Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/46

 

 

     2018            07              24                                                 2018/ДШМ/46

                       С.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                               Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: А.Дүүрэнбилэг,

            Хохирогч: З.Л,

            Шүүгдэгч: С.А,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.А-д холбогдох, эрүүгийн 1719001570017 дугаартай, 2 хавтас, 342 хуудас бүхий хэргийг шүүгдэгч С.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 11-ний өдөр сайншанд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж, бичиж чадахгүй, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын харьяа барилга ашиглалтын үйлчилгээний 3 дугаар ангид слесарь ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Мэргэн овогт С-ийн А /РД: ЕЭ85071174/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч С.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сайншанд сумын  6 дугаар баг Дампилын 1105 тоотод оршин суух З.Лгийн байшингийн найранд уригдан очиж улмаар түүний жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээнээс 5 195 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

 Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 700 /цаг/ нийтэд тустай жил хийлгэх ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  дүгээр зүйлийн дэх хэсэшт  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хрих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ааас 5105000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Лд олгож,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дугтуйг устгаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдсан гомдолдоо:  Миний бие нь 1985 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг 2004 онд УБТЗ-ын БАҮ-ийн 3 дугаар ангид уурын зуухны машинстаар ажилд орж байсан. Энэ байгууллагат өдий хүртэл тасралтгүй ажиллаж байна. 2017 оны 12 сарын 10-ны өдөр З.Л-гийн байрны найранд хамт олонтойгоо уригдан 15 цаг 20 минутын үед очсон. Миний бие ажлынхаа хүмүүсийг явсаны дараа Ж.Бэхбаттай хамт гэрт нь үлдсэн. Мижидцоо эгч манай ажлын 3 хүнийг гараж өгөөд орж ирээд миний дүү яаралгүй сууж байгаад яв гэж хэлсэн. Миний бие гэрээс гараагүй тэр үед найр ид дундаа ороод хөл хөдөлгөөн чимээ шуугиан ихтэй байсан. Миний бие найранд сөн түшиж байгаад 18 цагийн үед ажлын ах болох Ж.Бэхбат нь сандал дээр согтуу унтаж байсан ахыг аваад гараад 3 баянгийн зогсоол дээрээс таксинд суун Ж.Бэхбатыг Залуус хороололд гэрт нь оруулж өгсөн буцаад нөгөө такситайгаа ар шандын задгай 58 айлын гадаа таксинаас бууж ажлынхаа дээрээ очсон. Манай ажлынхан цэцэрлэгийн хашаан доторх бохирын худагт ажиллаж байсан намайг тэнд байж байхад манай ажлын залуу Баярхүү манай эхнэр рүү залгаж А ах энд байна гэж залгасан удалгүй эхнэр маань ирсэн. Эхнэр надад Л-гийнхэн чамайг асууж байна гэсэн тэгээд удалгүй 8 цаг өнгөрөөгөөд Л Мижидцоо эгч 2 цагдаатай ирсэн. Л-гийн дугтуйтай мөнгө алга болсон цагдаагийн газар руу явна, мэдүүлэг авна гээд эхнэд бид хоёрыг аваад явсан. Миний бие өөрийн гэсэн ухаантай байсан намайг цагдаагийн газарт аваачаад паарнаас гавлаад ямар ч мэдүүлэг авалгүйгээр 12 цаг хүртэл байлгаж байгаад эрүүлжүүлэх байранд хонуулсан ба өглөө торгуулын мөнгөө төлөх гээд байж байхад араас дугтуйтай мөнгө олсон гэсэн тэр дугтуй яагаад ард очсоныг гайхаж байна. Насанд хүрээгүй гэрч гээд байгаа Анхбаяр нь шүүх хуралд огт ороогүй мэдүүлэг өгдөг өдрөө Анхбаяр нь шөнийн суудлаар Замын-Үүд явна гэж хэлсэн. Би насанд хүрээгүй гэрч гээд байгаа Анхбаярыг бас дахин шалгуулахыг хүсч байна гэжээ.

Шүүгдэгч С.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хэргийг хийгээгүй, гэрт баахан хүн байсан. Намайг авсан гээд байгаа болохоор давж заалдсан гомдол гаргасан. Би баяртай гээд Лтэй гар бариад, аав, ээжид нь үнсүүлээд гарсан гэжээ.

