Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2023/0550

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         “Ц г” ХХК-ийн гомдолтой

    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Ц г” ХХК

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Э, Т.Э

Гомдлын шаардлага: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 479 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Г.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2021/0124/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Ц г” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нарт тус тус холбогдуулан “улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 479 дүгээр шийдвэрээр: 

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.5, 74,1, 74.1.3, 74.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц г” ХХК-иас Баянгол дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Э, Т.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1.402.695.652,00 төгрөгийн төлбөрөөс 1.033.579.100,55 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох 369.106.551,45 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод, шинжээчийн зардалд гарсан нийт 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөс нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг шинжилгээ хийсэн байгууллагын Төрийн сангийн 100900012005 тоот дансанд хэвээр үлдээж, шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 700.000 /долоон зуун мянга/ хариуцагчаас 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг нөхөн гаргуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005404 тоот дансанд төлүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нар нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0497 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч "Ц г" ХХК-иас шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1.402.695.652.00 төгрөгийн төлбөрөөс 1.033.579.100,55 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр үлдээж, үлдэх хэсэг болох 369.106.551.45 төлбөрийг хэрэгсэхгүй болгож, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 014 тоот шинжээчийн дүгнэлтээр шийдвэрлэсэн.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 014 тоот шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хуудасны 1, 6 дугаар хуудасны 2, 4, 7 дугаар хуудасны хариулт 2, асуулт 3-ын хариулт 3-ыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 6 дугаар хуудасны 3, 7 дугаар хуудасны хүснэгт-3 тайлбар хэсэгт нэмэлт тодруулга тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0497 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт 369.106.551.45 төгрөгийг хасч тооцсон шийдвэрийг хэрэгсэхгүй болгож 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 0297378 тоот шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү. Үүнд

Тайлбар 1. 2016 оны 1.267.076.429.09 төгрөгийн зөрчлөөс 655.036.363.64 төгрөгийг 2018 оны борлуулалт гэж хойшлуулсан нь үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Ү-2204082891, Ү-2204082892 тоот гэрчилгээтэй 720.540.000.00 төгрөгийн /720.540.000.00/1,1=655.036.363.64 төгрөг НӨАТ хассан дүн/ үнэлгээтэй хөрөнгийг "Х м" ХХК-иас төлбөртөө тооцож шилжүүлсэн авсан бөгөөд уг хөрөнгийг 2016 ондоо түрээслүүлэх, худалдан борлуулах зэргээр эргэлтэд оруулж, эдийн засгийн өгөөжийг хүртэж эхэлсэн байгаа тул "Х м" ХХК-иас төлбөртөө шилжүүлж авсан хөрөнгийг "Ц г" ХХК-ийн борлуулалтад тооцох нь зүйтэй.

Уг зөрчилд тооцогдох нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 131.007.272.73 төгрөгийн нөхөн татвар, 39.302.181.82 төгрөгийн торгууль, 26.201.454.55 төгрөгийн алданги нийт 196.510.909.09 төгрөгийг төсөвт төлөхөөр байна.

Тайлбар 2. Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны зөрчлийн нөхөн татвараас “Ц г” ХХК-ийн илүү төлөлт 116.146.390.50 төгрөгийг хассан нь Сангийн сайдын 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 тоот тушаал, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/262 тоот тушаалаар татварын илүү төлөлтийн суутган тооцооллыг Татварын алба хийх хууль, журмын зохицуулалттай. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч тооцооллыг хийхдээ 116.146.390.50 төгрөгийн илүү төлөлтийг хасч тооцсон байна. Эдийн засгийн шинжээч татварын албаны чиг үүргийг хэрэгжүүлсэн үйлдэл нь хууль бус байна.

Иймд нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн төлбөрийг 116.146.390.50 төгрөгөөр нэмэгдүүлэн ногдуулж, төсөвт төлөхөөр байна.

3.2.Анхан шатны шүүхийн 128/ШШ2023/0497 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт хариуцагч талаас шинжээчийн зардалд 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг нөхөн гаргуулахаар тогтоосон.

Шүүхийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч "Ц г" ХХК-ийн өмгөөлөгч “шинжээч томилуулах хүсэлтэй шинжээчийн зардлыг бид хариуцна” гэж 2021 оны 11 сарын 29-ний 128/ШШ32021/9457 дугаартай шүүхийн шийдвэрт тусгагдсан байна.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 473 дугаар магадлалаар хэргийг хянаж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан ба уг магадлал болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг үндэслэж шүүхийн санаачилгаар шинжээч томилсон. Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэгч болон шүүхийн санаачилгаар 2 удаа шинжээч томилогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дээд шатны шүүхэд гомдол гаргаж байгаа, мөн шинжээчийн зардлыг шинжээч томилуулах хүсэлт гаргасан талаас болон шүүхийн Тамгын газраас гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

            1.Шийтгэлийн хуудсаар ногдуулсан 1.402.695.652 төгрөгийн төлбөрөөс шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, төлбөрийн хэмжээг 1.033.579.100,55 төгрөг болгон багасгахдаа шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 14 дүгээр дүгнэлтэд “…актаар тогтоосон төлбөрөөс 2016 онд борлуулалтын орлогоос үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 720.540.000 төгрөгийг, мөн онд хамаарах нөхөн татвар 126.707.642 төгрөгөөс тухайн оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх илүү төлөлт 35.124.250 төгрөгийг тус тус хасч тооцохоор байсан…” гэсний дагуу эдгээрт ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох нийт 369.106.551.45 төгрөгийг хүчингүй болгосон, гэтэл үүнээс өмнө гарсан шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 78 дугаар дүгнэлтээр дээрх зөрчилд ногдуулсан төлбөрийг үндэслэлтэй гэж үзсэн байхад яагаад ийнхүү шийдвэрлэх болсон талаар хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

            Тухайлбал “…2016 оны борлуулалтын орлогоор тайлагнах ёстой гэж үзсэн 1.267.076.429,09 төгрөгөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 720.540.000 төгрөгийг хасч тооцох байтал тооцоогүй бүхэлд нь аж ахуйн нэгжийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд авч үзсэн, энэ дүнгээсээ нөхөн татвар, торгууль, алдангийг тооцсон нь мөнгөн дүнгээр зөрүүтэй гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна…” гэсэн нь уг үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тухайн оны борлуулалтын орлогоор тайлагнах ёстой байсан эсэхэд хийсэн дүгнэлт гэж үзэхгүй.

            Тэр тусмаа энэхүү зөрчлийн талаар шинжээчийн 2 өөр дүгнэлт гарсан энэ тохиолдолд чухам аль дүгнэлтийг нь нотлох баримтаар үнэлэх болсон тухайгаа шүүхийн шийдвэрт зайлшгүй дүгнэх ёстой.

            2014 онд “Ц г” ХХК нь “Х м” ХХК-тай үйлчилгээтэй 166 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст хүлээлгэн өгсөн, мөн ондоо энэхүү гэрээгээр тохиролцсон төлбөртөө үйлчилгээний зориулалттай талбайг шилжүүлэн авсан, гэвч тухайн үед “Х м” ХХК-иас 720.0 сая төгрөгийн үнийн санал тавьж байсан боловч ямар нэгэн гэрээ, хэлцэл хийлгүйгээр өдийг хүрсэн талаар нэхэмжлэлдээ дурджээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, Улаанхуаран гудамжны 18-р байр, 2 давхар 1 тоот хаягт байршилтай 192.74 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204082891 дугаарт бүртгэж, “Ц г” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000508498 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 1418 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчээс 720.540.000 төгрөгийн үнэ бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “Х м” ХХК-иас төлбөрт тооцож авсан болохоо хүлээн зөвшөөрсөн нь тусгагдсан төдийгүй шүүхээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нэхэмжилсэн 2.405.000.626 төгрөгөөс 720.540.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэргээс үзэхэд “…НББОУС-ын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өртгийг үнэн зөв хэмжих боломжтой байх нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ гэж заасан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх, өртөг тодорхойлох боломжгүй, нягтлан болох бүртгэлд бүртгэх анхан шатны баримтгүй байсан…” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

            Өөрөөр хэлбэл ажлын хөлсөнд тооцож бартераар авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн 2016 ондоо ийнхүү хүлээн зөвшөөрч байсан 720.540.000 төгрөгийг борлуулалтын орлогоор бүртгэн тайлагнаж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т татвар төлөгч нь “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэг хүлээнэ, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д албан татвар төлөгчийн үйл ажиллагааны “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”-д албан татвар ногдоно, 16 дугаар зүйлийн 16.1-д “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод ногдуулна”, 16.2-т “Энэ хуулийн 8.1.1, …-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасч албан татвар ногдох орлогыг тодорхойлно” гэж тус тус заасны дагуу ногдох албан татварыг төлөх нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар хүлээсэн үүрэг болно.

