Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1572

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Пүрэврагчаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/1149 дүгээр шийдвэртэй, Ж.Пүрэврагчаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан хууль бус ажиллагаа болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цаг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй,

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээд Ш.Алтантуулын бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Пүрэврагчаа,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Алтантуулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 тоот шийдвэрээр Ж.Пүрэврагчаа надаас 51 000 000 төгрөгийг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Миний зүгээс төлөх төлбөрийг 2011 оноос 2016 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Кокодесерт ХХК-иас болон Ш.Алтантуул, Ш.Алтанзагас нар 49 896 010 төгрөгийг С.Отгоннямд төлөгдсөн санхүүгийн баримт шинээр гарч ирсэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргасныг Улсын Дээд шүүх хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Шинээр илэрсэн нөхцөл байдлыг 2016 оны 06 дугаар сарын 04-нөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд Улсын Дээд шүүх хянаж байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагааг түдгэлзүүлэлгүй үргэлжлүүлэн явуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай гэр бүлийн дундын өмчлөлийн 3 өрөө орон сууцыг надад болон миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтантуулд мэдэгдэлгүйгээр битүүмжлэн хурааж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт тус тус дуудлага худалдаанд оруулсан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 25, 36, 37 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн бидэнд дуудлага худалдаа явуулах болсон тогтоол, шийдвэр болон Хөрөнгийн үнэлгээний талаар танилцуулж мэдэгдээгүй, албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр орсон тухай бид өмгөөлөгчөөсөө мэдсэн. Үүний дараа төлбөр төлөгч бидний зүгээс тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Цэрэннадмидын хууль зөрчин явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.Анхтуяад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааныхаа алдааг засах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, бидний гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй учраас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлын хариуг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд Шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан хууль бус ажиллагааг болон 3 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт тус тус албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ш.Алтантуул миний бие Ж.Пүрэврагчаатай гэр бүл болж, 25 жил хамт амьдарч байх хугацаанд 3 хүүхэдтэй болсон таарч тохирохгүйн улмаас 2015 оны 10 дугаар сарын 06-нд гэрлэлтээ цуцлуулж, одоо тусдаа амьдарч байна. Ж.Пүрэврагчаагаас 51 000 000 төгрөг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл энэ төлбөрийг барагдуулахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ж.Пүрэврагчаагийн нэр дээр бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 14-40 тоот, 3 өрөө орон сууцыг хураах, албадан дуудлага худалдаа явуулах зэрэг арга хэмжээ авч байна.

Миний бие Ж.Пүрэврагчаатай гэр бүл байхдаа гэр бүлийн дундын мөнгө хөрөнгөөр энэ байрыг худалдаж авсан бөгөөд уг байранд миний 10 жилийн хөдөлмөрийн хөлс шингэсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шууд битүүмжилж, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулж байгаа нь хамтран өмчлөгч Ш.Алтантуул миний бие болон 3 хүүхдийн эрх ашиг, орон байрны халдашгүй байдалд шууд нөлөөлж байна. Одоогоор би уг орон сууцанд 4 настай хүү П.Оюунбаярын хамт амьдарч байна. Удахгүй манай том хүү П.Оюунбаяр нь Канад Улсаас ирж амьдрах бөгөөд бидэнд өөр байр хөрөнгө байхгүй.

Нэхэмжлэгч Ж.Пүрэврагчаагийн хувьд ах дүүгийндээ амьдарч байгаа. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 126.2.4-т зааснаар дээрх 3 өрөө орон сууц нь ганц Ж.Пүрэврагчаагийн эд хөрөнгө бус миний 3 хүүхдийн өмч хөрөнгө буюу манай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Иймд дээрх эд хөрөнгийн талаар 2016 оны 10 дугаар сарын 21-нд албан ёсоор шүүхийн шийдвэр гарч бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоосон бөгөөд нэг хүний өмч хөрөнгө мэт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь бидний өмчлөх эрхэд шууд халдаж байнх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болон хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор Ж.Пүрэврагчаагаас 51 000 000 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар илэрсэн нэг ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Ж.Пүрэврагчаад үнийн саналаа өгөх талаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3/22612 тоот мэдэгдлийг Канад улсын Монтреал хот руу DHL express шуудангаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй.

