| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2019/0408/З |
| Дугаар | 522 |
| Огноо | 2019-08-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 522
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар О.Нгийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захиргаанд холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Номгон овгийн О.Н,
Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захиргаа
Нэхэмжлэлийн шаардлага: “Миний хүү М.Эийг элсэлтэд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүү М.Эийг харъяаллын дагуу 84 дүгээр сургуульд бүртгэн элсүүлэхийг даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.З, Ц.Н, гэрч Д.А, Г.О, Г.Зшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Н миний бие нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо ******* тоот байрыг 2015 оны 01 дүгээр сараас түрээсэлж нөхөр 2 хүүгийн хамт амьдарч байгаа юм. Нөхөр бид хоёрын хувьд худалдан авсан өөрийн өмчлөлийн орон сууц байхгүй учраас арга буюу 2 хүүгийн хамт түрээсийн байранд амьдардаг юм. Ингээд байр түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр уг хаяг дээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор 2 хүүгийн хамт шилжиж ирсэн.
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлд хүү М.Эийг бүртгүүлэхээр харьяаллын дагуу 84 дүгээр сургууль дээр очиход сургуулийн зүгээс манайд бүртгэх боломжгүй гэдэг хариу өгсөн. Улмаар энэ шийдвэрийг эсэргүүцэж 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дээд шатны байгууллага болох Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст гомдол гаргахад 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ******* дугаараас надруу залгаж гомдлын хариуг мэдэгдэж байна гээд “...тухайн хүүхдийг элсүүлэх эсэх шийдвэрийг манайхаас гаргах боломжгүй байдаг. Энэ шийдвэрийг сургуулийн элсэлтийн комисс дангаар шийдвэрлэдэг учир яМай ч бид таны гомдлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлээд сургуулийн зүгээс элсүүлэх боломжгүй гэдэг хариу ирснийг мэдэгдэж байна. Яагаад элсүүлэх боломжгүй тухай тайлбарыг сургууль дээр очоод аваарай” гэсэн хариуг өгсөн.
Ингээд тэрхүү тайлбарыг сургалтын менежер Ц.Н гэх хүн гаргаж өгсөн ба уг тайлбартаа:
1. 2015 онд байгуулсан орон сууцны иж бүрэн даатгалын гэрээ нь 1 жилийн хугацаатай, хугацаа сунгаагүй байна,
2. түрээсийн гэрээ байхгүй
3.2015 оноос түрээслэн амьдарсан бол хаягийн хөдөлгөөнөө хийлгэх иргэний үүрэг биелүүлээгүй.
4.2019 оны 02 дугаар сарын 22-нд манай харьяалалд ирсэн нь хүн амын тооноос хойш ирсэн тул статистик мэдээ, хорооны судалгаанд ороогүй гэх тайлбар хийхийн дээр “....Миний шилжилт хөдөлгөөн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэнээс шалтгаалаад, мөн түрээсийн байранд амьдардаг, эсвэл байр худалдаж авч чадахгүй байгаа энэ нөхцөл байдлаас болоод миний хүүхэд харьяаллаараа сургуульдаа орж чадахгүй юм байна. Одоо би хүүхдээ хаана сургуульд оруулах вэ? Хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөх гээд байна шүү дээ. эсвэл би нэг жил хүлээхийн тулд хүүхдээ нэг жил өнжөөх эсвэл сургуулиас нь нэг жил завсардуулах асуудал үүсэх гээд байна...” гэхэд хуучин шилжиж ирсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны харьяалах сургуульд нь оруул гэсэн. Миний зүгээс энэ хаяг дээр 5 дахь жилдээ амьдарч байна. Энэ оны 2 дугаар сард уг хаягтаа албан ёсоор шилжээд ирчихсэн байхад яагаад 21 дүгээр хорооны сургуульд өгнө гэж вэ. Би бөхийн өргөөнөөс дарь эхийн сургууль руу автобусаар 