Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2019/0359/З |
Дугаар | 446 |
Огноо | 2019-07-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 446
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 93.1-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 26-нд Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.А*******д гомдол гаргасан болловч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* тоот хариу бичгэндээ Хан-Уул дүүргийн Засаг даргын ******* захирамж нь дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан байна гэжээ. Бид ЗХШХШТХуулийн 14.1.1 зааснаар шүүхэд хандаж байна.
2017 онд А/80, А/243 тоот захирамж гаргаж тээвэрлэлтийг зогсоож хориглож байсныг бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүхийн шийдвэр гарч байсан Хан-Уул дүүргийн Засаг дарга ******* тоот захирамжаараа ТТАМ Тээвэрлэлтийг зогсоож хориглосон шийдвэр гаргасан. Энэ захирамж нь өмнөх А/80, А/243 тоот захирамжтай ижил утгатай юм.
Энэ ******* тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй эрх мэдлээ хэтрүүлэн дураараа аашилсан, хүний эрх, эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдсан хууль бус захиргааны акт юм. Хүнд даацын автомашин гэсэн тодорхойлолт заалт аль ч хуульд байхгүй. МNS-4598:2011 авто тээврийн хэрэгслийн стандартыг мөрдөж байгаа. Энэ захирамж нь хууль зөрчиж гаргасан, дүүргийн Засаг даргад зам хааж тээвэрлэлт зогсоож гурван давхар цагдаагийн хамгаалалт 24 цагаар зогсож элс хайрга барилгын буталсан чулуу ачсай машиныг ямар нэгэн зөрчилгүй байхад журамлаж /түр саатуулах/ хашаанд хийх эрх байхгүй. Зам барилгын, асфальтны “******* *******” ХХК болон зарим компанид энэ захирамж үйлчилдэггүй. Энэ үйл ажиллагаа нь ЗТХС-н 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 161 тоот тушаалаар батлагдсан “Авто зам замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журмаар зохицуулагдах ёстой.
Энэ журмын 1.4-т Гамшиг аюулт үзэгдэл, ослоос бусад тохиолдолд орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг Нийслэлийн засаг дарга гаргана гэж заажээ. Хэрвээ ийм шийдвэр гарвал энэ журмын 1.7, 2.2-т зааснаар түр зам гаргаж явуулахыг зам хариуцагч байгууллагад даалгасан байна. Мөн зам дээр хад чулуу унах, зам эвдрэх тохиолдолд замыг түр хааж түр зам гарган явуулахаар заасан байна.
Бид хар тамхины ургамал тариалаад түүнийгээ тээвэрлэж байгаа гэмт хэрэгтэн юм уу. Монгол Улсын Иргэний хуульд зааснаар, Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулиар хориглоогүй бүх бизнесийг хийх эрхтэй.
Энэ хууль бус шийдвэрээс болж манай компани орлогогүй болж санхүү эдийн засгийн хувьд хохирч татвар нийгмийн даатгалаа төлж чадахгүй өрөнд орж бидний амь зуулга, иргэн аж ахуйн нэгжийн эрхэнд шаардлагатайгаас илүү хэмжээгээр цагдаа төрийн хүчээр халдаж байна. “******* *******эн” ХХК борлуулалтаа хийж чадахгүй, элс хайрга тээвэрлэн хүргэж өгөх гэрээтэй барилгын “Шинэ эрин угсралт”, “Тэмээн, Набсан, Шилэн хийц, Зэрэг гүн транс, бетон зуурмагны ЖНПЭ компанид элс хайрга барилгын чулуу нийлүүлэх гэрээгээ биелүүлж чадахгүй, манай компани 40% эзэмшигч Ж.Бгийн нэр дээр байдаг ачааны авто машинуудаар тээвэрлэлт хийж чадахгүй хохирч байна. Хувьдаа ачааны машинтай ХУД-ийн 13-р хорооны иргэн Н.Ртай // элс хайрга барилгын чулуу тээвэрлэж УБ хот, Сонсголонд буулгах гэрээ хийсэн боловч, машин болон жолооч Р өөрөө ямар ч зөрчил гаргаагүй байхад ******* тоот захирамж зөрчсөн хэргээр 8 удаа торгуулж, удаа дараа машины гэрчилгээ жолоочийн үнэмлэхээ хураалгаж түр саатуулах хашаанд хийж хохироосон.
