Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2017/00599

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж,

          Нэхэмжлэгч Төв аймгийн Батсүмбэр сумын 2-р баг, Цогт-Өндөр гэх газарт оршин суух НБ57040217 регистрийн дугаартай Самрат овогт Рэзийн Хаавалын улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Хаавал, нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагч Р.Хаавал  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний Төв аймгийн Батсүмбэр сумын ногооны 2-р бригадад 1974 оны 01 арын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ногоочноор, 1976 онд цэрэгт явж, халагдаж ирээд 1979 оны 11 сарын 24-ний өдрөөс 1980 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор, 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах гэтэл ажлаас халагдсан тушаал олдохгүй байх тул тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү

            Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

             Р.Хаавал нь Төв аймгийн Батсүмбэр сумын ногооны 2-р бригадад 1974 оны 01 арын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ногоочноор, 1979 оны 11 сарын 24-ний өдрөөс 1980 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор, 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохоор дараах нотлох баримтуудыг ирүүлжээ.

           Үүнд:

           -  Төв аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1992 оны 02 сарын 18-ны өдрийн 14 дугаартай “ажилд авч ажиллуулах тухай” тушаалд “..Рэзийн Хаавалыг бороожуулагчийн жолоочоор 1992 он 02 сарын 07-ны өдрөөс авч ажиллуулсугай ..” гэх бичилт,

           - Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн даргын 1980 оны 04 сарын 08-ны өдрийн 97 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “.. Рэзийн Хаавалыг 1980 оны 04 сарын 01-ний өдрөөс бороожуулагчийн жолоочоор томилон ажиллуулсугай ..” гэх бичилт,

            - Төв аймгийн Батсүмбэр сумын байгууллагын архивын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн Батсүмбэрийн Сангийн аж ахуйн ногоочноор ажиллаж байсан Р.Хаавалын цалингийн 1974, 1975, 1976 онуудыг тодорхойлолт,

           - Р.Хаавалд АДХ-н гүйцэтгэх захиргаа, ҮЭ-н зөвлөлийн 1990 оны 07 сарын 09-ний өдрийн 1015 дугаар тогтоолоор, “Таван жилийн гавшгайч” цол тэмдгээр шагнасан үнэмлэх,

           - Р.Хаавалын Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйн даргаас 1984 оны 12 сард олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

           -  Гэрч И.Далаавай: Р.Хаавал бид хоёр 1972 онд Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р бригадад ногоочноор 1974 онд ажилд орж 1976 он хүртэл хамт ажиллаад Р.Хаавал цэрэгт явж, ирээд 1979 оноос 1991 он хүртэл тус бригададаа ажиллаж байхдаа тракторын үнэмлэхтэй болж, тракторын жолооч болсон нь үнэн гэх мэдүүлэг,

 

   -гэрч З.Кавкер: Р.Хаавал нь миний мэдэхээр 1979 оноос 1992 он хүртэл Төв аймгийн Батсүмбэр сумын Усжуулах бригадад ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд ирүүлсэн байна.

            Р.Хаавалын ажлаас алагдсан тушаал өөрт нь болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн мөн хүсэлт гаргагч нь ажиллаж байх явцдаа шимтгэл төлөх хариуцлагаа биелүүлж нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд үүргээ биелүүлсэн гэж шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.    

           Түүний хүсэлтээр Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р бригадад амт ажиллаж байсан гэрч И.Далаавай, З.Кавкер нараас хууль сануулж авсан мэдүүлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын Сангийн аж ахуйн даргын тушаалууд, Төв аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын тушаал, Төв аймгийн Батсүмбэр сумын байгууллагын архивын лавлагаа,  Р.Хаавалын Төв аймгийн Батсүмбэр сангийн аж ахуйн даргаас 1984 оны 12 сард олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай  нотлох  баримт гэж үнэлэв. 

            

         Иймд дээрх баримтуудыг үндэслэн хүсэлтийг хангаж зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар НБ57040217 регистрийн дугаартай Самрат овогт Рэзийн Хаавал нь Төв аймгийн Батсүмбэр сумын ногооны 2-р бригадад 1974 оны 01 арын 01-ний өдрөөс 1976 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл ногоочноор,

           1979 оны 11 сарын 24-ний өдрөөс 1980 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор,

           1980 оны 04 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг  дахь  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