2-3 дамжиж хүүхдээ зөөх боломж надад байхгүй. Би харьяаллаар нь хүүхдээ өгмөөр байна. Энэ хаягтаа 5 жил амьдарч байна түрээслүүлэгчийн зүгээс 2019 оны 02 сард зөвшөөрөл өгсөн учир хаягийн бүртгэлээ 2 сард бүртгүүлж таарсан юм...” гээд... 2015 оноос 2019 он хүртэлх түрээс төлсөн баримтаа эх хувиар нь, хорооны Засаг даргын тодорхойлолт, уг хаяг дээрээ 2015 оноос хойш одоог хүртэл миний нэр дээр юнивишиний үйлчилгээ авч байгаа тодорхойлолт, хүүгийн эрүүл мэндийн үйлчилгээг 18 дугаар хорооны өрхийн эмнэлгээс байнга авдаг тухай тодорхойлолт, нөхөр бид хоёрын үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суугчиддаа 2014 оны ажлаа тайлагнаж санал авсан уг байрны СӨХ-ийн тайлан зэргийг гарган өгч 2015 оноос хойш амьдарч байгаагаа нотлох бүхий л боломжит баримтыг гаргаж өгсөөр байтал элсүүлэх боломжгүй аавынх нь хаягаар өг гээд үл тоосон. Манай нөхрийн хаяг Хан-Уул дүүргийн нисэх төдийгүй айлын хаяг дээр бүртгэлтэй явдаг учир нөхрийн хаягаар хүүхдээ сургуульд элсүүлэх боломжгүй юм. Миний хувьд:
1. 2015 онд байгуулсан орон сууцны иж бүрэн даатгалын гэрээ нь 1 жилийн хугацаатай, хугацаа сунгаагүй байна гэх... Миний 2015 онд Улаанбаатар хотын даатгалтай хийсэн орон сууцны иж бүрэн даатгал нь албан журмын даатгал биш учраас уг даатгалыг цаашид сонгох, эс сонгох, сунгах, сунгахгүй асуудал нь миний хүсэл зориг, сонголтын асуудал тул тухайн даатгалыг сунгаагүйг үндэслэн сургуулийн зүгээс миний хүүг элсүүлэхгүй байх нэг шалтгаан гэж үзсэнийг хууль зүйн үндэслэлгүй миний хүүхдийг элсүүлэхгүй байх ноцтой шалтгаан биш гэж үзэж байна.
2. түрээсийн гэрээ байхгүй гэх... 2015 онд гэрээг бичгээр хийгээгүй боловч хоёр тал харилцан тохиролцоог амаар хийж уг байрыг түрээслэн амьдарч байгаа билээ. Түрээслэн амьдарч байгаагаа нотлох гэж 2015 оноос одоог хүртэл өөрийн нэрээр түрээсийн төлбөрөө шилжүүлсэн өөрт байсан бүх баримтаа эх хувиар нь гаргаж өгсөөр байтал түрээсийн гэрээ шаардаж байгаа нь үндэслэлгүй шаардлага гэж үзэж байна. Учир нь тухайн үедээ буюу 2015 онд хийгдээгүй түрээсийн гэрээг нөхөн хийх нь хууль бус үйлдэл төдийгүй нөхөн хийх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй тул миний зүгээс болоод түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн гэрээг нөхөн гаргаж өгөх боломжгүй юм.
3. 2015 оноос түрээслэн амьдарсан бол хаягийн хөдөлгөөнөө хийлгэх иргэний үүргээ биелүүлээгүй гэх... Урьд нь би 18 дугаар хороон дээр очиж уг хаяг дээр түрээсээр амьдардаг юм гэдгээ хэлээд шилжиж ирэх боломжтой эсэхээ хорооны улсын бүртгэлээс асуухад түрээсээр амьдарч байгаа иргэний хувьд түрээслүүлэгч нь өөрийн биеэр хамт ирж зөвшөөрсний үндсэн дээр эсвэл чамайг энэ хаягт шилжин ирж болох тухай зөвшөөрлийг бичгээр гаргах ба байрны ордер эх хувь, байхгүй бол хуулбар, хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн цахим үнэмлэх зэрэг материалыг бүрдүүлж ирэх хэрэгтэй гэсэн. Ингээд тухайн үед байр түрээслүүлэгчийн зүгээс шилжиж ирж болно гэсэн зөвшөөрөл олгогдоогүй байсан учир хаягийн шилжилт хийлгэж чадахгүй явсаар 2019 оны 02 сард түрээслүүлэгчийн зүгээс уг байрандаа цаашид үргэлжлүүлэн тодорхойгүй хугацаагаар амьдрах нөхцөл байдлыг үндэслэн намайг хаяг дээрээ 2 хүүхдийн хамт шилжиж ирж болох тухай хүсэлтийг түрээслүүлэгч Х.О*******ын зүгээс 18 дугаар хороонд хүргүүлснээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 хороо ******* тоотод албан ёсоор шилжин ирж иргэний бүртгэл мэдээллийн санд хаяг баталгаажсан юм. Тэгэхээр хаягийн шилжилт хийгдэх асуудал нь ганц миний өөрийн бус түрээслүүлэгчийн хүсэл зоригоос шууд хамааралтай асуудал байсан учир сургуулийн зүгээс шаардаад байгаа хэрэв та байр түрээслэгч бол тэрхүү түрээслэн амьдарч байгаа хаягтаа заавал шилжилт хөдөлгөөн хийлгэж байх үүрэгтэй гэх асуудалд эрх зүйн зохицуулалт байгаа эсэхэд эргэлзэж байна. Тиймээс шилжилт хөдөлгөөн хийлгэх иргэний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл нь хуульд үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