Хохирогч З.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гомдолтой байна. Надтай нэг ч удаа утсаар ярьж, уучлалт гуйж, уулзаагүй. Хохирол төлбөрөө барагдуулаагүй байгаа гэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлттээ: Шүүгдэгч хэргийг үйлдээгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан Мижидцоогийн мэдүүлэгт намайг мөнгө янзалж байхыг харсан гэсэн мэдүүлэг. Мөн А мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө бие засах гээд гарах гэж байгаад жижиг өрөөнөөс курткаа авахдаа нэг эгч дугтуйтай мөнгө янзалж байхыг харсан гэх мэдүүлэг өгсөн. Насанд хүрээгүй гэрч Болортуяа улаан цамцтай ах хүүхдүүдийг өрөөнөөс гаргаж шкафны хажууд байсан гэж мэдүүлдэг. Мөн насанд хүрээгүй гэрч Анхбаяр улаан цамцтай ах шкафны хажууд байсан гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэрчүүд болох Оюунжаргал, Одгэрэл нар сондгой 58 айлын гаднаас дугтуйтай мөнгө зэргийг олсон. Энэ олж байгаа үйл явдал нь 2017.12.11-ний өдөр олсон. Хэрэг болсон өдөр 2017.12.10-ны өдөр байгаа. Эдгээр нөхцөл байдлаар хулгайлах гэмт хэргийг С.А нь үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байна гэж үзэж байна. Ийм учраас шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                                                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.А-ыг 2017 оны 12-р сарын 10-нд З.Л-гийн байшингийн найранд уригдаж очсон үедээ жижиг өрөөнд байсан хувцасны шүүгээнээс 5.195.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн 2018 оны 05-р сарын 07-ны 63 тоот шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч С.Аын давж заалдсан гомдлын дагуу хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан хэлэлцвэл мөрдөн шалгах болон прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зааснаар хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, анхан шатны шүүх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь:

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо үндэслэсэн хохирогч З.Лгийн  “ ... А яачихваа гэтэл шкафны хажууд доошоо харсан сууж байсан. Тухайн үед Аын нүднийх нь гал уначихсан, сонин царайлсан байсан тул яасан юм бол доо гэж бодсон. Удалгүй А куртикээ гартаа боочихсон явлаа гээд явсан. Манайд нийт 5.195.000 төгрөгийн хохирол учраад байна. ... А Мижидцоо эгчийг бүх мөнгийг орон дээр асгаад цэгцлээд хийж байхыг харсан гэсэн”  гэсэн,  гэрч М.Мижидцоогийн  “ .... А 20 цагийн үед Лхагвасүрэнгийн гэрээс явсан. … намайг мөнгө цэгцлээд сууж байхад Асралт нь 2 удаа жижиг өрөөнд орж ирсэн. Үүний дараа намайг ширээ янзалж байхад төд удалгүй Асралт явлаа, баяртай гээд үнсүүлээд гарсан. Намайг мөнгөө цэгцлээд хадганд хийгээд шкаф руу хийж байхыг Асралтаас өөр хүн хараагүй” гэсэн,  насанд хүрээгүй гэрч Д.Азжаргалын  “ … ойролцоогоор 19-20 цагийн үед дүүтэйгээ цуг унтлагын өрөөнд орж ээжийн цүнхнээс алим авах гэсэн чинь энэ ах бас саарал юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан ах 2 сууж байсан бөгөөд энэ өрөөнд хүн байхгүй гар гэсэн. Тэгэхээр нь би ээжийн цүнхнээс алим авъя гэж хэлээд алимаа аваад гарахдаа эргэж харсан чинь энэ ах шкафны урд зогсож байгаад буцаад суусан” гэсэн,  гэрч О.Ганзамын  “ … Асралт нь би хүмүүст үйлчлэе гэж хэлээд хүмүүст үйлчилсэн. Нэг харсан чинь алга болсон байсан. Шкафны наад талд тавьсан урт сандал дээр сууж байхад нь чи яагаад үйлчлэхгүй алга болчихвоо гэхэд Асралт найз нь согтоод байна, ингээд явъя гэж хэлсэн” гэсэн,  гэрч Ю.Баярмаагийн  “ … Бид нарыг хүмүүст үйлчилж байхад Асралт бид нарын өмнөөс хүмүүст архи дамжуулж үйлчлээд байсан. Асралт нь хүмүүст үйлчилж байгаад гэнэт суусан. Бид нар хүмүүст үйлчилж байхдаа урд талын өрөөнөөс хойд талын өрөө рүү байнга шилжиж байсан. Асралт шкафны хажууд тавьсан байсан урт санад дээр жижигхэн биетэй залуугийн хамт суугаад байсан” гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.Анхбаярын  “ … хоол идэж байх үед улаан сорочкон цамцтай эрэгтэй хүн хүмүүст үйлчилж байсан. … нөгөө хүн хэсэг сууж байгаад унтлагын өрөө рүү ороод хувцасны шкафыг онгойлгож байхыг нь харсан. … би тухайн хүнийг танихгүй, … тэр хүнийг шкаф онгойлгож байх үед бол өөр хүн байгаагүй” гэсэн,  насанд хүрээгүй гэрч Ө.Болортуяагийн  “ … тэр ахыг жижиг өрөөнд орсны дараа жижиг өрөөнд тоглож байсан хүүхдүүд өрөөнөөс гараад том өрөөнд орсны дараа тэр улбар шар цамцтай ах шкафны шургуулгыг онгойлгож байсан. Тэр хүн удаагүй буцаад гарч ирээд Лхагваа ахад “намайг найз дуудаад байна, би явлаа шүү” гэж хэлчихээд гараад явсан. … тэр ахыг явснаас хойш 30 гаран минутын дараа 2 эмээ шкафанд байсан мөнгө хааччихваа гэж байсан” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд нотлож чадаагүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн 13-д заасан “ шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ “ гэсэнтэй нийцээгүй ба нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэрэг асуудлыг  дахин шалгаж тогтоох шаардлагатай байна.

