Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/478

 

 

 

 

 

  

   2021             7             20                                          2021/ШЦТ/478

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

хохирогч Ц.Ц ,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г , түүний өмгөөлөгч Э.Батбаяр,

шүүгдэгч Т.Б , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, О.Цэрэнпунцаг,

иргэний нэхэмжлэгч Б.Н , Х.С , М.Х , Э.Э /онлайнаар/, З.Х  /онлайнаар/, иргэний хариуцагч Х.Х, Ө.Б ,

шинжээч Ш.Оюундарь нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Т-ын  Б-д  холбогдох эрүүгийн 2103000220052 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ............. оны ......... дугаар сарын ........-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ............. хамт Баянзүрх дүүргийн .......... дугаар хороо, .......... дүгээр хэсэг, ..........тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, .................регистрийн дугаартай, Б овогт Т-ын  Б .

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Б  нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 23 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын зүүн урд уулзварын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Тоyota Prius” маркийн 16-93 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 8.9г-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно”, мөн дүрмийн 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч Зогс шугам (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана...зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хориглосон гэрэл дохиогоор уулзвар нэвтэрч “Toyota Corolla Axio” маркийн 94-70 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан, мөргөлдөж, мөн дүрмийн 3.4.б-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ ...хамгаалагч бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас өөрийнх нь жолоодож явсан “Тоyota Prius” маркийн 16-93 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Ц.Ц гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Н , Х.С  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирч энэ гэмт хэргийн улмаас уг тээврийн хэрэгслийн зорчигч Г.Б амь нас хохирсоон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б  мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г  мэдүүлэхдээ:

 

“...Амь хохирогч нас барсан болохоор сэтгэл санааны байдал хүнд байна. Үлдэгдэл 21,866,764 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц  мэдүүлэхдээ:

 

“...Тухайн өдөр бид уулзаад архи согтууруулах ундаа хэрэглэсэн намайг хүргэж өгөхөөр явж байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон. Мөн сэтгэл санааны байдал хүнд байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Н  мэдүүлэхдээ:

 

“...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Х  мэдүүлэхдээ:

 

“...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Х.С  мэдүүлэхдээ:

 

“...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Э.Э мэдүүлэхдээ:

 

“...Манай байгууллагын өмчлөлд байдаг гэрлэн дохионы шонг мөргөж, 8 ширхэг гэрлийн ламп эвдэрсэн. Одоо уг уулзварын гэрлэн дохио дутуу ажиллаж байгаа. 7,600,000 төгрөгийн акт гаргасан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.Хонгор мэдүүлэхдээ:

“..Осолтой холбогдсон 16-93 улсын дугаартай тоёота приус маркийн автомашин 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр үндсэн зээлдэгчээр Х.Х, хамтран зээлдэгчээр Х.Дэлгэрсүрэн нар 15,000,000 төгрөгийн 30 сарын хугацаатай 1,6 хувийн хүүтэйгээр төрийн банкнаас зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан уг тээврийн хэрэгслийг худалдан авсан байдаг. Энэ утгаараа төрийн банкнаас иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Гэрээний дагуу хууль ёсны өмчлөгч Х.Х, Х.Дэлгэрсүрэн нар юм. Зээлээр худалдан авсан тээврийн хэрэгсэл нь төрийн банкны зээлийн барьцаанд явж байгаа. Уг машиныг эзэмших явцад бусдад учруулсан хохирол нь зээлээр худалдан авсан зээлдэгч нар бүрэн хариуцна гэж заасан учраас төрийн банкнаас холбогдох баримтыг шүүхэд бичгээр хүргүүлсэн байгаа. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр үргэлжилж байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах зээлийн гэрээ болон тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг зээлдэгч Х.Х, Х.Дэлгэрсайхан нарт нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж бодож байна ...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Хуяг мэдүүлэхдээ:

 

“...Хохирлыг хариуцан төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ө.Б  мэдүүлэхдээ:

 

“...Зээлийн гэрээний дагуу Х.Х хариуцна...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-12/,

              

               Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “...2012 оны 01 сарын 07-ны өдөр ...23 цаг 53 минут ...Төмөр-Очир овогтой Б ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,90% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /14/,

 