4.2019 оны 02 дугаар сарын 22-нд манай харьяанд ирсэн нь статистик мэдээ болон 18 дугаар хорооны судалгаанд ороогүй гэх ба одоо та хүүхдээ хуучин шилжиж ирсэн 21 дүгээр хорооныхоо харьяа сургуульд бүртгүүл гэх... Уг 84 дүгээр сургуульд хүргүүлсэн статистик мэдээ болон хорооны судалгаанд яагаад манай хүүхдийн нэр ороогүй, алдаа гарсан эсэхийг мэдэхээр уг судалгааг явуулсан 18 дугаар хорооны нийгмийн ажилтантай очиж уулзахад “... уг статистик мэдээ нь зөвхөн 2018 оны байдлаар сургуульд орох 6 настай бүх хүүхэд болон 2018 онд шилжиж ирсэн хүүхдийн тоог нэгтгээд оны эцсийн байдлаар гаргадаг судалгаа учраас танай хүүхдийн нэр ороогүй байх нь зөв. Яагаад гэхээр 2019 онд шилжиж ирсэн бүх хүүхдийн нэрс ороогүй. Та хүүхдийн хамт 2019 оны 02 сарын 22-ны өдөр шилжиж ирсэн учраас 2019 оны статистик мэдээнд танай хүүхдийн нэр орж таарна гэсэн. Манай хорооноос явуулсан судалгаа ч мөн адил зөвхөн 2018 оны байдлаар бүртгэгдсэн хүүхдийн тоог явуулсан учраас танай хүүхдийн нэр ороогүй юм. Хорооны зүгээс 84 сургуулиас 2019 он гарсны дараа шилжиж ирсэн хүүхдийн бүртгэл яаж явагдах юм бэ гэхэд сургууль өөрөө бичиг баримтыг нь нягтлаад бүртгэх бүртгэхгүй асуудлаа шийдээд явна гэсэн хариу тайлбар хийсэн...” гэж нийгмийн ажилтан хэлж өгсөн. Ийм байхад сургууль манай хүүхдийг 2019 онд шилжиж ирснийг мэдсээр байж 2018 оны жилийн эцсийн байдлаар гаргасан хүүхдийн статистик мэдээ болон 2018 оны байдлаар бүртгэгдсэн хорооны судалгаанд үндэслэн танай хүүхдийн нэр ороогүй байна гэх огтоос миний хүүхдийн нэр орох боломжгүй судалгааг үндэслэж байгаа нь эх сурвалжийн хувьд миний хүүг элсүүлэх эсэх шийдвэрт ач холбогдолгүй, хамааралгүй баримт байх ба миний хүүг элсүүлэхгүй байх сонирхолтой хууль бус үйлдлийг илт гаргаж байна гэж үзэж байна.
Улмаар 84 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Н нь "... танай хүүхдийг бүртгэх боломжгүй хуучин шилжиж ирэхээсээ өмнө бүртгэлтэй байсан хорооныхоо харьяаллаар хүүхдээ сургуульд өг...” гэсний дагуу боломж байгаа эсзх талаар БЗД-ийн 21 дүгээр хороо Дарь-Эхэд байрлах 127 дугаар сургуулийн бага анги хариуцсан сургалтын менежертэй ******* дугаараар холбогдож асуухад "... та нэгэнт шилжээд явчихсан, манай харьяалал биш болсон учир хуучин хаяг дээрээ буцаж шилжиж ирэх эсвэл 21 дүгээр хороонд байнга оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолтыг Засаг даргаас ирүүлсний үндсэн дээр хүүхдийг элсүүлэх боломжтой...” гэсэн хариу өгсөн.
Манай гэр бүлийн хувьд 2015 оноос хойш БЗД-ийн 18 хороо ******* тоотод байнга оршин сууж байсан ба цаашид ч амьдрах учраас БЗД-ийн 21 дүгээр хороонд байнга оршин суудаг гэсэн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй ба 21 дүгээр хороо буюу Дарь-Эхэд очоод амьдрах хашаа хороо байхгүй, шилжилт хөдөлгөөнийг дахин хийлгэж шилжин суурьших ямар ч боломжгүй. Энэхүү нөхцөл байдлаас болоод миний хүүг харьяалах сургууль нь бүртгэн элсүүлэхгүй байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрх нь хөндөгдөхөд хүрээд байна.