Ж.Пүрэврагчаагийн гэрт очиход орон сууцаа бусдад түрээслүүлээд өөрсдөө байдаггүй, гадаадад байгааг мэдсэн тул эхнэр Ш.Алтантуулыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирж уулз гэж, мөн уг орон сууцыг битүүмжлэхээс өмнө түрээсэлж байсан хүмүүст хэлээд орон сууцны эздийг ирж уулз, хөрөнгийг битүүмжилж, хураах гэж байна гэж хэлүүлэхэд нэг ч удаа ирж уулзаагүй, Канад улсын Монтреал хотод амьдарч байсан хаяг руу мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд төлбөр төлөгч С.Отгоннямын хөндлөнгийн шинжээч томилох хүсэлтийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилоход Улсын бүртгэлийн Ү-2204004262 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 130.000.000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/25014 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн.

Мөн анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт оруулах болохыг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3/26376 албан тоотоор, 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт оруулах болохыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч худалдан борлогдоогүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 3/32480 албан бичгээр 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт болох саналын комиссын хуралдаанд оролцохыг мэдэгдсэн атал шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шагны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00244 дугаартай тогтоолоор Ж.Пүрэврагчаагаас 51 000 000 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчаар оролцож байгаа. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт гаргасанаас хойш өнөөдрийг хүртэл төлбөр төлөгч ямар ч төлбөр төлөөгүй, төлөхгүй арга саам хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, зориудаар саад учруулж, удаа дараа шүүхэд янз бүрийн байдлаар хүсэлт, гомдол гарган цаг хугацаа алдагдуулан хохироосоор байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж хариуцагчийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнг авахыг хүсч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15.1.3-т шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр зохицуулсан. Гэхдээ хэргийн оролцогч хүсэлт гаргаж, мөн хуулийн 15.1-т зааснаар шүүгчийн захирамж гарсан байх ёстой, тийм захирамж гараагүй. Шийдвэр гүйцэтгэгчид ажиллагааг түдгэлзүүлэх эрх хэмжээ байхгүй.

Улсын бүртгэлд хандахад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай ярь гэсэн гэж байна, гэтэл Улсын бүртгэлд яаж хандсан талаарх баримт байхгүй байна. Иймд Ж.Пүрэврагчаагийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 тоот шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан хууль бус ажиллагааг болон 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагт, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт тус тус явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгох тухай Ж.Пүрэврагчаагийн, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Ш.Алтантуулын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчЖ.Пүрэврагчаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200, Ш.Алтантуулаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Миний бие Ч.Мөнхбаярыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах итгэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сард Канад улсын Монтреал хотоос явуулсан боловч шийдвэр гүйцэтгэгч О.Цэрэннадмид нь уг итгэмжлэлийг хуулийн шаардлага хангаагүй гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй атлаа уг итгэмжлэл дээрх миний оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь ойлгомжгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна.

Түүнчлэн надад 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №3/25014 дугаар албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны товыг, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 3/26376 дугаар албан бичгээр хоёр дахь албадан дуудлага худалдааны товыг тус тус мэдэгдсэн гэх боловч би 2016 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл Канад улсад байсан. Энэ нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр нотлогдож байхад дээрх мэдэгдлүүдээр надад мэдэгдсэн гэж үзэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Миний бие 2 дахь удаагийн нэхэмжлэлээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр  Гадаад харилцааны яамаар дамжуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд намайг төлөөлж оролцох итгэмжлэлийг Ш.Алтантуулд олгосноор 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гомдлыг хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн.

Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шалгаж тогтоол гаргана гэж хуульд заасан байхад уг хугацааг 5 хоногоор хэтрүүлж тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон байхад шүүх үнэлээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Ш.Алтантуул нь Ж.Пүрэврагчаатай гэр бүл болж 25 жил хамтран амьдарч 3 хүүхэдэй болсон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.3, 25, 34 дүгээр зүйлийн 34.3, 36, 37 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Тодруулбал, Ш.Алтантуулын гомдлын дагуу 7484 дүгээр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хянагдаж байхад ажиллагааг түдгэлзүүлээгүй нь тогтоогдсон.

Орон сууцыг гэр бүлийн дундын өмч гэдгийг 6302 дугаар шийдвэрээр тогтоосон байдаг. Ш.Алтантуул нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар гомдлоо шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан бөгөөд гомдлын хариуг өгч шийдвэрлэсэн байдаг.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтантуул нь 2016 оны 11 дүгээр сарын 01-нд шүүхэд гомдлоо гаргасан байтал 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж, Ж.Пүрэврагчаа, Ш.Алтантуул, П.Нямбаяр, П.Оюундарь, П.Оюунбаяр нарыг орон сууцны өмчлөгчөөр тогтоохоос өмнө шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна гэж тус тус үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй.

Шүүх орон сууцыг нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр битүүмжилсэн, хураасан, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд хянагдаж байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, албан ёсны амьдарч байсан Ж.Пүрэврагчаагийн хаягаар үнийн санал авах мэдэгдлийг хүргүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэл олгогдоогүй н.Мөнхбаяр гэх этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн, хуульд заасан хэлбэрээр үнийн санал авалгүй битүүмжилж хураасан гэх мэдэгдлийг гардуулаагүй, албадан дуудлага худалдааны талаар мэдэгдэл хүргүүлээгүй зэрэгт зохих дүгнэлтүүдийг хийж шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч Ж.Пүрэврагчаа нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 7484 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын Дээд шүүхэд хянагдаж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан хууль бус ажиллагаа болон 2016 оны 09 дүгээр сарын 02, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд явагдсан албадан дуудлага худалдааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Алтантуулын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Ж.Пүрэврагчаа нь дээрх шийдвэрийн дагуу С.Отгоннямд 51 000 000 төгрөгийн төлбөрийг төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д зааснаар төлбөр төлөгчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204004262 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 14 дүгээр байрны 40 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулжээ. /хх 12, 13, 31, 32/

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.1, 1.3, 25, 36, 37 дугаар зүйлд заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан, харин нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж маргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт зөв болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэх, мөн хуулийн 15.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл илэрсэн тохиолдолд шүүхэд болон ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх талаар зохицуулсан байна.

Хуулийн дээрх заалтаас үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал ийнхүү хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх бөгөөд тухайн тохиолдолд хуулийн дээрх зохицуулалт бодит байдлаар хэрэгжих боломжтой болно. Иймд төлбөр төлөгч Ж.Пүрэврагчаагийн хүсэлт Улсын Дээд шүүхэд хянагдаж байх хугацаанд хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.Пүрэврагчаа өөрийн өмчлөлийн орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдээгүй, хөрөнгийн үнэлгээг танилцуулаагүй нь тухайн ажиллагааг хүчингүй болгуулах үндэслэл болно гэж гомдол гаргасан.

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэн дээрх шаардлагад холбогдох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан ажиллагааг учир дутагдалтай болсон талаар дүгнэснийг буруутгахгүй бөгөөд төлбөр төлөгч талд дуудлага худалдаа болох тухай мэдэгдсэн гэх үндэслэлгүй байна. Гэвч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн буюу хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Алтантуулын хувьд Баянзүрх дүүргийн 2016 оны 10 удгаар сарын 21-ний өдрийн шүүгчийн 6302 дугаар захирамжаар дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн үйл баримтаас өмнө явагдсан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Пүрэврагчаагийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Ш.Алтантуулын бие даасан шаардлага тус бүрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/1149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Пүрэврагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуяа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ням нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Т.ТУЯА