               СД-ний бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл “...23:15:38 секундэд зүүн эргэх нэмэлт ногоон гэрэл асаж, жолооч М.Х ийн жолоодож явсан Тоёота Королла Аксио маркийн 94-70 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруунаасаа хойд зүгт эргэж байгаа харагдах бөгөөд бичлэгийн цагийн 23:15:50 секундэд тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, гэрлэн дохионы шон хөдөлж сектор унаж тээврийн хэрэгслийн эд ангиуд цацагдаж байгаа нь дүрслэгдэнэ...” гэсэн тэмдэглэл /23/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Т.Б ын өгсөн:

 

“...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн “Тоyota Prius” маркийн 16-93 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод найз Болд, Цэцэгсүрэн нартай уулзаад найз Б.Н , Х.С  нарын гэрт очоод тэр хоёрыг аваад бид нар Дарь-Эхийн тэнд очсон. Хүний 2 пиво уугаад Болд, Цэцэгсүрэн нарын гэр болох Хараагүйчүүд төв рүү явсан юм. Би тээврийн хэрэгслээ жолоодоод миний хажууд Нарангарав суугаад арын суудлын баруун талд Цэцэгсүрэн голд Болд зүүн талд нь Саранцогт суугаад явсан. Тэгээд би гандангаар яваад 3-4 дүгээр хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй явж байгаад Өргөө кинотеатрын уулзвар дээр мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /1хх-н 241/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ц гийн өгсөн:

 

“...Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Бид нар хүний 2-3 ширхэг 0.5 граммтай лаазтай пивонууд уусан. ...Тээврийн хэрэгслүүд мөргөлдөх үеийг би хараагүй. Б  тээврийн хэрэгслээ жолоодоод ямар ч байсан Дарь-Эхээс хөдөлж байсан. Түүнээс хойш санахгүй байна. ...Урд талд сууж явсан Б , Нарангарав хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Бид гурав хойд суудал дээр хэрэглээгүй явж байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 39-40/, 

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Н ын өгсөн:

 

“...би хойшоо хараад урд талын суудал дээрээ суугаад явж байхад тэс тас хийх чимээ гараад явсан. Нэг сэрээд хойшоо харсан чинь талийгч Болд миний арын суудал дээр цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би машинаас буугаад Саранцогт, Цэцэгсүрэн хоёрыг хайгаад харахад Саранцогт машины хойд талд зам дээр хэвтэж байсан. Цэцэгсүрэн замаас нилээн зайтай гэрлийн шонгийн тэнд хэвтэж байсан. ...Б  жолоо бариад явж байсан. ...Би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Арын суудал дээр сууж явсан 3 бүс хэрэглээгүй байсан. ...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-н 44-46/, 

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Х.С ын өгсөн:

 

“...Б  машинаа бариад манай эхнэр Нарангарав хажууд нь суугаад би жолоочийн арын суудлын баруун талд нь суугаад, Цэцэгсүрэн голд суугаад, Болд зүүн талд нь суугаад бид нар хоорондоо юм яриад суугаад явж байтал нэг мэдэхэд би зам дээр хэвтэж байхад эхнэр Нарангарав намайг сэрээсэн. Удалгүй түргэний машин, цагдаа ирээд эмнэлэг явсан. ...Бид нар пиво ууцгаагаад тодорхой хэмжээний согтолттой байсан. Тэгэхдээ болсон зүйлийг санаж байна. ...Надад гомдол санал байхгүй...” /хх-50-51/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.Х ийн өгсөн:

 

“...зүүн гар тийш эргэх нэмэгдэл секц ногоон гэрэл асахаар нь би хөдөлж уулзвар руу ороод уулзварын голд зүүн гар тийш эргэж байтал гэнэт баруун гар талаас буюу зүүнээсээ баруун тийш явж байсан машин маш хурдтай орж ирэнгүүт нь би тоормозоо гишгэтэл нөгөө машин миний машины урд талыг мөргөнгүүт миний машины урд талын аваарын дэр задарч нүүрэн дээр гарч ирсэн. Би машинаасаа гараад хартал уулзварын баруун талын замын голд хөх өнгийн Тоёота Приус маркийн машин зам дээр хөндлөн байрлалтай зогсож байсан ба зам дээр нэг эмэгтэй доошоо харсан байдалтай хэвтэж байсан, ба өөр 2 хүн гадаа явган суучихсан харагдсан, тэгэнгүүт би тэр машин дээр гүйгээд очтол тэр машинаас цэргийн бололтой алаг хувцастай, намхан залуу гарч ирж байсан. ...Дараа нь харж байтал тэр машин миний машиныг мөргөнгүүтээ зам дээр эргэлдэж байгаад замын хойд талд байсан гэрлийн шонг гулдаад замын голд шидэгдэж зогссон байсан. ...Би ганцаараа явж байсан. ...Энэ ослоос болж миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй байгаа. ...Миний машины урд тал эвдэрсэн байгаа. ...Миний хувьд өөрт учирсан хохирлоо хурдан барагдуулж авахыг хүсэж байна...”  /хх-54-55/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Э.Э  өгсөн:

