Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 102/2018/02708/И |
Дугаар | 001/ХТ2019/00647 |
Огноо | 2019-05-07 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2019/00647
Б.И-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03562 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар магадлалтай,
Б.И-ийн нэхэмжлэлтэй,
Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг, Л.Анарт холбогдох,
хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, цаашид саад учруулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.И-, хариуцагч Л.Алтанхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэннадмид, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.И- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах газрыг 2008 оноос ашиглаж байгаад, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/812 дугаар захирамжаар 84 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон. Уг газарт бусдаар барилгын ажил гүйцэтгүүлэхээр машин техник хөлслөн ирэхэд 34 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг, түүний төрсөн дүү Л.Анар барилга бариулахгүй гэж саад учруулсан. 34 дүгээр цэцэрлэгийн ажилчид нь эрхлэгч Л.Батхуягийн тушаалаар манай газрын хашааг дур мэдэн нурааж буулгах зэргээр зүй бус аашилж, газрыг зориулалтын дагуу эзэмших эрхийг хязгаарласан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газрын гэрчилгээний хугацаа дууссан. Хугацаа сэргээхээр Баянгол дүүргийн газрын албанд хүсэлт гаргахад тус газартай холбоотой маргаан шүүхэд хянагдаж байгаа учраас асуудал шийдвэрлэгдсэний дараа газрыг сунгана гэсэн хариу өгсөн. Миний эзэмшлийн газраас Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг 14,25 м.кв, иргэн Л.Ань 68,57 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байгаа тул газрыг чөлөөлж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг шүүхэд гаргасан тайлбартаа: Б.И- нь Л.Алтанхуягийн хашаалсан газарт төмөр авна гэж буусан. Сарын 30.000 төгрөг төлнө гэж ярьсан. Баянгол дүүргийн газрын албанаас Л.Алтанхуягт хашаалсан газрыг нь өгөхгүй байсан. Учир нь маргаан бүхий газрын доогуур дулааны шугам байгаа учраас газрын эзэмших эрх олгодоггүй. Тус газраас 14 м.кв газрыг татсан нь үнэн. Б.И- гуай цэцэрлэгийн хаалга хүртэл модон хашаа барьсан байсныг буулгасан. Хүүхдийн цэцэрлэгийн хашааг зүүн хойш гаргах ямар ч боломжгүй. Жижиг нарийн замаар гарч явдаг замтай. Гэтэл тэр хэсэгт нь хашаа хатгах гэж байсан. Би хүүхдийн цэцэрлэгийн хашааны 14,25 м.кв газрыг хамгаалах гэсэн юм гэжээ.
Хариуцагч Л.Ашүүхэд гаргасан тайлбартаа: Би 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-ийн 1-9 тоотод амьдарч байна. Амьдарч байгаа энэ 338,5 м.кв газраа хувьчлан авах хүсэлтэй байгаагаа 2005 оноос эхлэн холбогдох албан тушаалтанд гаргаж ирсэн. 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 338,5 м.кв талбайд кадастрын зураг гаргуулсан ба 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1099 тоот шийдвэрээр 237 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших болсон. Хасагдсан талбайн талаар тодруулахад Баянгол дүүргийн 20 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч н.Мөнхбаатар дулааны шугам байгаа газрыг хассан гэж хэлсэн боловч Баянгол дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/812 тоот шийдвэрээр анх манай эзэмшихийг хүсч байсан газраас тасдаж 84 м.кв газрыг Б.И- гэдэг хүнд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эзэмшүүлэхээр өгсөн байсныг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мэдсэн. Ингээд би холбогдох албан тушаалтнуудад өргөдөл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03562 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.И-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах 84 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг, Л.Анарын хууль бус ззэмшлээс чөлөөлүүлж, Б.И-ийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч 34 дүгээр цэцэрлэгээс 35 100 төгрөг, хариуцагч, Л.Алтанхуягаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар магадлалыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 102/Ш32017/08156 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба дахин нэхэмжлэл гаргаж 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32018/09091 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Ийнхүү нэхэмжлэгч нь дахин тус шүүхэд хандаж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03562 дугаар шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс мөн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд тасралтгүй зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Маргаан бүхий Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойно байрлах, нэгж талбарын 18633309867706 дугаартай 84 метр квадрат талбай бүхий газрын эзэмших эрхийн хугацаа нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон талаар нэхэмжлэгч нь маргахгүй бөгөөд мөн газрыг эзэмших эрхийг сунгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан боловч шүүхэд маргаантай байгаа учир хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл сунгахаас татгалзсан хариуг өгсөн байдаг. Нэхэмжлэгч Б.И- нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлж олж авсан ба хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас мөн газрыг эзэмших эрхийг хэрэгжүүлж чадахгүй, эзэмших эрхийг сунгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” , 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлыг нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүрэгтэй, анхан шатны шүүхийн зүгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх, үүргийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон удаа зохигч нарын хүсэлт болон шүүхийн санаачилгаар хойшилж байсан бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн зүйлгүй болно.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон, уг хугацааг сунгасан баримтгүй...” гэх үндэслэлийг магадлалд дурджээ.
Нэхэмжлэгч Б.И- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хууль бус эзэмшлээс 84 м.кв газрыг чөлөөлж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Баянгол дүүргийн 34 дүгээр цэцэрлэг “...газар эзэмших эрхгүй”, Л.А“...338.5 м.кв газрыг хувьчлан авах хүсэлт гаргахад 237 м.кв газрын эзэмших эрх олгож, үлдэх хэсгийг дулааны шугам байгаа гэх үндэслэлээр олгоогүй атлаа нэхэмжлэгчид олгосонд гомдолтой” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.
Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А/812 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.И-т мөн дүүргийн 20 дугаар хороо, 34 дүгээр цэцэрлэгийн баруун хойд талд 84 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар газар эзэмших гэрээг 2 жилийн хугацаагаар байгуулжээ /хэргийн 5-9 дүгээр тал/.
Нэхэмжлэгч өөрт нь эзэмшүүлсэн газрыг бодитойгоор эзэмшиж чадахгүй байгаа гэж үзэн, шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 6-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон Б.И- нарын хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5.5-т “...гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах санал гаргаагүй бол гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасныг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны “...маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй талаар баримтгүй” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцээгүй байна.
Нэхэмжлэгчид эзэмшүүлсэн дээрх газрын 14.25 м.кв талбайд 34 дүгээр цэцэрлэг, 68.57 м.кв талбайд хариуцагч Л.Анар хашаа татаж эзэмшиж байгаа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн А/23 дугаар дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч нар үгүйсгэж чадаагүй байна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т зааснаар газар эзэмшигч нь бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрт нь олгосон газраа бодитойгоор эзэмшиж чадаагүй болох нь тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь маргааны зүйл болох газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодтойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/03562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