Жолооч 3. *******, Б.У, Д.Х нартай элс хайрга УБ хот руу тээвэрлэн хүргэх гэрээтэй боловч явж чадахгүй байна. Иймэрхүү маягаар ганц манайх биш олон компани, хувиараа тээвэр хийдэг хүмүүсийн хөдөлмөрлөх, амьдрах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж амь зуулгагүй болж байна. Үнээний фермерийн сүү ачсан машинуудыг цагдаагийн хүчээр явуулахгүй хаалт хийвэл дампуурна биздээ. Тэрэнтэй ижил байна. Мөн ******* тоот захирамжийг далимдуулж нутгийн иргэд архи ууж агсам тавьж бидний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож байна. Авто замын тухай хуулийн 29.1-д Иргэн хуулийн этгээд тэдгээрийн харьяалал өмчийн хэлбэр үл харгалзан авто зам замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй гэж заасан байна. Бид зам ашигласны төлбөр автомашины татвар хураамжаа Нийслэлийн авто замын санд олон жил төлж байна. ЗЕХ-ийн 47.1.6-д Иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар сөрөг нөлөөлөл бүхий захирамж гаргасан тул ХУД-ийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.
... Жингийн хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Засаг даргын 191 дүгээр тоот захирамжид “Хоёр тэнхлэгтэй тэрэг 18 тонн, 3 тэнхлэгтэй тэрэг 24 тонноос хэтрүүлж болохгүй” гэж заасан. Газар хөдлөлт, гэсэлт гэдэг нь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/161 тоот зам хаах, даац хязгаарлах журмаас өмнө 80 тоот журам гэж хэрэгжиж байсан. Тухайн журамд “хавар намрын улиралд газар хөдлөлт гэсэлтийн үед даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Энэхүү журам 2018 онд хүчингүй болсон. Нийслэлийн Засаг даргын 191 тоот захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн байх ёстой байсан. 2017-2019 онуудад нийтэд хэвлэгдэн гараагүй” гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг Ж.А*******гаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ““******* Түргэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Тус дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагууд авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ даацаар тээвэрлэлт хийх, шөнийн цагаар суурьшлын бүсийн дундуур зорчиж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа талаар мэргэжлийн байгууллага болон иргэдээс гомдол маш олон ирдэг.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 дүгээр захирамжаар газар хөлдөлт, гэсэлтийн үед том оврын болон хүнд даацын тээврийн хэрэгслийг жингээс нь хамаарч түр хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарладаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах үүднээс дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авсан.
Дүүргийн Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамж хуулиар эрх олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль ёсны бөгөөд зорилгодоо нийцсэн захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн дээрх захирамжаар тээвэрлэлт хийхийг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд зогсоосон бөгөөд захиргааны актын үйлчлэл дууссан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Б” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “Б” ХХК нь анх шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “... хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж тодруулсан тул шүүх тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийн 2 дахь заалтаар “Дүүргийн 10, 12, 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хүнд даацын автомашиныг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авто болон шороон замаар тээвэрлэлт хийхийг хориглож” шийдвэрлэжээ .