 

“...Манай Замын хөдөлгөөний удирдлагын төвийн эзэмшлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кинотеатрын зүүн урд уулзварт байх гэрлэн дохионы өндрийн шон, 4 секцтэй лед гэрэл, баруун нэмэлт лед гэрэл зэрэг ослын улмаас тээврийн хэрэгсэлд мөргөгдөж гэмтсэн байсан. Энэ гэмтлийг манайхаас түргэн шуурхай засаж солиод гэмтлийн акт гаргаж өгсөн байгаа. ...Одоогоор ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байна...” /хх-64-65/

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Х.Хийн өгсөн:

 

“...Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө...” /1хх-75-76, 2хх-5-6/

 

127 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ “...3. Талийгч дээрх толгой, цээж, хэвлийн хавсарсан олон гэмтлийн улмаас амьсгал зүрх зогсож нас баржээ. ...5. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. ...7. Талийгаач 2021.01.08-ны 09:40 цагийн үед нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-96-107/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 705 дугаартай “Б.Н ын биед зүүн эгэм, цээжний зүүн дээд хэсгийг хамарсан цус хуралт, зулгаралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэсэн дүгнэлт /хх-117-118/,

 

                 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 704 дугаартай “Х.С ын биед баруун чамархай, зулайн хуйханд няцарсан шарх, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-128-129/,

 

                 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 572 дугаартай “Ц.Ц гийн биед умдаг ясны баруун талын доод салааны далд хугарал, духны язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын угийн язарсан шарх, баруун гуя, өвдөгний цус хуралт, баруун сарвууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-139-141/,

 

                 76690 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан “Итгэлт Эстимэйт” ХХК “ Эзэмшигчийн нэр: М.Х  ...Toyota Corolla Axio Улсын дугаар: 94-70 БӨА ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 2.376.500” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-184-187/,

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Б овогт Т-ын  Б-д  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Т.Б ыг Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний биед хүндэвтэр, 2 хүний биед хөнгөн, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэмт хорыг хариуцан арилгах, гэмт хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 508 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудын өгсөн мэдүүлгийг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б аас 8.564.182 төгрөг, иргэний хариуцагч Х.Хаас 8.564.182 төгрөг нийт 17.128.464 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г д, шүүгдэгч Т.Б аас 2.471.200 төгрөг, иргэний хариуцагч Х.Хаас 2.471.200 төгрөг нийт 4.942.400 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Замын хөдөлгөөний удирдлагын төвд тус тус олгохоор шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-н 82/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-н 84/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-н 88/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Б ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.  

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Т.Б ад шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаатай хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч түүнийг биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Б ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдъя. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б аас 8.564.182 төгрөг, иргэний хариуцагч Х.Хаас 8.564.182 төгрөг нийт 17.128.464 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г д, шүүгдэгч Т.Б аас 2.471.200 төгрөг, иргэний хариуцагч Х.Хаас 2.471.200 төгрөг нийт 4.942.400 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Замын хөдөлгөөний удирдлагын төвд тус тус олгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Т-ын  Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний биед хүндэвтэр, 2 хүний биед хөнгөн, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Т.Б ад шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаатай хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Б ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б аас 8.564.182 төгрөг, иргэний хариуцагч Х.Хаас 8.564.182 төгрөг нийт 17.128.464 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г д, шүүгдэгч Т.Б аас 2.471.200 төгрөг, иргэний хариуцагч Х.Хаас 2.471.200 төгрөг нийт 4.942.400 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Замын хөдөлгөөний удирдлагын төвд тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч Т.Б ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