Иймд миний хүү М.Эийг 84 дүгээр сургуульд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож хүү М.Эийг харьяаллын дагуу 84 дүгээр сургуульд эслүүлхийг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай хүүхэд сургуульд орох насанд хүрсэн. Манайх 84 дүгээр сургуулийн хажууд байрлах 12 дугаар байранд 2015 оноос хойш амьдарч байгаа. Тиймээс 84 дүгээр сургуульд хүүхдээ бүртгүүлэхээр 2019 оны 5 дугаар сард хандахад манай хүүхдийг бүртгэхээс татгалзсан. Анх манай эхнэр О.Нг очиход шалгалтын комисс гэж 2-3 хүн байсан. 2015 оноос хойш амьдарч байсан байдал чинь нотлогдохгүй байна гэсэн. Дараа нь бид өөрсдийн хэмжээнд гаргаж өгөх боломжтой бүх баримтаа цуглуулаад очсон боловч мөн бүртгээгүй. Тиймээс дээд шатны байгууллага болох Баянзүрх дүүргийн Боловсролын газарт хүсэлт гаргасан. Тэгээд нэг хоногийн дараа хариу өгөхдөө бүртгэх боломжгүй гэсэн. Тиймээс захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны хэргийн шүүхэд шийдвэрлэгдэж байгаа энэ маргаан нь хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой маргаан. Сургуулийг буруутгах бас хэцүү байна. Үнэхээр тийм хууль бус зүйлүүд байдаг байх. Гэхдээ түүнийг нь шалгадаг газар байгаа тул шаардлага тавьдаг байх. Гэхдээ тавьж байгаа шаардлага нь арай л хуульд нийцэхгүй шаардлагууд байна гэж үзэж байна. Тухайлбал хорооны тодорхойлолтыг үндэслэхгүй. Хууль бус зүйл болдог гэж байна. Ийм баримтууд шаардлагатай гэж байгаа нь амьдралд нийцэх эсэх. Мөн хуульд нийцэх эсэх асуудал байна. Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэх мэт холбоотой байж болох бүх хуулийг судалж үзсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын ярьж байгаа шиг шилжилт хөдөлгөөнөө заавал бүртгүүлсэн байх үүрэг байхгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчин явах, амьдран суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй болохоос заавал бүртгүүлэх үүрэггүй байна. Үүнээс үзэхэд хариуцагч 84 дүгээр сургуулийн захирал Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 6 настай хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцах ёстой. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Дунд нь өөрөө журам батлаад хуулиас давсан шаардлага тавьж байна. Энэ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хамран сургах тойрогт ирж бүртгүүлсэн байх ёстой гэж байна. Энэ хаягт амьдарсан гэдгийг юугаар нотлох вэ гэхээр Нийслэлийн Боловсролын газраас гаргасан журамд зааснаар 1 жил оршин суусан байх ёстой. Гэтэл энэ журмаас мөн давсан байна. Мөн хорооны тодорхойлолтыг үндэслэдэггүй гэж байна. Гэтэл хорооноос ирсэн судалгааг үндэслэж авах хүүхдийнхээ тоог тогтоодог гэдэг. Түүнчлэн анги нэмж гаргах боломжгүй, хүүхдийн тоо гүйцсэн, түрээслэгчийг бүртгэх боломжгүй гэх зэрэг хуульд нийцэхгүй шаардлага тавьж эс үйлдэхүй гаргасан байна гэдгийг өөрийнх нь тайлбар нотолж байна гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч уг хаягтаа 1 жилээс дээш хугацаанд амьдарсан гэдэг нь тогтоогдож байна. Журамд заасан бүртгүүлэхэд шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн гэж үзэж байна. Хууль журмын дагуу шалгах ёстой байх гэхдээ дараа нь шалгалт ирдэг тул ийм баримт шаардаж байна гэж өөрийгөө хамгаалж байна гэж үзэж байна. Хариуцагч 84 дүгээр сургууль Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйл, 20 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Нгийн хүүхэд М.Эийг сургуульд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хуульд нийцэхгүй байна. Иймд хууль журмын дагуу бүртгэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх урьдчилсан нөхцөл нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх журам байна. Урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэсэн гэж үзвэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой. Урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа нь процессын хувьд хууль зөрчиж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр ерөнхий боловсролын сургуулийн дээд шатны байгууллага нь Нийслэлийн Боловсролын газар байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг судлахад Нийслэлийн Боловсролын газарт хандсан үйл баримт байхгүй байна. Иймд урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна. Тиймээс захиргааны хэрэг үүсгэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
