Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/558

 

 

 

 

 

 

 

 

    2021        10          15                                  2021/ШЦТ/558

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Ц.Г,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Бичээч овогт Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111000000741 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овгийн Ц.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ц.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Агваандоржтой маргалдаж,  улмаар хүрзээр цохиж,  бие махбодод нь баруун шанаанд зулгаралт зөөлөн эдийн няцрал, дал, цээж, тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Агваандоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шөнийн 04 цагийн үед эхнэр Б.Номинтой муудалцчихаад Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байгаад буцаад эхнэр Номингийн ээжийн гэр рүү явж байтал миний 12-41 УАС улсын дугаартай Мазда 3 маркийн машин маань гудамжинд зогсож байсан. Тэгэхээр нь машин дээрээ очиход машин дотор манай эхнэр Номин Хүрлээ гэх залуутай тэврэлдэж үнсэлцэж буй байдалтай байсан.Тухайн байдлыг харчхаад уур хүрээд хадам ээжийн гэрт очоод хадам ээж Ц.Гт тухайн машин дотор болсон асуудлыг хэлчхээд гэрээс нь гараад гудамжинд зогсож байтал удалгүй хадам ээж Ц.Г миний араас хүрз барьчихсан гарч ирсэн.Тухайн үед хадам ээж над руу Чамайг ална шүү. Миний охин тэгэх хүн биш шүү гэж хэлчхээд гартаа барьсан хүрзний ирмэг хэсгээр нь цохиод байсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,

- шинжээчийн 7054 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Б.Агваандоржийн биед баруун шанаанд зулгаралт зөөлөн эдийн няцрал, дал, цээж, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн чамархай, зүүн дээд зовхи, зүүн шанаа, баруун, зүүн хацар, цээж, баруун хөх, хэвлийд зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Гийг шууд санаатайгаар хохирогч Б.Агваандоржийг хувийн таарамжгүй харилцааны улмаас хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Агваандорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед “...буруу ойлголцсон зүйлийнхээ учраа ойлголцсон болохоор иргэн Ганчимэгт гомдол саналгүй, хөнгөн шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад төлөх төлбөргүй,  хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан шаардлагыг хангасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хүрз нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

          1. Шүүгдэгч Бичээч овогт Ц.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хүрзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