Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/47

 

 

     2018          07             24                                               2018/ДШМ/47                               

 

                       Т.М-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгч: Т.М,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/149 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.Мд холбогдох, эрүүгийн 1819000740061 дугаартай, 1 хавтас, 97 хуудас бүхий хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг ............тоотод оршин суух, 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн шүүхийн 71 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хугацааны өмнө суллагдсан, 2001 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2001 оны 10 дугаар сарын 01-нд хугацаа дуусч суллагдаж байсан, Бооной овогт Т-ыэ М /РД: ЕЮ80032312/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Т.М 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар баг Улаан шороот гэх газарт оршин суух Ш.Энхжаргалын туслах малчнаар ажиллаж байхдаа 10 ямаа 1 хонийг нь завшиж, 680 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн 1819000740061 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,  

 хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням бичсэн эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ө.Мөнхнавч тайлбар, дүгнэлтдээ: Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж шүүх хуралдаанаас 2018/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”-ыг зөрчсөн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц”-ийн талаар хуульчлагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хуульд заасан шаардлагууд хангагдаагүй байна.

Тухайлбал: Шүүгчийн захирамжийн “Удиртгал” хэсэгт шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байхад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн гэж тэмдэглэсэн, захирамжийн “Тодорхойлох" хэсэгт шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Энхжаргалын малнаас 10 ямаа, 1 хонь авсан нь үнэн ажил хийж байгаад төлбөрийг төлнө гэв гэж тусгасан атлаа шүүгчийн захирамжийн “Үндэслэх" нь хэсэгт ...Т.Мын хохирогчтой уулзаагүй, хохирлын талаар эвлэрсэн зүйлгүй...” гэсэн мэдүүлгийг шинжлэн судалж дүгнэлт хийсэн.

Мөн шүүгчийн захирамжийн “Үндэслэх” хэсэгт “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд ...” гэж байхгүй хуулийн нэр бичсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллагдагчийн “Мэдээлэл авах” эрхийн талаар хуульчлагдсан байхад “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлын нөхөн төлүүлэх зорилгоор...заажээ” гэж тусгасан нь хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу бичиж тэмдэглэсэн байна.

Шүүгчийн захирамжийн “Захирамжлах” нь хэсгийг авч үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон атлаа мөн хэсгийнхээ 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах заалтыг тусгаж шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, 4 дэх хэсэгт “шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 17 дугаар бүлэг буюу “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа"-нд ...Гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй гэж хуульчлагдсан байхад Гучин гуравдугаар бүлэг буюу “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа”-г хольж баримтлан шийдвэрлэсэн гэж дүгнэгдэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” хэргийг прокурорт буцаахаар хуульчлагдсан, гэтэл шүүгчийн захирамжийн “Захирамжлах” хэсгийн 1 дэх хэсэгт ...хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцаасугай гэж шүүх хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх журамд хамаарагдахгүй үндэслэлийг тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж 3 хэсгээс бүрдэхээр хуульчлагдсан байхад шүүгчийн захирамж нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, захирамжлах гэсэн 4 хэсэгтэй гарсан зэргээр шүүгчийн шийдвэр хуульд заасан шаардлагуудыг хангаагүй байна.

Шүүгдэгч Т.Мд холбогдох хэрэгт хохирогч Ш.Энхжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 680.000 төгрөг, иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардалд 420.000 төгрөг нийт 1.100.000 төгрөгийг шүүгдэгч Т.Маас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага тавьдаг бөгөөд шүүгдэгч Т.М нь хохирогч Ш.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болох 1.100.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж барагдуулахаа илэрхийлж зөвшөөрсөн, хохирогчийн тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн, маргасан зүйлгүй байна.

Шүүгдэгч Т.М нь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сайхандулаан сумын 3 дугаар баг Улаан шороот гэх газарт оршин суух хохирогч Ш.Энхжаргалын туслах малчнаар ажиллаж байхдаа 10 ямаа, 1 хонийг нь завшсаны улмаас 680.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан тул хэргийн зүйлчлэл, Т.Мд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг Т.Мд танилцуулж, зөвшөөрсөн тул Т.М гарын үсгээ зурж улмаар зөвшөөрч байна гэж санал дээр тэмдэглэсэн байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/149 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч Т.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбар байхгүй гэв.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

            Прокуророос яллагдагч Т.Мыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”  буюу хохирогч Ш.Энхжаргалын туслах малчнаар ажиллаж байхдаа түүний 10 ямаа 1 хонийг завшсан үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг” хавсаргаагүй нөхцөл байдлыг прокуророос хяналгүй орхигдуулжээ.

            Гэсэн хэдий ч анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан үндэслэл буюу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэхийг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь  учир дутагдалтай байх ба  хохирогч Ш.Энхжаргал гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1100000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Т.М төлөхийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч, шүүгдэгч нар хохирлын  хэмжээний талаар маргаагүй, шүүгдэгчийг зүгээс хохирлыг төлөхөөс татгалзаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байгааг шүүх анхаараагүй байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч, хохирогч нар хохирол төлбөрийн талаар маргаагүй байгааг анхааралгүй зөвхөн хохирлыг хэзээ, хэрхэн яаж төлөх талаар тохиролцсон гэх нөхцөл тогтоогдоогүй гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан үндэслэлд хамааруулж, мөн хуулийн 6 дахь хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь буруу гэж үзнэ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.

Тиймээс анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бусад 17.4 дүгээр зүйлийн 4.5-аас бусад нөхцөл байдлыг үндэслэн хохирогч, шүүгдэгч нарыг шүүх хуралдаанд оролцуулан хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжийг магадлаж, шалгасны эцэст шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай эсэх, гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх ач холбогдолтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэх юм. 

Мөн прокурорын эсэргүүцэлд дурдсан “...шүүгчийн захирамжийн удиртгал, үндэслэх” хэсэгт хуулийг буруу бичсэн гэсэн нь үндэслэлтэй болохыг анхан шатны шүүх цаашид анхаарвал зохихыг магадлалд тэмдэглэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг ханган “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,  39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2018/ШЗ/149 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                         ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                               Н.БОЛОРМАА