 1981 оны 04 сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх овог Нямдаваа гэж ээжээр тус тус овоглосон бичиг баримттай юм. Гэтэл ажиллаж байхад гаргасан тушаалууд миний аав Довуучийгаар овоглосон нь эрх олгосон баримт бичгүүдтэй зөрчилөөд байна. Иймд ажиллаж байсан байдал болон 47, 88 дугаартай тушаалуудад бичигдсэн Д.Доржханд нь Н.Доржханд мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Н.Доржханд нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн “Хайлааст” бригадад 1981 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 04 сарын 01-ний өдрийн 47 дугаартай тушаал, 1984 оны 09 сарын 27-ны өдрийн 88 дугаартай тушаалуудад Д.Доржханд гэж бичигдсэн нь Нямдаваагийн Доржханд мөн болохыг тус тус тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.
- Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2012 оны 07 сарын 30-ны өдөр НН62060661 регистрийн дугаартай Түнжин овогт Нямдаваагийн Доржхандад олгосон цахим иргэний үнэмлэхийн хуулбар,
- Төв аймгийн “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 04 сарын 01-ний өдрийн 47 дугаартай “Малчдад тушаал гаргах тухай” тушаалын хавсралтын 52 дугаарт “... үхэрчнээр томилсугай ..” гэх бичилт, /хх 6-7/
- Төв аймгийн “Заамар” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 09 сарын 27-ны өдрийн 88 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “... .Д.Доржхандыг 1984 оны 09 сарын 20-ны өдрөөс конторын зарлагаар томилсугай ...” гэх бичилт,
- мөн аймгийн “Заамар” нэгдлийн захиргаанаас 1981 оны 04 сарын 01-ний өдөр Нямдаваагийн Доржхандад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- “Заамар” нэгдлийн захиргаанаас 1982 оны 01 сарын 20-ны өдөр Нямдаваагийн Доржхандад олгосон №260535 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
–гэрч Ч.Дандар: Н.Доржханд нь Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн “Хайлааст” бригадад 1981 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан нь үнэн, би тухайн үед тус бригадад малчин байсан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Гэрч Н.Отгонболд: Н.Доржханд нь миний төрсөн эгч болно, Бид эхээс 7-уулаа, аав Довуучий, ээжийг Нямдаваа гэдэг, Н.Доржхандын зарим тушаал нь аав Довуучийгаар овоглож бичигдсэн байсан. Эрх олгогдсон баримт бичгүүд дээр ээж Нямдаваагийн Доржханд гэж овоглосон байдаг гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.
Н.Доржхандын ажлаас чөлөөлөгдсөн тушаал өөрт нь болон архивт хадаглагдаагүй, харин ажилд орсон тушаал нь нотлох баримтаар ирсэн байна.
Түүний ажлаас чөлөөлөгдсөн цаг хугацааг Н.Доржхандын хөдөлмөрийн дэвтрийн 5 дахь талд бичигдсэн бичилтээр болон өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна гэж үзэв.
Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 04 сарын 01-ний өдрийн 47 дугаартай тушаал, 1984 оны 09 сарын 27-ны өдрийн 88 дугаартай тушаалууд дээрх “Довуучий” гэх овог нь түүний НН62060661 регистрийн дугаартай Түнжин овогт Нямдаваагийн Доржханд гэх иргэний үнэмлэхийн хуулбар, мөн Төв аймгийн Заамар нэгдлийн захиргаанаас 1981, 1982 онуудад олгосон №260535 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд дээр бичигдсэн “Нямдаваа” гэх овогтой зөрүү бичигдсэн нь тогтоогдож байгаа ба түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн түүний хүсэлтээр хамт Төв аймгийн Заамар сумын Заамар нэгдлийн Хайлааст бригадад малчнаар ажиллаж байсан гэрч, мөн түүний төрсөн дүү Няддаваагийн Отгонболдоос хууль сануулж авсан мэдүүлэг, түүний цахим үнэмлэх, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын тушаалууд, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цахим үнэмлэх зэргийг ач холбогдолтой нотлох баримт гэж дүгнэв.
Иймд 47, 88 дугаартай тушаалуудад Довуучийгийн Доржханд гэж бичигдсэн нь Түнжин овогт Нямдаваагийн Доржханд мөн болохыг, мөн Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн “Хайлааст” бригадад 1981 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг дээрх нотлох баримтуудыг үндэслэн тогтоож зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын санд олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 04 сарын 01-ний өдрийн 47 дугаартай тушаал,
1984 оны 09 сарын 27-ны өдрийн 88 дугаартай тушаалд Довуучий Доржханд гэж бичигдсэн нь НН62060661 регистрийн дугаартай Түнжин овогт Нямдаваагийн Доржханд мөн болохыг,
Төв аймгийн Заамар сумын “Заамар” нэгдлийн “Хайлааст” бригадад 1981 оны 04-р сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