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалаар батлагдсан “Автозам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-ын дагуу автозам, замын байгууламжийг түр хаах, тээврийн хэрэгслийн овор хэмжээ, тэнхлэгийн даацад хязгаарлалт тогтоох эрх дүүргийн Засаг даргад олгогдоогүй байхад хариуцагч нь өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, байгууллагууд нь автозамын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даацаар тээвэрлэлт хийх, шөнийн цагаар суурьшлын бүсийн дундуур зорчиж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах шаардлагаар маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийн хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцсэн” гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”-д зааснаар дүүргийн Засаг дарга нь нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад орон нутаг, ард иргэдийн эрх ашигтай холбоотой асуудлаар хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор үүрэг, чиглэл өгч, биелэлтийг нь хангуулах эрх хэмжээтэй, хариуцагч нь ******* захирамжийн үндэслэлд хуулийн энэхүү зохицуулалтыг үндэслэсэн байх боловч Засаг даргын энэхүү эрх нь хууль тогтоомжид заасан хэмжээ, хязгаарын дотор, хуульд нийцсэн үүрэг чиглэл өгөх байдлаар хэрэгжих учиртай.
Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Авто зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдал үүссэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон, авто замд засвар хийх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд авто замыг түр хугацаагаар хааж болно”, Автотээврийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Гамшиг, аюулт үзэгдэл болон аюул тохиолдсон нөхцөлд тээвэрлэлтийн ажлыг түр хугацаагаар зогсоох буюу хязгаарлах шийдвэрийг дараах эрх бүхий албан тушаалтан гаргаж нийтэд мэдээлнэ”, 14.1.2-т “орон нутгийн тээвэрлэлтийн чиглэлд нийслэл, тухайн аймаг, сумын Засаг дарга” ”, 14.2-т “Хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр тээвэрлэлтийн ажлыг зогсоох, хязгаарлах, автотээврийн хэрэгслийг саатуулахыг хориглоно” гэж тус тус заасан байх ба Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 161 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-ын “Нэг” зүйлийн 1.4-т зааснаар “авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргах”-аар журамласан байна.
Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу авто замыг түр хугацаагаар хаах тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Засаг дарга гаргах, харин тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох хязгаарлах, шийдвэрийг нийслэл болон, аймаг сумын Засаг дарга гаргах эрх хэмжээтэй байх тул хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад авто замыг хаах, эсхүл тээвэрлэлтийг хязгаарлах эрх олгогдоогүй гэж үзэх тул Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийн 2 дахь заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” байхад гаргасан захиргааны илт хууль бус шийдвэр байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч захиргааны акт хууль бус байх нэг үндэслэл нь захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдож байх нөхцөл бөгөөд нэхэмжлэгчээс “хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор шаардаж буй ******* тоот захирамжийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, түүнчлэн уг захирамжийн 2 дахь заалтаар нэг талаас, авто болон шороон замаар явах автомашины хөдөлгөөний хязгаарласан, нөгөө талаас тээвэрлэлт хийхийг хориглосон байгаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтаар олгогдсон “иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрх”, Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтаар олгогдсон “автозамын байгууллагаас автозам, гүүрийг тээврийн хэрэгсэл зорчиход саадгүй байлгахыг шаардах эрх”-ийг тус тус хязгаарласан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч нь ******* дугаар захирамжийн үндэслэлд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 дүгээр захирамжийг үндэслэн гаргасан, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, байгууллагууд нь автозамын үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даацаар тээвэрлэлт хийх, шөнийн цагаар суурьшлын бүсийн дундуур зорчиж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж” гэж дурдсан байх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйн дээр, бодит байдал дээр үүсээд байгаа нөхцөл байдал болон иргэдийн өргөдөл гомдол зэрэг нь хариуцагч захиргааны байгууллагад хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах, хүн, хуулийн этгээдийн эрхэд хуулиар зөвшөөрөгдөөгүй хязгаарлалт тогтоох үндэслэл болохгүй юм.
Харин дээрх хууль тогтоомжийн заалтууд болон үүссэн гэх нөхцөл байдал нь асуудлыг эрх бүхий этгээдэд тавьж шийдвэрлүүлэх үүргийг хариуцагч ногдуулж байна.
Иймд “Б” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт гаргаагүй, харин хэргийн оролцогч бус этгээдээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.3, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 14 дүгээр зүйлийн 14.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-иас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн даргын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот захирамжийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