84 дүгээр сургуулийн захирал С.Мын элсэн суралцуулах журам үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ албан ёсны нэхэмжлэлийн шаардлага гаргаж хүчингүй болгуулахаар маргаагүй. Үнэхээр энэ журам, тушаал хүчингүй, хууль бус байна гэж үзэж байгаа бол бие даасан шаардлага, нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх байсан. Тиймээс тушаалд заасан 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө шилжилт хөдөлгөөн хийсэн байх ёстой гэсэн заалт үндэслэлгүй гэдэг тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Тиймээс энэ тушаалтай маргахгүй байна гэж үзэж байна. Хэрвээ маргаж байгаа бол уг тушаал нь хууль бус байна гэж нэхэмжлэл гаргаж маргах ёстой. Элсэн суралцуулах журмыг боловсруулахдаа Нийслэлийн Боловсролын газрын даргын А/45 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын бүтэц зохион байгуулалт гэдэг дээр элсэлт зохион байгуулах эрх үүргийг ерөнхий боловсролын сургуулиудын захиралд олгосон байна. Сургуулийн ажлын хэсгийг захирлын тушаалаар батална гэж заасан байна. Энэ журамд зааснаар 84 дүгээр сургуулийн захирал элсэлттэй холбоотой тушаалыг гаргаж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн байхыг заасан байна. Тиймээс энэ асуудал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Нэгэнт энэ тушаал хууль бус гэдэгтэй маргахгүй байгаа тул уг тушаалыг баримтлах нь хуульд нийцэж байна.
Хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэсэнгүй, хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна гэж тайлбарлаж байна. Хорооны Засаг даргаас амьдран суудаг нь үнэн гэдэг тодорхойлолт ирсэн нь энэ хүнийг бусад үйл баримтыг шалгахгүйгээр шууд амьдарч байгаа гэж үзнэ гэж ойлгоно гэсэн ойлголт байхгүй. Хорооны Засаг даргын тодорхойлолт амьдрал дээр үнэн худал янз бүр байна. худал тодорхойлолт ирдэг учраас хорооны тодорхойлолтод шууд итгэхгүйгээр, шууд 100 хувь үнэлэхгүйгээр өөр бусад баримтаар нотолж байгаа байдлыг нь давхар шалгах ёстой гэдэг зарчим баримталж байгаа. Олон түрээслэгч нар ийм байдлаар хандаад боломжгүй гэх хариу авсан байгаа. Магадгүй бүртгэхээр даалгасан шийдвэр гарвал 84 дүгээр сургууль бүртгэхгүй байна гэж нэхэмжлэл гаргаж захиргааны хэргийн шүүх ачааллаа дийлэхээ байх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Түрээслэгч О.Н шүүхээр явж байгаа хүүхдээ бүртгүүлсэн байна гэдэг асуудал гарвал яах вэ гэдэг асуудал байна. Тиймээс хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь судалж хэрэгт ач холбогдолтой талаас нь шийдвэрлэж өгнө үү. Хүүхдээ сурч боловсруулах гэж явж байгааг нь буруутгаж үзэхгүй байна. Гэхдээ нэмэлт элсэлтээр хандахдаа үнэхээр тэр баримтуудаа 100 хувь бүрдүүлээд оч гэж хэлсэн. Мөн хүүхдээ сургах гэж байж шүүхэд хандсан гэдэг байдлаар сургуулийн захиргаанд битгий дээрэнгүй ханд. Учир байдлаа тайлбарлаад учирлаж хэлээд ор гэж хэлсэн. Гэтэл 2 дахь удаагаа үл ойшоосон байдал гаргаж, шүүхэд хандсан бүртгэвэл бүртгэ 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө хариу өг гэх мэтээр хандсан юм шиг байна. Тиймээс тал бүрээс нь харгалзаж үзнэ үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орон сууцны даатгалын гэрээнд иргэн О.Нгийн нэр бичигдээгүй байсан. Тухайн гэрээ нь 2015 онд хийсэн гэрээ байсан. Уг гэрээний хугацаа нь жилийн хугацаатай байгуулагдсан байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл уг гэрээг сунгасан бол тэр талаар тэмдэглэгээ байх ёстой. Гэтэл тийм зүйл байгаагүй. Мөн түрээсийн мөнгө төлсөн гэж 2015 оны 11 сард 650000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сард 6500000 төгрөг, 2017 оны 10 дугаар сард 600000 төгрөг, 2018 оны 10 дугаар сард 120 000 000 төгрөг төлсөн гэх 4 ширхэг хавсаргасан байсан. Тухайн үед 18 дугаар хорооны 12 дугаар байрны******* тоот нь О******* гэх хүний эзэмшлийн байр гэдгийг батлах бичиг баримт буюу гэрчилгээ байгаагүй. О******* гэх хүний дансанд мөнгө шилжүүлсэн гэдгийг бид мэдэх боломжгүй байсан. Мөн Х******* гэх СӨХ-ийн хуралд суусан гэсэн бичиг хавсаргасан байсан боловч үүнд О.Нгийн нэр бичигдээгүй байсан. Мөн түр оршин суугчийн бүртгэлд зөвхөн О.Нгийн нэр байсан. Нөхөр 2 хүүхдийнх нь нэр байгаагүй. Иймд бүртгэхгүй буцаасан. Юнивишнтэй гэрээтэй гэх тодорхойлолт ирсэн байсан. Түүнээс гэрээ байгаагүй. Хамгийн гол нь 2019 оны 02 дугаар сард шилжиж ирсэн гэсэн. Тухайн үед Улсын бүртгэлийн газраас ямар хаягт амьдарч байгаад одоо ямар хаягт шилжиж ирсэн талаар баримт байхгүй байсан. Нэхэмжлэгч нь хүний үг сонсохгүй юм л бол уурлаж байсан. Бид хүмүүст ийм ийм зүйл бүрдүүлээд ирвэл бүртгэх боломжтой гэж аль болох тайлбарлаж явуулдаг. Нэхэмжлэгч бол тайлбар сонсохгүй уурлаж бухимдаж байсан. Одоо манай сургууль дээр нэмэлт элсэлт явагдаж байгаа. Тиймээс бичиг баримтаа авч ирж өгөхдөө ч маш их бухимдалтай байсан. О.Нгийн хувьд маш бухимдалтай. Нөхөр М нь жаахан хүлээцтэй хандаж байсан. Тухайн үед бичиг баримт дутуу байсан тул буцаасан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмэлт элсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийхээр зарласан. Нэмэлт элсэлтээр хавар бүртгэгдээгүй материал дутуу хүмүүсийг бүртгэдэг. Манайх нийт 560 хүүхэд бүртгэхээс 90 хувийг нь бүртгэсэн. О.Нгийн хувьд өмнө өгсөн материалыг мэдэж байгаа тул шүүхэд өгсөн нэмэлт материалаа өг гэхэд бүх юм бүрдсэн шүүх шийдвэрлэнэ гэж эдгээр материалыг өгсөн. Үүнд шүүхэд нотлох баримтаар өгсөн О******* гэх хүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ. Энэ нь 5 хүний нэр дээр байдаг. О******* нь аман гэрээ хийсэн гэх бичиг хавсаргасан байсан. Өөр ямар нэг баримт өгөөгүй. Сая ирсэн хорооны тодорхойлолтод 2019 оны 2 дугаар сард шилжиж ирсэн гэсэн байна. Манайх иргэний мэдээлэл, хорооны судалгааг 2019 оны 5 дугаар сард авсан. Иргэний мэдээлэл бол 2019 оны 3 сараар харагдаж байгаа. Хорооны мэдээлэл болохоор 2019 оны 5 дугаар сарын судалгаагаар байгаа. 2019 оны 2 дугаар сард ирсэн гэдгийг өнөөдөр шүүх хуралдааны танхимт мэдлээ. Нэмэлт элсэлтэд ирэхэд нь өргөдлөө бичээд нэмэлт юу юу хавсаргахыг нь бичээд авчих. Би эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул Б.Зд өгчих гэхэд бухимдаж Гэрчийн мэдүүлэг, байрны гэрчилгээ, өрхийн эмнэлгийн шүүхэд хүргүүлсэн тодорхойлолт зэргийг хавсаргасан. Үүнээс үзэхэд өрхийн эмнэлгийн тодорхойлолтыг албан ёсны биш гэж үзэхээр байна. 0-10 насны хүүхдийн хамгийн энгийн анхны үйлчилгээ авах нэгж өрх, хороо байдаг. Өрх хороонд зүгээр очоод хүүхдээ вакцинд хамруулна. Тариа хийлгэнэ гээд хийлгэчихдэггүй. Хариуцлагатай байдаг тул түр гэрээ буюу хорооны бүртгэлтэй хүүхэд үйлчилгээ авдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар шилжиж ирсэн байж хорооны н.Чулуунцэцэг гэх хүн 2 насны дархлаажуулалт болон бүх зүйлд хамрагдсан гэж тодорхойлолт бичиг өгсөн байна. Үүнийг нотлох баримт гэж үзэхгүй байна. Мөн сая дурдсан нэмэлт материал дээр шүүгчээс гаргуулахаар хүссэн нэхэмжлэгч нар өөрсдөө байрны мөнгө төлөөд амьдарч байгаа тул цахилгаан, хэрэглээний мөнгөө төлж байгаа гэж байрны төлбөр төлдөг баримтыг гаргуулж шийдвэрлэе гэсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй баримт ирсэн. Дахин нэмэлт материалаа өгөхдөө нэмэлт материалаа дутуу өгсөн тул шийдвэрлээгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч О.