            Түүнчлэн уг орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй нь мөн л Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”-нд татвар ногдуулна гэснийг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсаар дээрх зөрчилд 131.007.272,73 төгрөгийн нөхөн татвар, 39.302.181 төгрөгийн торгууль, 26.201.454,55 төгрөгийн алданги, нийт 196.510.909,09 төгрөгийн төлбөр ногдуулсан нь холбогдох хуульд нийцжээ.

            Гэтэл шинжээчийн дүгнэлтээр “…шүүхийн 2018 оны шийдвэр, тогтоолоор 720.540.000 төгрөгийг борлуулалтын орлогоор хүлээн авснаа нэхэмжлэгч зөвшөөрсөн тул 2016 онд биш 2018 онд нэмэгдсэн өртгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнахаар байна…” гэсэнд дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

            2.2018 оны нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын 116.146.390.50 төгрөгийн илүү төлөлтийг татварын хяналт шалгалтаар илэрсэн 2016 оны уг татварын зөрчлийн дүнгээс хасч нөхөн татвар ногдуулах боломжгүй, хариуцагчийг энэхүү илүү төлөлтийг хассан дүнгээс нь нөхөн татварыг тооцох байсан гэж буруутгах үндэслэлгүй.

Учир нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/262 дугаар тушаалаар батлагдсан “Татварын орлого бүртгэх, орлогын данснаас суутгал хийх журам”-аар татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг суутган тооцох харилцааг зохицуулсан, тухайлбал журмын 5.4.2-т “Хяналт шалгалтын үр дүнгээр тодорхойлогдох татварын илүү төлөлтийн суутган тооцох хүсэлтийг нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулсан санхүүгийн жилд”, 5.9-д “Нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар ногдуулсан бол зөвхөн тухайн татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн илүү үлдэгдлээс суутган тооцож болно”, 5.11-т “Татвар төлөгчийн илүү төлөлтийн суутган тооцооллын бүртгэл, хяналтыг татвар төлөгчийн харьяалагдах татварын албаны орлогын бүртгэл хариуцсан нэгж, татварын албаны татварын суутган тооцооллын нэгдсэн хяналтыг Татварын ерөнхий газрын орлогын чиг үүрэг хариуцсан нэгж хэрэгжүүлнэ” гэж заажээ.

            Гэхдээ шийтгэлийн хуудсаар 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчлийн дүнгээс уг татварын илүү төлөлт 116.146.390,50 төгрөгийг хасч нөхөн татвар ногдуулаагүй нь дээрх журмын дагуу энэхүү илүү төлөлтөө ногдуулсан төлбөрөөс суутган тооцуулах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй.

            3.Шийтгэлийн хуудсаар 2014-2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2016 онд борлуулалтын орлогыг дутуу тооцсон, 2017 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж төлөөгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний албан татварын тухай хуулийн дагуу төлбөл зохих албан татвараа хугацаанд нь төлөөгүй, хугацаа хожигдуулсан зөрчилд тус тус ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги, хүү болох нийт 1.033.579.100,55 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийн энэ хэсэгт дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.

            Шийдвэрийн тогтоох хэсэгт “…нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж гэсэн атлаа “...маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1.402.695.652 төгрөгийн төлбөрөөс 1.033.579.100,55 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох 369.106.551,45 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай” гэж утгын хувьд алдаатай, ойлгомжгүй бичсэн байгааг цаашид анхаарвал зохино.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 497 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт 1.402.695.652 төгрөгийн төлбөрөөс 1.033.579.100,55 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох 369.106.551,45 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардлыг нөхөн гаргуулж шинжээчид төлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, хариуцагч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш тав хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

                              ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

                            ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН