Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1571

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Алтаннарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00231 дүгээр шийдвэртэй, Б.Алтаннарангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Даваадарьд холбогдох,

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Алтаннаран,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Даваадарьтай 2011-2016 онд хамтран амьдарч, бидний дундаас 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Д.Анударь, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Д.Өсөх-Ирээдүй нар төрсөн боловч бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Хоёр хүүхэд төрсөн цагаасаа эх миний асрамжинд амьдарч байна. Т.Даваадарь нь тусдаа амьдардаг болсноос хойш хүүхдүүдээ асарч тэтгээгүй, нэг ч зүйл авч өгч байгаагүй, шаардлагатай үед ярихад боломж бололцоо байхгүй гэдэг, төрсөн эцэг нь атлаа үр хүүхдүүдээ харж хандахгүй байгаа нь хүний мөсгүй хэрэг юм.

Мөн нэг хүүхдээ авах санал гаргасныг зөвшөөрөхгүй, хүүхдээ өсгөж чадахгүй, 2016 оны 08 дугаар сараас өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Багануурт хувиараа бар кароке ажиллуулдаг. Хоёр хүүхэд маань хэтэрхий жаахан учир хүүхдээ өсгөх боломжгүй. Иймд Т.Даваадариар охин Д.Анударь, хүү Д.Өсөх-Ирээдүй нарыг тэжээн тэтгүүлж, тэтгэлэг төлүүлж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэг хүүхдээ өөрөө авмаар байна, аль нь ч байсан миний хүүхэд учраас хамаагүй. Нөгөө нэг хүүхэддээ тэтгэлэг төлнө, хүүхдээ аваад тэжээн тэтгэж өсгөж чадна. Би өөр хүнтэй хамт амьдарч байгаа ч цаашид суух, суухгүйгээ сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэгч бид хоёр хамт амьдрах хугацаандаа их маргалддаг байснаас болж тусдаа амьдарсан. Би 2016 оны 07 дугаар сард буцаж нийлж үзсэн, удалгүй 08 дугаар сард тусдаа амьдарцгаасан гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Д.Анударь, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Д.Өсөх-Ирээдүй нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Т.Даваадариас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэх,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Т.Даваадариас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Алтаннаранд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62.466 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Даваадариас улсын тэмдэгтийн хураамж 62.466 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Алтаннаранд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Би нэг хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа талаар санал хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн байхад шүүх анхаарч үзэлгүй асуудлыг шийдвэрлэсэн. Хүүхдүүд маань өдийг хүртэл ганц эхийнхээ асрамжид өсөөгүй. 2016 оны 08 дугаар сарыг хүртэл эх болон эцэг надтай хамт амьдарч байсан. Мөн нэхэмжлэгчээс тусдаа амьдрах болсноос хойш намайг хүүхдүүдээ харж анхаардаггүй байсан гэдэг нь үндэслэлгүй. Би хүүхдүүддээ хувцас ав гэж адуу өгөхөд Б.Алтаннаран зарж мөнгө болголгүй өөрийн аав ээжид өгч, хүүхдүүдэд зарцуулаагүй байсан. Боломжоороо үе үе хүүхдүүддээ мөнгө өгдөг байсан. Б.Алтаннаран 2017 оны 02 дугаар сарын үед намайг хүүхдүүдээ ав гээд байсан.

Тэрээр аавтайгаа муудалцаад аавдаа зодуулаад өөрөө ажил хийнэ, намайг хүүхдүүдээ авч асар гэсний дагуу хүүхдүүдээ авах гэж очтол надад өгөөгүй. Шүүх шийдвэртээ намайг хүүхдийн асрамжийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэсэн байна. Шүүхээс сөрөг нэхэмжлэл гэж ямар утгатай, юу байдаг талаар ойлгуулаагүй, хэзээ гаргаж болохыг хэлж өгөөгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний эрхийг зөрчиж, санал хүсэлтийг харгалзалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Алтаннаран нь хариуцагч Т.Даваадарьд холбогдуулан охин Д.Анударь, хүү Д.Өсөх-Ирээдүй нарт тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Т.Даваадарь, Б.Алтаннаран нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч 2011-2016 он хүртэл хугацаанд хамтран амьдарч, 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдөр охин Д.Анударь, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Д.Өсөх-Ирээдүй нарыг төрүүлсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй, улмаар хүүхдүүд эх Б.Алтаннарангийн хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, охин Д.Анударь, хүү Д.Өсөх-Ирээдүй нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Т.Даваадариас сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн байна.

Хэргийн баримтаас үзвэл шүүх хариуцагчид 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрх, үүргийн талаар тайлбарлан, баримтад гарын үсэг зуруулсан байх тул түүнд сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг тайлбарлаагүй, үүнтэй холбоотойгоор хоёр хүүхдийн нэгийг өөрийн асрамжид үлдээх талаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.Алтаннарангийн асрамжид хүүхдүүд байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай бөгөөд шүүх хариуцагчаас тэтгэлэг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хариуцагч Т.Даваадарь нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар охин Д.Анударь, хүү Д.Өсөх-Ирээдүй нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00231 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 433 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА