Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0071/Э |
Дугаар | 71 |
Огноо | 2016-06-30 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Т.Цэнд-Аюуш |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн
Улсын яллагч Т.Цэнд-Аюуш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цогдэлгэр овогт Бадмаажингийн Буянбаатарт холбогдох эрүүгийн 201610010118 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Газар зохион байгуулагч инженер мэргэжилтэй, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ-т багийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум, Өлзийт 4-8 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цогдэлгэр овогт Бадмаажингийн Буянбаатар /РД:ЕН84011310/
Яллагдагчаар татах тогтоолоор: яллгадагч Б.Буянбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Эрдэнэ сум 5 дугаар баг Өлзийт 4-8 тоотод иргэн Төмөрбаатарын Баярбаттай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан улмаар толгойн тус газар нь тоосгоор цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Буянбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогчийг эмнэлэгт үзүүлж хохирол төлбөргүй болгож бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогч Т.Баярбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Еншөөв багийн төв рүү манай захиргааны жолооч Эрдэнэбаяр ахад бензин хүргэж өгөхөөр манай ажлын газрын Амгалан, Буянбаатар, Даваажаргал бид 4 явсан. Тэгээд багийн төв дээр бензинээ хүргэж өгөөд буцаад суман дээр ирээд Буянбаатарынд очоод бид дөрөв 2 шил 0,75-н Ерөөл архи уугаад тэгээд бид нилээн согтсон байсан. Буянбаатар бид 2 бие засах гэж гараад гэрийнх нь гадаа тамхи татаад хэсэг зогсож байгаад Буянбаатар надад чи яагаад жижүүртэй өдрөө ажлын байраа хаяад яваад байдаг юм бэ гэж хэлсэн тэгэхээр нь би миний ажил чамд хамаагүй биз дээ гэж хэлээд би нэг түлхсэн. Тэгтэл намайг Буянбаатар мөргөсөн. Би мөргүүлчихээд ойчоод өгсөн. Тэгээд намайг босоод ирсэн чинь тоосгоор миний хөмсөг хэсэг рүү цохьсон. Миний толгойноос цус алдаад би алахсаар байгаад Алдарын дэлгүүрийн дээр ирээд Алдарын утсаар өөрийн төрсөн дүү Алдарыг дуудаад удалгүй манай дүү Алдар очиж намайг авсан. Тэгээд би Алдарын машинд ороод тэрнээс хойш санахгүй байна гэжээ./хх-ийн 13-14 тал/
Гэрч П.Даваажаргал хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Еншөөв багийн төв рүү манай захиргааны жолооч Эрдэнэбаяр ахад бензин хүргэж өгөхөөр манай ажлын газрын Амгалан, Буянбаатар , Баярбат бид 4 явсан. Тэгээд багийн төв дээр бензинээ хүргэж өгчихөөд буцаад суман дээр ирээд Буянбаатар ахынд очоод бид дөрөв 3 шил 0,5 Ерөөл архи, 1 шил 0,75-ын Ерөөл архи тус тус уугаад тэгээд би Амгалан ахыг Баярсайхан ахынд хүргэж өгөөд тэгээд би буцаад Буянбаатар ахынд очсон. Буянбаатар, Баярбат бид 3 үлдсэн архиа ууж дуусгаад байж байтал Буянбаатар, Баярбат хоёр гэрээс гараад явсан. Тэгээд би араас нь шээх гээд гарсан чинь Буянбаатар, Баярбат хоёр хоорондоо муудалцаад дээр доороо ороод цустайгаа холилдоод зодолдож байсан. Тэгээд би Буянбаатарыг салгаад гэрт нь оруулаад буцаад гараад ирсэн чинь Баярбат байхгүй болсон байсан. Тэгээд би гэртээ хариад амарсан гэжээ. /хх-ийн 15 тал/
-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 297 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21 тал/
- 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7/39 тоот Дорноговь аймаг Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын мэдэгдэл /хх-ийн 37 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч Ч Б.Буянбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймаг Эрдэнэ сум 5 дугаар баг Өлзийт 4-8 тоотод хохирогч Т.Баярбаттай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан улмаар толгойн тус газар нь тоосгоор цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Буянбаатар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэвч шүүгдэгч Б.Буянбаатар хохирогч Т.Баярбат нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т “Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Буянбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цогдэлгэр овогт Бадмаажингийн Буянбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Б.Буянбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Буянбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Буянбаатарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Б.Буянбаатар, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