Үүнд: Хавтаст хэрэгт  шүүгдэгч С.Асралт нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогчийн гэрээс явсан цаг хугацааг 18 цаг 40 минут гэж мэдүүлдэг ба насанд хүрээгүй гэрч Д.Азжаргал “ойролцоогоор 19-20 цагийн үед дүүтэйгээ цуг унтлагын өрөөнд орж ээжийн цүнхнээс алим авах гэсэн чинь энэ ах бас саарал юүдэнтэй малгайтай цамц өмссөн байсан ах 2 сууж байсан” гэж, гэрч Ж.Бэхбат “ … 18 цагийн орчимд манай ажлынхан унтлагын өрөөнөөс хувцасаа аваад гарцгаасан, Асралт бид 2 суугаад үлдсэн, бид 2 архи ууж байгаад ажлынханыг яваад удалгүй  бид 2 унтлагын өрөөнөөс хувцсаа аваад гараад явсан” гэж,  гэрч М.Мижидцоо “ Асралт 20 цагийн үед Лхагвасүрэнгийн гэрээс явсан” гэж,  гэрч Н.Наранбаяр “ … 20 цагийн орчимд санаж байна, Баярхүү гэж Асралттай хамт ажилладаг залуу надруу яриад Асралт цэцэрлэг дээр ирчихлээ гэж хэлэхээр нь би Лхагвасүрэнд Асралтыг цэцэрлэг дээр байна гэж би хэлээд очсон, тэгтэл удалгүй цагдаа ирээд Асралтыг аваад явсан” гэж  тус тус гэмт хэрэг гарсан байдлын цаг хугацааны талаар зөрүүтэй мэдүүлсэн байхад энэ зөрүүг гаргаагүй байна.

Хэрвээ шүүгдэгч Асралт нь 18 цаг 40 минутын үед Лхагвасүрэнгийн гэрээс гарсан бол цагдаагийн байгууллагад хүргэгдэж очих хүртэлх хугацаанд хэдий хугацаа зарцуулах байсан байв,  энэ цаг хугацаанд хаана, юу хийсэн талаар шалгаж түүний явсан маршрутыг хугацаагаар нь  тогтоох шаардлагатай байсан байтал шалгаагүй байна.

Насанд хүрээгүй гэрч Д.Азжаргалын мэдүүлгээс харахад С.Асралт нь хүүхдүүдийг унтлагын өрөөнд оруулахгүй байсан гэдэг ба мөн шкафыг онгойлгож байсан талаар мэдүүлсэн ба энэ цаг хугацаанд гэрч Ж.Бэхбат /1-р хх-ийн 42/ хамт байсан байхад түүнээс гэрчээр мэдүүлэг авахдаа энэ талаар тодруулж асуугаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгээс мөрдөн шалгах болон прокурорын шатанд хулгайлагдсан мөнгө ямар байдалтайгаар алдагдсан, мөнгөнүүд дугтуйнуудын хамт алдагдсан бол 5195.000 төгрөг ямар овор хэмжээтэй байх байсан, түүнийг Асралтын өмсч явсан хувцасанд яаж хийхэд мэдэгдэхгүйгээр авч гарах боломжтой байсан юм гэдгийг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргаж байсныг хангаагүй нь мөн  дутагдалтай болжээ.

Тодруулбал хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэг нь хохирогч З.Лд хэдэн төгрөг бэлэглэснээ гэрчилсэн байх ба уг мөнгийг шүүгдэгч бүгдийг эсхүл ямар хэмжээгээр авсан зэрэг нөхцөл байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй.

Эдгээр нөхцөл байдлуудаас болж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байх  тул анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

            Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй, дүгнэлтэд нөлөөлөхөөр онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад анхааралгүй орхигдуулсан байх тул  шүүгдэгч С.А-ын энэ талаарх давж заалдсан гомдлыг хангаж, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 63 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйл, 39.5 дүгээр зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны 63 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд нь буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

                                                                                  А.САЙНТӨГС