Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат, 1981 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Замын Үүд сумын 3 дугаар  баг, Хасын 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Хүрд овогт Төмөрхүрдийн Болдбаатарт /РД: ЕС81061013/ холбогдох эрүүгийн 201610010126 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч  Т.Болдбаатар нь 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд согтуугаар Замын-Үүд сумын 3-р баг Хасын гудамжны 2-7 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Ж.Даваажаргалтай “тамхи захисан 3000 төгрөгөөр архи авч уулаа” гэж  маргалдан улмаар түүн рүү хаалганы цоож шидэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Болдбаатарын хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр манай эхнэр Энхтуяа нь  Даваажаргалыг тамхи аваад ирээч гээд 3000 төгрөг өгч явуулсан чинь тамхины мөнгөөр архи авч уугаад тамхигүй ирсэн, тэгээд дахиад мөнгө нэхсэн юм. Тэгэхээр нь уур хүрээд хаалганыхаа цоожийг шидсэн чинь толгойг нь оноод хагалчихсан. Тэгээд Даваажаргал цагдаа дагуулаад гэрт ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч Даваажаргалтай сайн дураараа эвлэрсэн бөгөөд эмчилгээний зардалд цувуулаад 200-гаад мянган төгрөг төлсөн ” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ж.Даваажаргалын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн “ Болдбаатар бид хоёр 2010 оноос хойш 1 хашаанд амьдарч байгаа. Түүний эхнэрийг Энхтуяа гэдэг. 2016 оны 06 сарын 17-ны өдөр Энхтуяа 2000 төгрөг өгөөд тамхи аваад ир гэж дэлгүүр рүү явуулсан. Би захисан тамхийг нь авахаар явж байхдаа өөрийн танил Батнай гэх өвгөнтэй таараад Батнай бид хоёр 500 төгрөг нэмээд улаан бөглөөт нэртэй архи худалдаж авсан. Тухайн үед би нилээн халамцуу байсан болохоор яг хаанаас архи худалдаж авсанаа санахгүй байна. Тэгээд гэртээ 18 цагийн орчимд иртэл Энхтуяа, Болдбаатар нар 2 үл таних залуугийн хамт гэрийнхээ сүүдэрт сууж байсан. Надаас тамхиа нэхэхээр нь би мөнгө нэмээд архи аваад уучихсан гэтэл Болдбаатар надтай маргалдаж байгаад миний толгой руу хаалганы цоож шидээд миний толгойг хагалсан” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг

Гэрч Д.Энхтуяагийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “…2016 оны 06 сарын 17-ний өдөр би амралттай байсан. Тэр өдөр төрсөн тэмдэглэж гадуур явж байгаад орой 16 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Би хажуу айлын Даваажаргалд 3000 төгрөг өгөөд тамхинд явуулсан чинь нилээд удаж байгаад тамхигүй ирсэн. Даваажаргал манай гэрт орж ирэхээр нь тамхиа нэхтэл мөнгө чинь байхгүй. Үрчихсэн гэсэн. Түүнээс болж Болдбаатар, Даваажаргал нар хоорондоо хэрэлдсэн. Тэгээд манай нөхөр уурандаа гэрийнхээ цоожийг аваад Даваажаргал руу  шидтэл толгойг онож цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 11-ний өдрийн “1.Ж.Даваажаргалын биед духны дунд хэсэгт шарх, духны дунд үстэй хэсгийн заагт язарсан шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсэх боломжтой.

3.Учирсан гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагтанд  нөлөөлөхгүй” гэсэн 304 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн17/

Хохирогч Ж.Даваажаргалын хэрэгт бүртгэлийн шатанд өгсөн “… Би 2016 оны 06 сарын 17-ны өдөр иргэн Т.Болдбаатарт холбогдуулан гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгаж байна. Т.Болдбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч надаас уучлалт гуйсан. Надад Болдбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр хохирлын талаар маргаангүй тул хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 8/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Болдбаатар 2016 оны 06 сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд Замын-Үүд сумын 3-р баг Хасын гудамжны 2-7 тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Ж.Даваажаргалтай “тамхи захисан 3000 төгрөгөөр архи авч уулаа” гэж  маргалдан улмаар түүн рүү хаалганы цоож шидэж Ж.Даваажаргалын бие махбодид нь духны дунд хэсэгт шарх, духны дунд үстэй хэсгийн заагт язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 06 сарын 17-ны өдөр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Болдбаатарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Даваажаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 11-ний өдрийн 304 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Болдбаатар нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудаснаас үзэхэд шүүгдэгч Т.Болдбаатар нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Түүнчлэн хохирогч Ж.Даваажаргал нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч Т.Болдбаатартай сайн дураараа эвлэрсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд мөн энэ байдлаа бичгээр илэрхийлсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэм хорыг арилгасан, сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр хохирогч Ж.Даваажаргал нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаан байхгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Т.Болдбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Хүрд овогт Төмөрхүрдийн Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Төмөрхүрдийн Болдбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Т.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Т.Болдбаатарт урьд авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Т.Болдбаатар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД