Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/513

 

 

 

 

 

 

 

                  

   2021             8           04                                        2021/ШЦТ/513                                 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Мөнхбат /томилолтоор/,     

шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:     

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц  овогт Ц   Т-д  холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105001361032 дугаартай хэргийг 2021 оны  7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .......... оны ..... дугаар сарын ..........-ны өдөр, Баянхонгор аймагт төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... гэх, ам бүл ......... хамт, Баянхонгор аймаг ............. оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц  овогт Ц   Т /РД:.............../

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ц.Т нь “2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 1-101 тоотод түр оршин суух хугацаандаа цахим орчинд, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Аз Ёндоо” нэртэй фэйсбүүк групп-д лайв хийж хөзрөөр “Техас покер” тоглоом буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Ц.Т нь “2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Голден парк” хотхоны ................ тоотод түр оршин суух хугацаандаа цахим орчинд, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Аз Ёндоо” нэртэй фэйсбүүк групп-д лайв хийж хөзрөөр “Техас покер” тоглоом буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ:

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Үүнд:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Т өгсөн:

“...Би фэйсбүүк орчинд мөрийтэй тоглоом зохион тоглуулахыг гэмт хэрэг биш гэж боддог байсан. Тэгээд л мэдэхгүй учраас тоглуулчихсан юм. Одоо мэдэж авлаа. Би дахиж цахим орчинд мөрийтэй тоглуулахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 104-105/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Х өгсөн:

 

“...Би яг хэдний өдрийг нь санахгүй байна хөл хорио тогтоосон үед Улаанбаатар хот Баянгол дүүрэг 25 дугаар хороо “Голден Парк” хотхоны 101 дүгээр байрны 101 тоотод 2020 оны 11 дүгээр сарын дундуур тоглуулсан юм. Манай нөхөр фейсбүүкээр Техас хөзөр тоглоод 30 мянган төгрөг хожсон. Тэрний маргаашнаас манай ах Г.Дорждагва хамт тоглуулж эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Д  өгсөн:

“...Манай төрсөн дүү Х гийн нөхөр Т 2020 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Богд сумаас манай гэрт ирсэн. Төртогтохын эхнэр нь Х  Улаанбаатар хотод оюутан юм. Т манай гэрт хүүхдээ хараад сууж байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сард Т фэйсбүүк цахим орчинд лайв хийж хөзрөөр Техас зохион байгуулж тоглуулсан байсан. Миний мэдэхээр 7 удаа тоглуулсан байхаа, нэг тоглуулахдаа 5000 төгрөг тавьж, нэг тоглолтод 6-7 хүн орж тоглож байсан. Зарим хүн нь 4 удаа тоглоно гээд шууд 20.000 төгрөг, 2 удаа гээд 10,000 төгрөгийг Төртогтохын Хаан банкны данс руу шилжүүлээд тоглолт дууссаны дараа хожсон хүнд 30,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Нэг тоглолтоос 5.000 төгрөг Т авч байсан. Би Т-ыг мөрийтэй тоглоом зохион байгуулах үйл ажиллагаанд оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,  

 

Ц.Т-ын эзэмшлийн ХААН банкны 5233087924 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-27-71/

 

Дансны хуулганд үзлэг хийсэн “ Төртогтохын мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон ашиг орлогыг тооцохдоо нийт 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 20 цаг 13 минутаас 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Хаан банкны 5233087924 дугаарын дансанд орсон нийт орлого болох 2,762,100 төгрөгөөс мөрийтэй тоглоом зохион байгуулахаас бусад үед олсон орлого болох 1.033.300 төгрөг болон мөрийтэй тоглоом зохион байгуулахаас өмнө дансанд байсан 322,790 төгрөгийг тус тус хасаж тооцож үзэхэд Ц.Т нь мөрийтэй тоглоом зохион байгуулж өөрийн дансандаа 1.406.010 төгрөгийн ашиг олсон байна." Гэх тэмдэглэл, /хх-н 72-75/,

           

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 76-78/

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц  овогт Ц   Т-д  холбогдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Т-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

            Шүүгдэгч Ц.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя.

           

 Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 1.406.010 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/,

- оршин суух хаягийн лавлагаа /хх-н 90/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч Ц.Т-д  холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Ц.Т-ыг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дүгнэлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Т-д  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 1.406.010 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хайрцаг дотроо 52 ширхэгтэй цэнхэр өнгийн шар цэцгэн хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц  овогт Ц   Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т-д  оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.         

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 1.406.010 төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хайрцаг дотроо 52 ширхэгтэй цэнхэр өнгийн шар цэцгэн хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