Нгаас нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захиргаанд холбогдуулан гаргасан “Миний хүү М.Эийг элсэлтэд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүү М.Эийг харъяаллын дагуу 84 дүгээр сургуульд бүртгэн элсүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэн О.Нгаас өөрийн хүү М.Эийг тус сургуулийн 1 дүгээр ангид элсүүлэн суралцуулахаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд хандаж 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр гаргасан хүсэлтэд тус сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн комиссоос “тус сургуулийн хамран сургах тойрогт хамаарах хаягт байрлах хаягт 1 жилээс дээш хугацаагаар оршин суугаагүй” гэсэн үндэслэлээр хүү М.Эийг элсүүлж бүртгэх боломжгүй хариуг өгчээ.
Улмаар О.Н нь Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст гомдол гаргасан байх боловс тус хэлтсээс гомдлыг 84 дүгээр сургуульд шилжүүлсэн, сургуулиас өмнө өгсөн хариуг дахин бичгээр өгсөн байх тул нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан гэж үзнэ.
Иргэн О.Н нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны******* тоот хаягт 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжин ирж, түр оршин суугчаар бүртгүүлсэн болон уг хаягт байрлах орон сууцанд оршин суугч нь Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны А/44 дүгээр тушаалаар тогтоосон хамран сургах тойргийн дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуульд хүүхдээ элсүүлэн суралцуулах харъяалалтай тухайд хэргийн оролцогчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ “О.Н нь гэр бүлийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах иргэн Х.О*******ын орон сууцыг 2015 оноос хойш түрээслэн амьдарч байгаагаа нотлох баримтуудыг гаргаж хүсэлтдээ хавсаргасан байхад хүү М.Эийг тус сургуулийн 1 дүгээр ангид элсүүлэн бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэж тайлбарлан маргасан ба хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “О.Нгаас бүрдүүлэн ирүүлсэн материалаар түүнийг тус сургуулийн хамран сургах тойргийн орон сууцанд 1 жилээс дээш хугацаагаар оршин суусан болохыг нотлогдохгүй байсан тул хүүхдийг тус сургуульд элсүүлэн аваагүй нь хууль тогтоомжид нийцсэн” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ”, 20 дугаар зүйлийн 20.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж,...” гэж тус тус зааснаас үзвэл, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль нь “бүх нийтийн ерөнхий боловсрол”-ын зорилгыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий төрийн өмчийн ашгийн бус хуулийн этгээд болохынхоо хувьд хамран сургах тойрогт оршин сууж буй сургуулийн насны бүх хүүхдийг элсүүлэн суралцуулах үүрэгтэй байх ба ингэснээр тухайн хамран сургах тойрогт оршин сууж буй Монгол Улсын иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох үндсэн эрх хангагдах нөхцөлийг бий болохоор байна.
Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг “тухайн байрыг түрээслэх гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн хурууны хээгээр авсан лавлагаа, дансны хуулгыг авчирч үзүүлээгүй, тухайн байранд оршин сууж байхдаа ашиглалтын зардлыг төлсөн сар бүрийн баримтуудыг авчирч үзүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн хүүхдийг тус сургуульд элсүүлэн бүртгээгүй нь Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсын иргэн ... суралцах эрхтэй” гэж заасан 6 настай хүүхдийн суралцах эрхийг хязгаарласан, мөн хүүхдийг сургуульд бүрэн хамруулах талаарх хуулиар хүлээсэн үргээ хариуцагчаас хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байна.
Өөрөө хэлбэл, О.Нгаас өөрийн 6 настай хүүхдийг 84 дүгээр сургуульд элсүүлэн суралцуулах хүсэлт гаргахдаа тус сургуулийн хамран сургах тойрогт хамаарах хаягт шилжин ирсэн тухай лавлагаа, “Ю*******” ХХК-тай 2015 оны 07 дугаар сараас эхлэн дээрх хаягт ******* тоот гэрээ байгуулж ашиглаж байгаа тухай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “...2015 оноос байнга түрээслэн амьдарч байгаад 2019 оны 02 дугаар сарын 22-нд шилжин ирж, хаяг баталгаажсан” тухай тодорхойлолтуудыг хүсэлтдээ хавсаргасан байхад хариуцагч нь “2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тухайн хаягт шилжин ирсэн байх, хорооноос ирүүлсэн судалгаанд хүүхдийн нэр ороогүй...” зэрэг хуулиар тогтоогоогүй хязгаарлалтыг бий болгож нэхэмжлэгчийн хүү М.Эийг элсүүлэн бүртгээгүй нь буруу болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах иргэн Х.О*******ын орон сууцанд 2015 оноос хойш оршин сууж байгааг нотлож болох бусад баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргуулж сургуулийн элсэлтийн комисст хүргүүлээгүй нь байх боловч нэхэмжлэгч нь тус хаягт 2015 оноос оршин сууж байгаа болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан “О” өрхийн эрүүл мэндийн төвийн “Мийн Э ...2015 оны 1 сараас эхлэн өрхийн эмчийн хяналтанд үзүүлж, дархлаажуулалтанд хамрагдаж, аминдэм ууж, зөвлөгөө авч байгаа...” тухай тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны хүн амын өрхийн бүртгэлийн 2017 оны дэвтэрт нэхэмжлэгч О.Н нь гэр бүлийн хамт түр оршин суугчаар бүртгэгдсэн бичилт , гэрч Х.О*******ын “...2015 оны 1 сараас О.Н нь өөрийн болон нөхөр 2 хүүхдийн хамт түрээслэн амьдарч байгаа, ... түрээсийн төлбөрөө тогтмол дансаар төлдөг...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргаас “6 настай хүүхдийн судалгааг 2018 оны жилийн эцсийн байдлаар хүргүүлсэн. О.Н нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжин ирсэн” талаарх тодорхойлолтыг 84 дүгээр сургуулийн захиргаанд гаргаж өгсөөр байтал хариуцагчаас төрийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг манайх үнэлэхгүй гэж тайлбарлаж, хүүхдийг суралцах эрхээр хангахгүй байгаа нь хууль бус гэж үзэхээр байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “О.Нгийн ирүүлсэн баримтуудаар түүнийг тухайн хаягт оршин сууж байгаа нь хангалттай ногдогдоогүй тул дахин баримт авчрахыг шаардсан” гэх боловч яг ямар баримтуудыг нэмж авчрахыг шаардсан нь тодорхойгүй, энэ нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдохгүй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нгээс шүүх хуралдааны явцад “О.Н нь тухайн хаягт оршин сууж байгаагаа нотлохын тулд орон сууцны өмчлөгчийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хурууны хээгээр авсан цахим лавлагаа, өмчлөгч Х.О*******ын дансны хуулга зэрэг баримтыг авчирвал хүүхдийг нь бүртгэж авна” хэмээн тайлбарлаж байх боловч эдгээр нь нэхэмжлэгчийг тухайн хаягт оршин сууж байгааг нотлоход хамааралгүй, оршин сууж буй байрны хэрэглээний зардлыг хэн ч төлөх боломжтой тул хэрэглээний зардал төлсөн баримт нь тухайн хаягт оршин сууж байгааг шууд нотлох баримт болохооргүй байх тул уг баримтуудыг хадгалаагүйд нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “О.Н нь хамран сургах тойрогт хамаарах хаягт оршин мууж байгааг нотлох баримтыг шаардсаны дагуу ирүүлээгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч О.Нгийн нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захиргаанд холбогдуулан гаргасан “Миний хүү М.Эийг элсэлтэд бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүү М.Эийг харъяаллын дагуу 84 дүгээр сургуульд бүртгэн элсүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч нь зан харилцааны хувьд хүний хэлснийг хүлээж авахааргүй харилцаатай байсан ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр сургуулийн хүүхдийг бүртгэхгүй байгаа асуудлаар захиргааны хэргийн шүүхэд олон тооны нэхэмжлэл гаргах нөхцөл бүрдэнэ” гэж тайлбарлан маргаж байх боловч эцэг эх болон багшийн хоорондын таарамжгүй харьцаа нь хүүхдийн суралцах эрхийг хязгаарлах, улмаар төрийн албан хаагчаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс татгалзах үндэслэл болохгүйг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 20 дугаар зүйлийн 20.2.8- заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Мийн Эийг сургуулийн элсэлтэд бүртгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Мийн Эийг тус сургуульд бүртгэн элсүүлэхийг нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн захиралд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